Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

2016 оны УИХ-ын сонгуульд аль нам нь ялалт байгуулах вэ?

Ч.Болортуяа
2016 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Үндсэн Хуулийн Цэцийн V дүгнэлтийг АН, МАН-ын захиалга байсан гэх мэдээлэл хөвөрсөөр байна. Намын удирдах шатны эх сурвалжууд "Хоёр Энхболдын хийсэн ажил" гэцгээж буй. 

УИХ дахь хоёр гол нам болох АН, МАН хоёр энэхүү дүгнэлтийг хүлээж авч яг одоо УИХ-аар энэ асуудлыг хэлэлцэж байна. 

Хувь тэнцүүлсэн тогтолцоог халах тал дээр санал нэгдсэн хоёр нам одоо сонгуулийн тойргийг томсгох, жижигрүүлэх дээр санал солилцож эхэлсэн тухай мэдээлэл тарсан.

АН-ын тухайд сонгуулийг 76 жижигрүүлсэн хувилбараар явуулах сонирхолтой байгаа бол МАН-ын тухайд сонгуулийн томсгосон тойргоор явуулах саналтай байгаа аж. Гэхдээ аль ч тал нь томсгож, жижигрүүлэх тал дээр эцсийн шийдэлд хүрээгүй аж. 

1992 оноос хойш буюу зургаан удаагийн УИХ-ын сонгуулийг гурвыг нь томсгосон буюу 26 тойргоор, гурвыг нь жижигрүүлсэн буюу 76 тойргоор явуулж байсан байна. 

Сонгуулийн түүхийг харвал:

График 1,

 

Өнгөрсөн зургаан удаагийн сонгууль буюу нийт 456 удаагийн УИХ-ын гишүүний суудалд намуудын эзлэх хувийг харвал:

- МАН өнгөрсөн зургаан удаагийн сонгуульд олонх буюу 60 хувийн суудлыг авч байсан байна.

- Харин АН-ын тухайд дангаараа болон бусад намтай эвсээд нийт сонгогчдын 34 хувийн саналыг авч байжээ.

График 2, 

 

Тэгвэл 1996, 2000, 2004 оны гурван удаагийн ЖИЖИГРҮҮЛСЭН ТОЙРГООР явуулсан сонгуулийн үр дүнг нэгтгэж харвал:

- АН 87 

- МАН 133 суудал авсан байна. 

График 3, 

 

1992, 2008, 2012 оны ТОМСГОСОН ТОЙРГООР явуулж байсан гурван удаагийн сонгуулийн үр дүнг харвал:

- МАН мөн л хамгийн олон буюу 142 суудал,

- АН 66 суудал авч байжээ. 

Хоёр гол улстөрийн хүчний рейтинг хамгийн сүүлд явуулсан нэр бүхий байгууллагын судалгаагаар ердөө гуравхан хувийн ялгаатай байна

Графикуудаас харвал, МАН-ын хувьд томсгосон буюу 26 тойрогтой сонгуульд илүү олон суудал авч байсан бол АН-ын хувьд жижигрүүлсэн тойрогт илүү олон санал авч байж. 

Тэгэхээр нам тус бүр сонгуулийн тойргийг томсгож, жижигрүүлэх тал дээр өөрсдөд илүү ашигтай хувилбарыг санал болгох нь зүйн хэрэг.  АН энэ удаа жижигрүүлсэн тойргийг илүүтэй сонирхох нь  жижиг тойрогт аль хүчтэй, эрх баригч нам нь гарч ирэх магадлалтай учир тэр. Гэхдээ энэ нь МАН, МАХН хоёр эвсэл болоогүй тохиолдолд сонирхох хувилбар юм. МАН сонгуульд дангаараа орох нь бараг тодорхой болсон. Тэд маргааш буюу 28-ны өдөр дангаараа сонгуульд орох шийдвэрээ СЕХ-нд өгөх гэж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

МАН-ын тухайд томсгосон буюу 26 тойргоор сонгууль явуулах зарчмыг дэмжиж байгаа талаар холбогдох эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Томсгосон тойргоор сонгууль явуулбал аль хүчтэй байгаа хоёроос гурван намын нэр дэвшигч ялалт байгуулах магадлалтай. Харин жижигрүүлсэн тойрогт нэг л хүчтэй нэр дэвшигч ялалт байгуулдаг талтай. 

Гэхдээ л хоёр гол улстөрийн хүчний рейтинг хамгийн сүүлд явуулсан нэр бүхий байгууллагын судалгаагаар ердөө гуравхан хувийн ялгаатай байгаа юм. 

2016 оны УИХ-ын сонгуульд аль нам нь ялалт байгуулах вэ. Энэ асуултын хариу улам бүр бүдгэрсээр байгаа юм. Тэр тусмаа сонгуулийн томсгосон, жижигрүүлсэн тойргоор явуулах өөр өөр сонирхолтой дээрээс нь эрх баригч, сөрөг хүчний рейтинг ойролцоо байгаа энэ үед аль ч намыг ялалт байгуулна гэж таамаглах боломжгүй байна. 

Харин жагсаалтаар сонгогдож байсан 28 УИХ-ын гишүүний суудлын наймыг нь хотод, 20-г нь орон нутагт оноох саналыг МАН дэвшүүлээд байгаа бол АН-ын хувьд 18-г хотод, 10-г нь орон нутагт гэсэн  хувилбарыг гаргаж ирээд байна. Гэхдээ хоёр нам ингэж ингэж 14:14 гэдэг хувилбар дээр очих байх гэж эх сурвалжууд үзэж байна. 

Гэрэл зургийг mpa.mn