Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Түвшинбаяр: Энэ их итгэл найдварыг дааж явах үүрэг надад оногдлоо

Ч.Үл-Олдох
2017 оны 11 сарын 16
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол бахархлын өдрөөр Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” одонг хүртэх эрхмийг тодруулан, шагнадаг билээ. Ерөнхийлөгчийн Тамгын газраас энэ жилийн шагналын эзнийг өчигдөр олон нийтэд зарлав. Энэ эрхэм бол Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Олимпын аварга, ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр юм. Түүнтэй ярилцлаа.

–Энэ жилийн “Чингис хаан” одонг хүртэх хүн хэн бэ гэсэн таавар хэдэн өдөр буухиалсны эцэст өнөөдөр /өчигдөр/ тодорхой боллоо, танд баяр хүргэе. Манай уншигчидтай болон Монголынхоо ард түмэнтэй сэтгэгдлээ хуваалцана уу?

-Танай хамт олонд болон уншигчдад, мөн Монголынхоо нийт ард түмэнд өвлийн тэргүүн сарын мэндийг айлтгая. Шагналд баярладаггүй хүн байдаггүй болов уу. Мэдээж би их баяртай байна.

Үүний зэрэгцээ төрийн өндөр дээд шагналыг  хүртэнэ гэдэг  маш  өндөр хариуцлага байдаг учраас бас  эмээж байна. Энэ их  хариуцлага, итгэл найдварыг дааж явах  үүрэг надад оногдлоо. Ард түмнийхээ хайр хишиг, ивээлийг дааж явна гэдэг өөрөө маш чухал зүйл.

-“Чингис хаан” төрийн дээд одонг төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнд Монгол бахархлын өдрөөр олгодог онцлогтой.   Энэ жил  Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний  өдөр буюу энэ сарын 19-нд танд гардуулна. Монгол хүний үнэ цэнэ, бахархлыг та  юу гэж боддог вэ. Таны бахархал юу вэ?

-Монгол хүнд бахархах зүйл олон бий. Мэдээж монгол хүн болж  төрснөөрөө, ижий ааваараа, хань ижлээрээ, ойр дотнын хүмүүсээрээ бахархана. Дээр нь  миний дотроо бодож явдаг, гадаад оронд очиж тэмцээн уралдаанд оролцож явахдаа хамгийн их бахархдаг зүйл бол монгол ахуй. Би монгол ахуй, малчин айлын гэрт төрснөөрөө  бахархдаг. Энд олон зүйл бий л дээ. XIII зуунд Чингис хаан Монголын Эзэнт гүрнийг байгуулж чадсан.

Энэ том гүрэн дэлхий дээр хамгийн зөв орших соёл нь нүүдэлчин соёл гэдгийг олж харсан юм уу гэж би боддог. Өнөөдөр спортоор хичээллэхэд, амжилт олоход  гол түлхэц болсон зүйл бол хөдөлмөр. Малчин айлын хүүхэд мэдээ орсон цагаасаа хурга, тугалтай хөөцөлдөж, өсөх насандаа адуу малын тоосонд өсдөг. Малчны амьдрал хүний бие махбодыг  хөгжүүлж байдаг. Дээр нь цэвэр агаарт экологийн цэвэр бүтээгдэхүүн идэж, ууж өсдөг. Үүгээрээ их бахархдаг.

Тив, дэлхийн хэмжээний тэмцээн, уралдаанд оролцож явахад үүх түүхээрээ, Монголын том эзэнт гүрэн байсан гэдгээрээ бахархдаг. Ер нь үндэсний гэсэн тодотголтой бүхэн бахархалтай. Тэр дотроос тусгаар тогтносон улс, өөрийн гэсэн  монгол хэл, бичигтэй гэдгээр улс орон маань маш үнэ цэнэтэй.

–Монгол бахархлын өдрөөр та монголчууддаа юуг онцолж  хэлье гэж бодож байна?

