Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Амаре Стоудмайр зодог тайллаа

SPS телевиз
2017 оны 9 сарын 5
SPS
Зураг зураг

Нэгэн цагт NBA-д цахиур хагалж явсан шилдэг тоглогчдын нэг Амаре Стоудмайр сагсан бөмбөгийн спортоосоо зодог тайлж байгаагаа зарлалаа.

Сарын өмнө тэрээр тоглож байсан Израйлын Апоел Ерусалем багтайгаа хамт дотоодын лигтээ түрүүлээд байсан бөгөөд ийнхүү аваргын дүрээр зодог тайлж буйгаа зарлалаа. Энэ жил 34 настай Стоудмайр Израйлын багийн хувьцаанаас худалдан авч, цаашид тус багийг илүү сайн баг болгоход хувь нэмрээ оруулахаар шийджээ. Аваргын төлөөх сүүлийн тоглолтонд тэрээр 6 оноо, 7 самбараас бөмбөг авалтыг хийсэн юм.

Тэрээр өөрийн инстаграм хуудсаар дамжуулан багийнхандаа болоод фенүүддээ үдэлтийн үг хэлсэн байна.

 “Өнгөрсөн зун би NBA-ээс зодог тайлах шийдвэр гаргаж, Апоел Ерусалем багтай гэрээ байгуулсан. Миний зорилго энэ багт өөрийн чадах бүхнээрээ туслахад оршиж байлаа. Энэ багт би ирж, энэ ариун хотод өөрийн анхны аваргын цомоо авснаас гадна багийнхаа түүхэнд 2 дах удаагаа аваргын цомыг авчирч чадсан. Энэ бол зөвхөн аваргын цомоос гадна миний хувьд олж авсан хамгийн том ололт, амжилт байлаа.

Мөн багийн түүхэнд хамгийн шилдэг улирал байсныг сонсоод би үнэхээр баяртай байсан. Дотоодын 3 том тэмцээнийхээ шигшээд шалгарч, 2 цомд нь аваргалж, Европын цомын хагас шигшээд хүрч, Бүх оддын тоглолтын Үнэ цэнэтэй тоглогч болж, миний хувьд мартагдашгүй улирал боллоо. Миний гэр бүл болон миний хувьд гайхалтай аялал байлаа. Энэ ариун хот, энэ баг тэр дундаа Апоелын фенүүд дэндүү гайхалтай хүмүүс. Хэдийгээр би дахин энэ багт тоглохыг хүссэн ч энэ багт олон шилдэгүүд тоглодог учир надад тоглох орон зай төдийлөн их гарахгүй болов уу.

Тийм учраас би багийн хувьцаа эзэмшигчийн хувиар эргэн ирж, багаа илүү сайн баг болгохын тулд чадах бүхнээ зориулахаар шийдлээ. Нэн түрүүнд багийн ерөнхийлөгч Ори Аллон болон нийт удирдлагуудад би талархах ёстой. Надад аваргын дүрээр зодог тайлах энэ боломжийг өгсөнд та бүхэнд маш их баярлалаа. Мөн багийн андууддаа, найзууддаа, хөгжөөн дэмжигчиддээ сайн сайхны хүсье! Апоел урагшаа!” гэжээ.

 

Зураг