Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

ХАР ба ЦАГААН ХУН

З.Боргилмаа
2017 оны 10 сарын 3
MorninigNews.mn
Зураг зураг

-НИТХ-ын даргын төлөө өрсөлдөж буй эмэгтэйг үгийн муухайгаар харааж дуусав. Төрийн албан тушаалтны хувьд түүнд тавих бусад шалгуурыг “эмэгтэй хүн” гэж зөөллөх, намсгах зарчим байж болохгүй ч нас намба, гадаад үзэмж гээд хүйс төлөөлөх хүчин зүйлсийг нь голлож ярих нь хэр зохистой вэ-

“Эмэгтэй хүний намтар цэвэр бол ирээдүйн нөхөр нүүр бардам" гэдэг эшлэл энд тэндээс орчуулгаар орж ирсэн эсэх, эсвэл хэн нэгэн “багш" зохиосон эсэх нь тодорхойгүй ч сошиал сүлжээнд нэлээд хандалт авах болов. Уг эшлэлийг цааш түгээхдээ зарим нь “Тэгвэл эр хүний намтар ямар байх ёстой вэ" хэмээн асуулт дэвшүүлсэн байх нь ч таарна. Түүнчлэн “Эр хүн гэдэг үг үгийн санд л үлджээ.

Амьдрал дээр авгайгаасаа дор эрчүүд ажил дээр ч, ах дүү нар дунд ч олон болов" гэсэн, гэх утгатай бухимдлууд сошиалд үзэгдэх ба үүний дор “Тэгээд ер нь эр хүн эмэгтэй хүнээс байнга дээр байх ёстой юу?” гэсэн асуулт ч тавигджээ. Дээрх хоёр агуулгын дор дэвшүүлсэн адайр асуултуудыг дэмжвэл ямар вэ?!

Эмэгтэй хүн гэхээр алдаж болохгүй ариун явдалтай байх ёстой. Эрчүүд гэхээр л эмэгтэй хүнээс илүү дээр байх ёстой гэсэн хүйсийн ялгаварлал нэвт ханхлах, хандалт өндөртэй эшлэлүүд хөөрхий бидний бүсгүйчүүдийн хүртэх ёстой хүндлэлийг хөл дор дэгээдэн унагах мэт. Эшлэлийг дахин нэг уншаад үзнэ үү. Гарцаагүй, эмэгтэй хүний намтар цэвэр байвал сайхан.

Гэхдээ тиймгүй бол тэгээд хүний нүүр эгцэлж харшгүй хүнд ял хүлээх ёстой мэт үнэлэмж хүмүүнлэг нийгэмд байх нь зөв гэж үү. Эмэгтэй хүн биедээ арчаатай, гоо сайхан төдийгүй ажилтай, карьертай байх ёстой гэсэн өндөр шалгуурыг үргэлж зөвлөх нь ийм байж чадахгүй бол эр нөхөртөө гологдох мэт айдсыг төрүүлдэг шиг санагддаг. Тэгвэл эгээ л барби мэт бүсгүйг шаардаад байгаа эрчүүд ямар байх ёстой юм бэ гэдэгт хэмжүүр  байдаггүй. Үнэтэй брэндийг үүдний ТҮЦ-нд зардаггүй юм. Өөрсдийнхөө гүзээг эхлээд хар, өнгөрүүлсэн намтраа сайн унш гэж эрчүүдэд адарч бас болох биш үү?

Холливудын кино ертөнцөд эмэгтэй жүжигчидтэй гэрээлдэг үнэ хөлс ижил түвшний эрэгтэй жүжигчдийнхээс доогуур байдгийг 2015 оны Оскарын шагнал гардуулах ёслолын үеэрх хэрэг явдлууд ил болгож, дуулиан тарьж байлаа. Ийм холын зүйлийг энд ярих гэсэн хэрэг биш учраас одоо гол асуудал руугаа оръё.