-Бид өвөг дээдсээрээ, ахмад үеэрээ, түүх соёлоороо бахархах ёстой. Өвгөд дээдэс маань мундаг байсан учраас үргэлжлэл нь болсон бид Монгол хэмээн оршин тогтнож, өдий зэрэгтэй амьдарч  яваа шүү дээ. Өнөөгийн залуус хийж бүтээх маш их эрч хүчтэй, зорилгоо урдаа тавьсан, түүнийхээ оройд гарахын тулд хөдөлмөрч бас мэрийлттэй  байх хэрэгтэй. Хөдөлмөрч чанарыг хүүхэд наснаасаа олж авна.

Спортоор бол 10 км гүйж үзээгүй хүн шууд гүйвэл ямар ч боломжгүй. Өмнө нь 1-2 км гүйж үзэж, биеэ дасгах маягаар хичээллэвэл үр дүнтэй. Үүнтэй адил  багаасаа олон зүйлийг сурч мэдэж авч байж  шантаршгүй тэвчээр гэдэг зүйл өөрт бий болно. Гэнэт том зүйл барьж авах биш багаас эхэлж оройд нь гар гэж үеийн залуус болоод дүү нартаа хэлье.

АМЖИЛТ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, улсын заан  Н.Түвшинбаяр 2006 оноос хойш 11 жилийн хугацаанд олимп, тив, дэлхийн тэмцээнээс медаль хүртжээ.

2006 – Дэлхийн Оюутны аваргын хүрэл
2007 – Парисын дэлхийн цомын хүрэл
2007 – Гамбургийн дэлхийн цомын хүрэл
2007 – Ази тивийн аваргын мөнгө
2007- Чиндаогийн нээлттэй тэмцээний хүрэл
2008 – Парисын дэлхийн цомын мөнгө
2008 – Ази тивийн аваргын хүрэл
2008 – Бээжин-2008 олимпын алт
2010 – Чингис хаан дэлхийн цомын алт
2010 – Монгол Улсын аваргын алт
2011 – Монгол Улсын аваргын алт
2011 – Будапештийн дэлхийн цомын алт
2011 – Жежүгийн дэлхийн цомын алт
2011 – Парисын Их дуулгын мөнгө
2011 – Абу Дабигийн гран пригийн хүрэл
2011 – Ази тивийн аваргын хүрэл
2012 – Парисын Их дуулгын алт
2012 – Лондон-2012 олимпын мөнгө
2013 – Токиогийн Их дуулгын хүрэл
2013 – Жежүгийн Гран пригийн алт
2014 – Дюсселдорфын Гран пригийн хүрэл
2014 – Жежүгийн Гран пригийн мөнгө
2014 – Инчеоны Азийн наадмын алт
2015 – Чиндаогийн Гран пригийн алт
2016 – Ази тивийн аваргын алт
2017 – Монгол Улсын аваргын алт
2017 – Дэлхийн аваргын хүрэл
 
Гэрэл зургийг mpa.mn

 -Та спортын салбараас “Чингис хаан” одон хүртсэн анхдагч боллоо. Тамирчид маань монгол хүний бахархал, омогшлыг  арай түлхүү илэрхийлдэг юм шиг ээ?

-Магадгүй ээ. Тамирчид тив, дэлхийд улс орныхоо нэрийг гаргаж, тэнд  Төрийн дууллаа эгшиглүүлж, Төрийн далбаагаа мандуулдаг. Монголчууд дэлхийн олон орны тамирчид дундаас цойлж гарч ирж, олон зүйлээр тэргүүлж байна. Чингисийн одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатарын хувьд монгол хүний үнэ цэнийг,  улс орныхоо нэрийг өндөрт мандуулж байна.

Монгол хүн ямар авьяастай, юу чаддаг юм бэ гэдгийг дэлхийд  харуулж  чадлаа. Тамирчид ялгаагүй. Шинжлэх ухааны болон бусад олон салбарт хичээж зүтгэж өндөрлөгт  гарсан монгол хүн олон бий. Тэр бүхнийг дурдвал таны цаг, сонины  зай талбай багталцахгүй байх аа.

