Хайр хүндлэл хийгээд монгол өв уламжлалыг дээдлэх эрхэм чанарыг дагуулсан бүсгүйг энэ удаад “Гэргий” буландаа урьж ярилцлаа. Энэ бол УИХ-ын гишүүн С.Жавхлангийн гэргий дуучин Г.Эрдэнэчимэг. Монголын авьяаслаг үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг гэгддэг түүнийг үндэсний хэв соёлоо сэргээхэд өөрийн хувь нэмрээ оруулж буйг бид бүгд мэднэ. Түүний энгийн хэр нь эгэл ертөнцөд уншигч та түр саатна уу.
-Сайхан намаржиж байна уу. Ярилцах урилгыг маань хүлээн авсан танд баярлалаа. “Монголоороо” төвийн урлан, дэлгүүрээс монгол өв соёл, монгол ахуй ханхалж байна л даа. Таны яагаад урлан нээх болсон талаар яриагаа эхлүүлье гэж бодлоо?
-Намайг “Гэргий” буландаа урьсан танай сонины хамт олонд баярлалаа. Мөн танай сониныг шимтэн уншдаг Монголынхоо ард түмэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ер нь сүүлийн үед хөгшин залуу гэлтгүй бүхий л хүмүүс монгол хувцсаа их өмсөх болсон. Үүнийгээ дагаад урлан ихээр нээгдэж байна. Монголчууд аливаа тэмдэглэлт баяр, ёслолд монгол хувцсаа өөрийн хүссэн хэв маягт оруулан өмсөх болсон нь сайшаалтай.
Аль болох дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэх нь улсын маань эдийн засагт ч эерэг нөлөөтэй. Цаашдаа олон сайхан урлан нээгдэж монголчуудыг монгол хувцсаараа хувцаслаасай гэж хүсэж байна. Манай “Монголоороо” төв дан ганц монгол хувцас хийгээд зогсохгүй уртын дуу, морин хуурын сургалт хичээллүүлдэг. Мөн эсгий эсгийрүүлэх, ширмэл ширдэг ширэх сургалт явуулж байгаа. Би бодохдоо эсгийг малгай цүнх, бээлий гэхээсээ илүү ширмэл ширдэг болон олбогт хамгийн тохиромжтой гэж үздэг. Нэг ёсондоо бэлэн ноосоо эсгийрүүлэх аргад сургадаг.
Морин хуурын сургалтад маань ихэвчлэн хүүхдүүд, харин уртын дууны ангид оройн цагаар насанд хүрсэн хүмүүс сонирхлоороо хичээллэдэг. Харин ширмэл ширдгийн сургалтад гэртээ байгаа ээжүүд ихэвчлэн суралцдаг. Манай урлангаар үйлчлүүлж буй иргэдийг харахад 30-50 насныхан их ирдэг. Би ээждээ манай үйлчлүүлэгчдийн дийлэнх нь 50 орчим насныхан байна гэхэд ээж маань “Ёстой сайн байна” гэсэн. Яагаад гэхээр энэ насны хүмүүст зориулж хэн ч юм хийдэггүй гэнэ. Яг аваад өмсье гэхээр тэдний сэтгэлд таарсан хувцас олдохгүй байдаг юм билээ. “Ийм насны хүмүүсийг хувцаслаж байвал сайн байна” гэсэн. (Инээв)
-“Монголоороо” төвийн урлан бусад урлангаас онцлог хэнд ч ил харагдах юм?
-Дээлийг түүхэн болон монгол хувцас гэж ангилдаг. Монгол хувцсыг өдөр тутмын загварт оруулж буй нь манай урлангийн онцлог. Жишээлбэл, сорочки, монгол цамц хоёрыг өмсөхөд ямар ч ялгаагүй харагдахаар хийхэд оршино. Дээрээс нь олдворууд байдаг. Өнгөрсөн зун манай урлан XV дугаар зууны үеийн хатны могол дээлний олдворыг сэргээж урласан.
Манай төвөөр үйлчлүүлж буй бүсгүйчүүдийн дийлэнх нь энэхүү могол дээлийг түлхүү захиалах болсон. Үүний дараа адидастай олдворын дээлийг нь сэргээсэн. Хэдийгээр бүрэн эхээр нь сэргээгүй ч зах болон бусад деталь хэсгийн санааг энэхүү дээлнээс авсан.
-Яагаад олдворын дээлнээс санаа авна гэж. Их сонирхолтой байна шүү?
