Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг хар машинаар тоолохыг эсэргүүцэж өнөөдөр зарим иргэний нийгмийн байгууллагууд хэвлэлийн бага хурал хийлээ.Тэд хар машинаар тоолох нь сонгууль луйвардах эрсдэлтэй гэж үзэж байна.
Энэ тухай “Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбоо”-ны Ерөнхий нарийн бичгийн дарга А.Эрдэнэбаяр “Бид энэ хар машинаар орон нутаг, УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийг 4 дэх удаагаа явуулах гэж байна.
2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд гурван хүн, гурван намаас нэр дэвшиж байгаа. Тийм болохоор Ерөнхийлөгчийн сонгуулийг хар машинаар бус гараар тоолж явуулаач ээ. Хар машин гэдэг нь булхай, луйвар нүүрлэсэн зүйл. Үүнийг бид бүтэн гурван сонгуульд харлаа.
МАНАН-ын аль ч бүлэглэл хар машинаар дамжуулж төрийн эрх мэдлийг луйврын аргаар авдаг. Хар машин өөрөө сканнердаж, хадгалах үүрэгтэй машин. Сканнердсан материалыг хэн ч яаж ч болно. Тийм учраас хар машинаас татгалзъя” гэв.
Хохирогчдын эрх ашгийг хамгаалах “Шударга” төвийн тэргүүн Х.Оюунцэцэг “Хар машиныг оруулж ирсэн түүх нь 2008 оны долоодугаар сарын 1-нд сонгуулийн луйврыг эсэргүүцсэн асуудал юм. Тухайн үед зохион байгуулалттайгаар энэ асуудлыг хийсэн нь тодорхой байдаг. Төмөрлөгийн үйлдвэрийн 10 жилийн ой болно гэж дуудаад, үймээн самуунд турхирч, хүчээр засгийн эрхийг авсан. Энэ бүх жагсаал цуглаа, олон нийтийн эсэргүүцлээс айгаад хар машиныг оруулж ирсэн. Хамтарсан Засгийн газар, МАНАН-ын бүлэглэлээс хойш хар машины сонгуулиуд явагдсан байгаа.
2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр санал тоолох хар машиныг 341 хувилбараар шалгаж үзжээ. Товчхондоо хар машин шалгалтад тэнцээгүй. Туршилтаар гурван нэр дэвшигчийн нэрийг гурвууланг нь дугуйлсан хүчингүй нэг саналын хуудсыг хүчингүй гурван санал гэж уншиж, гурван ирцээр бүртгэсэн, цоолсон, балласан, нугалсан хуудсыг хүчинтэйд тооцсон гээд олон зөрчил гарсан байна.
Энэ мэт олон зөрчлөөс гадна хар машиныг програм хангамж нь Монгол Улсын өмч биш гэж хэвлэлээр бичиж байсан. Энэтхэг улсын сонгогчид тэрбум гарчихсан байхад саналын хуудсыг нь гараар тоолж байгаа. Ер нь дэлхий нийтэд хар машиныг хүлээн зөвшөөрөхөөсөө өнгөрсөн.
Янз бүрийн PR, сурталчилгаанд мөнгө зарахгүйгээр зөвхөн хар машины луйвраар ялах бүрэн боломжтой гэдгээ эд тооцоолчихсон байна.
Луйвраар ерөнхийлөгчөө сонгох байсан юм бол сонгууль хийх шаардлага байна уу. Гуравхан хүний саналыг гараар тоолно гэдэг амархан асуудал. Бид гараар тоолж, нүдээр харж Ерөнхийлөгчөө сонгомоор байна” гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!