–Таны төрсөн нутаг Булган аймаг анхдагчдын өлгий. Олимпын анхны аварга, анхны Чингис хаан одонг хүртсэн  гээд та  бас  шинэ хуудсууд  нэмж байна. Таны  амжилт, ололт  төрж өссөн нутагтай чинь  холбоотой биз?

-Булган хангайн нутгаар  Монголын гурван ч том гол урсаж өнгөрдөг. Мөн олон зохиолч, яруу найрагч, урлагийн алдартан төрж гарсан. Их мөрний ойролцоо байдаг хүмүүсийн  онцлог байдаг байх гэж боддог шүү. Их мөрний эргийг дагаад сайн өвс ургамал ургадаг, түүнийг идэж байгаа мал сүрэг нь ч ондоо. Хүн  байгалийн гаралтай, эргээд түүндээ хамааралтай байдаг учраас нутаг усны онцлог, өгөөж их байлгүй яах вэ.

–Бас бөх олонтой…?

– Тэр бас түүхтэй. Хатанбаатар Магсаржавын цэрэгт Монголын олон аймаг, сумаас дандаа бяр тэнхээтэй мундаг бөхчүүдийг авч байсан гэлцдэг. Тэр хүмүүсийн удам судар, мундаг генийг цуглуулж чадсан байхыг үгүйсгэхгүй.

–Олимпын аварга болсон Бээжин-2008 наадам  таны хувьд амжилтын түүхэн хуудсыг эргүүлсэн. Энэ онд Дэлхийн аваргаас медаль хүртэж бас Азид аваргаллаа. Үндэсний их баяр наадамд зодоглож улсын заан цол хүртсэн бол Даншгийн  начин болсон гээд дараалсан  амжилт гаргасан бас л түүхэн үе байх, тийм ээ? 

-Тийм ээ, миний хувьд сэтгэл их өндөр байгаа.Хүн шантралгүй зүтгэх юм  бол хэзээ нэгэн цагт сайн зүйл ирдэг  юм байна. Нуулгүй хэлэхэд, өнгөрсөн жил сэтгэл  гундуухан байсан. 2012 оноос хойш дахин Олимпын аварга болох зорилго тавьж, дөрвөн жил бэлдсэн. Тэр хугацаанд Азийн аварга болсон, бусад тэмцээнүүдэд амжилт гаргасан. Гэхдээ миний гол зорилго Дэлхийн аваргаас алтан медаль хүртэх, Олимпын хошой аварга болох байсан.

Гэтэл хоёр том зорилгодоо хүрч чадаагүй. Тиймээс сэтгэл санаа хүнд байсан. Энэ жилийн хувьд миний хүсэж байсан гол зүйл яалт ч үгүй Дэлхийн аваргын медаль байсан. Тамирчдын нэрийг дуудахад  олимп, дэлхийн аварга гээд  дууддаг даа. Би Дэлхийн аваргад амжилт үзүүлэхийг хүсэж байсан, түүндээ хүрсэндээ их баяртай байгаа.

–Та -100 кг-д барилддаг ч биеэр бас л жижигт ордог. Гэтэл Дэлхийн аваргын тэмцээнд +100 кг-д барилдсан. Жингийн бөхчүүд дотроо та  хамгийн  намхан бас жижигхэн  нь байсан, өрсөлдөгчид эвгүй байв уу?

-Би 2008 онд 107 кг байсан, түүнээс  хойш жингээ хассан. 24 настай байхад жин хасахад өөрт мэдэгддэггүй байсан. 26 настай үедээ хөлөндөө хагалгаа хийлгэж, жин 128 кг болсон. Түүнээс хойш -100 кг-д орохоор жин хассан. Жин барина гэдэг хэцүү, сүүлдээ их ядарсан. Их ядрахаар үндсэн тамир гэх юм уу, хүний дотоодоос гардаг хүч  гарахгүй байдал үүсдэг юм билээ. Одоо бодож байхад бэлтгэл сургуулилтын хувьд сэргэлт авахгүй бэлтгэл хийсэн санагддаг.

