Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

А.Баярцэцэг: Нийтлэг ЁС ЗҮЙГҮЙ нийгэмд хүн хүндээ чоно

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 3 сарын 28
iKon.MN
 

~Монголын Эдийн Засгийн Чуулган 2016~

Тун удахгүй болох гэж буй Монголын Эдийн Засгийн Чуулганд энэ жил "Мэргэжлийн ёс зүй" хэмээх нэгэн сонирхолтой сэдвээр салбар хуралдаан зохион байгуулагдана. 

Салбар хуралдааныг даргалах гэж буй нэгэн бүсгүйг бид урьж эдийн засагт ёс зүй хэрхэн нөлөөлдөг тухай болон МЭЗЧ, Монголын эдийн засгийн өнөөгийн байдал сэдвээр ярилцлаа. 

А.Баярцэцэг нь БНГУ-ын Дортмундын их сургуульд эдийн засгийн ухааны магистр, Германд төгсөгчдийн МАЙНД клубийн гишүүн бөгөөд философийн сэдвээр хэд хэдэн ном орчуулан хэвлүүлж байсан билээ. 


-Мэргэжлийн ёс зүй сэдвийн хүрээнд ямар асуудлуудыг гаргаж ирье гэж бодож байгаа вэ. Мөн ямар хүмүүсийг панелистаар урьж оролцуулахаар төлөвлөж байна вэ?

-Профессионал буюу мэргэжлийн байх гэдэг дан ганц мэдлэг чадвар биш. Мэргэжлийг сургуульд онолын талаас нь, мөн ажлын талбар дээр дадлагаар эзэмшиж болно. Харин мэргэжлийн байна гэдэг тухайн мэргэжлийн ёс зүйг дагаж мөрддөг, ягштал хэрэгжүүлдэг байхыг мөн шаарддаг.

Өнөөгийн нийгэмд хавтгайрсан нэг гажуудал бол бараг бүх салбарт зөвхөн мэдлэг чадвар олгох дээр анхаарч ёс зүйтэй байх талыг нь бүрэн орхигдуулсан. Энэ нь эргээд нийгэмд маш их бухимдал, бас гажуудал үүсэхийн суурийг тавьсан.

Мэргэжил сонголт, сургалт, төлөвшилөөс өгсүүлээд,  ажлын талбар дээр гарсан  үед ч хэрэгжилтэд нь анхаарахгүй, зөрчил гарсан үед ч зохих арга хэмжээ авч хариуцлага тооцохгүй орхих нь элбэг. Энэ нь зөвхөн одоо яригдаад буй эмч, багш, сэтгүүлчдийн асуудал төдийгүй нийгмийг бүхэлд нь хамарсан асуудал болж  хувирчээ.

МЭЗЧ-наар олон нийтийг онцгойлон их бухимдуулдаг эрүүл мэнд, хэвлэл мэдээлэл, боловсролын салбаруудыг эхний ээлжинд авч хэлэлцэж байгаа. Мөн байгаль орчин, бизнесийнхний ёс зүйн асуудлыг энэ хуралдаанаараа хөндөнө.

Хуралдаанд панелистаар салбар салбартаа энэ чиглэлээр ажиллаж байгаа хүмүүсийг урьж оролцуулж байгаа.  Эмнэлэг болгон дээр, сургууль болгон дээр ёс зүйн хороо гэж байдаг.

Тэгвэл яагаад эмч нарын ёс зүй, багш нарын ёс зүй олон нийтийг бухимдуулсаар байна вэ, асуудал яг юундаа байна, ямар арга замаар шийдэж болох вэ гэдгийг хэлэлцэж  гаргаж ирэхээр зорьж байгаа.

-Та Германд боловсрол эзэмшиж, хэд хэдэн философийн ном орчуулан хэвлүүлж байсан. Ер нь ёс зүйг юу гэж тайлбарласан байдаг вэ?

-Бидний ёс зүй гэж нэрлэж хэвшсэн ойлголт бол грекийн “ethikos”  буюу олон улсын нэршлээрээ этик гэдэг үг л дээ. Этик нь моралын онолыг, сайн, муу гэж юу вэ гэдгийг системтэйгээр судалдаг философийн салбар.