-Учир нь бидний өвөг дээдэс маань бүгдээрээ л монгол дээл өмсөж ирсэн. Тухайн хувцас өдөр тутам хэрэглэх тусмаа төгс болдог. Дээлийг өмсөхөөр зах нухдаг ч юм уу, ханцуй нь чөлөөтэй биш болохоор хэрэглээнээс хассан байх. Тухайн үед яагаад энэ дээлийг өмсөж байсан эсэхийг судлахад маш гоё биед эвтэйхэн, оёход хялбар, дээрээс нь үзэмжтэй төгс шинжтэй байсан. Тийм учраас олдворын дээлнээс санаа авч эсгүүр болон оёдлоо гаргах нь зөв гэж үзэж байгаа. Мөн олдвороос санаа авч байгаа нь өвөг дээдсээс өвлөж ирсэн уламжлалтай дээлийг өвлүүлж үлдээх зорилготой. Манай урлан өдөр тутмын монгол хувцас хийж байгаа нь нэлээн онцлогтой.
-Энгийн хүн танай өдөр тутмын коллекцийг авахад чамгүй үнэтэй юм шиг санагдлаа?
-Монгол хээтэй нимгэн даашинз 50 хувь хямдарсан байгаа. Би бодохдоо энэ үнийг хүмүүст ачаа болно гэж бодохгүй байгаа. Шинэ пальтоны коллекцийг маань хүмүүс үнэтэй байна гэсэн. Яагаад үнэтэй гарсан гэхээр гар ажиллагаа ихтэй, пальтоны материал дээрээ торго барьж дээрээс нь арьсан цэцгээ давхарлаж чимж тогтоосон болохоор олон хүний хүч хөдөлмөр, цаг хугацаа шингэсэн учраас яалт ч үгүй тийм үнэлгээтэй гарсан.
Магадгүй пальтоны коллекц маань цагаан сарын үеэр хямдарч магадгүй. Бид чинь цагаан сараар гэнэт сэрсэн юм шиг монгол хувцасаа хайдаг болохоор тэр үеэр нь хямдруулах бодолтой байна. Манай урлан бусад урлантай харьцуулахад харьцангуй хямд.
-Ганцаарчилсан олон сайхан уран бүтээлийг үзэгчдийн хүртээл болгосон. Сүүлийн үед ямар уран бүтээлд төвлөрч байна вэ?
-Би аливаа уран бүтээл, дуу гаргахдаа дурлаж түүнийхээ хойноос хөөцөлдөж нойр хоолгүй шахам явдаг хүн. Нээх гоё дурласан, сэтгэлд таарсан уран бүтээл олдохгүй байсан юм. Саяхан хоёр гоё уран бүтээл хийх санаа олсон. Тус хоёр уран бүтээлдээ төвлөрч байгаа.
-Бие даасан тоглолт хийх төлөвлөгөө бий юү?
-Тоглолтын хувьд ойрын хугацаанд төлөвлөсөн зүйл алга. Ер нь тоглолт гэдэг маань маш хариуцлагатай том ажил шүү дээ. Олон жилийн хүч хөдөлмөрийг дүгнэдэг. Нэг дуу гаргаад хүмүүст хүрлээ хэмээн тоглолт хийх нь оновчгүй. Дээрээс нь өөрт маш их ачаалал ирнэ. Мөн үзэгчийг татах, дараа нь тухайн үзэгчийн сэтгэл ханамж зэрэг нь маш чухал.
-Та хоёрын хамтын бүтээл “Хар хархан харц” монголчууд төдийгүй, хамаг монголын ард түмэнд хүрч чадсан. Тус дууны клипнээс монгол ахуй, өв соёлыг харах шиг болдог. Цаашдаа хамтарсан уран бүтээл гаргах уу?
-Дахин хамтарч дуулах эсэхийг нөхөр маань л мэдэх байх. Олон жил дуулсан хашир туршлагатай хүн хэзээ дуулах, дуулахгүйгээ мэдэх биз. Харин өөрийнхөө ганцаарчилсан уран бүтээлд түлхүү анхаарч байгаа.
-Таны уран бүтээл болох “Зургаан ханатай гэр”, “Энкэр ээж”, “Хонгор үр минь” дуунууд маш гоё учир агуулгатай дуу болж үзэгчдэд хүрсэн. Жишээлбэл, хонгор үр минь дуугаар байгаль, дэлхийг хэрхэн сүйтгэж байгаа, эх орны эзэн нь хаана байна гэх утга санааг харуулсан. Мөн клипэнд нь хүүгээ тоглуулсан байсан?
