Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга өнөөдөр 12:00 цагт Сонгуулийн Ерөнхий хороонд нэр дэвшигчийн баримт бичгээ хүлээлгэн өглөө.
Нэр дэвшигч Х.Баттулга “Өнөөдөр хуулийн хугацаанд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж буй миний бие бусад журмын нөхдийн хамт бичиг баримтаа бүрдүүлэн өгч, бүртгүүллээ. Бүртгэж аваад, сонгууль амжилттай явагдах байх гэж бодож байна” гэв.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан “2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Улсын Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Ардчилсан намын үндсэн дүрэм, Монгол Улсын Ерөнхийлөгчийг тодруулах журмуудыг үндэслэн Ардчилсан нам Х.Баттулгыг нэр дэвшүүлэхээр болсон.
Нийт гишүүдийн 96.6 хувийн санал авч сонгогдсон. Ингээд хуулийн дагуу СЕХ-нд бүртгүүлэхээр нийт 17 зүйл бичиг баримтыг бүрдүүлж, хүлээлгэн өглөө” гэлээ.
Гэрэл зургийг Mpa.mn