Морал хувь хүний түвшинд яригддаг. Жишээлбэл хүн найзыгаа гомдоочихвол сэтгэл өвддөг. Энэ нь моралтай байна гэсэн үг. Харин хүн нийгэмрүү гараад ажил хөдөлмөр эрхлээд ирэхээр этик яригдана.

Эмч хүн таньдаг, таньдаггүй бүх хүнд адилхан эмчилгээ хийж, үүргээ биелүүлэх ёстой. Хэрэв эмч нар таньдаг хүмүүстээ илүү сайн үйлчлээд, танихгүй хүмүүст хүйтэн сэтгэл гаргаад байвал энэ нь моралын асуудал биш ёс зүйн буюу этикийн  асуудал.

"Зарим оронд маш хүчирхэг “Этикийн комисс” гэж хүртэл бий"

-Хэрэв ёс зүйн асуудлыг орхигдуулбал...?

-Хүмүүс сайн сайхан, шударга үнэнд итгэх итгэл алдарна. Цаашилбал нийгмийн морал тэр чигээрээ алдагдана. Зөв бурууг мөнгөөр, албан тушаалаар шийддэг болно. Мөнгөтэй хүний зөв,  мөнгөгүй хүний буруу болж хувирна. Албан тушаалтан, дарга, захирлын зөв, харин жирийн иргэн хүний буруу болж хувирна.  Нийгэмд бухимдал үүснэ. Шударга ёсыг бариулах эрх бүхий байгууллагууд ажиллагаагүй болох юм бол хувь хүмүүс өөрсдөө хариуцлага тооцож, хувийн өшөө авалт газар авна. Цаашид даамжирвал нийгмийг хамарсан замбараагүй байдал үүсэх хөрс болж өгдөг.

Тиймээс аливаа нийгэмд хууль тогтоох, сахиулах байгууллагын зэрэгцээ хуулийн асуудал үүсгэхээргүй асуудлууд дээр хүртэл чигийг барьж байдаг ёс зүйн эрх бүхий байгууллагууд чухал үүрэгтэй байдаг. Зарим оронд маш хүчирхэг “Этикийн комисс” гэж хүртэл бий.

Магадгүй манай өнөөгийн нөхцөлд ийм эрх бүхий хүчтэй байгууллага байх шаардлагатай ч байж магад. Монголд зөвхөн эмч, багш эсвэл сэтгүүлчид ёс зүйн асуудалтай гэвэл дэндүү өрөөсгөл. Харин хамгийн үлгэр жишээ болох ёстой хүмүүс, тухайлбал шашныхан, албан тушаалтнууд, улс төрийнхөн нэн тэргүүнд нийгмийн моралыг эвдэж, хамгийн муу жишиг тогтоож байгаа.

Бүх юмыг мөнгө, эрх мэдэл, хуйвалдаанаар шийдээд байхаар жирийн хүмүүс сайн сайханд итгэх итгэлээ алдаж эхэлсэн. Цаашилбал нийгэм бүхэлдээ моралын эвдрэлд орж байна. Хамтын үнэ цэнэ, сайн сайхангүй нийгэм задарч, талцаж, эрх ашгийн бүлгүүд, нутаг нугаараа хуваагдан задрах процесст ордог. Нийгэм гэдэг зөв буруу, шударга ёсны тухай нэгэнлэг ойлголттой, нийтлэг тоглоомын дүрэм үйлчилдэг байх хэрэгтэй.  Гэтэл өнөөдөр Монгол хэн хүчтэй, хэн мөнгөтэйгийн зөв гэх бурангуй дүрэм газар авчээ.

Мэргэжлийн ёс зүй гэдэг сэдвийн дор асуудлыг тавьж байгаа боловч цаана нь маш том нийгмийг хамарсан асуудал байгаа.

-Сүүлийн үед шүүгчид бидний цалинг бууруулчих юм бол шударга бус байдал газар авна, эмч нарын цалин амьдралдаа хүрэхгүй байгаа учраас чанартай үйлчилгээ үзүүлж чадахгүй байна, сэтгүүлчид цалин багатай учраас худалдагддаг гэх мэт ойлголт, тайлбар газар авах боллоо. Энэ хэр зөв зүйтэй тайлбар вэ?

