Улаанбаатар хотын ИТХ, 2-р тойрог
Баянзүрх дүүрэг 1, 2, 3, 6, 7, 21, 25, 26, 27, 29, 36, 43-р хороо
- Нас
- 42
- Хүйс
- Эрэгтэй
- Одоо эрхэлж буй ажил
- Нийслэлийн Ардчилсан намын даргын зөвлөх
- Мэргэжил
- Математикч, Эдийн засагч
- Зорилго
- Мэдээлэл байхгүй
Замнал
Нэр дэвшигч Пүрэвдоржийн Гантулга нь одоогоос 18 жилийн өмнө төрийн албанд орж байсан туршлагатай боловсон хүчин бөгөөд энэ хугацаанд өөрийн эзэмшсэн мэргэжлийн дагуу олон шинэ ажлыг санаачлан, удирдан зохион байгуулсаар ирсэн байна.
Мөн Ардчилсан намын шинэчлэлийн хүрээнд “Морьтон" фракцийг 2021 онд үүсгэн байгуулж, залуусын оролцоог идэвхжүүлэх ажлыг хийж гүйцэтгэж байжээ.
1. “Монгол хүүхдийн төлөө” хөгжлийн хөтөлбөрийн танилцуулга
• ХУУЛИЙН ТӨСӨЛ
Хүүхдийн эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын хүрээнд “Монгол хүүхдийн төлөө” хөгжлийн хөтөлбөрийг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс санаачлан боловсруулж, Хүүхэд хөгжлийн тухай хуулийн төслийн ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
• ТУРШЛАГА
“Монгол хүүхдийн төлөө” хөгжлийн хөтөлбөрийг боловсруулахдаа БНСУ, Саудын араб, Исланд, Швейцар, Унгар зэрэг улс орнуудын тэнцвэртэй байдал, орон нутгийн захиргаа, бүх нийтийн биеийн тамирын хөтөлбөр, дасгалжуулагчийн хөтөлбөр, тэгш боломж олгох хөтөлбөр зэргээс туршлага судалжээ.
Олон улсад нэг хүүхдэд олгож буй мөнгөн тэтгэмж 175 ам.доллар байгаа бол Монгол улсад ойролцоогоор 30 ам.доллар байна.
• ЗОРИЛГО
Хүүхдэд өгч буй мөнгө бол улс орны ирээдүйд оруулж буй хамгийн зөв хөрөнгө оруулалт бөгөөд Монгол Улсын хувьд хамгийн үр нөлөөтэй хөтөлбөрүүдийн нэг юм.
Иймд монгол хүүхдийн хөгжлийн өнөөгийн байдал, хүүхдийн үйлдсэн гэмт хэрэг, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээ, хүүхдийн архи тамхины хэрэглээ, хүүхдийн цаг ашиглалт, өсвөр үеийнхний өвчлөл, нас баралтын шалтгаан нөхцөл байдал зэргийн судалгааг улс орон даяар явуулж, хүүхдийн эрүүл мэнд, хөгжилд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлжээ.
Хүүхдийн эрүүл мэнд, хөгжилд дасгал хөдөлгөөн, хүрээлэн буй орчин маш чухал нөлөөтэй бөгөөд орчин үеийн өсвөр насныхны ахуй амьдралд ухаалаг утас, компьютер тоглоомын хэрэглээ нэвтэрснээр байнгын идэвхтэй хөдөлгөөн эрс багассан байна.
Тиймээс биеийн тамир спортоор дамжуулан хүүхдэд олгож буй мөнгөн тэтгэмжийг үр дүнтэй хөрөнгө оруулалт болгохыг зорьж байна.
• ШИЙДЭЛ
“Монгол хүүхдийн төлөө” хөгжлийн хөтөлбөрт Улаанбаатар хотод оршин сууж байгаа 0-18 насны хүүхэд бүр 30 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний дэмжлэг авах тухай тусгасан. Энэ дэмжлэгийг “Хүүхдийн хөгжлийн карт”-аар дамжуулан амьжиргааны түвшин, орлогын хэмжээнээс үл хамааран хүүхэд бүр авах бөгөөд хүүхдийн хөгжлийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллага, спортын клубүүд, урлагийн сургуулиудаар дамжуулж үйлчилгээ авах юм.
• ҮР ДҮН
“Хүүхдийн хөгжлийн карт” дахь 30 мянган төгрөгийг хүүхэд зөвхөн өөрөө захиран зарцуулах эрхтэй бөгөөд өөрийн хүссэн дугуйлан дамжааг сонгон суралцсанаар хүүхдийн бие бялдар, эрүүл мэнд, боловсрол, гоо зүйн хүмүүжилд асар их нөлөөтэй.
