- Нас
- 30
- Хүйс
- Эрэгтэй
- Одоо эрхэлж буй ажил
- Нийслэлийн Үндэсний Эвслийн тэргүүн, Монголын Ногоон намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Эрүүл мед ХХК Гүйцэтгэх захирал
- Мэргэжил
- Хуульч
- Зорилго
- Залуучуудын дуу хоолой болж, нэг хөнжилдөө орсон эрх баригчид, намын том бүлэглэлүүдийн эсрэг сөрөг хүчний үүрэг гүйцэтгэн, үр хүүхдийнхээ үлдэх нийгэмд өөрийн чадахаар хувь нэмэр оруулах
Замнал
Залуусын дуу хоолой болж, сөрөг хүчний үүрэг гүйцэтгэхийн төлөө ажиллана
-НИТХ-ын сонгуульд ямар зорилготой нэр дэвшиж байна вэ?
Өнөөдөр нийгэмд улс төрийг бохир муухай зүйл мэтээр ойлгуулж, залуучуудыг жигшүүлдэг, холдуулдаг хандлага газар авч байна. Гэтэл улс төрд хүн бүр өөрийнхөө хэмжээнд оролцож, хяналт тавьж байж бид хүссэн нийгмээ бүтээх боломжтой. Манай улс залуусын орон боловч хамгийн их манлайлж, ажиллах хүч болж, улс төрийн оролцоогоо бүх хэлбэрээр илэрхийлэх ёстой бүлэг нь хойш сууж байна. Сонгуулийн ирцээр ч тэр, нэр дэвших, үүрэг хариуцлага хүлээх тал дээр ч тэр. Ардчилал бол олонхын дуу хоолой. Энд нийгмийн олон бүлгийн төлөөлөл байж гэмээнэ асуудлыг өргөн цонхоор харж, эрх баригчид хүртээмжтэй шийдвэр гаргаж чадна. Явган хүний замгүй байна, хот бохир байна, төсвийн мөнгийг үрэн таран хийж байна, замаа засахгүй байна гэж бид ярьдаг. Харин энэ асуудал, бэрхшээлийг шийдвэрлэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг хүн бол иргэдийн төлөөлөгч. Тиймээс залуусынхаа дуу хоолой болохыг зорьж байна. Нөгөөтэйгүүр үр хүүхдэдээ ийм нийгэм, ийм хот үлдээхийг хүсээгүй. Хүн гэр бүлтэй болоод ирэхээр нийгмийнхээ өмнө илүү их үүрэг хариуцлага үүрч, ирээдүйг том зургаар харж эхэлдэг юм байна. Би гурван хүүтэй. Тэгэхээр гурван хүү маань ядаж бидний амьсгалж байгаа угаараар битгий амьсгалаасай гэж хүсч байна. Нэг үгээр бол илүү сайхан хотыг намчирхалгүйгээр бүтээх нь миний болон манай багийн зорилго.
-Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг дурдаад дуусахгүй. Харин иргэдэд ээлтэй болгох ямар санаачилгыг мөрийн хөтөлбөртөө тусгасан бэ?
Нийслэл хотод өнөөдөр эрчим хүчний эх үүсвэр, дулааны эх үүсвэр, цэвэр усны эх үүсвэр, бохир ус цэвэрлэх байгууламж, болон түгээх, зайлуулах шугам хоолойн эх үүсвэрийн нөөц хомсдох аюул ойрхон байна. Орчин үеийн хотууд хог хаягдал боловсруулах, саарал усны технологи нэвтрүүлж, усаа цэвэршүүлж дахин хэрэглэх гэх мэтчилэн технологийн дэвшлээр уралдаж байхад манай хот хүн амын тал нь цэвэр усны найдвартай эх үүсвэрээр хэрэглэдэггүй̆, нүхэн жорлон хэрэглэж байна. Тиймээс зам барьж, бордюр солино гэхээс илүү тулгамдаад байгаа том асуудалдаа төвлөрч дэд бүтцийн бүх асуудлыг төр дангаараа шийдэхийг оролддог бус төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан чаддагаар нь хийлгэх, сууриар нь шийдэх бодлогыг баримтална.