-Үүний цаана мөнгөөр бүхнийг шийдэж болно гэсэн хүлээн зөвшөөрөлт явж байна. Мөнгөтэй бол шударга байна, мөнгөгүй бол шударга байдлаа худалдана гэсэн логик яригдаж байх шиг. Зөвийг барьж амьдарна гэдэг хүний эрхэмлэх зарчим болохоос цалин мөнгөнөөс шалтгаалах зүйл мөн үү?

Жишээлбэл мөнгөөр шударга байдлаа худалдсан хүн тайван унтаж чадах уу гэдэг асуудал бий шүү дээ. Эмч хүн өвчтэй хүнд хүйтэн сэтгэл гаргаж дутуу эмчилчихээд мөнгө өгсөн хүнийг сайн эмчиллээ гэхэд дараа нь тэр хохирогчийн нүүрийг харж чадах уу.  Сэтгүүлчид ч гэсэн хүн гүжирдчихээд тайван унтаж чадах уу? Мөнгө аваад гэдэс нь цатгалан байлаа ч гэсэн сэтгэлээрээ тайван байж чадахгүй.

Мөнгөөр шударга байдлаа худалдсан хүн тайван унтаж чадах уу 

Тиймээс цалин мөнгө хангалттай өгвөл л ёс зүйгээ барина гэвэл төөрөгдөл. Хүний хэрэгцээ хэзээ ч дуусахгүй, хүн хэзээ ч “Одоо би их мөнгөтэй болчихлоо, эсвэл миний цалин ихдээд байна” гэхгүй шүү дээ.  Тиймээс мэргэжлийн ёс зүй гэдэг цалин хангамжийн хэмжээнээс хамаарахгүй тухайн мэргэжлийнхэн бүгд баримтлахаар тохирсон тоглоомын дүрэм юм.

-Ёс зүй эдийн засагт ямар нөлөө үзүүлдэг вэ. Ёс зүйгүй байснаар эдийн засагт ямар хохирол учирдаг юм бол?

-Философи сонирхдогийн хувьд энэ чиглэлээр судалгаа хийж байгаа. Капитализмын эцэг гэгддэг Адам Смитийн “Үндэстнүүдийн баялаг” ном бол орчин үеийн эдийн засгийн онолын суурь бүтээл.

Харин  “Үндэстнүүдийн баялаг” номоо бичихээсээ  17 жилийн өмнө “Моралын онол” гэж ном бичсэн байдаг. Энэ бүтээлээрээ тухайн үедээ нэрд гарч байсан ч одоо мартагдсан нь харамсалтай. Уг номонд Адам Смит эдийн засгийн суурь нь өөрөө морал, сайн сайхны нийтлэг хууль гэдгийг тайлбарлаж, бүх гаргалгаануудыг хийсэн байдаг юм. Адам Смит өөрөө моралын философич, Шотландын Гласгөүгийн их сургуулийн Моралын философийн тэнхимийн эрхлэгч байсан.

Энэ хоёр номын уялдаа холбоог судалсан судалгаанууд их байдаг. Миний хувьд эдийн засаг, морал хоёр онолын түвшинд хэрхэн уялдаж байгаа, энэ асуудлыг Монголын нөхцөлд хэрхэн авч үзэх, бид хаана нь алдаж оносон, хаана нь залруулга хийх ёстой вэ гэдгийг судалж байна.

"бидний төлөвлөсөн тэр их мөнгө орж ирэхээ байчихлаа, одоо яах вэ?"
 

-Энэ жилийн МЭЗЧ-ны сэдэв нь “Сургамж, Сорилт, Шийдэл” гэсэн гурван үг бий. Та МЭЗЧ-наас ямар хүлээлттэй байна вэ?

-Энэ жилийн уриа зөв зүйтэй санагдсан. Сургамж гэхээр өнгөрснөө дүгнэе гэж байна. Сорилт гэхээр өнөөдөр анхаарах ёстой гол гол асуудлуудаа гаргаж ирэх, шийдэл гэхээр өнгөрсөндөө дүгнэлт хийгээд хамтдаа гарц хайя гэсэн уриа явж байгаа гэж ойлгож байна.

