Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Баасан: Нийтийн эрх ашгийг хамгаалах гэж байгаа хүн өөрөө нийтийг хохироогоогүй байх хэрэгтэй

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Авлигатай Тэмцэх Газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. ОНЗ-д одоогоор 46 гомдол, мэдээлэл ирсний 11-ийг АТГ-д хүргүүлсэн бол 2 гомдолд нь хэрэг бүртгэлт эхлүүлжээ. Хөвсгөл, Увс, Дархан-Уул, Говь-Алтай, Дорноговь улс төржсөн томилгоотой холбоотой гомдлууд ирснийг шалгуулж байгаа аж. Мөн албан тушаалтны авлига, хууль зөрчсөн фактууд цуглаж байгааг нягтлан үзээд заримыг нь мэдээлж байна гэв.

ОНЗ-ийн дарга Г.Баасан энэ талаар “Бид АТГ-ын дарга Х.Энхжаргалын өрөөтэй аравдугаар сарын 23-нд танилцсан. Энэ өрөөтэй танилцсанаас хойш бидэнд ямар сэтгэгдэл төрсөн бэ гэхээр АТГ-ыг кодтой, цоожтой, хаалттай байгууллага болгосон байна гэж харж байна.

Манайд олон гомдол ирж байгаа. Бид гомдлуудыг бодит үнэнд нийцэж байна уу, авлигын асуудал мөн үү гэдгийг нягталсны үндсэн дээр баримт нотолгоотой, нийтийн эрх ашгийг зөрчсөн, цаана нь гарцаагүй авлигал байх магадлал өндөртэй гэсэн фактуудыг гаргаж тавьж байгаа юм.

Миний хувьд танилцуулах зүйл бол шинэ Засгийн газарт Ч.Хүрэлбаатар гэдэг хүн Сангийн сайд болсон. Нийтийн эрх ашгийг хамгаалах гэж байгаа хүн өөрөө нийтийн эрх ашгийг хохироогоогүй байх хэрэгтэй. Тэр дундаа авлигал газар авч байна гэж байгаа энэ үед төрд хууль бус үйлдэл хийдэггүй байх ёстой гэж харж байна. Гэтэл Ч.Хүрэлбаатар гэдэг хүн утааны асуудал дээр ямар ч ТЭЗҮ боловсруулаагүй, зураг төслийг нь батлаагүй, эрсдлийг нь тооцоогүй түлшний үйлдвэр нэрийн дор бидний татвараас 14 тэрбум төгрөг салхинд хийсгэсэн байна. /2014 он, Түлш, эрчим хүчний сайд байх үед/

Үндэсний Аудитын газраас гаргасан дүгнэлтийг би та бүхэнд хэлж байна. Энэ тендер дотроос 3 тэрбум 40 сая төгрөг хувь хүний хадгаламжийн данс руу шилжсэн байна. Бидэнд ирж буй мэдээллээр энэ тендерийг авсан хүн бол Ч.Хүрэлбаатар сайдын ахынх нь ангийн хүүхэд юм байна. Үүнийг хууль хяналтын байгууллага тогтоож, мөрдөж мөшгих ёстой” гэв.

-Ерөнхийлөгчийн зүгээс Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг томилсон тогтоолд хориг тавьчихсан байгаа. Энэ үеэр та бүхэн ийм мэдээлэл хийж байгаа нь хэт улс төржсөн биш үү?

-Монгол Улсын төсвөөс гарсан 14 тэрбум төгрөг өчүүхэн жаахан зүйл юм уу. Багш нар мянгаараа өлсгөлөн зарлах гэж байгаа, гэр хорооллынхон хоолгүй хонож байгаа энэ тохиолдолд 14 тэрбум төгрөг зөвхөн улс төрийн өнгө аястай карманы мөнгө гэж үзэж байгаа бол үүнийг улс төржсөн гэж харна биз.

Үнэхээр Монголын ард түмний төсөв хөрөнгөөр тоглож байгаа хүмүүс төрийн толгойд сууж байгааг буруу гэж үзэж байгаа бол хууль хяналтын байгууллагаар шалгуулах асуудал гэж харна биз. Энэ бол ард түмний дүгнэлт байх ёстой.

Цэцэрлэгийн эрхлэгч нартай холбоотой гомдлууд иржээ

АТГ-ын ОНЗ-өөс дэлгэсэн бусад мэдээллүүд:

  • УБТЗ-ын дарга Жигжиднямаа 2017.01.17-ны өдөр №ТММ17 дугаартай ТЗ-ын тос тосолгооны бараа нийлүүлж нийт 1 тэрбум 858 сая 500 мянган төгрөгийн дүнтэй гэрээг тендергүйгээр, Үнэлгээний хорооны гишүүдийн зөвшөөрөлгүй, гарын үсэггүй, 1 тонн тосыг 4,652,856 төгрөгийн өртгөөр нийлүүлж байсныг 10,325,000 төгрөгөөр 180 тонныг авахаар Туркийн нэг компанитай хийсэн. Хүчин төгөлдөр бус гэрээнд урьдчилгаа 929,250,000 төгрөг шилжүүлсэн байна. Хямд тосноос татгалзаж, өндөр үнэтэй тос авч төрийн өмчид үрэлгэн хандаж, улсыг хохироосон байна. Жигжиднямаагийн худалдан авсан 1 тэрбум 900 сая төгрөгийн засварын машины гүйлгээ офшор дансаар хийгдсэн байна. Засварын машин 2012 онд Хятадын хөнгөлттэй зээлээр манай улс авсан хадгалагдаж байгаа машин байна. УБТЗ-ын ачаа тээврийн албаны дарга байсан, самрын хэрэгт холбогдож 2016 онд 1.6 жилийн ял сонссон Бат-Эрдэнэ одоо УБТЗ-ын Олон улсын харилцааны албаны даргаар ажиллаж байна гэсэн мэдээлэл ирж байгааг нягтлах хэрэгтэй байна. Жигжиднямаад гомдлын дагуу хэрэг бүртгэлт нээгдсэн гэдгийг АТГ-аас ОНЗ-д мэдэгдсэн. Тосны худалдааг шалгах саналыг АТГ-д өгсөн. УБТЗ-д оршиж байгаа хууль бус үйлдлүүдийн баримтуудыг цувруулан мэдээлэх болно гэв. 
  • СХД-ийн 107, БЗД-ийн 129-р цэцэрлэгүүдийн эрхлэгч нар цэцэрлэгийн үйл ажиллагааг хувийн ашиг сонирхолоор удирдаж, бизнесийн аргаар хөрөнгөжиж, эцэг эхчүүдээс мөнгө татах, цэцэрлэгийн төсөв хөрөнгийг хууль бусаар зарцуулан, ах дүүжсэн байгууллага болгож байна гэсэн гомдол ирснийг шалгуулахаар болжээ.