Мөн хотыг засаглана гэдэг бол зөв менежмент хийх тухай асуудал. Монгол Улсын хүн амын тал хувь нь амьдардаг хотын даргыг бид үеийн үедээ 45- хүний төлөөллөөр сонгож, 1,7 сая хүний амьдрах хотын удирдлагыг улс төрийн золиосонд хаяж ирсэн. Тиймээс бид нийслэлийн засаглалыг дэлхийн хотуудын жишгээр “Мэр”-ийн тогтолцоонд шилжүүлж, хотын даргыг иргэд шууд сонгодог байх эрх зүйн шинэчлэл хийх болно. Ингэж чадвал хог, шороо тоос, утаа, түгжрэл гээд олон асуудлыг шийдвэрлэх эхлэл болж, амжилттай засаглалыг төлөвшүүлнэ гэж харж байгаа. Мөн Үндэсний эвсэл хотын хөгжлийг зураглахдаа чаддагаар нь хийлгэж, бизнесүүдэд эрх чөлөөг нь олгож, эдийн засагт гар дүрэх биш зохисттой хяналт тавьж ажиллахыг зорино. Өнөөдөр төр бизнесүүдтэйгээ өрсөлддөг, алдагдалтай ч хамаагүй ажилласаар байдаг зохисгүй тогтолцоонд шилжиж байна. Мэргэжлийн хүмүүс нь зөв газраа ажиллаж, төр иргэдийн ажлын байр, орлогын эх үүсвэрийг булаалцалдахаа больсон цагт бид хөгжилд хүрнэ.
-Дүүрэгтээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хөтөлбөр, төслөөсөө онцлон дурдана уу?
- Хан-уул дүүрэг уг нь Улаанбаатарын шинэ хороолол, шинэ хотхонуудтай, хөрсний бохирдол, агаарын бохирдол хамгийн бага байх ёстой хэсэг. Гэтэл төлөвлөлтгүй газар олголт, газрын наймаа зэргээс үүдэн өнөөдөр хамгийн түгжрэлтэй хэсэг болсон. Сүүлийн найман жилийн хугацаанд хүн ам нь 140 гаруй мянгаар нэмэгдэж, түүнийгээ дагаад сургууль, цэцэрлэг, дэд бүтэц бусад үйлчилгээний хүртээмж тулгамдсан асуудал болж үлдлээ. Тиймээс түгжрэл болон боловсролын хүртээмжид хамгийн түрүүнд анхаарна. Одоо бид зам засах, зам өргөтгөх, дугаар хязгаарлах зэрэг аргацаасан байдлаар энэ бүхнийг шийдэх боломжгүй болж байгаа нь шууд харагдаж байна. Дэлхийн том хотуудын жишгийг харвал гүүрэн гарц, нийтийн тээвэр, явган хүний дэд бүтэц, нийгмийн үйлчилгээний хүртээмжээ нэмэгдүүлэх замаар асуудлыг шийдсэн байдаг. Жишээлбэл, Чикаго хотын Чикаго гол дээгүүр 38 хөдөлдөг гүүр байдаг. Германы Хамбург хот 2 том голтой ч 2500 гаруй гүүрэн байгууламжтай. Үүнээс харахад ч, хэрэгцээ шаардлагаараа ч нэн тэргүүнд Туул гол дээгүүр ойрын хугацаанд 2-3 гүүр барих шаардлагатай юм. Ингэснээр уулын зам, мишээлийн замын ачаалал задарна. Өдөр тутмын Яармагаас орж ирдэг хөдөлгөөний аяллын цаг 50% буурах боломжтой гэж харж байна. Мөн сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг зайлшгүй шаардлагатай суурь үйлчилгээнүүдийн хэрэгцээг хангаж өгснөөр энэ асуудал шийдвэрлэгдэх боломжтой. Тухайлбал, бид мөрийн хөтөлбөртөө жил бүр 25 цэцэрлэг, 15 сургууль ашиглалтад оруулж, боловсрол, спорт соёл, нийгмийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлого туссан байгаа.