Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ НҮБ-д хандаж “Ким Жон Ун дайн хийхийг гуйгаад байна” гэж анхааруулжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг
НҮБ дэх АНУ-ын элч Никки Хэйли

Өчигдөр буюу Даваа гарагт НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл зургаа дахь удаагаа цөмийн зэвсэг туршаад байгаа Хойд Солонгосын эсрэг ямар арга хэмжээ авах талаар хуралдсан байна.

Хурлын үеэр НҮБ-д суух АНУ-ын элч Никки Хэйли “Ням гарагийн туршилт нь Ким Жон Ун дайн хийхийг гуйж байгаагийн илрэл” гээд “зөвхөн хамгийн хатуу хориг л асуудлыг шийдэхэд туслана” хэмээн мэдэгджээ.

Тэр бас Хойд Солонгос туршилт явуулсан нь “бүгдийн нүүрийг алгадаж байгаатай адил явдал” гэж анхааруулсан байна. Хурлын үеэр Хятад улс Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг жил бүр АНУ-Өмнөд Солонгосын зохион байгуулдаг цэргийн сургуулилалтаар солилцож царцаах санал гаргасан юм.

Гэтэл Хэйли Хятадын энэхүү саналыг доромжлол гэж үзээд “Дайсагнагч этгээд цөмийн зэвсэгтэй болж, баллистик пуужингаа чам руу чиглүүлээд байхад хамгаалалтаа бууруулах алхам хийнэ гэж үү? Хэн ч ингэхгүй. Тэр тусмаа бид тэгж чадахгүй” гэж хэлжээ.

Харин Хятад улсын төлөөлөгч дипломат яриа хэлэлцээрээр асуудлыг шийдэхээс өөр гарц байхгүй, дайсагнагч талууд харилцан буулт хийх ёстой гэдэг байр сууриа хамгаалсаар байсан юм.

Тэд бас Хятад улс Солонгосын хойгт дайн дэгдээхийг хэрхэвч зөвшөөрөхгүй гэжээ. Хойд Солонгосын тал ч саяхан НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлд хандан Вашингтон-Сөүлийн жил бүр зохион байгуулдаг цэргийн сургуулилалтыг өөрийнх нь тусгаар тогтнолд заналхийлж байна гэх үзэн авч хэлэлцэхийг хүссэн юм.

Хуралдааны төгсгөлд Никки Хэйли Хойд Солонгосын эсрэг авах нэмэлт хориг арга хэмжээний төслийг энэ долоо хоногт багтаан аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд тараахаа амлажээ.

Тэрээр Пёньяны цөмийн хөтөлбөрийг урьд урьдынхаас илүү аюултай болсон тул алхам алхмаар хориг арга хэмжээ авдаг одоогийн зарчмаасаа татгалзаж, нэг мөсөн томоохон хориг хэрэгжүүлж Ким Жон Уныг сөхрүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа юм.

Мөн хурлын үеэр ОХУ-ын төлөөлөгч Хятадын саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

Ням гарагт Хойд Солонгосын явуулсан цөмийн зэвсгийн туршилт нь Дональд Трампыг ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш болсон анхны туршилт тул түүний засаг захиргаанд эхний томоохон сорилт болж байгаа юм.

 

Эх сурвалж: AFP