Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Автомашингүй өдөр” буюу “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн өнөөдөр тохиож байна.
Автомашингүй өдрийн нээлт өнөөдөр 11 цагт Сүхбаатарын талбайд боллоо. Энэ өдөрт зориулсан олон арга хэмжээ төв талбайд явагдаж байгаагаас гадна уралдаан тэмцээнүүд ч болох юм. Мөн Улаанбаатар хотын томоохон зах, худалдааны төвүүд өнөөдөр амарч байна.
“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил 33 мянга гаруй иргэн оролцжээ.
Гүйлтэд оролцогчид 5 мянган метр, 10 мянган метр, 21 мянган метр, 42 мянган метрийн зайд уралдлаа.
Элит гараанд МУГТ, Олон улсын хэмжээний мастер Б.Сэр-Од, Монголын марафон гүйлтийн олон улсын хэмжээний мастер Д.Гантөмөр, Хөнгөн атлетикын олон улсын хэмжээний мастер, үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнхзаяа, Монголын хөнгөн атлетикын марафон гүйлтийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Л.Отгонбаяр, Япон улсын тамирчин Ямамото Яшихиро, Япон улсын тамирчин Вүчибара Арата нарын тамирчид гарлаа.
21 мянган метрийн зайд МУГТ, Олон улсын хэмжээний мастер Б.Сэр-Од түрүүлсэн бол 42 мянган метрийн зайд Кени улсын тамирчин тэргүүлж, 2-р байрт Хилчин спорт хорооны тамирчин н.Мөнхбаяр, 3-т Алдар спорт хорооны тамирчин н.Бямбажав нар орж, эмэгтэйчүүдийн 42 мянган метрийн зайд Хөнгөн атлетикын олон улсын хэмжээний мастер, үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнхзаяа түрүүлсэн байна.
Яг одоо Сүхбаатарын талбайд мөн автомашингүй өдөрт зориулсан арга хэмжээнүүд үргэлжлэн болж байна.
Гэрэл зургийг mpa.mn