Яагаад гэвэл олимпоос заавал медаль авна гэж зүтгэж, багшийн 10 удаа хий гэснийг 15 удаа хийсэн зэрэг нь алдаа болсон байх. Олимпын дараагаас жингээ хасахаа болихоор шийдсэн. Тамир орж овоо сэргээд үндэсний бөхөөр барилдсан. Жүдотой холбоотой учраас суурь бэлтгэлийн хувьд  их хэрэгтэй байдаг юм.

Үүний дараа өөртөө зорилго тавьсан, Дэлхийн аваргын тэмцээнд медаль авдаггүй юм гэхэд дэлхийд ес түрүүлээд байсан, сая арав дахь удаагаа түрүүлсэн мундаг тамирчин  Т.Ринертэй гар зөрүүлж үзье  гэж бодож +100 кг-ийн жинд орсон юм. Гэхдээ өнгөрсөн жилийн тэмцээнд таарч барилдсангүй, ингээд хүрэл медаль  авсан.

–Та цаашид энэ жиндээ барилдах уу?

– Цаашид энэ жинд барилдана гэвэл  худал байх. Жингээ хасаж болно, гэхдээ надаас урьдынх шиг амжилт гарахгүй болов уу. Тэгэхээр хариуцлага гэж миний айгаад байгаа маань төр, засаг  өндөр дээд шагналаа хүртээлээ, би  амжилт гаргах ёстой  гэж ойлгож байна.

–Үндэсний бөхөөр  улсын  заан цол хүртсэн?

-Хүүхэд ахуй наснаасаа улсын цол авна гэж их мөрөөддөг, тэр маш холын зүйл шиг санагддаг байсан даа. Ер нь би  үндэсний гэсэн тодотголтой бүхнийг  өмнөө тавих дуртай.

–Ойрын үед таны бэлтгэж буй тэмцээн тамирчин бүхний хүсэн хүлээдэг Токиогийн “Их дуулга”-уу?

-Тэгэлгүй яах вэ, Токиогийн “Их дуулга”-д  дэлхийн аваргын тэмцээнээс медаль авсан бүх тамирчныг урилгаар оролцуулдаг юм.

–Гэхдээ шинэ он гараад эхлэх Европын зарим цуврал тэмцээнд таны нэр алга. Оролцохгүй юм уу?

-Хэд хэдэн тэмцээн бий. Миний хувьд тамирчны насны хувьд нэлээн ахмад болсон учраас олон тэмцээнд оролцоод байж чадахгүй байх. Хэзээ тэмцээнд орохыг Жүдо бөхийн холбоо болон дасгалжуулагчидтайгаа ярьж байж шийднэ.

-“Чингис хаан” одонг гардан авахад танд  хоёр хоног л үлдэж байна. Энэ торгон мөчид монголчууддаа хандаж та юу хэлэх  вэ?

-Бид заримдаа  монгол хүн гэж хэн бэ, ямар учиртай энэ нутагт төрөв, ямар үүрэгтэй ирэв гэдгээ боддоггүй, мэддэггүй байж болох. Тэгвэл монгол хүн монгол эх орондоо, төрийн сүлдэндээ залбирдаг байх хэрэгтэй. Төр улс нь түвшин байж айл гэрийн амьдрал бат бэх байна. Биднийг хүүхэд байхад  аав маань өглөө босоод “Төрийн сүлд минь өршөө” гэж хэлдэг байсан.

Жаахан байсан болохоор сайн ойлгохгүй, “Төрийн сүлд гэж их л мундаг зүйл  байдаг юм  байх даа” гэж боддог байсан. Төрийн минь сүлд Монголын ард түмнийг бүгдийг  өршөөж, ивээлдээ авч, Монгол Улс минь мандан бадраасай. Монголынхоо залуус, хүүхдүүд, өсвөр үеийнхэнд  өглөө эртлэн босож, зорилгоо нэгдүгээрт тавьж, хөдөлмөрч, хичээнгүй байгаарай. Спортоор хичээллээрэй гэж захья.

Зураг