Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

НҮБ-ын хоригийг тэвчээртэй хүлээж авахыг Хятад улс Хойд Солонгост уриалав

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Бямба гарагт НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд Хойд Солонгосын эсрэг шинэ хориг арга хэмжээг санал нэгтэйгээр баталсан.

Тэгвэл Хятадын гадаад хэргийн сайд Ван И өчигдөр буюу Ням гарагт Хойд Солонгосын гадаад хэргийн сайд Ри Ён Хотой уулзахдаа Пёньяныг НҮБ-ын шийдвэрийг тэвчээртэй хүлээн авч, дахин цөмийн болон пуужингийн туршилт явуулан олон улсын хамтын нийгэмлэгийг өдөөн хатгахгүй байхыг уриалжээ.

Филиппиний нийслэл Манилад болж байгаа Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын чуулганд оролцсон Ван И НҮБ-ын шийдвэрийг цөмийн зэвсэгтэй холбоотой асуудлаар “зөв, ухаалаг шийдвэр” гаргахад нь Хойд Солонгост туслана гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

 НҮБ-ын тогтоолын дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсандаа “Хойд Солонгосын эсрэг нэг удаагийн хамгийн том эдийн засгийн хоригийг НҮБ дэмжлээ. Хойд Солонгост нэг тэрбум ам.долларын хохирол учруулж байна” хэмээн бичсэн юм.

Хоёр сайдын уулзалт сэтгүүлчдэд хаалттай болсон тул яг ямар яриа өрнөсөн нь нууц хэвээр байна. Шинэ хориг ёсоор Хойд Солонгосын түүхий эдийн экспорт нэг тэрбум гаруй ам доллараар хорогдоно. Өнгөрсөн 2016 онд Пёньян түүхий эдийн экспортоосоо $3 тэрбумыг олж байсан юм.

Мөн НҮБ-ын гишүүн улсууд Хойд Солонгосоос ажилчин авах, хамтарсан компани байгуулах, хөрөнгө оруулахыг хоригложээ.

Тус улсын банк, компаниудын төлөөлөл болсон есөн хүнийг НҮБ-ын хар жагсаалтад оруулж, тэдний зорчих эрхийг хасан, эд хөрөнгийг битүүмжилсэн юм. Хятадын тал НҮБ-ын хоригийг эцсийн шийдэл биш, талуудыг хэлэлцээрийн ширээний ард суулгах хөшүүрэг юм гэж үзэж байгаагаа мөн илэрхийлжээ.

 

Эх сурвалж: The Guardian