ЭМЯ, Япон Улсын Сисмекс корпораци 2008 оны зургаадугаар сарын 2-ны өдөр “Монгол улсад лавлагаа лаборатори, гематологийн чанарын гадаад хяналтын тогтолцоо бүрдүүлэх” чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулсан.
Үүнээс хойш 9 жилийн хугацаанд ХӨСҮТ болон ЦССТ-ийн чанарын баталгаажилтын лабораториудад өндөр мэдрэг чанар бүхий иммунологийн бүрэн автомат анализатор HISCL-800-г тус тус буцалтгүй тусламжаар суурилуулжээ.
ЭМЯ-ны удирдлага дор мэргэжлийн багийн дэмжлэгтэйгээр цусны ерөнхий шинжилгээ 18 удаа, биохими 12 удаа, цусаар дамжих халдварын хоёр удаагийн чанарын гадаад үнэлгээ амжилттай хийгдсэн байна.
Ийнхүү өнөөдөр хоёр тал уулзаж үр дүн, ололт амжилтуудаа ярилцан, цаашид хийх ажлуудын талаар санал солилцож, хамтран ажиллах гэрээг дахин гурван жилээр сунгалаа.
Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг "Есөн жилийн турш Монгол Улсын эрүүл мэндийн салбарын найдвартай түнш байсан та бүхний хөдөлмөрт талархаж байна.
ЭМЯ, Сисмекс корпорацитай хамтран нийт лабораторийн эмч, мэргэжилтний дунд олон улсын сургалт семинар зохион байгуулан чанарын гадаад үнэлгээний дүн, тайланг тавьж, хяналтад оролцогсдод гэрчилгээ, үнэлгээний хуудас, тайлангийн номыг хүргүүлж ирсэн.
Мөн манай лабораториудын чадамж болон лабораторийн шинжилгээний чанарыг сайжруулахад ихээхэн түлхэц өгч байна" гэлээ.
Эх сурвалж: ЭМЯ