НИТХ-ын даргын төлөө өрсөлдөж буй ганц эмэгтэйг харсаар байтал үгийн муухайгаар харааж дуусав. Өмнө нь уг суудалд эмэгтэйчүүд өрсөлдөх битгий хэл нэр дэвшиж байсан түүх үгүй учраас хүйсийн тэгш эрхийг хамгаалагчид зөвхөн энэ үзүүлэлтийн төлөө гар өргөх ёстой байх. Гарцаагүй, төрийн албан тушаалтны хувьд түүнд тавих бусад шалгуурыг “эмэгтэй хүн” гэж зөөллөх, намсгах зарчим байж болохгүй нь тодорхой.

Гэвч тэдгээр шалгууруудыг шүүж хэлэлцэхээс өмнө түүний нас намба, гадаад үзэмж, нэг үгээр бол хүйс төлөөлөх хүчин зүйлсийг нь голлож ярих зуураа гомдмоор муухайгаар доромжилж байна. Намтрыг нь уншвал нар cap мандуулаад байх гавьяа үгүй ч, намдаа бол үнэнч явж, хороо дүүргээс эхлээд хамаг л шатанд ажилласан нэгэн юм байна. Албан ёсны анкетад нь байхгүй ч түүний “хар хэрээ’’ болохыг нотлох баримтууд мөн л сошиалаар тасралтгүй хөвөрч эхлэв. Тэдгээр мэдээллээр бол тэрбээр газрын наймаачин, тендерийн панзчин юм байна.

Энэ хүртэл ажил, албанд хутгалдаж ирсэн хот, дүүргийн хурган дарга нарт үнэндээ тийм түүхгүй хүн байдаг бил үү. Нийслэлийн үе, үеийн удирдлагууд бүгд ийм цол, гуншинтай. Үүнийг зөв гэхгүй ч тэрхүү муухай нэр хочоосоо болоод хуулийн хариуцлага хүлээх битгий хэл албан тушаалын томилгооноос арагш сугарч үлдсэн “аавын хүү” байгаагүй...

Энэ бүхнийг яагаад энд үглэх ёстойгоо зөвтгөх бас нэг чухал баримтыг сануулъя. Улс төр дэх эмэгтэйчүүдийн квот гэдэг асуудлыг УИХ-ын түвшинд 2000-аад он гарснаас хойш саяхныг хүртэл нэлээн эрчтэй ярьдаг байсан нь өдгөө бараг мартагдах гэж байна. Эмэгтэй гишүүдийн шахалтаар шат, шатны сонгуульд улс төрийн намаас нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэгтэйчүүд байхаар 2012 оны сонгуулийн өмнө хуульчилсан ч энэ заалт ердөө ганц удаагийн сонгуульд ч үйлчилсэн.

Уг заалтыг 2016 оны сонгуулийн өмнө өөрчилж, 20 хувь болгон бууруулсан бөгөөд үүнийхээ үндэслэлийг тайлбарлахдаа “Өмнөх сонгуулийг холимог тогтолцоогоор явуулсан учраас 30 хувийн квотыг эмэгтэйчүүдэд өгч байсан. Энэ удаад сонгуулийн систем мажоритараар батлагдсан учраас ингэж бууруулах нь зүйтэй" гэж ажлын хэсгийнхэн ам хаагаад өнгөрчээ.

Тэгэхдээ хамгийн том тайлбар нь “Эмэгтэйчүүд нэр дэвших эрх нь бүрэн нээлттэй. Заавал 20, 30 хувь гэж жижгээр ярих хэрэггүй, чадаж байвал бүр 50 хувийг ч аваарай" гэсэн тохуурхал байлаа. Одоогийн УИХ дахь эмэгтэй гишүүд хүйсийн тэгш эрх, хууль дахь квот ярих зүрх, зориггүй болтлоо баалуулж, баллуурдуулж байна.

Нийгэмд эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийг хөндөн ярих шаардлагагүй мэт сэтгэл зүйг хэдийнээ бэлтгэсэн байна. Тийм ч учраас НИТХ-ын даргад өрсөлдөж буй Д.Баярсайханыг хар хэрээ болтол нь хөөгөөр будаж болж байна. Нэрийг нь сонсоод эрэгтэй гэж бодсон шүү дээ хэмээн ичих ч үгүй хэлж байна. Эрэгтэй байсан бол яах гэж?! Энэ улс төрийн бохир ертөнцөд , ер нь “цагаан хун" дэвэх бололцоо бий гэж үү?!

Зураг