Түүгээр зогсохгүй “Монгол хүүхдийн төлөө” хөгжлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр эрүүл хүүхэд, ирээдүйн эрүүл иргэдийг бий болгоно. Энэ нь Монгол Улсын эдийн засаг, хөгжил, боловсролын салбарт алсдаа эерэг нөлөө үзүүлэх нэг хөшүүрэг юм.
2. “Хүүхдийн хөгжил” хөтөлбөр онцлох дата, статистик
-Боловсролын хүрээлэнгийн судалгаагаар олон нийтийн арга хэмжээнд хамрагдсан хүүхдүүдийн 73% нь нийгмийн сөрөг үзэгдэлд өртөх магадлал бага байна.
-Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын таргалалт 7 жилд 24.3%-иар нэмэгдсэн.
-6-11 настай 5 хүүхэд тутмын нэг нь илүүдэл жинтэй байгаа бол илүүдэл жинтэй 4 хүүхэд тутмын нэг нь хэт илүүдэл жинтэй буюу тарган байна.
-Улаанбаатар хотын сурагчдын 34 хувь нь илүүдэл жин, таргалалттай.
-PC тоглоом тоглодог 10-16 насныхны дунд явуулсан судалгаагаар 45% гэртээ ганцаарддаг, 27% чөлөөт цагаа өнгөрүүлэхээр, 10% найз нарыгаа дагаж тоглодог гэж хариулжээ.
-Хүүхдийн үйлдсэн гэмт хэрэг 2024 онд өнгөрсөн оныхоос 12.6% өссөн байна.
-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн 10 хүүхэд тутмын 7 нь сониуч зандаа хөтлөгдөн, 10 хүүхэд тутмын 4 нь чөлөөт цаг ихтэй учраас гэсэн хариулт өгчээ.
-14-18 насны хүүхдүүдийн дунд явуулсан судалгаагаар таван хүүхэд тутмын нэг нь тамхи татаж үзсэн.
-Хүүхдүүдийн өвчлөлийн шалтгааны 48% нь чийрэгжилт муугаас үүдэлтэй
-Хөдөлгөөний дутагдал нь дэлхий нийтэд өвчлөлд нөлөөлдөг хүчин зүйлсийн дөрөвт бичигдэж эхэллээ
-ДЭМБ-ын судалгаагаар хүүхэд өсвөр үеийнхний 53.9 % нь бие бялдрын хөгжил тухайн насныхаа бялдрын түвшинд хүрэхгүй байна.
3. Мөрийн хөтөлбөрийн онцлох хэсгүүд
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд Нийслэлийн Ардчилсан намаас дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрөөс
-Нийслэлийн иргэд Улаанбаатар хотын Захирагчийг шууд сонгодог болно.
-Иргэд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон төлөөлөгчдөөрөө дамжуулан саналаа илэрхийлдэг байна
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш хүртээмжийг хангах зорилгоор тусгай зориулалтын цахим хуудас технологийн хэрэгцээг бүх шатны төрийн үйлчилгээнд нэвтрүүлнэ
-Орон сууцны хороолол, Гэр хорооллыг нэг стандарттай болгоно
-Иргэдийн амьдрах, ажиллах, амрах боломжтой, хүний төлөө хот байхын тулд сургууль, эмнэлэг болон бусад олон нийтийн байгууламж зэрэг нийгмийн дэд бүтэц рүү гэрээсээ 10 хүртэл минутын зайд байх нөхцөлийг бүрдүүлэх зорилт тавьж ажиллана
-Нийслэлд хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын төслүүдийг үргэлжлүүлнэ
-Хотын барилгажсан хэсгийн дэд бүтэц, орон сууцны хорооллыг шинэчлэнэ
-Гэр хорооллыг дахин телөвлөж, орон сууцжуулна
-Төлөвлөлтөнд суурилсан газар доорхи болон дээрхи олон давхар авто зогсоолыг орон сууцны хорооллуудад хувийн хэвшилтэй хамтран барьж байгуулна
-Дэд бүтэцтэй гэр хороололтой болно
-Газар чөлөөлөх ажлыг эрчимтэй хэрэгжүүлж, иргэдэд ойр цэцэрлэг, сургууль, эмнэлэг барих ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ
-Цагаар ажиллах, гэрээр ажиллах, зайнаас ажиллуулах, сүлжээний маркетинг бүхий бараа, үйлчилгээний борлуулалт хийх зэрэг хөдөлмөр эрхлэлтийн олон хэлбэрийг дэмжих замаар эмэгтэйчүүд, оюутан залуучууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ
-Бага орлоготой, ядуу айл өрхөд зориулсан хүнсний хангамжийн хөтөлбөр хэрэгжүүлж, шим тэжээлийн дутагдлаас хамгаална.
