Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Батдорж: Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний портал сайтын нээлт 11 дүгээр сард болно

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг

НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох ESCAP, Гэр Бүл Хүүхэд Залуучуудын хөгжлийн газар, МЗХ, Иргэний боловсролын төв, Монголын Залуучуудын Эвсэл зээрг байгууллагууд хамтарч "Залуучуудын бодлогын арга хэрэгсэл" портал сайтыг турших, хэрэглэх үндэсний хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байна.

Туршилтад залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн болон төрийн бус байгууллагууд, залуучуудын төлөөлөл зэрэг 150 гаруй залуус хамрагдаж байгаа аж. Хэлэлцүүлэг туршилт маргааш дуусна. 

Нэг Монгол залуу ойролцоогоор 2.6-2.9 жилийг ажилгүй өнгөрүүлж байна

ГБХЗХГ-ын Залуучуудын Хөгжлийн Газрын дарга Г.Батдорж "Энэхүү портал сайт нь дэлхийн улс орнуудад асуудал болж байгаа залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн арга замыг тодорхойлж шийдвэрлэх зорилготой.

Их сургуулиас ажлын байранд хүртэлх ажилгүй өнгөрүүлж байгаа хугацааг богино болгох үүднээс залуучууд,залуучуудын төлөө үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагууд, төрийн байгууллага гурвын уялдаа холбоог сайжруулахад чиглэсэн ажил юм.

Портал сайтыг нэвтрүүлснээр бусад улс оронд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг шийдвэрлэх чиглэлээр ямар арга хэмжээ, үйл ажиллагаа зохион байгуулж байгаа талаар туршлага судлах боломж бүрдэнэ.

Уг сайтын туршилтыг Филиппин, Монгол, Шри Ланка гэсэн гурван улсад явуулж байгаа.

Ирэх 11 дүгээр сард үндэсний портал сайтын нээлт болох бөгөөд бүх улс оронд ижил түвшинд ажиллаж эхэлнэ.

Олон улсын залуучуудын хөгжлийн индекст 183 орноос Монгол улс 71-д бичигдсэн. Энэхүү индекс нь улс орныг залуучуудынх эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн болон улс төрийн идэвхи оролцоо гэсэн таван үзүүлэлтээр нь жагсаадаг. Манай орныг залуучуудын хөгжлийн индексээс байр ухрааж байгаа үзүүлэлт бол залуучуудын эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт хоёр юм.

Монгол Улсын залуучууд нийт ажиллах хүчний 57.2 хувийг эзэлдэг боловч нийт ажилгүй байгаа хүмүүсийн 55 хувь нь залуучууд байгаа.

Их дээд сургууль төгсөөд ажлын байртай болтлоо нэг Монгол залуу ойролцоогоор 2.6-2.9 жилийг ажилгүй өнгөрүүлж байна гэсэн судалгаа байдаг.

Тэгэхээр залуучуудын хувьд хөдөлмөр эрхлэлт тулгамдсан асуудлын нэг мөн" гэлээ.

Вэб сайтыг агуулга болон хэрэглээ талаас нь хэрхэн сайжруулах тал дээр ажиллана

 

НҮБ-ын Ази номхон далайн бүсийн нийгмийн бодлогын газрын ажилтан Марко Ронкарати "Залуучуудын бодлогын арга хэрэгслийг туршиж байгаа гол зорилго нь засгийн газрын бодлого хэрэгжүүлэгч болон бодлого боловсруулагчдын зүгээс залуучдад үнэхээр ийм төрлийн вэб сайт хэрэгтэй байна уу үгүй юу гэдгийг тодруулахад оршиж байна.

Нийт туршилтад оролцож байгаа хүмүүсийг хоёр хэсэгт хуваасан.

Нэг нь засгийн газрын бодлого хэрэгжүүлэгч нөгөөх нь залуучууд. Туршилтын хугацаанд олон мэдээлэл цуглуулна.

Энэхүү мэдээллээ байгууллагынхаа төв оффис буюу Бангкокт боловсруулна.

Ингээд уг вэб сайтыг агуулга болон хэрэглээ талаас нь хэрхэн яаж сайжруулах тал дээр ажиллана" гэв.