Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Д.Сүхбаатарын талбайд НОМЫН ХЯМДРАЛТАЙ ХУДАЛДАА болж байна

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэл хотод жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг сонирхолтой арга хэмжээ болох "Ulaanbaatar book fair-2017" номын баярын үйл ажиллагаа өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд болж байна.

Энэ жил 21 дэх удаагаа зохион байгуулагдаж буй тус арга хэмжээг “Номын соёлт ертөнц” ТББ болон “Эмпати ертөнц” ХХК-аас зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн жилээс олон улсын номын баяр хэмээн нэрлэгдэх болжээ.
"Номын хорхойтнууд хайртай зохиолчтойгоо уулзах, гарын үсэгтэй номыг нь худалдан авах боломжтой"
 
Гэрэл зургийг Mpa.mn

"Ulaanbaatar book fair - 2017"-г зохион байгуулагч Б.Болор “Номын баяр жил бүрийн хавар, намрын улиралд зохион байгуулагддаг.

Энэ жилийн хувьд гадаад, дотоодын байгууллагууд идэвхтэй оролцож, баярын арга хэмжээ улам өргөжиж байна. Жил бүрийн номын баяраар зохиолчид, номын дэлгүүрүүд, хэвлэлийн газрууд өргөнөөр оролцдог.

Бүх ном хямдралтай худалдаалагдахаас гадна уншигч, номын хорхойтнууд хайртай зохиолчтойгоо уулзах, гарын үсэгтэй номыг нь худалдан авах боломж нээгдэж байна” гэлээ.

Го.Аким: Монголчууд хадны зургийг “Тэнгэрийн хүүхдийн наадгай” гэж нэрлэдэг байсан
 
Гэрэл зургийг Mpa.mn

Номын баярын арга хэмжээний үеэр Соёлын гавьяат зүтгэлтэн, дуун хөрвүүлэгч Го.Аким гуайтай цөөн хором ярилцлаа.


-Энэ удаагийн арга хэмжээний талаар уншигчидтай маань сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Энэ арга хэмжээ бол зохиогч уншигчидтайгаа уулзах баярын өдөр. Тэгэхээр жилдээ хоёр болдог баяртаа Монголчууд минь идэвхтэй сайн оролцох хэрэгтэй.

Миний хувьд, сүүлд хадны зурагт үлдсэн баримтуудыг үндэслэн “Тэнгэрээс залрагсдын мөрийг тэнгэрийн хүүхдийн наадгайгаар бичихгүй” гэх ном бичсэн.

Бидний өвөг дээдэс хадны зургийг “Тэнгэрийн хүүхдийн тоглоом”, “Тэнгэрийн хүүхдийн наадгай” гэж нэрлэдэг байсан. Тэгэхээр хадны зургийг Монголчууд ихээхэн дээдэлж байж. Энэ жилийн номын баярт энэ номыг онцолъё.

-Хүмүүс хуучны ном зохиолуудыг ихээхэн сонирхдог гэх юм. Тухайн үед зохиол бүтээлүүд чанартай найруулгатай байсан байх?

-Өнөөдрийн хувьд зохиол бүтээл, телевиз радиогийн хэл найруулга хэцүү болжээ. Дээр үед эрхбиш монгол хэлийг мэддэг хүмүүс туурвиж, орчуулж, бичиж байж.

Жишээ нь, телевизийн нэвтрүүлгээр “Гурван ихэр ботго мэндэллээ” гэнэ. “Мэндэллээ” гэдэг үгийг зөвхөн хүн дээр л хэрэглэдэг.

Монголчууд хүнээ дээдэлдэг ард түмэн. Гэтэл өнөөдөр хүн, мал хоёроо ялгахаа байчихсан байна шүү дээ. Үүнийг засаж, залруулах хэрэгтэй юм.

-Та Унгар улсад номоо хэвлүүлсэн байсан. Энэ талаараа ярихгүй юу?

-Атилла хааны удмынхан өнөөдөр Унгар, Румынд байгаа. Тэнд монгол соёл, зан заншлын зүйл юу үлдсэн байна вэ гэдэг дээр судалгаа хийсэн. Судалгааныхаа талаар англи, монгол хэлээр, Унгарчууд мөн унгар хэлээр орчуулж, гаргасан.

Унгарт хэвлэгдээд олны сонирхлыг татсан. Учир нь Унгарын зарим эрдэмтэн “Бид Хүннү гаралгүй, Скандиновын орнуудаас ирсэн” гэж үздэг.

Гэтэл соёлын адил талаар аливаа угсаатны хамаарлыг нотолж болдог. Миний хувьд соёлын талаас нь судалж, Унгарчууд Хүннүгийн удам болохыг баталсан. Сая Унгарын нэг эрдэмтэн ДНК-ийн шинжилгээгээр Зүүн Азиас гаралтай болохыг нотолчихлоо.


Хаврын номын баярын арга хэмжээнд номын худалдаачид, дэлгүүр, хэвлэлийн газар оролцож байгаа бөгөөд бүх ном 20-70 хувь хүртэл хямдралтай үнээр худалдаалагдаж байгаа юм байна.

Д.Сэлэнгэ: Ажиглаад байхад хуучны номуудыг илүү их худалдаж авдаг
 
Гэрэл зургийг Mpa.mn

“Монгол ном” компанийн ажилтан Д.Сэлэнгэ “Номын үзэсгэлэн жил бүр уламжлал болон зохион байгуулагдаад нэлээд хугацаа өнгөрсөн байна. Шинэ, хуучин гээд бүх төрлийн номууд худалдаалагдаж байна.

Уншигчид шинэ ном, хуучны зохиолуудыг нэг дороос худалдаж авах боломж бололцоо төдийлөн байдаггүй.

Харин энэ арга хэмжээний хүрээнд бүгдийг нэг дороос, хамгийн гол нь хямдралтай үнээр худалдан авах боломжтой болж байна. Манай байгууллагын хувд дан хуучин ном худалдаалж байна. 20-30 хувь хямдраад 3,000-5,000 төгрөгийн үнэтэй байгаа.

Сүүлийн үед бүх насны хүмүүс шинэ, хуучин гэлтгүй номын хорхойтой болж байна. Ажиглаад байхад хуучны номуудыг илүү их худалдаж авдаг” хэмээв.

"Ulaanbaatar book fair - 2017" арга хэмжээ монголын ном бүтээгчид, гаднын соёлын байгууллага, хэвлэн нийтлэгчид мэдээллээ түгээх, харилцан соёлын солилцоо өрнүүлэхэд чиглэгдэж байгаа бөгөөд тавдугаар сарын 12, 13-ны өдрүүдэд үргэлжлэх юм. 

Номын баярын фото сурвалжлага

Гэрэл зургийг Mpa.mn /Г.Өнөболд/

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг