Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Орон сууц, автомашины үнэ буусан ч ХУДАЛДАН АВАГЧ ЦӨӨРСӨӨР

ikon.mn
2016 оны 4 сарын 14
iKon.MN

С.Баяраагийн гэр бүл автомашинтай болохоор төлөвлөжээ. Тэдний сарын орлого 1,200,000 төгрөг. Залуу гэр бүл төдийгүй санхүүгийн орлого тийм ч өндөр биш учраас бензин зарцуулалт багатай, хямд үнэтэйг нь бодож "Приус 20" машин худалдаж авахаар ярилцжээ. 

Энэ жил эдийн засгийн хямралтай холбоотойгоор автомашины үнэ нэлээд хямдраад байгаа нь машин авахаар төлөвлөөд буй залуу гэр бүлд олзуурхууштай зүйл болсон байна.

Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, иргэдийн гар дээрх бэлэн мөнгөний хэмжээ багасан, худалдан авах чадвар буурч байгаа нь үл хөдлөх хөрөнгө болон өндөр үнэтэй хөдлөх хөрөнгийн үнэ, борлуулалт буурахад нөлөөлж байгаа юм.

Сүүлийн хоёр жилийн турш үнэ нь аажмаар буурсаар байсан автомашин, орон сууцны үнэ 2015 оны аравдугаар сараас огцом буурч, борлуулалт ч мэдэгдэхүйц багассаныг худалдаа эрхлэгчид хэлж байгаа бөгөөд Төв банкны зүгээс ч бизнесийн идэвхжил муудаж, мөнгөний эрэлт хумигдаж байгаа хэмээн мэдээлсэн.

Тэгвэл бодит байдал дээр хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн үнэ буурсан эсэх болон борлуулалт ямар байгааг сурвалжиллаа.

Хамгийн их борлуулалттай `Приус` машиныг “Ард түмний унаа” гэж тодорхойлох болжээ. Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн жилийн өдийд 13-15 сая төгрөгийн үнэтэй байсан "Приус 20" автомашин одоо 7.5-11 саяаар худалдаалагдаж байгаа аж. С.Баяраа импортоор орж ирээд Монголд яваагүй "Приус 20" машин сонгосон бөгөөд 10 сая төгрөгөөр худалдан авахаар болжээ.

Худалдаачдын хэлж заншсанаар “Ард түмний унаа” буюу хамгийн их борлуулалттай "Приус" машины үнийн бууралтыг харвал:

Д/д

Машины марк

Одоогийн үнэ /дунджаар/

Өмнөх оны мөн үеийн үнэ /дунджаар/

1.

"Приус 10"

5 сая

7 сая

2.

"Приус 11"

6 сая

8 сая

3.

"Приус 20"

9.5 сая

14 сая

4.

"Приус 30"

12.5 сая

19.5 сая

Автомашин худалдан авахаар төлөвлөсөн гэр бүлд 10 сая төгрөг бэлнээр байхгүй учир лизенгээр авахаар болж, урьдчилгаа хоёр сая төгрөгөө өөрсдөө гаргаж найман сая төгрөг банкнаас зээлэхээр шийджээ. Гэтэл банкны зүгээс өрхийн орлогыг үл харгалзан хашаа байшингаа барьцаанд тавих шаардлага тавиад байгаа аж.

Эдийн засгийн хямрал, бэлэн мөнгөний хомсдолтой холбоотойгоор банкууд аль болох эрсдэлгүй зээл гаргаж эхэлсэн нь энэ бололтой.

Автомашин худалдан авч байгаа иргэдийн 70-80 хувь нь лизингээр авч байгаа.

Энэ талаар "1,000 машины зах" дээр автомашины худалдаа эрхлэгч Бат/худалдаа эрхлэгчийн нэрийг өөрчлөв/ "Автомашин худалдан авч байгаа иргэдийн 70-80 хувь нь лизингээр авч байгаа. Тиймээс бид машин худалдан авч байгаа хүмүүстээ ямар бичиг баримт бүрдүүлэх талаар зөвлөгөө өгч, банкан дээр хүртэл хамт очдог. 

