Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Монгол Улсын виз, ХҮҮХЭД ҮРЧЛЭЛ + Цагаач иргэдийн тоо

Х.Алтанзагас, iKon.mn
2017 оны 11 сарын 27
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn
Монгол Улсад зорчих түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэнд виз, визийн зөвшөөрөл, оршин суух зөвшөөрөл олгох, хугацааг сунгах хувийн урилга олгох, гадаадын иргэнийг цахим үнэмлэхжүүлэх мэдээллийн сан хөтлөх, Гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газарт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, Иргэний харьяалал, цагаачлал, гадаадын гэр бүлд Монгол Улсын харьяат хүүхэд үрчлүүлэх, олон улсын болон гадаадын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газартай холбоотой асуудлыг шийдвэрлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, илэрсэн зөрчлийг шийдвэрлэх үүргийг Гадаадын иргэн харьяатын газар /ГИХГ/ хэрэгжүүлдэг.

Тус газрын дотоод үйл ажиллагааны талаар ГИХГ-ын дарга Д.Мөрөн сэтгүүлчдэд танилцуулж, мэдээлэл өгсөн юм.

Монгол Улсад 46 боомт байдгаас 26 нь ажиллаж байна
 
Эх сурвалж: Гадаадын Иргэн, Харьяатын газар

Монгол Улсад нийт 46 боомт байдгаас одоо ажиллаж байгаа нь 26.

  • Монгол Оросын 10,
  • Монгол Хятадын 13,
  • Олон улсын агаарын Буянт-Ухаа, Баян-Өлгий, Дорнод аймгийн Чойбалсан боомтуудад тус байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг байна.
Монгол Улсын виз
 

Хилээр нэвтрэх зорилгоос нь хамаарч гадаадын иргэнд олгодог Монгол Улсын визийн 11 ангилал байдаг. Энэхүү 11 ангилал нь дипломат, албан, энгийн гэсэн зэрэгт хуваагдахаас гадна орох, гарах-орох, дамжин өнгөрөх зориулалттай, нэг болон хоёр, олон удаагийн гэсэн төрлүүдтэй.

Эдгээр визээс Гадаадын иргэн, харьяатын газар D буюу дипломат ангиллаас бусад 10 ангиллын виз, визийн зөвшөөрлийг олгодог.

Виз хүссэн гадаадын иргэдийн материалыг хүлээж авсны дараа дахин нарийн хянаж, шийдвэр гаргадаг байна.  Монгол Улсын визийн хуудасны үнэ гурван ам.доллар.

Гадаадын иргэн 30-аас дээш хоногийн хугацаагаар Монгол Улсад оршин суух бол заавал хурууны хээг уншуулж цахим үнэмлэх олгодог байна.

Сонирхуулахад, хөдөлмөр эрхлэхээр ирсэн гадаадын иргэнд шар өнгөтэй цахим үнэмлэх олгодог.

Гадаадын иргэнд олгох оршин суух зөвшөөрөл

ГИХГ газар виз, визийн зөвшөөрөл олгохоос гадна Монгол Улсад зорчих түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэд оршин суух зөвшөөрөл олгодог байна. Оршин суух зөвшөөрлийн 17 хэлбэр бий.

11 дүгээр сарын 1-ний байдлаар 117 орны нийт 25,003 гадаадын иргэн Монгол Улсад оршин сууж байгаа нь бүртгэгджээ.

Статистик мэдээлэл 1: Монгол Улсад оршин сууж буй гадаадын иргэд

Үүнээс:

  • Хөдөлмөр эрхлэгч 10,179
  • Суралцагч 1,842
  • Хөрөнгө оруулагч 3,146
  • Цагаач 1,960
  • Албан хэргээр оршин суугч 569
  • Гэр бүлийн болон хувийн бусад шалтгаанаар оршин суугч 7,307. 
Гадаадын иргэнд хүүхэд үрчлүүлэх эцсийн шийдвэрийг Ерөнхийлөгч гаргадаг
 
Гэрэл зургийг mpa.mn

1999 оноос хойш 266 Монгол хүүхдийг 17 орны иргэдэд үрчлүүлжээ. Эдгээр хүүхдээс сураггүй алга болсон хүүхэд байхгүй. 266 хүүхдийн 80 орчим хувийг нь АНУ-ын иргэд үрчилж авчээ.

АНУ-ын Холливудын од манай улсаас хүүхэд үрчилж авсан тохиолдол ч байжээ.

Мөн Япон, Итали, Герман, Франц иргэд хүүхэд үрчлэн авчээ.

Гадаадын иргэнд хүүхэд үрчлүүлэх эцсийн шийдвэрийг Ерөнхийлөгч гаргадаг байна. ГИХГ-аас гадаадын иргэнд хүүхэд үрчлүүлэх материалыг бүрдүүлээд Ерөнхийлөгчийн Тамгын газарт илгээнэ.

