Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

"М.Энхболд, Ж.Эрдэнэбат нар алдаагаа хүлээж, уучлал гуйх ёстой"

Т.Саран, iKon.mn
2017 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МАН-ын "Ээлжит бус онц их хурлын төлөө" хөдөлгөөнөөс цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/708870545965183/

МАН-ын "Ээлжит бус онц их хурлын төлөө" хөдөлгөөний зохицуулагч Т.Баасанцогт "МАН-ын "Ээлжит бус онц их хурлын төлөө" хөдөлгөөн үүсгэн байгуулагдах болсон гол шалтгаан нь МАН УИХ болон орон нутгийн сонгуульд үнэмэхүй ялалт байгуулж, УИХ-д 65 суудал авсан. Гэтэл жилийн хугацаанд энэ бүхэн яаж буурав. 

МАН-ын 65 суудал авсан явдал бол иргэд МАН-ыг мэргэжлийн засгийн газар байгуулаасай гэж итгэсэн, бүрэн эрх өгсөн ийм л явдал. МАН-аас байгуулагдсан засгийн газар мөрийн хөтөлбөрөөсөө ухарсан, цөөнхийн эрх ашгийн төлөө ажиллаж байгаа нь хүмүүст эргэлзээ төрүүлж байна. 

Саяны ерөнхийлөгчийн сонгуулиар иргэд МАН-д үнэлгээ өглөө. Тийм ч учраас бид МАН-ын дотоод асуудлыг шударгаар шийдвэрлэхийн тулд энэхүү хөдөлгөөнийг эхлүүлж байна. МАН-ын үндсэн дүрмийн дагуу бага хурал хуралдаж ИХ хурлыг зарладаг. 

М.Энхболд бага хурлыг есөн сард хуралдуулах тухай мэдээлсэн байдаг. Энэ нь албан ёсны мэдээлэл биш. МАН дотооддоо эв нэгдэлтэй, намынхаа дүрмийг чандлан сахисан намын хувьд нийт гишүүдийнхээ санал бодлыг сонсох хэрэгтэй.

МАН дотоод хямралаа даван туулах нь зөвхөн намын гишүүдэд төдийгүй нийт ард түмний эрх ашигт нийцнэ" гэлээ.

 Намынхан амарч зугаалж явахын оронд иргэдийнхээ төлөө шийдвэр гаргах шаардлагатай

МАН-ын "Ээлжит бус онц их хурлын төлөө" хөдөлгөөний зохицуулагч дэд зохицуулагч н.Баяндэлгэр "Үүсээд байгаа нөхцөл байдлыг хэн хүнгүй мэдэж байна. Энэ жил бүх нутгаар гантай. Үүнээс улбаалаад өвөлжилт хүндрэх нөхцөл байдал бүрдэх нь тодорхой болсон. Яагаад ээлжит бус их хурлыг зохион байгуулах шаардлагатай вэ гэвэл ийм онц нөхцөл байдал үүсээд байгаа үед цаг алдах хэрэггүй. Иймээс намынхан амарч зугаалж явахын оронд иргэдийнхээ төлөө шийдвэр гаргах шаардлагатай. 

Намыг болон засгийг толгойлж байгаа хүн хариуцлагаа хамгийн түрүүнд хүлээх ёстой. Бид иргэдийнхээ саналыг хулгайгаар авч, татварыг нэмэх гэж, албан тушаалын наймаа 60 тэрбумыг эхлүүлэх гэж мөрийн хөтөлбөр дэвшүүлээгүй. МАН ард түмний нам байсаар ирсэн. Гэтэл намын үндсэн зарчим алдагдаж эхэллээ.

МАН-ын үндсэн дүрмэнд намын удирдах дээд байгууллага их хурал гэж заасан байдаг. 2013 оны 11 дүгээр сард болж байсан Их хурал өнөөдөр хуралдах цаг нь болсон. Эх орон, эгэл малчид, тариаланчид энэ хугацааг дийлэхгүй. Төрийн төлөө оготно боодог цаг болсон. Хэрвээ бид шаардахгүй бол хугацаа алдаад байна. 

Хурлаа хурдан хийгээрэй. Холбогдох шат шатны намын удирдлагууддаа хэлээрэй. МАН-ын алдаатай бодлого даамжирч байна. М.Энхболд, Ж.Эрдэнэбат нар алдаагаа хүлээж, уучлал гуйх ёстой" гэв.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-2017 оны ерөнхийлөгийн сонгуулийн хариуцлагыг намын даргаас гадна, засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбаттай яагаад хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаа юм бэ?

-Ард түмэн тэнэг биш. Монгол Улсын ерөнхий сайд ядаж 5, 10 жилийн цаадахыг хардаг хүн байх ёстой. Ж.Эрдэнэбат гэдэг хүнтэй асуудал яриагүй. Түүний эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг байгаа. Энэ хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байна гэж бодож байна. Бид ард түмнийхээ дуу хоолой болж явна.

- Та бүхэн Шадар сайд У.Хүрэлсүхтэй холбоотой юу? 

-Шадар сайд У.Хүрэлсүхтэй холбож ярихаас ч өөр аргагүй юм. У.Хүрэлсүхийн шинэчлэлээр олон мянган залуусаар МАН-эгнээгээ тэлж байсан. Залуучуудын байгууллагын залуус дуу хоолойгоо илэрхийлж байхыг хараад У.Хүрэлсүхтэй холбож ярих нь аргагүй юм. Гэхдээ өнөөдөр МАН-ын гишүүд дэмжигчид сэтгэлийн дуудлагаар санал бодлоо илэрхийлж байна.

2017 оны наймдугаар сарын 25-ны өдөр МАН-ын бага хурлыг зарлан хуралдуулж их хурлын товоо зарлахыг шаардаж байна

МАН-ын "Ээлжит бус онц их хурлын төлөө" хөдөлгөөний зохицуулагч Т.Баасанцогт "МАН-ын дарга М.Энхболд болон МАН-ын удирдах зөвлөлд МАН-ын ээлжит бус их хурлыг хуралдуулах талаар шаардлага хүргүүлж байна. 2017 оны ерөнхийлөгчийн сонгууль нь МАН-ын болон засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгсөн сонголт  байсан.

2017 оны наймдугаар сарын 25-ны өдөр МАН-ын бага хурлыг зарлан хуралдуулж их хурлын товоо зарлахыг шаардаж байна. Мөн бид нийт МАН-ын гишүүдэд хандан уриалга гаргаж байна. МАН-ын өнөөгийн удирдлага мөрийн хөтөлбөрөөсөө ухарсан зэрэг ёс зүйгүй олон үйлдэл хийлээ. Намын гишүүдээ мөрдөн мөшгөх зэрэг увайгүй үйлдэл ихээр хийж байна. МАСЗХ-г үүсгэн байгуулагч, залуучууд, МАН-ын гишүүд дэмжигчдийг МАН-ын "Ээлжит бус онц их хурлын төлөө" хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна" гэлээ.