-Өрх бүр хашаандаа мод тарих, тэдгээрийг төрөөс худалдаж авдаг тогтолцоотой болно
-Хог хаягдлын тээвэрлэлтийн нэмэгдүүлж, хогийг ил задгай хаяхгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ
-Хотын дэд бүтэц, эрчим хүч, төмөр зам, авто замын томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ
-Такси үйлчилгээ эрхэлж буй компаниудыг нэгдсэн зохион байгуулалтад оруулах ажлыг төрийн бодлогоор дэмжинэ
-Хотын явган хүний зам хүртээмжтэй биш ба эвдрэлтэй явган алхахад хүндрэлтэй байдаг бөгөөд өвлийн улиралд халтиргаа ихтэй, зуны улиралд усанд автдаг тул нэг стандартад нийцүүлэн янзалж явган зорчигчийн замыг шинэчилнэ
-Дугуйн замыг явган хүний замаас тусад нь төлөвлөх бөгөөд дугуйн замуудыг хооронд нь бүрэн холбож, замын хөдөлгөөнд хэрхэн аюулгүй зөв оролцох талаар дүрэм журмыг боловсруулан, мөрдүүлнэ
4. Сургуулийн хүртээмж /Мөрийн хөтөлбөрөөс/
Баянзүрх дүүрэг нь хүн ам, нутаг дэвсгэрийн хувьд Нийслэлийн хамгийн том дүүрэг бөгөөд 370 мянган хүн амтай. Хүн амын тоо жил ирэх бүрт нэмэгдэж байгаатай холбоотойгоор төрийн үйлчилгээ, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага бий болоод байгаа юм.
Тиймээс Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд Нийслэлийн Ардчилсан намаас дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрт үндэслэн, Газар чөлөөлөх ажлыг эрчимтэй хэрэгжүүлж, иргэдэд ойр цэцэрлэг, сургууль, эмнэлэг барих ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр зорьж байна.
Түүнчлэн иргэдийн амьдрах, ажиллах, амрах боломжтой, хүний төлөө дүүрэг болохын тулд сургууль, цэцэрлэгүүд болон бусад олон нийтийн байгууламжууд руу гэрээсээ 10 хүртэл минутын зайд байх нөхцөлийг бүрдүүлэх зорилт тавьж ажиллана.
5. Аюулгүй орчин /Мөрийн хөтөлбөрөөс/
Өнгөрсөн 8 жилийн хугацаанд Нийслэлийн Засаг даргыг олон удаа сольж, бүтцийн өөрчлөлт нэрээр мэргэжлийн газар, албадыг өөрчилсөн нь хотын засаглал, тогтвортой хөгжлийг алдагдуулжээ.
Энэ нь мөн дүүргүүдэд нөлөөлж иргэд аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлөөр хангагдаж чадахгүйд хүргэжээ.
Баянзүрх дүүргийн хувьд сүүлийн жилүүдэд орон сууцны хорооллууд олноор баригдан ашиглалтад орсноор хүн амын нягтаршил, авто замын ачаалал нэмэгдэж, иргэдийн аюулгүй байдлын асуудал түрүүнд хөндөгдөж эхэллээ.
Тиймээс энэ чиглэлд:
-Хүүхдүүдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор зорчих хэсгийн гарц, гэрлэн дохио, тэмдэг тэмдэглэл, хурд сааруулагч, туузан хашлага, хяналтын камертай болгож хотхон, хороолол доторх аюулгүй байдлыг сайжруулна.
-Тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаар орчны бохирдлын хяналтыг сайжруулж, дуу чимээний бохирдлыг үүсгэгч чанга дуу чимээтэй автомашин, мотоцикл, тээврийн хэрэгслийг дууны зохицуулалттайгаар тодорхой гудамж замуудад замын хөдөлгөөнд оролцуулах буюу цагийн хуваарийн дагуу дууны хязгаарлалттай замын хөдөлгөөнд оролцуулан шийднэ гэж мөрийн хөтөлбөрт тусгаад байна.
