Өчигдөр буюу Бямба гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ерөнхийлөгч агсан Жон Кеннедийн аллагатай холбоотой нууц бичиг баримтуудыг ил болгох гэж байгаагаа зарлажээ.
“Удаан хугацаанд нууцалж байсан JFK FILES баримт бичгийг олон нийтэд дэлгэхийг Ерөнхийлөгчийн хувиар би удахгүй зөвшөөрөх болно” гэж тэр твиттер хуудсандаа бичсэн байна.
Нууц бичиг баримтуудыг хянаж, нягталсны дараа аравдугаар сарын 26-нд Конгресс ил гаргаж магадгүй байгаа талаар CNN мэдээлжээ.
Ингэхдээ зарим хэсгийг нь нууцад хэвээр үлдээх магадлалтай байгаа гэнэ.
2016 онд сонгуулийн сунгааны үеэр Трамп Бүгд Найрамдах Намаас нэр дэвшихээр өөртэй нь өрсөлдөж байсан сенатор Тэд Крузийн эцгийг Кеннедийн аллагатай холбоотой, түүн дотроо аллагыг үйлдсэн Ли Харви Освальдтай холбоотой байсан гэж мэдэгдэж байв.
Ингэж хэлснийхээ төлөө одоо болтол Трамп Крузээс уучлал гуйгаагүй байгаа юм.
Жон Кеннеди ерөнхийлөгчөөр сонгогдоод хоёр жил болсныхоо дараа 1963 оны арваннэгдүгээр сарын 22-нд Далласт буудуулж алагдсан юм. Түүний аллагын тухай олон янзын онол, таамаглал одоог хүртэл яригдсаар байдаг.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!