Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Үндэсний шигшээ багийн тамирчин Доржсүрэнгийн Сумъяад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ганбаатарын Одбаярт Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээж өнөөдөр шагналыг гардуулан өгөв.
Үндэсний шигшээ багийн тамирчин Доржсүрэнгийн Сумъяаг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнах тухай Ерөнхийлөгчийн зарлигт:
Мөн Олимпийн төрлийн спорт болох жудо бөхийн спортоор гарамгай амжилт гаргаж, эх орныхоо нэрийг тив, дэлхийд дуурсган Олон Улсын Жудо бөхийн холбооны дэлхийн чансаанд 3 дугаарт эрэмбэлэгдэн, 2017 оны жудо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ний хүрэл медаль, жудо бөхийн дэлхийн цомын алт, мөнгө, хүрэл медаль, Олон Улсын Жудо бөхийн холбооны Их дуулга Гран при тэмцээний алт, мөнгө, хүрэл медаль, 2014 оны Азийн наадмын мөнгөн медаль, жудо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медаль, 2015 оны жудо бөхийн багийн ДАШТ-ний хүрэл медаль хүртсэн Үндэсний шигшээ багийн тамирчин Ганбаатарын Одбаярт Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээлээ.
Тамирчдад шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ “Өнөөдөр монголчуудын хувьд сайхан, баяртай мэдээтэй өдөр байна. Жудо бөхийн төрлөөр амжилт гаргасан тамирчдаа шагналаа. Шагнал гардуулах өдөр тэмцээнтэй байсан учраас өнөөдөр гардуулж байгаа юм. Сая шагнал гардуулсан өдөр Абу Дабид болсон Их дуулга тэмцээнд энэ хоёр тамирчин маань алтан медаль авч төрийнхөө одон, медалийг мялаасан юм.
Д.Сумъяа 26-хан настай, энэ насандаа ахадмаар одон медаль, тэмцээн уралдааны шагналууд хүртсэн. Энэ амжилтыг нь Монгол Улсын төр үнэлж байна. Энэ амжилт маш олон өсвөр залуу үеийнхэн, хүүхдүүдэд эх оронч үзэл суулгахад жинтэй үлгэр болох юм. Эх оронч үзлийг дэлгэрүүлж байгаад нь Д.Сумъяагаа давхар урамшуулж байгаа юм шүү.
Г.Одбаярын хувьд 2017 онд Будапештэд болсон ДАШТ-д 73 кг-ын жинд 73 тамирчин оролцсоноос 6 барилдаж нэг ялагдсан. Хүрэл медаль бол ялж авдаг медаль. Цаашдаа олон залуусыг үлгэрлэж амжилтаа бататгаарай. Токиогийн олимп хүртэл амжилтаа буулгахгүй шүү гэж та бүхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд, Монгол Улсын Жудо бөхийн холбооны ерөнхийлөгчийн хувьд давхар үүрэг даалгавар өгч байна. Хамт олондоо баярлалаа” гэлээ.
Манай сайтын "Өглөөний хүн" буланд өгсөн түүний ярилцлагыг ЭНД дарж уншина уу.
Гэрэл зургийг mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!