Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Шүүх хурлаас оргох гэсэн гурван этгээдийг Москва орчимд буудан хөнөөжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Саяхан Москва орчимд болох байсан нийт 17 аллагатай холбоотой шүүх хуралд хүргэгдэж ирсэн сэжигтнүүд оргохыг завдсан тул Оросын хууль сахиулагчид газар дээр нь буудан хөнөөжээ.

Хэрэг гарсан өдөр Москвагаас баруун хойд зүгт 20 км зайтай шүүхийн байранд гарандаа гавтай таван сэжигтнийг хүргэж ирсэн гэнэ. Гэвч шүүхийн байрны цахилгаан шатанд явахдаа тэдний нэг нь харгалзагч руу довтлон хоолойг нь боожээ. Улмаар тэд өөрсдийгөө чөлөөлж, зэвсэгтэйгээр оргон зайлах нөхцөл бүрдсэн тул шүүхийн байрны гурван давхарт цахилгаан шатны хаалга нээгдэхэд Оросын үндэсний гвардын дайчид гал нээж, гурвыг нь устган, хоёрыг нь шархдуулсан тухай цагдаагийн албаны хүн өчигдөр мэдээлсэн байна. Сэжигтнүүдийг харгалзаж явсан хоёр алба хаагч шархдаж, нэг нь эмнэлэгт эмчлүүлж байгаа гэнэ.

Шүүхийн байранд байсан хуульч Софья Рубасская “Буун дуу сонсогдож байсан. Нийтдээ 20 гаруй удаа буудсан байх” хэмээн хэргийн тухай ярьжээ. Тэр бас нүүр нь цусанд будагдсан эмэгтэй харгалзагчийг олж харснаа гэрчилсэн байна.

Буудалцааны дараа шүүхийн байранд байсан бүх хүмүүсийг гаргаж, төлөвлөж байсан шүүх хурлуудыг хойшлуулжээ. Оргохыг завдсан таван сэжигтнийг Оросын хэвлэлүүд “Grand Theft Auto gang” хэмээн нэрлэж байсан бөгөөд Москва орчимд гарсан хэд хэдэн машинтай аллагын хэрэгт холбогдуулан шалгаж байсан юм. Тэд шөнө дунд зам дээр хадаас байрлуулан машинуудын дугуйг хагалж зогсоогоод жолоочийг нь буудаж хороогоод зугтдаг байжээ.

Энэхүү хэрэгт холбогдуулан есөн хүнийг мөрдөн байцааж байсан нь бүгд Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Төв Азийн орнуудын иргэд гэнэ. Бүлгийн толгойлогч гэгдэх этгээд баривчлах ажиллагааны үеэр алагдсан юм байна. Тэдэнд аллага, дээрэм, хулгай, зэвсгийн наймаа зэрэг хэргүүдийг тулгаад байгаа юм.

 

Эх сурвалж: The Guardian