-Хамгийн анх дуулсан “Зургаан ханатай гэр” дуу маань Өвөрмонголын Хишигтэн түмний дуу. Энэ дуу гарсны дараа Оросын “Ард” сайтад энэ дууг онцолсон байсан. Хишигтэн түмэн нь Чингис хааны хишигтэн цэргүүдээс бүрддэг. Хишигтэн цэргүүд дайнд мордохдоо ээжийгээ, нутгаа санахдаа зохиож дуулсан дуу юм билээ. Би энэ дууг дуулахдаа эмээгээ, ээжийгээ бодож дотроосоо хайрлаж, ундарч дуулсан. Дууныхаа зураг авалтыг төрсөн нутаг Архангай аймгийн Булган суманд хийсэн.
Манай сумын онцлог нь өндөр уулан дунд байрладаг. Өвөлдөө морь явахгүй. Яагаад гэхээр битүү туурайтай учраас халтирна. Бүх хүмүүс нь сарлаг унадаг онцгой сум л даа. Өвөл -30 градусын хүйтэнд уулан дээр сарлагтай, нисдэг камераар зураг авсан. Нисдэг камер ойртохоор сарлаг цочно, бага зэргийн айдастай, гэхдээ дуртай ажлаа хийж байгаа болохоор гоё байсан. Харин хоёр дахь дуу маань “Энкэр ээж” гэх Халимаг түмний дуу.
Энэ дуу маань Халимагт 20 гаруй жилийн өмнө дуулагдаж байсан мартагдах шахсан дуу юм билээ. Энэ дуу маань шинэ хүн хоол хүнстэйгээ ирдэг юм шүү, шинэ хүнд хэчнээн хүндэтгэлтэй хандаж байгаа зэргийг харуулсан. Гурав дахь дуу маань “Хонгор үр минь” гэх Тува дуу. Энэ дуу Тувад нэлээн хандалт өндөртэй байсан. Цоо шинэ дууг хүлээн авч байгаа юм шиг, бараг л кино шиг болсон байна гэж хүндэтгэлтэй хүлээн авсан. Хүмүүст ухаарал хайрлаасай гэх үүднээс хүнд сэдэв сонгосон.
Ирээдүй хойч болсон үрсдээ газар нутгаа эзэнтэй үлдээх, та нар уул усны, мал ахуйнхаа эзэн нь юм шүү гэдгийг сануулахыг хүссэн. Эзний сэтгэлээр биш, хоноцын сэтгэлээр хандаж тэр уул усыг ухаж байгаа хүмүүсийг харуулсан. Орхон гол хэрхэн улаанаар эргэж уйлж байгааг газар дээр нь очиж харуулсан. Бас нэг онцлог нь миний хүү клипэнд нь тоглосон.
Намайг хөгшин болсон хойно ээж маань ийм л зүйлийг хэлэхийг хүссэн байна, би ч гэсэн ээжийнхээ итгэлийг олох сайн хүн болох ёстой гэх ухаарал аваасай гэх үүднээс хүүгээ тоглуулсан. Энэ дуу эмгэнэлтэй, дайны үед монголчууд хоорондоо дайтаж байсан эзэнгүй, морь мал нь хаачсан юм бэ гэх утгатай. Дууныхаа төгсгөлийг нь дом маягаар сүүлийн тав, зургаадугаар бадагт эх орны, адуун сүргийн эзэд нь энд байна гэх утга санааг оруулж үгийг нь өөрчилсөн.
-Хамаг Монгол төслийн хүрээнд Тува, Халимаг, Буриад ястан талархалтай хүлээн авч С.Жавхлан гишүүн та хоёрыг ихэд хүндэтгэдэг юм билээ. Та сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Маш гоё хүндэтгэлтэй хүлээн авдаг. Жил бүр зуны амралтаараа бид Тувад очдог. Өнгөрсөн зун очиход нөхрийг маань бүх сайдууд нь хүлээн авч уулзсан. Зөвхөн Тува гэлтгүй хамаг монгол түмэн бүгдээрээ л хүндэтгэлтэй хүлээн авдаг. Нүүр харагдахгүй болтлоо хадганд даруулна. Тэр бүхнээс харахад л ямар их хүндлэлтэй байгаа нь илт. Уран бүтээлээрээ дамжуулан бид нэг цустай шүү гэдгийг харуулахыг зорьдог. Хэчнээн хол байгаа ч монгол хүн шүү гэх омогшлыг сэргээж байгаа юм.