6. Хог цэвэр орчин /Мөрийн хөтөлбөрөөс/
Баянзүрх дүүргийн хүн амын нягтаршил нь хог хаягдлын хэмжээг нэмэгдүүлж, одоо байгаа хог хаягдлын менежментийн дэд бүтцэд мөн дарамт учруулах болжээ. Дэд бүтцийн хүртээмжгүй байдлаас шалтгаалан хог хаягдлыг цуглуулах байршлууд, тээвэрлэлтийн хүртээмж, устгах байгууламжууд дутагдалтай байгаа юм. Энэ нь хүн амын эрүүл мэндэд эрсдэл учруулж, байгаль орчныг доройтуулсаар байна.
Иймээс хог хаягдлын менежментийг боловсруулж асуудлыг шийдвэрлэхэд дараах арга хэмжүүнүүдийг авах шаардлагатай байгааг мөрийн хөтөлбөрт тусгалаа.
Үүнд:
-Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, дахин боловсруулах ажлыг зохион байгуулж, иргэдтэй хамтран ажиллана
-Иргэдийг хашаандаа хогоо энгийн, бордооны, дахин боловсруулах, болон үнсний хог гэх мэт ангилан хаяхыг дадал болгоно
-Иргэдийн ангилсан хогийг тодорхой хуваарийн дагуу очиж тээвэрлэх
-Хог хаягдлын тээвэрлэлтийн нэмэгдүүлж, хогийг ил задгай хаяхгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ
-Төвлөрсөн хогийн цэгүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлж, хогийг ангилан хаях хөтөлбөрийг боловсруулж, мөрдүүлнэ
-Хотын хэмжээнд хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх ажиллагааг сайжруулахын тулд тогтолцооны өөрчлөлтийг хийнэ
-Гэр хороололыг ногоон байгууламжтай болгох ажлын хүрээнд хашаандаа мод тарья их хөдөлгөөнийг өрнүүлж гэр хорооллыг ногоон хороолол болгоно
-Дээврийн борооны усыг нөөцөлж, усалгааны энгийн системийг ашиглах аргыг боловсруулж иргэдийг мэдээллээр ханган дэмжиж ажиллана
-Хашаандаа хүлэмжийн аж ахуй эрхэлж мод үржүүлгийн аж ахуй эрхэлж орлого олох ажлыг дэмжинэ
-Хот тохижилт, нийтийн аж ахуйн ажилд тухайн хороо дүүргийн иргэдийг сайн дурын үндсэн дээр хөлсөөр ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ
7. Хүүхдийн эрх аюулгүй байдал /Мөрийн хөтөлбөрөөс/
Шинээр баригдаж, ашиглалтад орсон орон сууцны хорооллууд болон орон нутгаас шилжин ирж буй иргэдийн тооноос шалтгаалан Баянзүрх дүүргийн хүн амын нягтаршил сүүлийн жилүүдэд огцом нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Үүнийг дагаад хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашиг, аюулгүй байдал, орчны асуудал нэн түрүүнд тавигдаж байгаа бөгөөд энэ чиглэлд дараах арга хэмжээнүүдийг авахаар мөрийн хөтөлбөрт тусгалаа.
Үүнд:
-Аливаа барилга байгууламж, гудамжинд нийтийн гарцтай, хүүхдийн тоглоомын талбай, иргэдийн амралтын талбайтай байх шаардлагыг хатуу мөрдүүлнэ.
-Сургууль, цэцэрлэгийн орчинд авто замын хурд сааруулагчийг суурилуулна.
-Тоосжилтыг бууруулах чиглэлээр тогтмол арга хэмжээ авч ажиллана.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бусдын адил бизнес эрхлэх, сурч, хөдөлмөрлөх, бие даан амьдрахад нь туслах, сэргээн засах, нийгмийн харилцаанд ороход туслан дэмжих зэргээр тэдний хэрэгцээнд нийцсэн олон талт мэргэжлийн үйлчилгээ үзүүлнэ.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний асран хамгаалагчдыг дэмжих бодлого хэрэгжүүлнэ.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдэд зориулсан сэргээн засах, хөгжлийн цогцолбор төвүүдийг нийслэл, орон нутагт байгуулна.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэн нийгмийн амьдралд тэгш оролцох боломжийг нэмэгдүүлсэн үйлчилгээнд хөнгөлөлт, дэмжлэг үзүүлдэг болно.
-Ахмадын асрамжийн төвлөрсөн үйлчилгээг төрөлжүүлж, одоо байгаа асрамжийн үйлчилгээний үнэ тарифыг үе шаттай нэмэгдүүлнэ.
-Ахмад настанд зориулсан сэргээн засах, эмчилгээ, сувилгааны цогцолбор төвүүдийг нийслэл, дүүргүүдэд байгуулж, хувийн хэвшилтэй хамтран ажиллана.