Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

"ITB Berlin"-д 8 ТЭРБУМ ТӨГРӨГ зарлагадсан МОНГОЛ жуулчдынхаа 10%-г "алдлаа"

Ч.Болортуяа
2016 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг

2016 оны эхний улирлын АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН статистик мэдээ

"ITB Berlin" үзэсгэлэнд түнш орноор оролцсоноор тухайн улсад ирэх жуулчдын урсгал 15-30 хувь нэмэгддэг гэсэн судалгааг өнгөрсөн жил Засгийн газраас тарааж байв. 

Гэвч "ITB Берлин 2015"-д түнш орноор оролцсон Монгол Улсын хувьд энэ нь эсрэгээрээ үйлчилжээ. 

2016 оны нэгдүгээр улирал дуусч эхний гурван сарын статистик мэдээллээс харвал манай улсын хилээр давхардсан тоогоор 1033.4 мянган зорчигч (дотоод, гадаадын иргэн нийлээд) нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 82.0 мянган хүн буюу 8.6 хувиар өссөн байна. 

Гэхдээ улсын хилээр энэ оны эхний улиралд нэвтэрсэн зөвхөн  гадаадын иргэдийг аваад үзвэл 63.6 мянган хүн орсон нь өмнөх оны мөн үеийнхээс 7.4 мянга буюу 10.4 хувиар буурсан үзүүлэлт гарсан байх юм. Хэдийгээр аялал жуулчлалын улирал бүрэн эхлээгүй ч энэ оны эхний улирал 2015 оны мөн үетэй харьцуулахад ямар ч ахиц байхгүйгээр үл барам 10 хувь буурсан нь сонирхолтой. Бүр тодруулбал, гадаадын зорчигчдын 49.6 мянга нь буюу 77.9 хувь нь аялал жуулчлалын зорилгоор хилээр орсон нь өмнөх оны мөн үеийнхээс 7.9 хувиар буурсан үзүүлэлт аж.  

Монгол Улсад ирсэн гадаадын иргэдийн:

  • 74.1 хувь нь 30 хүртэл хоног,
  • 2.7 хувь нь 90 хүртэл хоног, 
  • 23.2 хувь нь 90, түүнээс дээш хоногийн хугацаагаар ирсэн байна. 

График 1, Монгол Улсад ирсэн гадаадын иргэдийн хоногийн ялгаа:

 

Улсын төсвөөс ТАВАН ТЭРБУМ зарлагадаж хийсэн Монгол Улсыг сурталчлах оролдлогын үр дүн эхний улирлын байдлаар нэг иймэрхүү үзүүлэлттэй байна. 

Тухайн үеийн БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол "Энэ үзэсгэлэн, яармагийн арга хэмжээнд (ITB Berlin 2015) зориулан улсын төсвөөс 5.4 тэрбум төгрөг зарцуулж байгаа бол хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд 2.5 орчим тэрбум төгрөг буюу нийтдээ Монгол Улс төр, хувийн хэвшилтэйгээ хамтраад “ITB Berlin-2015” үзэсгэлэнд найм орчим тэрбум төгрөгийн санхүүжилтээр оролцож байгаа" гэж мэдээлж байсан билээ. 

 

 

Монгол  ХҮҮХЭД, ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ХАЛТАЙ ЮУ?

 

Өмнөх оны мөн үеэс БНАСАУ-ын жуулчдын тоо 64.4, Вьетнам 24.4, Шинэ Зеландынх 23.3 хувиар... г.м өсчээ, 

График 2, Монголд ирэх жуулчдын өссөн тоог орноор нь ангилбал, 

Харин Итали улсын жуулчдын тоо 26.1, Хонг Конг 26.0, БНХАУ-ынх 18.6, Украйн улсынх 15.1 хувиар буурчээ.

График 3, Монголд ирэх жуулчдын буурсан тоог орноор нь ангилбал, 

Улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 47.8 мянга буюу 75.2 хувь нь эрэгтэйчүүд, 13.7 мянга буюу 21.5 хувь нь эмэгтэйчүүд, 2.1 мянга буюу 3.3 хувь нь хүүхэд байгаа юм. Үүнээс үзвэл Монгол Улс хүүхэд, эмэгтэйчүүдийн сонирхлыг татах бүс огтоос биш бололтой. Нийт гадаадын зорчигчдын 75 хувь эрэгтэй хүн байгаа нь Монгол Улс гэр бүлийн аялал хийх улсын сонголтонд орж чадахгүй байгааг илтгэж байна. 

Гадны хэвлэлээр  Монголын тухай таагүй мэдээлэл тархаж байгаа энэ үед  хэчнээн ч их олон улсын чанартай аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцож улсын төсвөөс мөнгө зарлагадаад тусыг эс олсны жишээг бид харж байна.  

Тухайлбал, аялал жуулчлалын мэдээллийн WorldAtlas.com сайт жуулчдад хамгийн халтай Ази тивийн 10 хотын нэрийг гаргасан бөгөөд энэ жагсаалтын долоод Улаанбаатар хот орсон нь санамсаргүй зүйл биш нь ойлгомжтой. 

Нийгмийн нөхцөл байдал гэмт хэргийн гаралт, дэд бүтэц, адаглаад жорлонгийн асуудлаа шийдэж чадаагүй Монголчууд ХОЁР сая байтугай ирдэг цөөхөн жуулчдаа алдахгүй байх тухай бодох хэрэгтэй болжээ.  

Энэ оны эхний улиралд улсын хилээр орсон гадаадын зорчигчдын:

  • 67.2 хувь нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутгаас, 
  • 27.4 хувь нь Европоос, 
  • 4.0 хувь нь Америк тивээс, 
  • 1.4 хувь нь Ойрхи Дорнод, Өмнөд Ази, Африк тивээс ирсэн байна. 

График 4, Монголд ирэх жуулчдыг ангилбал, 

Бүр тодруулбал, хилээр орсон гадаадын зорчигчдын:

  • 47.0 хувийг БНХАУ-ын иргэд, 
  • 21.3 хувийг ОХУ-ын иргэд, 
  • 9.2 хувийг БНСУ-ын иргэд, 
  • 3.8 хувийг Япон улсын иргэд, 
  • 3.3 хувийг Казахстан улсын иргэд, 
  • 3.0 хувийг АНУ-ын иргэд, 12.4 хувийг бусад орны иргэд эзэлж байна. Үүнээс үзвэл Монголын хоёр хөршөөс гадна Солонгос, Япон, Казахстан, АНУ гэсэн ердөө зургаан улсаас л голлож жуулчид ирж байна. 

График 5, Монголд ирэх жуулчдыг ангилбал, 

 

Монголд гурван сарын хугацаанд 63.6 мянган гадаад хүн ирж байхад манай улсаас Монгол Улсын 454.4 мянган иргэн буюу долоо дахин их хүн гадаадад зорчсоноос 391.6 мянга буюу 86.2 хувь нь хувийн журмаар зорчжээ. Тэдний хэд нь удаан хугацаагаар харийн орныг зорьж байгаа статистик одоогоор гараагүй байна. 

 

Статистик мэдээллийн эх сурвалж: УБСЕГ