Уншиж байна ...
Зураг
Зураг

Израилийн зүгээс Ираны нутаг дэвсгэрт "бэлгэдлийн" агаарын довтолгоо зохион байгуулсан нь тодорхой боллоо

Т.Давааням, ikon.mn
2024 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагийн өглөө Израилийн зүгээс Ираны нутаг дэвсгэрт агаарын довтолгоо эхэлсэн тухай мэдээ цацагдсан ч уг халдлагын цар хүрээний талаар мэдээлэл хомс байсан юм.

Тэгвэл орой нь Ираны төв хэвлэл ийм довтолгоо болсныг хүлээн зөвшөөрсөн байна.

Агаарын довтолгоо тус улсын төв бүсийн Исфахан хот орчимд төвлөрч байжээ. Хоёр сая орчим оршин суугчтай Исфахан бол Ираны гурав дахь том хот бөгөөд ойр орчимд нь хэд хэдэн цэргийн бааз байрладаг юм.

Израилийн довтолгооны үеэр Исфаханаас гадна Тегеран, Шираз хотуудын агаарын тээврийг зогсоож, Ираны баруун хил орчмын нисэх буудлуудыг хаасан байна. Гэхдээ довтолгоо дууссаны дараа бүгд хэвийн ажиллаж эхэлжээ.

Израилийн эрх баригчид ердийн жишгийн дагуу Иранд явуулсан ажиллагааныхаа талаар ямар нэг мэдээлэл өгөөгүй байна.

Дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Сирийн нийслэл Дамаск хот дахь консулын газарт нь агаараас довтолсны дараа Ираны эрх баригчид Израилийн эсрэг хариу арга хэмжээ авахаар бэлдэж эхэлсэн юм.

Өнгөрсөн долоо хоногийн Бямба гарагт уг хариу арга хэмжээгээ авч, 300 гаруй пуужин, нисгэгчгүй онгоцоор Израилийн нутаг дэвсгэрт довтолж байв.

Энэ нь төдийлөн үр дүнтэй болоогүй бөгөөд Израиль болон түүний холбоотнууд довтолгооны 99 хувийг таслан зогсоосноо мэдээлсэн юм.

Дараа нь Израилийн эрх баригчид Ираны довтолгоог зүгээр өнгөрөөхгүйгээ анхааруулж байв.

Гэхдээ талуудын аль аль нь Ойрх Дорнодод шинэ дайн дэгдээхээс болгоомжилж, харилцан довтолгоонуудаа хязгаарлагдмал хүрээнд зохион байгуулсан нь тодорхой байна.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Ойрх Дорнод дахь өшөө авалтын аймшигт цувралыг зогсоох цаг болсон” гэж өчигдөр орой мэдэгджээ.

Ираны хариу цохилтын дараа АНУ, Европ, Арабын орнууд мөргөлдөөнийг дайны хэмжээнд хүргэхгүй байхыг Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяхуд уриалж байсан юм. Гол холбоотон АНУ-ын засаг захиргаа Ираны эсрэг Израилийн хариу арга хэмжээнд оролцохгүйгээ мэдэгдэж байв.

Энэ бүх шахалт Израилийн эрх баригчдыг хариу арга хэмжээнийхээ цар хүрээг хязгаарлахад хүргэсэн байж болзошгүй юм.

Нетаньяхугийн авсан “бэлгэдлийн” хариу арга хэмжээ Израилийн удирдагчдыг хагаралдуулсан нь тодорхой байна.

Тухайлбал тус улсын үндэсний аюулгүй байдлын сайд, Ираны асуудалд хатуу байр суурь баримталдаг Итамар Бэн Гвир сошиал хуудсандаа “Сул дорой” гэсэн утгатай ганцхан үгийг хэбрью хэлээр нийтэлснээс энэ бүхэн харагдаж байгаа юм.

 

Эх сурвалж: AFP