Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2017.06.19/ боллоо.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Хуурайшилт ихтэй байгаатай холбоотойгоор обьектийн болон ой хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар тодорхой арга хэмжээ авч ажиллах, ” гэв.
Түүнчлэн холбогдох албан тушаалтнуудад үүрэг даалгавар өглөө.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль зохион байгуулах бэлтгэлийг хангах ажлын хүрээнд:
- санал авах байр болон хуульд заасан бусад шаардлагатай зүйлсийг сонгуулийн төв байгууллагаас баталсан зааврын дагуу хуулийн хугацаанд бэлэн болгох,
- санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах,
- соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах,
- гадаа болон битүү талбайд худалдаа үйлчилгээний төв ажиллуулах зэрэг хуулиар хориглосон үйл ажиллагааг зогсоож, хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг дарга нар болон холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.
Сонгуулийн өдрүүдэд:
- нийслэлийн иргэдийн амгалан тайван байдлыг хангах, хулгайн болон бусад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулж ажиллах,
- замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудад зохицуулагч ажиллуулах,
- нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн иргэдийг хүндрэлгүй зорчих нөхцлийг бүрдүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.