Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Орос-Америкийн хооронд худалдааны дайн эхэлснийг Дмитрий Медведев зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ, Иран, Хойд Солонгосын эсрэг эдийн засгийн шинэ хориг арга хэмжээ авах хуулийг баталсны дараа ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев Вашингтоны шийдвэрийг хурцаар шүүмжилсэн мэдэгдэл хийлээ.

Медведев фэйсбүүк хуудсандаа “АНУ-ын засаг захиргаатай харилцаагаа сайжруулах бидний зүтгэл дуусгавар боллоо” гээд уг шийдвэр нь “Оростой хүнд бэрх худалдааны дайн өдөөснөөс ялгаагүй” алхам гэж бичжээ.

Тэр бас конгресст эрх мэдлээ атгуулсан Трампын засаг захиргааны сул дорой байдлыг шүүмжилж, “хэдийгээр дургүй байсан ч ерөнхийлөгч хоригийг батлахаас өөр аргагүй” байсныг өгүүлсэн байна.

Гэхдээ Медведев АНУ-ын хориг нь Оросыг улам хүчирхэгжүүлж, шинэ эдийн засгийн салбар, шинэ зах зээл, шинэ түншлэлд түлхэж байгааг мөн онцолжээ.

“Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд бид яаж ажиллах аргаа олсон” гэж Медведев хэлсэн нь Оросууд хоригийн үед дасан зохицож эхэлснийг илэрхийлсэн үг болсон байна.

Тэр бас ямар нэг гайхамшиг л тохиолдохгүй бол Орос-Америкийн харилцаа ирэх хэдэн арван жилд сайжрах боломжгүй болсныг дурджээ. Мөн Америкийн 755 дипломат албан хаагчийг Оросоос буцаах болсонтой ижил хариу арга хэмжээг үргэлжүүлэн авахаа ерөнхий сайд илэрхийлсэн байна.

Зөвхөн Оросын тал биш Европын Холбоо АНУ-ын Орост тавьсан хоригт хэлмэгдэж байгаагаа илэрхийлсэн юм. Өчигдөр Европын Комиссийн ерөнхийлөгч Жан Клод Юнкер тус эвслийн эрчим хүчний компаниуд Оросын байгалийн хийг авах боломжгүй болж байгааг мэдэгдээд “шаардлагатай гэж үзвэл Европын Холбоо АНУ-ын хоригийн эсрэг хариу арга хэмжээ авна” гэжээ.

Харин Украины ерөнхийлөгч Петро Порошенко Вашингтоны шийдвэрийг талархан хүлээж авснаа илэрхийлээд “Украины газар нутгийг бүрэн чөлөөлөхөд хүргэх үр дүнтэй алхам” гэсэн байна.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty