Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Үндсэн хуульд тусгагдах магадлалтай ТАВАН өөрчлөлт

Т.Саран, iKon.mn
2017 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг орон даяар долоодугаар сарын 31-нээс эхэлсэн.

Энэхүү хэлэлцүүлэг есдүгээр сарын 05-нд дуусна. Өнөөдрийн байдлаар 11 аймаг нийслэлийн гурван дүүрэгт тус хуулийн төслийг хэлэлцүүлээд байгаа.

Хэлэлцүүлгийн дүгнэлт есдүгээр сарын сүүлээр гарна

 
Гэрэл зургийг mpa.mn

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан "Ерөнхий зургаан багц сэдвийн хүрээнд олон асуудлыг хэлэлцүүлж байгаа. Хэлэлцүүлэг дууссанаас хойш есдүгээр сарын 20-ны үед ажлын хэсгүүдийн нэгдсэн дүгнэлт гарах боломжтой. 

Одоогоор иргэдийн дэмжиж байгаа саналуудыг Үндсэн хуульд тусгагдахаар боллоо гэж ойлгож болохгүй" гээд тус хуулийн нэмэлт өөрчлөлтөд орох магадлалтай зарим өөрчлөлтийг нэрлэлээ.

Тэрбээр "Сум, багийн Засаг дарга нарыг томилох бус сонгодог байх, Баг, тосгон, хорооны Засаг даргыг дээд шатны Засаг дарга нар нь томилдог болохыг иргэд дэмжиж байна" гэлээ.

Иргэдийн саналыг үндэслэн Үндсэн хуульд орох магадлалтай өөрчлөлтүүдийг нэрлэж байна.

  1. Хүн амаас хамаарч сум, баг, тосгон, хот гэсэн засаг захиргааны нэгжүүдийг тодорхой болгох,
  2. Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтоох
  3. Шүүгчийг томилдог биш сонгодог байх,
  4. Сум, багийн Засаг дарга нарыг томилох бус сонгодог байх,
  5. Баг, тосгон, хорооны Засаг даргыг дээд шатны Засаг дарга нар нь томилдог байхыг иргэдийн олонх нь дэмжсэн байна. 

Түүнчлэн иргэд нэмэлтээр төсөлд багтаагүй зүйлүүдээр өөрсдийн саналыг хэлж байгаа. 

Тухайлбал томилогдсон Засаг даргыг ард иргэдийн саналаар эгүүлэн татах боломжтой. Харин УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах боломж хуулийн төсөлд тусгах боломжтой юу? гэсэн асуултыг иргэдийн олонх нь асуужээ.

Иргэд Үндсэн хуульд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн маргааныг эцэслэх заалт тусгах, УИХ-ын гишүүнд нэр дэвших иргэний хуульд заасан насыг 35-40 болгох саналтай байна. 

Мөн шүүгчээр томилогдох насны доод хязгаарыг 40 болгох хүсэлтэй байгаагаа ч илэрхийлсэн. 

Иргэд ийнхүү төсөлд тусгагдаагүй асуудлын талаар саналаа өгснөөр ажлын хэсэгт санал тус бүрийг танилцуулах аж.

Одоогийн байдлаар УИХ-ын Тамгын газраас томилогдсон төсөл хэлэлцүүлэгч таван баг Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Орхон, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Увс аймгуудад ажиллаж байна.  Аймаг тус бүрт бүсчилсэн гурван хэлэлцүүлгийг өрнүүлсний дараа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг нийслэлийн 6 дүүрэгт үргэлжлүүлэн зохион байгуулах юм.