Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

МГТИС-ийн 23 оюутан Германы эрдмийн солилцооны албаны тэтгэлэгтэй суралцана

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 8 сарын 29
Сурталчилгаа

Монгол Улсын төрийн өмчийн отгон их сургууль болох 2013 онд байгуулагдсан Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль (МГТИС)-ийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаа өчигдөр боллоо.

Уг арга хэмжээнд тус сургуулийн багш оюутнууд, эцэг эхчүүдээс гадна, БСШУСЯ-ны төлөөлөл ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хүндэт зочид төлөөлөгчид болон бизнесийн, аж үйлдвэрийн салбарын төлөөллүүд хүрэлцэн ирсэн байна.

Оюутан залуучуудын хүсэл эрмэлзэл, баяр хөөрөөр цалгисан энэ арга хэмжээний оргил нь МГТИС-ийн шилдэг оюутнуудад тэтгэлэг гардуулах ёслол байлаа.  

Тус сургуулийн шилдэг 20 оюутан сургалтын төлбөр болон сар бүр амьжиргааны зардал олгох Германы эрдмийн солилцооны алба (ГЭСА)-ны 100 хувийн тэтгэлэгтэйгээр сургуульдаа суралцахаар боллоо.  Мөн 4-р курсын оюутан П.Тэмүүлэн, А.Мөнхцэцэг, Л.Энэрэл нар ХБНГУ-ын Фрайбергийн ТИС-д 2017/18 оны намрын семестрт тэтгэлэгтэй суралцах эрхийн бичгийг гардан авлаа.

ГЭСА-наас олгож байгаа эдгээр тэтгэлэг нь  ХБНГУ-ын Засгийн газрын тэтгэлэг юм. Түүнчлэн үүсгэн байгуулагдсан цагаас хойш уламжлал болсон МГТИС-ийн сургалтын төлбөрийн хөнгөлөлтийн 100, 50 хувийн тэтгэлгийг энэ хичээлийн жилд тус сургуулийн бэлтгэл болон бакалаврын хөтөлбөрийн 49 оюутан авлаа.

Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтийн үр дүнд  энэ тэтгэлгээр оюутнуудаа сургах боломжийг тус сургуульд олгож байгаа юм. 

 
 

МГТИС-ийн оюутнууд хоёр орны Засгийн газрын санхүүжилттэй дээрх тэтгэлгүүдээс гадна  хамтран ажилладаг түнш компаниудын тэтгэлэгтэй суралцдаг.

Нээлтийн ажиллагааны үеэр ОХУ-ын Буриад улсын гоцлол дуучин Ө.Цэрэнчунт болон Монгол Улсын Консерваторийн “Нүүдэлчид” язгуур урлагийн хамтлаг уригдан ирж аялгуу, эгшгийн мялаалга өргөж байсан юм.

МГТИС-ийн оюутнуудад тэтгэлэгтэй суралцах боломж дараа дараагийн жилүүдэд нэмэгдэх бөгөөд өндөр мэдлэг чадвартайн дээр нийгмийн хариуцлагатай инженерүүдийг бэлтгэж буй тус сургууль тэтгэлэг олгохдоо оюутнуудынхаа  сурлагын амжилтаас гадна нийгмийн идэвхи, хувь хүний төлөвшлийг харгалзан олгодог шалгууртай юм.

Монголын анхны кампустай их сургууль болох МГТИС нь нийслэлийн төвөөс 40 орчим км-ийн зайд Найлайх дүүрэгт байрладаг. Тус сургууль нь анх 2013 онд Монгол Улсын ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж болон ХБНГУ-ын канцеларь Ангело Меркел нарын санаачилгаар үүсгэн байгуулагджээ.

Сургалтын хөтөлбөрүүд нь олон улсын чанарын шаардлага хангасан германы сургалтын хөтөлбөрт суурилж явагддаг. Өнөөдрийн байдлаар “Уул уурхайн боловсруулалтын инженер”, ” Хүрээлэн буй орчны инженер”, “Механик инженер”, “Үйлдвэрийн эдийн засагч инженер” гэсэн хөтөлбөрүүдээр бүх хичээл нь англи хэл дээр явагдаж байна. Энэ хичээлийн жилд “Байгалийн нөөц хүрээлэн буй орчны олон улсын нөөцийн менежмент”-ийн магистрийн анхны хөтөлбөртөө элсэлт авч эхэлжээ.

МГТИС нь Германы Фрайберн болон Аахены технологийн их сургуулиудтай түншлэн ажилладаг бөгөөд германы шилдэг багш, профессорууд урт богино хугацаагаар ирж ажиллан оюутнуудад нь хичээл заадаг юм байна. Тус сургуулийн хэтийн зоирилго нь монгол ухаантай-герман мэдлэгтэй дэлхийн түвшний инженерүүдийг эх орондоо бэлтгэх улмаар Азийн бүс нутагтаа “Хэрэглээний судалгааны төв” болоход оршдог юм байна. 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.