Мөн Халимаг түмэн үндэсний хувцсаа маш их өмсөх болсон. Биднийг анх очиход ганцхан оёдлын газар байсан бол манайх шиг олон оёдлын үйлдвэр бий болсон. Мөн эсгий гэрийг Монголоос аваачиж барьж байна. Эсгий гэрийг шүтдэг ард түмэн. Халимаг өв соёл маш их сэргэж байгааг дурдмаар байна. Тувад ч мөн адил нэг ч гэр байхгүй байсан. Тува руу хил даваад ороход ганц ч гэр харагдахгүй байсан. Харин энэ жил хаа сайгүй гэртэй айлууд болсон байлаа. Манай нөхрийн хүмүүст ойлгуулахыг хүссэн зүйл нь биеллээ олж байгааг эндээс харах жишээтэй.
-Та ямар үед нөхрөөрөө бахархаж байв?
-Бахархалгүй яах вэ. Өөрийнхөө бодсон санасан бүхэнд бат зогсож чаддаг хүн. Аливаа зүйлд эргэлт буцалтгүй, хэний ч хэлсэн үгэнд автахгүй, өөрийнхөө үзэл бодолд үнэнч, тууштай тэмцэж буйг мэдрэх бүртээ бахархана. Түүнээс биш гавьяа байгуулж шагнал авахад нь бахархал төрөхгүй. Мөн маш зоригтой, ухаантай, маш зөв гарц эрэлхийлдэг хүн.
Бүхэл бүтэн Монголыг, дэлхийг чээжиндээ багтааж яваа эр хүн. Монголын бүх эрчүүд өргөн уудам тал шигээ сайхан сэтгэлтэй, зөвхөн миний эхнэр гоё хувцас өмсөж, гэдэс цатгалан байвал бидний өвөг дээдсийн уул ус яамай гэж боддог хүмүүс зөндөө байна. Тэр хүмүүс хэзээ нэгэн цагт ухаарах байх аа.
-Улс биш үндэстний хэмжээнд хүлээн зөвшөөрнө гэдэг хувь тавилан байх. Үүнийг дааж явна гэдэг маш том хариуцлага шүү дээ?
-Нээрээ л цаанаасаа заяасан хувь тавилан байх. Халимагаас тэр болгон хүмүүс ирдэггүй байсан. Өнгөрсөн зун наадам үзэхээр Тува болон Халимагаас маш олноороо хүмүүс ирсэн. Чингис хааны хөшөөнд очиж мөргөнө, хоёрдугаарт, Жавхлантай уулзах зорилготой. Өнгөрсөн зуны наадмаар цагаан сар болж байгаа юм шиг “Хамаг Монгол”-ын хөлд дарагдсан. Машин, машинаар л хамаг монголчууд ирсэн. Мөн сүүлийн үед очиж байгаагүй газраас хүртэл хүмүүс ирэх болсон. Ямартай ч бид тэднийг сайхан сэтгэгдэлтэй, бидний мартаагүй юм байна гэх бодлыг харуулахыг зорьдог.
-С.Жавхлан УИХ-ын гишүүнээр сонгогдож тангараг өргөхдөө цагаан морьтой ирсэн нь олны анхаарлыг татсан. Танд ямар санагдаж байв?
-Би угаасаа төлөвлөж байгаа бүх зүйлийг нь мэдэж байгаа болохоор юу гэх вэ дээ. Зарим хэсэгт нь таалагдахгүй байж болно. Би нөхрийгөө тангараг өргөсний дараа Бээжин явж таарсан. Намайг дуучин Жавхлангийн эхнэр гэхэд танихгүй морьтой депутатын эхнэр гэхэд таньж байсан. Тэр хүн Өвөрмонгол ч биш Хятад хүн байсан. Тэр хүн маш хүндэтгэлтэйгээр “Би танай нөхрийг зурагтаар харсан морьтойгоо тангараг өргөж, ташуураа барьж Төрийн ордондоо орсон” хэмээн орчуулагчаараа дамжуулан хэлсэн.
