Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Дутертэ: Ким Жон Уны малигар сайхан царайнд хууртах хэрэггүй, тэр бол гаж донтон!

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Филиппиний хэл амтай ерөнхийлөгч Родриго Дутертэ үндэсний телевизээрээ ярихдаа Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг “гаж донтон” хэмээн нэрлэжээ.

Удахгүй Филиппинд бүс нутгийн аюулгүй байдлын уулзалт болж, Хойд Солонгосын гадаад хэргийн сайд оролцох гэж байгаа юм. Гэтэл энэхүү уулзалтыг угтаж хийсэн мэдэгдэлдээ 72 настай Дутертэ Ким Жон Уныг “Тэр бол аюултай тоглоомоор тоглож байгаа солиотой хүн. Түүний малигар сайхан царайнд хууртаад хэрэггүй” хэмээн ярьжээ.

Цааш нь бас “Тэр бол гаж донтон. Хэрвээ тэр өчүүхэн л алдаа гаргавал Алс Дорнодыг тэр чигт нь үржил шимгүй газар болгож хувиргана. Бидэнд юу тохиолдохыг мэдэхгүй байна. Тиймээс түүнийг зогсоох хэрэгтэй” гэсэн байна. Өнгөрсөн сард Ким Жон Ун хоёр удаа баллистик пуужингийн туршилт хийж, АНУ-ын эх газарт цохилт өгөх чадвартайгаа мэдэгдсэн. Залуу Кимийн үед Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөр улам бүр эрчимжээд байгаа юм.

Ирэх долоо хоногт Филиппиний нийслэл Манилад ASEAN-ий гишүүн орнуудын зохион байгуулах аюулгүй байдлын чуулга уулзалт болох ба үүнд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон, БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И нар оролцох юм.

Чуулганы нэг халуун сэдэв нь Хойд Солонгосын асуудал болох гэж байгаа бөгөөд Пёньяны туршилтыг эсэргүүцсэн мэдэгдэл гаргах нь тодорхой болоод байна.

 

Эх сурвалж: AFP