Төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүүгийнхээ амийг бүрэлгэсэн өндөр настай эхэд Хятадын Гуанжоу хотын шүүх саяхан өршөөл үзүүлжээ.
83 настай Хуан эмээ 46 настай хүүдээ өнгөрсөн тавдугаар сарын 9-нд 60 ширхэг нойрны эм өгч амийг нь хөнөөсөн юм байна.
Маргааш нь тэр цагдаад өөрөө очиж буруугаа хүлээжээ. Есдүгээр сард түүний шүүх хурал болж, өндөр настан яагаад хүүгийнхээ амийг бүрэлгэх болсноо шүүгч нарт тайлбарласны дараа түүнийг ялаас чөлөөлсөн байна.
Хуан эмээ “Миний нас өндөр болж, бие муудсан тул хүүгээсээ түрүүлж үхэхээс айсан. Надаас хойш түүнийг арчлах хүн байхгүй болно” гэж ярьжээ.
Яагаад гэр бүлийнхээ хэн нэгэнд даатгаж болоогүйг асуухад тэр өөрийн хүнд ачааг бусдад үүрүүлэхийг хүсээгүй гэсэн байна. “Би түүнийг төрүүлж, зовлонг нь ч өөрөө бий болгосон тул бусдад асруулахаар үлдээж чадаагүй юм” гэжээ.
Хуан “Түүний зовлонт амьдралыг дуусгах нь одоо байгаа дээрээ нэмж зовохоос дээр гэж үзсэн” гээд “Тэр бол миний хүү, Би хэзээ ч түүнийгээ гадуурхаж, муугаар бодож байгаагүй. Гэвч сүүлийн хоёр жилд миний бие эрс доройтсон тул ингэхээр шийдсэн юм” гэж тайлбарлажээ.
Хуан эмээгийн хүү төрөлхийн бие бялдрын болон сэтгэцийн дутуу хөгжилтэй төрсөн тул ярьж, явж, өөрийгөө арчилж чаддаггүй байсан гэнэ. Жилээс жилд эрүүл мэнд нь улам муудаж байсан тул илүү их асаргаа шаарддаг болсон аж.
Хүмүүс түүнд хүүгээ асрамжийн газар өгөхийг зөвлөдөг ч өөрөөс нь өөр хүн илүү асарна гэж төсөөлдөггүй байсан гэнэ. Хуан эмээ 47 насандаа тэтгэвэртээ гарч зөвхөн хүүгээ асарч тойлоход бүх цагаа зарцуулах болжээ.
Түүний том хүү болон төрөл төрөгсөд нь Хуан эмгэнийг хагас зуун жил зовлонт хүүгийнхээ төлөө амьдарсныг гэрчилсэн байна.
Ингээд эцэст нь шүүх Хуан эмгэнд гурван жилийн тэнсэн харгалзах ял оноох шийдвэр гаргажээ. Шүүгч түүнийг хэдийгээр хуулиас гадуур үйлдэл хийсэн ч өршөөгдөх эрхтэй хүн гэж дүгнэсэн байна.
“Бусдыг үзэн ядах үндэслэлээр биш, хайрласан сэтгэлээр хүний амийг хөнөөжээ. Гэхдээ амьдрах эрх бол хүний хамгийн чухал эрх. Хэн ч, түүн дотроо эцэг эх нь ч энэ эрхийг хязгаарлаж болохгүй” гэж шүүгч дүгнэлтэндээ хэлсэн байна.
Эх сурвалж: Xinhuanet
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!