Биднийг тэд морьтон монгол хэмээн шагширч байхад, манайхан арай ч дээ гэх жишээтэй. Дэлхий түүнийг морьтой монгол гэж таньж байна. Мөн бидэн дээр хамаг монголоос гадна францууд ирдэг. Тэд хэлэхдээ “Таны нэвтрүүлгийг Францад орчуулж цацдаг телевиз байдаг. Бид суурин иргэншилтэй байвал мөхнө. Монгол хүн бидний яаж зөв амьдрах ёстойг зааж байна гэж бид ойлгодог” гэж байсан.
-Цагтаа зохиолын дууны “Ханхүү” гэгдэж байсан дуучин өнөөдөр УИХ-ын гишүүн болж, улс төрийн тэмцэл хийж байгааг нь юу гэж боддог вэ?
-Жавхлан УИХ-ын гишүүн болохын тулд дээл өмсөөгүй, хүнд таалагдахын тулд монгол гэж яриагүй. Угаасаа л монгол ёс заншил, монгол хүний омогшил, монгол гэх тодотголтой зүйлд өнгө оруулахыг зорьдог хүн. УИХ гишүүн болсон ч үзэл бодолдоо үнэнч, нөгөө л ярьдаг монгол минь сайхан болоосой, ингэчихвэл энэ хэсэг нь сайхан болно гэх үүднээс үзэл бодлоо илэрхийлдэг гэж ойлгодог.
-Өөрийнхөөрөө, үзэл бодлоо илэрхийлэхэд нь айдаг уу?
-Үгүй ээ, эр хүн зоригтой л байх хэрэгтэй шүү дээ. Хүнийг хийх зүйлээ хийж, ухаарч түүнийгээ бүтээлгэх гэж хорвоо явуулсан гэж би ойлгодог. Тэгэхээр хорвоо дэлхий өөрөө мэдэж байгаа байх.
-Таныг чамгүй сайн оёдолчин гэж ярьдаг юм билээ. Нөхрийнхөө дээл хувцсыг нь өөрөө урлана биз?
-Яг нөхрийнхөө дээл хувцсыг урладаг тийм мундаг оёдолчин би биш ээ. Магадгүй зарим хүмүүсийн ойлголтоор Жавхлан уран хүнтэй суусан гэх таамаг дэвшүүлдэг байх. Гэхдээ ингэж хэлэх бүрт маш их баярладаг шүү. Монголын мундаг гэгдэх оёдолчноор нөхрийнхөө дээлийг нь оёулдаг. Жишээлбэл, гавьяат Лхагваа эгч, эртний монгол хийцийн Урнаа эгч, мөн нөхрийн маань дүү Тэргэл гэх мэтчилэн уран гартнуудаар урлуулдаг. Сүүлийн үед “Монголоороо” төвийнхөн маань дээлний өнгө, загвар хийцийг урлах болсон.
-Танай гэр бүлийнхэн дэлгүүрээс хувцас худалдаж авахгүй байх. Тийм үү?
-Бараг л худалдаж авахгүй шүү. Зайлшгүй авах ёстой хүүхдийн форм, гутал зэргийг л авдаг. Түүнээс биш хувцас бол бараг авахгүй.
-Та өдөр тутамдаа монгол хэв маягтай дээл, загварын пальто өмссөн харагддаг. Зохисон гэж жигтэйхэн?
-Баярлалаа. Өдөр тутамдаа дээл гэхээсээ илүү монгол хэв маягтай, биед эвтэйхэн загварын пальто түлхүү өмсдөг. Гэхдээ гэртээ бол байнга дээл өмсөнө. Ер нь надад ямар ч хувцас их гоё зохидог шүү. Хувцасны буянтай юм шиг байгаа юм.
-Орчин үед цахим ертөнц, гар утасны хэрэглээнд хүүхдийг хянахад төвөгтэй болсон. Бусад аав ээжүүдээс өөр арга барилаар хүүхдээ хүмүүжүүлэх үү. Хүүхдээ монгол хүн болгон хүмүүжүүлэх тал дээр нэлээн анхаардаг байх?
-Бидний хувьд аав нь УИХ-ын гишүүн, олны танил гэх утгаараа хүүхдүүддээ хандах дургүй. Хэтэрхий тансаг, бэлэн хэрэглээнд автуулахгүй байхыг хичээдэг. Монгол гэрт байлгах гээд байдаг нь тийм л учиртай. Хүүхэд гэрт байхаар гаднаас түлээ оруулах, ус зөөх гэх мэтчилэн ажилд гар бие оролцдог. Гэрт амьдрахаар хүүхдийг боль, битгий хий гэх үгнүүд маш их багасдаг. Хашаандаа өөрийн дураар явна, заавал тэднийг хөтлөхгүй, өөрийнхөө мэдрэмжээр гармаар байвал гарч, ормоор байвал орох нь зөв гэж боддог.
