Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ зууны сүүлээр Энэтхэг, Пакистан, Бангладешт хүн амьдрах аргагүй болно

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Цаг уурын дулаарлын улмаас энэ зууны сүүлээр манай дэлхийн хүн амын 20 орчим хувь нь амьдардаг Өмнөд Азид хүн амьдрахын аргагүй халуун болно гэж судлаачид Лхагва гарагт анхаарууллаа.

Дулаарал энэ хэвээр үргэлжилбэл Энэтхэг, Пакистан, Бангладешийн газар нутгийн ихэнх хэсэгт хэдхэн арван жилийн дотор гамшигт халуун хэвийн үзэгдэл болохыг Массачусетсийн Технологийн их сургуулийн (MIT) судлаачид компьютер загварчлалын аргаар тооцоолж гаргасан байна.

Инд болон Ганга мөрний сав дагуух газар тариалангийн бүс нутаг гамшигт голлон нэрвэгдсэнээр хүнс тэжээл хомсдож, өсгөлөн болох нөхцөл бүрдэх гэнэ. Хойд Энэтхэг, өмнөд Пакистан, Бангладешийн газар нутаг бүхэлдээ энэ бүсэд багтаж байгаа бөгөөд энд амьдарч байгаа хүн амын тоо 1.5 тэрбум юм.

Одоогоор Энэтхэгийн хүн амын 2 хувь зарим үед хэт халууны гамшигт өртөж байгаа бол дулаарал хэвээр үргэлжилбэл 2100 онд 70 хувь нь нэрвэгдэх ажээ.

2015 онд болсон их халуунаар Өмнөд Азид 3,500 хүн амиа алдаж байсан юм. Тэгвэл үүнтэй адилхан гамшигт үзэгдэл ойр ойрхон давтагдахдаа улам эрчтэй халдаг болно гэж судлаачид анхааруулжээ.

Үүнээс болоод Өмнөд Азиас олон зуун сая хүн дүрвэх магадлал өндөр байна. Өнгөрсөн сард Өмнөд Азийн орнуудын гамшгийн мэргэжилтнүүд Пакистанд уулзаж, хэт халууныг хэрхэн давж гарах төлөвлөгөө боловсруулах арга хэрэгслийн талаар зөвлөлджээ.

Тухайлбал баруун Энэтхэгийн 5.5 сая оршин суугчтай Ахмедабад хот анх удаа ийм төлөвлөгөөтэй болж, хүн амын эмзэг хэсгийг хэт халсан үед сэрүүн байгууламжинд хоргодох боломжоор хангаж эхэлсэн байна.

 

Эх сурвалж:  Reuters