АНД Глобал компани нь Гүүгл компанийн зохион байгуулдаг Blackbox Connect хөтөлбөрт шалгаран технологийн төв болох цахиурын хөндийг зорихоор боллоо.
Үйл ажиллагаа хариуцсан захирал В.Баярсайхан нь компаниа төлөөлөн явах бөгөөд LendMN шийдлээ хөрөнгө оруулагчдад танилцуулж, АНУ-ын технологи болон санхүүгийн бизнес эрхлэгчид зөвлөхүүдээс суралцаж, хамтран ажиллахаар хөлгийн жолоо залах гэж байна.
Энэхүү хөтөлбөрт дэлхийн 200 гаруй гарааны бизнесүүд шалгаруулалтад өрсөлдсөн бөгөөд шилдэг 16 компанийг сонгон урьж оролцуулж байгаа юм. Гүүгл компаниас жил бүр зохион байгуулагддаг энэхүү арга хэмжээнд өсөх ирээдүйтэй, олон улсын зах зээлд өрсөлдөхүйц, шинэлэг технологийг хэрэгжүүлэгч гарааны бизнесүүдийг хамруулж, туршлагатай мэргэжилтнүүд болон хөрөнгө оруулагчидтай холбож, мөн харилцан туршлага солилцох боломжийг олгодог юм.
Ингэснээр тухайн компаниуд цахиурын хөндийг мэдлэгийг өөрсдийн компанидаа нэвтрүүлэх, бүр цаашлаад хөрөнгө оруулалт татах боломжууд ч бүрдэх боломжтой юм.
Энэ жилийн Google BlackBox Connect хөтөлбөрт дэлхийн 13 орны 16 гарааны бизнес шалгаран хамрагдаж байгаа юм. Хөтөлбөрийн үер АНД Глобал компанийн финтек шийдэл болох LendMN гар утсанд суурилсан цахим зээлийн үйлчилгээ, цаашдын олон улсад тэлэх үйл ажиллагааны талаараа танилцуулах юм. Өнөөдрийг хүртэл нийтдээ энэ хөтөлбөрт 60 гаруй улсаас 400 компани хамрагдсан бөгөөд Монголоос хамгийн анхных нь АНД Глобал компани юм. Бид энэхүү компанийг хиймэл оюун ухаан дээр суурилсан LendMN аппликешн шийдлээр нь нь сайн мэдэх билээ.
Аяны богц дүүрэн ирээд, Монголынхоо бусад гарааны бизнес эрхлэгчидтэйгээ туршлага хуваалцана дараа дараагийн Монгол компаниудыг гарахад хамтран ажиллана гэдэгт итгэж байна. Амжилт хүсье!
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!