Сүүлийн үед банкны зүгээс тавих шаардлагууд улам л нэмэгдсээр байна. Өмнө нь өрхийн орлогыг харгалзан үзээд зээл өгдөг байсан бол одоо заавал барьцаа хөрөнгө шаардаж байгаа. Мөн хугацаагаа богиносгоод байна. Лизенгээр автомашин авч байгаа хүмүүс аль болох урт хугацаатайгаар авахыг хүсдэг. Гэтэл банкнуудын зүгээс "24 сараар авбал ав, боливол боль" гэсэн шаардлага тавьдаг" хэмээн ярив.

`Да Хүрээ` зах дээр эзнээ хүлээх машинууд. Гэрэл зургийг mpa.mn

Автомашины худалдаа эрхлэгчдийн хэлж байгаагаар автомашины үнэ буурсаар байгаа бөгөөд 2015 оны аравдугаар сараас борлуулалт ч эрс муудсан. Нэг худалдаачин жилдээ 100 орчим машин зардаг байсан бол одоо 40-50-ийг л зарж байгаа талаар автомашин борлуулагчид ярьж байлаа.

"Да Хүрээ" зах дээр очиход хашаа дүүрэн машин байх бөгөөд талаас илүү хувь нь "Приус" байсан нь бензин зарцуулалт багатай, хямд үнэтэй автомашины борлуулалт өндөр байгааг харуулж байгаа юм.

Хэсэг хэсгээрээ бөөгнөрсөн худалдаачид хөзөр тоглон, онигоо ярьж, зарим нь машин дотроо унтаж, ганц нэг нь зарах гэж буй машинуудаа угааж, арчина. Энд автомашин худалдаж авах гэж байгаа гэж хэлэхээр хүн бараг харагдсангүй. 

 

 Орон сууцны үнэ бууж, үнэгүйдээд байгаа бус яг бодит түвшиндээ очиж байгаа гэв

Зах дээр эзнээ хүлээх машинуудаас гадна орон сууцны үнэ хуучин, шинэ ялгаагүй буусаар байна.

Жил гаруйн өмнө 85 сая төгрөгийн ханштай байсан дундаж орон сууц одоо 75 сая ч хүрэхгүй болсон. Гэрэл зургийг mpa.mn

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын нэрээ хэлэхийг хүсээгүй борлуулагч “Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад орон сууцны үнэ доод тал нь 10 саяар уначихаад байна” гэсэн юм.

Бизнесийн үйл ажиллагаанд нь харшлах тул компанийн болоод өөрийнхөө нэрийг хэлэхээс татгалзсан тэрбээр доорх мэдээллийг өгсөн юм. 

Өнгөрсөн хавраас буюу яг нэг жилийн өмнөөс орон сууцны үнэ болоод иргэдийн худалдан авах чадвар аажмаар буурч эхэлсэн байна. Ингэж буусаар одоогийн үнэ ханш 2012 онынхтой ижил түвшинд хүрчээ. Гэхдээ энд нэг зүйлийг онцлоход орон сууцны үнэ бууж, үнэгүйдээд байгаа бус яг бодит түвшиндээ очиж байгааг үл хөдлөх хөрөнгийн борлуулагч хэлсэн юм. 

Орон сууцны үнийн хөөсрөл 2013-2014 онуудад хамгийн оргил үедээ хүрчээ. Тухайн үед найман хувийн хүүтэй ипотекийн зээл олгогдож эхэлсэн бөгөөд орон сууцны үнэ долоо, долоо хоногоор нэмэгдэж байсан гэдэг. 
 
Жишээ нь, жил гаруйн өмнө 85 сая төгрөгийн ханштай байсан дундаж орон сууц одоо 75 сая ч хүрэхгүй болсон байна. Ийнхүү үл хөдлөх хөрөнгийн үнэ ханш унаж, худалдан авах чадвар буурч байгааг бэлэн мөнгөний эргэлт муудсантай холбон тайлбарласан.
Тодруулбал, Хуучин хоёр өрөө байрны дундаж үнэ 2014 оны гуравдугаар сард 102 сая төгрөг байснаа 2015 оны мөн үед 96 сая болж буурсан бол 2016 оны гуравдугаар сарын байдлаар 81 сая төгрөг болоод байна.