Ер нь хүүхэд гэрт байснаар маш их хөгждөг. Жишээлбэл, байранд амьдардаг хүүхэд заавал хүний хараа хяналттай, ээж юм уу, аавтайгаа л гарах болдог. Хаашаа явахаа мэдэхгүй хүнд хөтлүүлсэн хүн л болж хувирах гээд байдаг. Манай хүү гэхэд надтай хөтлөлцөж явах дургүй. Хотын төвд өөрийн дураар л явдаг. Энэ нь нэг талаараа өөрийгөө жолоодож сурах арга барил байх. Ямар нэгэн ном сонин уншуулахаас илүү 20 жилийн дараа ямар хүүхэд болж төлөвших алсыг харж хүүхдээ хүмүүжүүлэх нь зөв.
-Хэдийгээр хүүхдүүд нь жаахан ч та хоёрын хийж байгаа зүйлийг өвлөж явах нь тодорхой. Одоогоор ойлгох насанд хүрээгүй ч хэрхэн ойлгуулахыг хичээдэг вэ?
-Сургуулийн хүүхэд маань сурагч формоор жигдэрдэг. Харин гадна талаар нь хөөрхөн монгол хэв маяг оруулсан хувцас өмсгөдөг. Охин маань хувцсаараа маш их бахархдаг, ичдэггүй. Гэхдээ ичихээр төвшинд биш л дээ. Ганган, дэгжин болгож өгөхөөр маш их бахархдаг юм шиг байгаа юм. Нэг удаа ангийнх нь хүүхэд “Чи яагаад дандаа монгол хувцас өмсдөг юм гэхэд би Самандын Жавхлангийн хүүхэд болохоор өмсөж байгаа” гэж хэлсэн гэсэн.
Тэгэхээр нь би дахиад хүн асуух юм бол “Би монгол хүн болохоороо монгол дээлээ өмсөж байгаа юм” гэж хэлээрэй гэж ойлгуулсан. Ер нь ямар ч хүн би хүүхдээ зөв хүмүүжүүлж байна, муу хүмүүжүүлж байна гэж ам гарч болохгүй. Цаг хугацаа л түүнийг харуулна. Миний бодлоор хэн нэгнээр хүүхдээ харуулах, өдөр өнжүүлэхэд өгөх, хүүхэд асрагчаар харуулах нь буруу гэж боддог. Өтлөхийн цагт бидний үгийг авдаг, ухаантай санаа зовохгүй төвшинд явуулахын тулд одооноос үр хүүхдэдээ тулж ажиллах хэрэгтэй.
Буруу өссөн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэдэг шиг. Ийм хүүхэд болгохгүйн тулд хэн нэгнээр харуулах нь дэмий гэж хэлэх гээд байна. Миний хувьд хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт хүргэж, даалгаврыг нь хийлгэж, хэтэрхий хичээлээр шахахгүй байхыг илүүд үздэг. Ер нь дарамттай байдлаар хичээл хийлгэж хэвших нь эргээд хичээлдээ дургүй болох шалтгаан болдог. Манай нөхөр энэ бүхнийг анзаарч маш их ач холбогдол өгдөг.
Хичээлээр огт дарахгүй, өнөөдөр би тийм үсэг үзлээ хэмээн бахархаж ирэхээр сэтгэл зүйтэй байлгахыг зөвлөнө. Хүүхдээ алхам тутамд нь анхаарч, ухаан сийлж сургахыг зорьдог. Иймд хэтэрхий тансаг хэрэглээнд сургахгүй, өсөхийн жаргалыг жаргалд бүү тооц гэдгийг л ойлгуулах нь чухал.
-Хүүхдүүдээ хэр эрхлүүлдэг вэ?
-Эрхлүүлэх цагтаа эрхлүүлнэ. Манай гурван хүүхэд нэлээд эрх.
-Хүүхдүүд нь сахилгагүйтээд тэсэхийн аргагүй болсон үед чарлах юм уу, том дуугаар загнах тохиолдол байна биз?
-Ээж хүнээс чинь хаврын тэнгэр шиг л олон ааш гарна шүү дээ. Нэг харахад үр минь гээд эрхлүүлж байснаа эргээд харахад загнаад сураар ороолгоно шүү гэх мэтчилэн. Хүүхэд л юм чинь тэднээс есөн шидийн ааш гарна, дэрсхэн хүүхдүүд тэрсэлдэнэ, юм булаацалдана. Би ч гэсэн янз бүрийн ааш гаргана. Хүн угаасаа маш олон дүртэй гэдэг.
