Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Мөнхсүх: “Nuclear Steak” брэндийн рестораныг ажиллуулах боломж ХҮН БҮРТ НЭЭЛТТЭЙ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Хувиараа бизнес эрхлэх хүсэлтэй хүн бүрт боломж олгож буй “Nuclear Steak” брэндийн талаар мэдээлэл өгөхөөр энэхүү ярилцлагаа бэлтгэлээ. Ц.Мөнхсүх нь “Hack Star Holding” ХХК-ийн Гүйцэтгэх захирал бөгөөд Монголын зах зээлд амжилттай яваа паб, ресторануудыг нээж хэрэглэгчдэд таниулсан бүсгүй билээ.

Тэрбээр тун саяхан БНСУ-ын “Nuclear Steak” сүлжээ рестораныг Монголд оруулж ирж, анхны салбараа нээн ажиллуулж байна. Өөрөө ресторанаа нээгээд зогсохгүй бусдад хувийн бизнестэй болох боломж олгож байгаа учраас бид түүнийг зорьж ярилцсан юм.


-Танай компани БНСУ-д амжилттай ажиллаж буй “Nuclear Steak” рестораны франчайз эрхийг аваад Монголд анхных нь салбарыг нээжээ. Яагаад энэ рестораныг Монголд оруулж ирэхээр шийдсэн бэ?

-Би 2013 онд нөхөртэйгээ хамт хувийн бизнестэй болохын тулд кофе шоп ажиллуулж эхэлж байсан. Тэр үед маш их бэрхшээлтэй тулгарч байлаа. Тухайлбал бид энэ салбарын мэргэжлийн биш учраас тийм ч сайн амжилтад хүрээгүй. Үүний дараа “Bitter House” нэртэй паб ажиллуулж эхэлсэн. Одоогоор манай компанийн “Beer House” I, II паб зах зээлд амжилттай ажиллаж байгаа.

Энэ салбарт 4 жил ажиллахад үргэлж тулгардаг асуудлууд нь үргүй зардал, мэргэжлийн хүмүүсийн цалин, тэдний тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэх байдаг. Дээрх бүх бэрхшээлүүдийг туулсны үндсэн дээр хоолны бизнесийн салбарт франчайз чухал хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Олон газар судалж үзээд Монголд хамгийн тохирох рестораны франчайз эрхийг авч оруулж ирлээ.

-“Nuclear Steak” ресторан БНСУ-д хэр алдартай вэ. Мөн ямар амжилтад хүрсэн бэ?

-“Nuclear Steak” брэнд 2016 онд анх зах зээлд гарсан. Завгүй, яарсан хүмүүс хямд бөгөөд амт чанар сайтай стейкийг хурдан хугацаанд авч явах боломжтой болсноороо энэхүү брэнд нь зах зээлд амжилттай танигдаж чадсан.

Тодруулбал жил хүрээгүй хугацаанд 70 гаруй салбартай болсон. Үндсэн компанийн салбар нь 22 байдаг бол 50 орчим нь франчайз эрхийг нь авч ресторан нээсэн хүмүүс.

 

-Та Монгол хүмүүст ресторантай болох боломж олгож байгаа гэсэн. Энэ талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Энэ бизнесийг хүн бүр эрхлэх боломжтой. Өөрөөр хэлбэл БНСУ-ын алдартай рестораны франчайз эрхийг авснаар өөрийн “Nuclear Steak” рестораныг ажиллуулж, ашиг орлого олох боломжийг манай компани Монголчууддаа олгож байгаа юм.

Манай франчайз эрх хоёр төрөлтэй. Эхнийх нь дээд зэрэглэлийн стейкний рестораныг ажиллуулах албан байгууллагуудад олгогдоно. Хоёр дахь нь хувь хүмүүс ажиллуулах боломжтой түргэн хоолны ресторанууд байх юм. 

Энэ удаад хувь хүмүүст ямар боломж олгож байгаа талаараа илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгье. 

Рестораны эрхийг авсан хүмүүст манай компанийн зүгээс бүх сургалтыг хариуцаж явуулах учраас эхнэр, нөхөр хоёр өөрсдөө ажиллах ч боломжтой.

Хоолны салбарт хувийн бизнес эрхлэхэд эхний санхүүжилт нь хамгийн багадаа 50-60 сая орчим төгрөг болдог. Энэ бизнесийн хувьд өндөр төлбөртэй биш. Учир нь бид бизнесээ өргөжүүлэх, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх, энэ салбарын хөгжлийг шинэ түвшинд аваачихын тулд франчайзын төлбөр авахгүй байхаар шийдсэн. Мөн сургалтыг үнэ төлбөргүй орно.

Харин бизнес эрхлэх гэж буй хүн тоног төхөөрөмж, интерьер заслын ажлуудаа өөрийн хөрөнгөөр хийнэ.

"түргэн хоолны газар гэдэг ангилалд орох боловч органик хоол үйлдвэрлэдэг"
 

-Танай анхны салбар нээгдээд удаагүй байгаа. Хүмүүс хэрхэн хүлээн авч байна вэ?

-Манай анхны салбар долоодугаар сарын 21-нд “Сөүлийн гудамж”-нд нээгдсэн. Нээгдээд удаагүй ч их амжилттай ажиллаж байна.

Хэдий түргэн хоолны газар гэдэг ангилалд орох боловч органик хоол гэдэг утгаараа эмэгтэйчүүдэд их таалагдаж байна. Одоогийн байдлаар манайх таван төрлийн стейк, өргөн сонголттой уух зүйлсээр үйлчилж байгаа. Цаашид сонголт улам нэмэгдэнэ.