График 1, Хуучин хоёр өрөө байрны дундаж үнэ

Шинэ орон сууцны үнэ хэрхэн буурч байгааг “Тэнхлэг зууч” компаниас гаргасан статистик мэдээллээс харцгаая.

Шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ нь 2016 оны хоёрдугаар сарын байдлаар 2,041,000 төгрөг болж өмнөх сараас 0.1 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс зургаан хувиар тус тус буурсан байна. 

График 2,  Шинэ орон сууцны 1м2-ийн дундаж үнэ

Түүнчлэн иргэдийн гарт бэлэн мөнгө байхгүй учир бартер хийх нь ихсээд байгаа ажээ. Өнгөрсөн оны энэ үед орон сууц худалдан авч буй иргэд үнийн дүнгийн 50 орчим хувьд бартер хийж/машин, өөр төрлийн хөрөнгө оролцуулж/ байсан бол он гарсаар 100 хувь бартер хийж, орон сууц авах сонирхолтой иргэдийн тоо нэмэгджээ

Мөнгөний нийлүүлэлт буурсан шалтгааныг Монголбанкны Инфляцийн төлөв байдлын 2016 оны гуравдугаар сарын тайланд "Гадаадын хөрөнгө оруулалт татарсаар буй байдлыг даган эдийн засгийн дотоод идэвхжил суларч, улмаар мөнгөний эрэлт, нийлүүлэлт хумигдаж байна. Үүнийг сүүлийн хоёр жилийн туршид саарч буй дотоод цэвэр активийн өсөлтөөс харж болно.

Эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлт ийнхүү унаж байгаа нь нэг талаас банкны системийн томоохон эх үүсвэр болох иргэд, аж ахуйн нэгжүүдийн харилцах, хадгаламж буурч байгаагаас шалтгаалж байна. 

Бизнесийн идэвхжил муудаж, мөнгөний эрэлт хумигдаж байгаа.

2015 оны эцсийн байдлаар иргэдийн төгрөгийн хадгаламж жилийн өмнөх түвшнээсээ өссөн бол бусад төрлийн харилцах хадгаламж буурсан.

Бизнесийн идэвхжил муудаж, мөнгөний эрэлт хумигдаж байгааг хамгийн өндөр хөрвөх чадвартай мөнгө болох банкнаас гадуурх мөнгө болон М1 /Банкнаас гадуур гүйлгээнд байгаа бэлэн мөнгө + Банкны харилцах болон хугацаагүй хадгаламжинд байгаа мөнгө/ мөнгөний үзүүлэлтүүд жилийн өмнөх түвшнээсээ үргэлжлэн буурч байгаагаас мөн харж болно" гэжээ.

Иргэдийн худалдан авах чадвар буурсан нь орон сууцны үнийн хөөрөгдлийг арилгаж, бодит түвшинд нь буулгасан эерэг талтай ч орон сууц, автомашин зэргээ худалдах гэж байгаа иргэдийн хувьд алдагдалтай байж болох нөхцөл үүсээд байгаа юм.   

Тиймээс үл хөдлөх хөрөнгө зуучлагчийн зүгээс үл хөдлөх хөрөнгө тэр дундаа орон сууцаа зарахаар төлөвлөж буй иргэдэд яаралтай бэлэн мөнгөний шаардлагагүй л бол 1-2 жилдээ орон сууцаа зарахгүй байхыг зөвлөж байгаа аж.  

Эдийн засгийн хямралыг дагаад үл хөдөлөх хөрөнгө, өндөр үнэтэй хөдлөх хөрөнгийн үнэ буурдаг зах зээлийн хуультай. Хямралаас шалтгаалан үл хөдлөх хөрөнгийн үнийн хөөрөгдөл арилж, өндөр үнэтэй бараа, бүтээгдэхүүн, автомашины үнэ буурсаар байгаа нь эерэг талтай мэт боловч Монгол Улсын зах зээл бүхэлдээ тун эмзэг байгааг харуулж байна. 

 

Бэлтгэсэн: А.Ням-Өлзий, Г.Номин

Гэрэл зургийг Mpa.mn