Уурлахаараа улаан Жамсран бурхны царайтай болдог, аядуухан энэрэнгүй зан гаргахаараа Цагаан дарь эх шиг царайтай болдог гэдэг. Бурхдын бүх дүр л нэг хүний олон зан байдаг гэж сонссон юм байна. Эрдэнэчимэг зураг болон клипэн дээр байдаг шиг дандаа гоё сайхан ааштай байна гэж байхгүй. Заримдаа улаан Жамсран бурхан шиг царайтай болно.
-Танайх эсгий гэрт амьдардаг юм уу. Зарим нь гэрт, зарим нь байранд амьдардаг гэдэг юм билээ?
-Хүүхдүүд маань сургууль соёл, нөхөр маань хурал чуулган, би Монголоороо төв гээд явна. Ажлын өдрүүдэд ажил албандаа ойртоно. Амралтынхаа өдрүүдээр л гэртээ байдаг.
-Нүүрс түлэх үү, шалны халаалттай юу. Хүн бүр л байранд амьдрахыг зорьж байхад, нүүрс түлээд амьдрах хэцүү биш үү?
-Юу нь хэцүү гэж. Хүний хийдэг л ажил, түлдэг л нүүрс шүү дээ. Усаа зөөгөөд л модоо хагалаад амьдардаг. Гар хуруу нүүрс болох үедээ нүүрс болно.
-Гоо сайхандаа хэрхэн анхаардаг вэ?
-Аав, ээж маань надад өндөр нуруу байнга салонд хэвтээд байхааргүй сайхан арьс заяасан байна. Угаасаа би тэр бүр гоо сайхны салонд орж чадахгүй, амжихгүй байна. Аятайхан шиг гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж нүүрээ сайн цэвэрлэхийг л хичээдэг.
-Та цагтаа хамтлагийн гишүүн, тухайн үедээ мисс гэгдэж байсан хүн. Одоо үетэй харьцуулахад нүүрээ будсан, өндөр өсгийт өмссөн байх жишээтэй. Тэр бүхнийг эргэн харахад ямар санагддаг вэ?
-Гоё шүү дээ. Хүний 20 гаруй настай залуу үе гэдэг үнэхээр гоё, бөөн бөөн дурсамж. Тухайн үедээ би өөрийгөө тарган байна хэмээн фитнесс, бассейнд явдаг байсан. Одоо тухайн үеийнхээ зургийг харахаар ямар ч тэгэх шаардлагагүй, өөлөх юмгүй хөөрхөн л байсан байна гэж хардаг. Тухайн үеийн зургийг харахаар үнэхээр гоё санагддаг.
-Найз нөхөд тань таныг өөрчлөгдсөнд юу гэдэг байв. Хэрхэн хүлээж авсан бэ?
-Манай найзууд гэвэл тухайн үедээ хамт дуулдаг байсан Үүрээ, Номин хоёрыг хэлнэ. Бид гурав хичээлдээ явахдаа үстэй дээл, лоовуузан малгай, буриад гутал өмсдөг оюутан байлаа. Уртын дууны ангийн оюутан учраас тэр байх л даа. Манай сургуулийн эстрад дууны ангийнхан шар, ногоон үстэй, уртын дууны ангийнхан олон таван үггүй намбалаг хүүхдүүд байх жишээтэй. Номин, Үүрээ хоёр манай хүн бид хоёрыг ижилхэн зан ааштай, хоёр биедээ яг тохирох хос гэдэг.
Манай найзууд бол гайхаагүй, харин ч гоё юм аа л гэдэг байсан. Угаасаа бид хөдөөний хүүхэд, уртын дуу сурах гэж ирсэн, айраг уудаг, монгол дээл өмсдөг монгол өв соёлд ойр өссөн. Иймд манай найз нөхөд болон ойр дотны хүмүүс нэг их гайхаагүй.
-Таныг хүүхдүүдээ төрүүлэхдээ араг түшиж төрсөн гэдэг. Энэ үнэн юм уу, орчин үед аль сайн эмнэлэг, эмчид хандаж эмэгтэйчүүд маань төрөх болсон. Та ингэж төрөхдөө айдастай тулгарч байгаагүй юу, гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээн авдаг байв?