Мөн манайх өдрийн хоолны багцтай, тун удахгүй хүргэлтийн үйлчилгээтэй болно гэдгээрээ давуу талтай. Рестораны эрхийг авсан хүмүүс ч хүргэлтийн үйлчилгээ эрхэлж болно.

-“Nuclear Steak” рестораны хоол ямар онцлогтой байдаг вэ. Огт туршлагагүй, тогооч биш хүмүүс ч ажиллуулж болно гэлээ?

-Хоолны гол онцлог нь хямд үнээр элбэг олдоод байдаггүй стейкийг хямд мөртөө чанартай гаргаж чаддаг.

Хийх аргыг нь манай компаниас зааж өгнө.

БНСУ-ын төв салбараас брэндийн гол амт болох соусыг нийлүүлдэг. Харин бид Монголд мах, төмсөө боловсруулж, салбарууд руугаа нийлүүлнэ. Мөн сав баглаа боодол нь нэгдсэн стандарттай, төвөөсөө нийлүүлнэ. 

Хүний нөөцийн хувьд мэргэжлийн байх шаардлагагүй, түүнээс гадна тэнд ажиллаж буй бүх хүн хөрвөж ажиллах чадвартай байх учраас давуу талтай. Мөн цөөн хүн ажиллуулж болох юм.  

-Монголд ер нь хэдэн салбар нээнэ гэж төлөвлөж байгаа вэ. Мөн өрсөлдөөнийг хэрхэн зохицуулах вэ?

-Манай дараагийн салбар Шангри-Ла Моллын IV давхарт удахгүй нээгдэнэ.

“Nuclear Steak” ресторанууд хоорондоо ойрхон байвал бие биенийхээ ашгийг хуваах учраас бид дүүрэг бүрт тодорхой байршлууд гаргасан. Мэдээж франчайз эрхийн тоо нь хязгаартай.

-Танай компани БНСУ-ын компаниас анх франчайз эрхээ авахад хэр өндөр шаардлагыг хангасан бэ?

-Бид энэ салбартаа олонд танигдсан газруудыг ажиллуулдаг байсан нь эрх авахад чухал давуу тал болсон. Франчайз авахад мөнгөтэй гэхээсээ илүү туршлагатай, амжилттай ажиллуулах чадвартай байх хэрэгтэй.

Тиймээс бид удаан хугацаанд хөдөлмөрлөж ирснийхээ хүчинд франчайз эрхээ авч чадсан.

"Франчайз ресторанууд олон улсын стандартыг Монголд нутагшуулахад чухал хувь нэмэртэй"
 

-Та дотоодын хоол үйлдвэрлэлийн зах зээлд франчайз ресторанууд яаж хувь нэмрээ оруулна гэж бодож байна. Сүүлийн жилүүдэд ийм хэлбэрийн ресторанууд нэмэгдэж байна?

-Франчайз ресторанууд олон улсын стандартыг Монголд нутагшуулахад чухал хувь нэмэртэй гэж боддог.

Манай рестораны хувьд энэ салбарт бас нэгэн дэвшил авчирч чадна.

Монгол хоолны газруудын гал тогоо үйлчлүүлэгчид ихэнхдээ хаалттай байдаг учраас юу болж байгаа нь мэдэгддэггүй. Харин “Nuclear Steak” ресторан үйлчлүүлэгчдийн нүдний өмнө хоолыг нь бэлтгэж өгдөг.

Бидний харж буйгаар ирээдүйд хоолны бүх л газрууд франчайз болох байх. Учир нь бидэнд цэвэр, аюулгүй, эрүүл, стандартын дагуу бэлтгэсэн хоол хүнс хэрэгтэй байна.

-Янз бүрийн хүмүүс эрхийг нь аваад ажиллуулахаар рестораны чанар бүгдэд нь адилхан байж чадах болов уу?

-Чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Нэгдүгээрт манай мэргэжлийн баг бүх сургалтыг хамгийн багадаа нэг сарын хугацаатай явуулж, ажилтнуудыг нь дадлагажуулсныхаа дараа хүлээлгэн өгнө.

Мөн хүнсний материалуудаа нэгдсэн журмаар нийлүүлж байгаа учраас ялгаа гарахгүй. Түүнээс гадна франчайз эрх авах гэж байгаа хүмүүстээ тодорхой хэмжээний шаардлагууд тавьж байгаа.

Нэгдүгээрт хоолны салбарын бизнест байршил маш чухал байдаг. Тиймээс бид маш сайн байрлалтай газар ресторанаа нээх эрх өгнө.

Хоёрдугаарт бид ресторан ажиллуулж байгаа хүмүүсийнхээ бизнест байнга санаа тавьж, халамжлах болно.

-Брэндийнхээ маркетингийг нэгдсэн журмаар явуулна гэсэн. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Тийм ээ. Бид бүх салбаруудаа хэрэглэгчдэд таниулах үүднээс нэгдсэн журмаар сурталчилгаа явуулахаар төлөвлөсөн байгаа. Бид нэг брэндийн төлөө ажиллах учраас нэгдсэн зорилготой, хариуцлагатай байх болно. 

-Сонирхолтой боломжийн талаар мэдээлэл өгсөн танд баярлалаа.

-Баярлалаа. Хувийн бизнес эрхлэх хүсэлтэй явдаг хүмүүстэй хандаж хэлэхэд бидэнтэй хамтран ажиллаж, дээр дурдагдсан боломжийг эдлээрэй.

 

Холбогдох утас: 9900 4792

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.