Ингэснээр Ерөнхийлөгч гадаадын иргэнд Монгол хүүхдийг үрчлүүлэх бол зарлиг, зөвшөөрөхгүй бол захирамж гаргадгийг танилцуулгадаа дурдаж байв.

Статистик мэдээлэл 2: Гадаадын иргэнд үрчлэгдсэн Монгол Улсын харьяат хүүхэд

2002, 2003, 2004, 2006 онуудад АНУ-ын гэр бүлд үрчлэгдсэн үрчлүүлсэн 6 гэр бүлийн долоон хүүхдийг 2017 онд Монголд авчирч байжээ.

Манай улс Монгол Улсын иргэнд үрчлэгдэх боломжгүй /халамжийн төвийн/ хүүхдүүдийг гадаадын иргэнд үрчлүүлэх бодлогыг барьдаг байна.

Давхар иргэншил
 
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын иргэн хоёрдмол харьяалалтай байхыг харьяатын тухай хуулиар хориглосон байдаг. Өөрөөр хэлбэл өөр улсад давхар  харьяалалтай байхыг хориглодог. 

Харьяатын тухай хууль

4 дүгээр зүйл.Хоёрдмол харьяаллыг хүлээн зөвшөөрөхгүй байх
1.Монгол Улсын харьяат нэгэн зэрэг гадаад улсын харьяат байхыг хүлээн зөвшөөрөхгүй.

1980-аад оноос казах иргэд анх хөдөлмөрийн гэрээгээр Казахстан улсад гарч эхэлсэн үеэс хоёрдмол харьяалал үүсжээ. Казах иргэд очоод Монгол Улсын харьяаллаас гарахгүйгээр тэндхийн иргэн болж байсан байна. Харин энэ асуудлыг цэгцэлжээ. 

Одоогоор Казахстан улсаас гарч Монгол Улсын харьяалалаа сэргээх, харьяаллаас гарах асуудлаар 150 казах иргэн хандаад байгаа аж.

Манай улсад 59,000 казах иргэн оршин суудаг.

Цагаач иргэд
 
Гэрэл зургийг mpa.mn

Манай улсад 1,900 гаруй цагаач байна. Үүнээс 700 орчим нь Орос, 1,200 орчим нь Хятад иргэн. 

Цагаачдын болон Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон гадаад иргэдийн хувийн хэргийг насан туршид нь архивт хадгалдаг байна. Энэ мэдээлэл нь хувь хүний нууцад хамрагддаг аж.

Хяналт, шалгалт
 
ГИХГ-ын Улсын байцаагч нарын хэрэглэх зөвшөөрөлтэй хэрэгсэлүүд

Тус байгууллага Монгол Улс дахь гадаадын иргэний шилжилт хөдөлгөөний талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, илэрсэн зөрчлийг шийдвэрлэх, хууль тогтоомжид заасан үндэслэлийн дагуу гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах, албадан гаргасан гадаад иргэний талаарх мэдээллийг нэгдсэн санг хөтөлдөг байна.

2012-2014 онд албадан гаргасан гадаад иргэдийн тоо их байсан бол 2015 оноос буурчээ.

Статистик мэдээлэл 3: Монгол Улсаас албадан гаргасан гадаадын иргэн

Гадаадын иргэн Монгол Улсад 2 сараас дээш хугацаагаар хууль бусаар оршин суусан, сурах зорилгоор ирчихээд ажил хийж байгаа бол албадан гаргадаг.

Статистик мэдээлэл 4: Улсын хилээр нэвтэрсэн гадаадын зорчигчдын тоо

Монгол Улсад жилд дунджаар 1 сая гаруй гадаадын иргэн хилээр орж, гардаг. Хилээр орсон гадаадын иргэдийн 70 хувийг жуулчид эзэлдэг байна. 

Мөн орон нутаг дахь салбаруудтайгаа онлайнаар холбогдох сервертэй, дотооддоо ТИКА-ийн тусламжаар хэвлэх өрөөтэй болсон гээд хийгдсэн шинэчлэлүүдээ танилцуулсан юм.

Түр саатуулах байр

ГИХГ гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулснаар II байрандаа түр саатуулах байртай болсон аж. Өмнө нь зөрчил гаргасан гадаадын иргэдийг Ганц худагт түр саатуулдаг байжээ.

Түр саатуулах байр нь 130 хүний багтаамжтай, бөгөөд ихэвчлэн визийн зөрчилтэй гадаадын иргэн саатуулагддаг байна. "Энд сэтгэлзүйч ажилладаг, саатуулагдсан иргэнд тухайн оронд болж буй зөвхөн урлаг, спортын мэдээллийг телевизээр үзүүлдэг" гэж хянагч залуу хэлж байв. Гэхдээ хяналт шалгалт сайжирч, зөрчил гаргагчдын тоо буурчээ.

2017 оны долоодугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан тусгай өрөөг тус байранд гаргажээ.