Британий үргэлжилсэн үгийн зохиолч Казүо Ишигүро 2017 оны утга зохиолын салбарын Нобелийн шагналыг хүртсэн билээ. Тэр нийтдээ найман роман бичсэн нь 40 гаруй хэлээр орчуулагджээ. Ишигүрогийн хамгийн алдартай зохиолууд нь “The Remains of the Day”, “Never Let Me Go” бөгөөд эдгээр нь кино болон дэлгэцэнд гарсан юм.
Түүний амьдралтай холбоотой таван сонирхолтой баримтыг хүргэж байна.
Казүо нь 1954 онд Нагасаки хотод Япон гэр бүлд мэндэлжээ. Түүний эх Нагасакид атомын бөмбөг хаях үед 18 настай байсан гэдэг. Казүог 5 настай байхад тэд гэр бүлээрээ Британий Саррэйд нүүж ирсэн. Казүогийн аав Үндэсний Далай судлалын Хүрээлэнд ажиллах болсон тул ийнхүү Британид шилжиж амьдрах болжээ.
Казүо энэ тухай “Манай гэр бүл хоёр жилийн дараа Нагасакид буцна гэсэн төлөвлөгөөтэй байсан. Тиймээс би Британийг бидний түр амьдарч байгаа сонирхолтой улс орон гэдэг нүдээр хардаг байв” гэж дурссан байдаг.
Онлайн худалдааны Амазон компанийн үүсгэн байгуулагч Жэф Бэзос өөрийгөө Ишигүрогийн 1989 онд Booker-ийн шагнал хүртсэн “The Remains of the Day” романы фэн гэдэг. Тэрээр 1998 оны нэгэн ярилцлагадаа “Энэ номыг уншихаасаа өмнө би төгс роман бичих боломжгүй гэж боддог байлаа” гэж хэлсэн байна. Бэзосыг энэ номноос болоод интернэтийн номын дэлгүүр Амазоныг байгуулахаар шийдсэн гэх яриа байдаг. Хэдийгээр энэ баримтыг Бэзосын эхнэр үгүйсгэсэн байдаг ч Ишигүро хүчирхэг фэн клубтэй зохиолч гэдэгтэй хэн ч маргахгүй.
Кентийн их сургуульд сурч байхдаа эхний зуны амралтаараа Ишигүро Хатан хааны эхийн Балморал дахь эдлэнд ангийн үргээгчээр ажиллаж байжээ.
Түүнд хэд хэдэн удаа язгууртан хатагтайтай уулзах боломж таарч байснаа дурссан байдаг. Тэр бас хатан хааны эхийг охинтойгоо харьцуулахад төдийлөн их бууддаггүй байсныг ярьж байжээ.
Ишигүро бага залуу насандаа ном их уншдаггүй байснаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Харин тэр сайн гитарчин, дууны үг зохиодог байжээ. Гэвч хөгжмийн студиуд түүнийг хүлээж аваагүй тул зохиолч болохоор эргэлтгүй шийдсэн байна.
Гэхдээ тэр одоо болтол гитар сайн тоглодог. Жазз дуучин Стэси Кентийн 2007 онд гаргаж, Францад бэстселлэр болсон цомогт орсон дөрвөн дууг нь хамтран зохиожээ.
Түүний зохиолуудад ой санамж, дурсамж чухал хэсэг болдог. Тэр нэгэнтээ “Би ой дурсамжийг сонирхолтой зэвсэг болгож ашиглахыг үргэлж хичээдэг. Энэ бол бидний өөрсдийгөө хардаг дуран юм. Бид хэн байснаа, юу хийснээ, хэн болсноо үргэлж ой дурсамжаасаа сэргээж хардаг. Гэвч ой дурсамж бүдэг бадаг, манантай байдгаас өөрчлөгдөхдөө хялбар тул хүн өөрөө өөрийгөө хуурахад их амархан байдаг юм” гэж ярьж байжээ.
Эх сурвалж: IBTimes.Co.UK
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!