-Би ерөөсөө айгаагүй. Яагаад гэвэл тав, зургаан мянган хүүхэд эх барьж авсан туршлагатай өвгөн эмч намайг төрүүлж хүүхдүүдийг маань эх барьж авсан. Миний 80 настай эмээ, хань минь, 60 настай ээж маань байсан учраас айх сандрах тохиолдол байгаагүй. Миний эмээ бүх хүүхдээ араг түшиж төрүүлсэн. Миний араг түшиж төрөх манай эмээд огтхон ч сонин биш. Сайхан л байсан, эмээ нурууг маань илж эмээ, ээждээ эрхэлж амаржсан болохоор гоё л санагдсан.
Дээрээс нь би төрөхийг өвчин гэж боддоггүй. Ямар хагалгаанд орж байгаа биш, эмэгтэй хүн бүрт тохиолддог хорвоогийн жам шүү дээ. Эртнээс манай эмэгтэйчүүд эмчгүй ганцаараа хээр гадаа явж байгаад төрөх тохиолдол ч байдаг л байсан. Ер нь хорвоогийн жам болохоор заавал эмнэлэг явах шаардлагагүй гэж бодсон. Өнөөдөр гурван хүүхэд маань эсэн мэнд байна. Би гэхдээ эмчийг үгүйсгэж байгаа юм биш.
Эх хүн амаржихад төрөх үйл явцыг удирдах эмч чухал байлгүй яах вэ. Гэхдээ охид бүсгүйчүүд маань төрөх нь хорвоогийн жам шүү гэдгийг умартах биш ухаарах хэрэгтэй. Намайг араг түшиж төрсөнд гайхаад байхаар нь би харин хүмүүсийг гайхаад байгаа юм. Миний эмээ гэлтгүй 19 дүгээр зууны дундаас дээш үеийн эмэгтэйчүүд бүгд л араг түшиж төрсөн байдаг. Тэрийг л ямар хурдан мартаж байгааг гайхаад байгаа юм.
-Цаашдаа хэдэн хүүхэдтэй болъё гэж бодож байгаа вэ?
-Болж өгвөл олон хүүхэдтэй болохыг зорьж байна. Биеийн байдал л мэдэх байх даа. Бие маань тэнхлүүн сайхан байвал хүүхэд гаргаад л байна.
-Та хоёр анх хэрхэн танилцаж байсан вэ?
-Таны асуусан асуултыг угаасаа сэтгүүлчид бүгдээрээ асуудаг юм. Бид хоёр намайг Жавхлан, Эрдэнэчимэг гэдэг гэж лав танилцаагүй. Яалт ч үгүй урлагийн хүмүүс болохоор бие биеэ мэднэ, харж л байсан. Гэнэт л нэгнээ хараад дурлаагүй. Манай нөхөр хувийн амьдралдаа нууцлаг ханддаг болохоор нэг их дэлгэж яримааргүй байна.
-Таны нэг өдөр нэлээн завгүй өнгөрдөг байх. Гэр бүлдээ хэрхэн анхаардаг вэ?
-Хүүхдүүдээ сэрэхээс өмнө босож өөртөө цаг гаргана. Охиноо цэцэрлэгт нь өгнө, дараа нь өглөөний хоолоо хийнэ, өдөр охиноо сургуульд нь хүргэж өгөх маягаар өнгөрнө. Хүүхдийнхээ хичээлийн цагаар “Монголоороо” төвд юу дутагдаж байна тэр бүгдийг цуглуулна. Орой хүүхдээ аваад урлангаараа орж хэн юу хийж байна, ямар захиалга ирсэн гээд л хяналт тавина. Мөн шинэ загвар гаргах, өөрөө хувцсаа өмсөж зураг авхуулахад бүр ч их ажилтай.
Шинэ гаргаж буй бүх загвар дээр ярилцаж, примеркийг өмсөх, материалаа сонгох зэргээр ажил мундахгүй. Үр хүүхдийнхээ хоол ундыг хийж өгнө. Үнэхээр зав гарахгүй шүү. Хэдий зав гарахгүй ч гэр бүлээ нэг номерт тавьдаг. Ер нь айлын гэргий хүн гэр бүлээ хоёрдугаарт тавих нь зохимжгүй. Миний хувьд тэднийгээ орхигдуулахаар нэг л харамсалтай сэтгэл дундуур байдаг юм. Нэг үгээр хэлбэл гундаагаад байгаа ч юм шиг санагддаг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!