Салбар хуралдаан бүр хэр зэрэг сайн бэлдсэн, асуудлуудаа хэр зэрэг зөв зүйтэй гаргаж ирэх, цаашлаад олон нийт энэ асуудлыг хэр хүлээж авах вэ, эрх бүхий байгууллагууд хэр дэмжлэг үзүүлэх вэ зэрэг олон хүчин зүйлээс хамаарах байх.

Миний хувьд хариуцсан хэсгээ сайн хийхээр ажиллаж байна.

-Таныг эдийн засагч учраас энэ асуултыг асуухгүй өнгөрч болохгүй байна. Монголын эдийн засаг хүндрэлтэй байна. Удахгүй сонгууль болох гэж байна. Та Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна. Цаашид бид яах ёстой вэ?

-Эдийн засаг гэж яг юу юм бэ гэдэг ойлголтоосоо эхлэх нь зүйтэй болов уу. Бид өмнө нь уул уурхайгаас ашиг хуримтлуулаад дараа нь хөгжлийнхөө замд орно гэсэн ойлголттой байлаа. Гэтэл бидний төлөвлөсөн тэр их мөнгө орж ирэхээ байчихлаа, одоо яах вэ? гэсэн асуудал тулгарч байна.

Гэтэл нэг талаас орлого мөнгөгүй байх гэдэг тийм ч мухардалд ороод байх асуудал биш. Ялангуяа бизнесийн салбарт ажиллаж байгаа хүний хувьд хэлэхэд бизнес эхлэхэд мөнгө тэгтлээ ч чухал биш. Дэлхий дээр хөрөнгө оруулагчид хангалттай олон бий. Тэд хаана бизнесийн шинэ сайхан санаа, сайтар боловсруулсан төсөл, хэрэгжүүлэх чадвартай бөгөөд итгэл даах баг байна, тэнд хөрөнгө оруулахад бэлэн.  

Иймд Монголчууд бидний асуудал гэвэл нэгдүгээрт бизнесийн сайн төсөл санаачлах, боловсруулах чадавхи алга. Хоёрдугаарт өчнөөн хөрөнгө оруулагчдыг хулхидаж ирсэн, өөрсдөө эвлэлдэн нэгдэж чадахгүй, нийтээрээ дагаж мөрддөг нэгэнлиг ёс зүй этик үгүй хүмүүст хэн ч итгэл хүлээлгэж хөрөнгө оруулалт хийхгүй.  Тэгэхээр бидний хувьд нэгдүгээрт боловсрол,чадавхи,  хоёрдугаарт ёс зүй гэсэн 2 том асуудал тулгарч байгаа.

Мөн эдийн засаг гэдэг хэдхэн мөнгөтэй хүн мөнгөө улам өсгөөд баяжаад байхын нэр биш. Харин бүх нийтээрээ орох орон, идэх хоол, өр зээл, ажилгүйдэл гэж шаналахгүй сэтгэл амар, хүрэлцээтэй хангалуун ажиллаж амьдрах нөхцөл бололцоог бий болгох тухай гэж би ойлгодог.  

-Миний асуугаагүй өнгөрсөн, таны хэлэхийг хүсч буй үг?

-Сонгууль болох гэж байгаатай холбоотой нэг зүйлийг хэлэх нь зүйтэй гэж харж байна. Удахгүй улс төрийн намууд сайхан сайхан амлалтууд өгч, сонссон хүн уярмаар, уярсан хүн саналаа өгмөөр уран яруу мөрийн хөтөлбөрүүдээрээ уралдацгаана.  

Гэтэл сонгогчид одоо барагтай амлалтад уярахаасаа өнгөрсөн болов уу.  Харин нийгэм журмыг сэргээх, сайн сайхан, шударга үнэнийг сахиулах тогтолцоог бий болгох шийдлийг гаргаж ирвэл нийгмийн шаардлагад нийцнэ.

Зөв бурууг мөнгөөр биш, албан тушаалаар биш, сэмхэн хуйвалдаанаар биш хамтын тоглоомын дүрмээрээ шийддэг цагийг авчрахад моралын философи тусална.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.