Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

А.Дэлгэржаргал: Дөрвөн жилийн дараах космо оюутныг өөртөө бүрэн итгэлтэй хувь хүн гэж тодорхойлно

ikon.mn
2016 оны 3 сарын 15
iKon.MN
 

- “Cosmo” дүүтэй боллоо -

Дэлхий дахинаа өөртөө итгэлтэй, хүчирхэг хувь хүнийг бүтээхийн төлөө тасралтгүй ажиллаж, 128 жилийн түүхийг бүтээсэн “Cosmopolitan” сэтгүүл Монголд хэвлэгдэн гарснаас хойш даруй таван жилийн хугацааг ардаа орхижээ.

Оюутан ахуй цагаасаа эхлэн эмэгтэйчүүдийн сэтгүүл гаргахыг мөрөөдөн явсан тэрбээр хувь хүний харилцааг онцолсон “Cosmopolitan” хэмээх дэлхийн нэр хүндтэй энэхүү сэтгүүлийг Монголд анх удаа эрхлэн гаргаж чадсан “Ирмүүн” агентлагийн захирал,  “Cosmopolitan” сэтгүүлийн эрхлэгч А.Дэлгэржаргал юм.

Тэрбээр энэ удаад нэн шинэ үеийнхэнд зориулсан “Cosmo student” хэмээх цоо шинэхэн төслийг эхлүүлж байгаа ажээ. Оюутнууд, Их дээд сургуулиуд анхаарлаа түүнтэй ярилцсан бидний ярианд хандуулна уу... 

-Оюутан залууст хаягласан “Cosmo Student” сэтгүүл гаргах болсон шалтгаан юу байв? 

-Бид 2010 оноос “Cosmopolitan” сэтгүүлийг эрхлэн гаргаж байна. Мөн cosmopolitan.mn цахим төслүүдийг хэрэгжүүлж байна. Өнөөдөр сэтгүүлийн 50,000 орчим уншигч, цахим 260,000-аад уншигчтай болжээ. “Cosmopolitan”-ыг хүмүүс сэтгүүл гэж харж байгаа боловч энэ бол life style буюу амьдралын хэв маяг юм. Нийгэмд cosmo амьдралын хэв маяг соёлыг  сэтгүүлээр, цахим орчин болоод нүүр тулсан олон арга хэмжээ хөтөлбөрүүдээр түгээдэг.

Дэлхийн хэмжээнд “Cosmopolitan” үндсэн сэтгүүлээсээ гадна салбар олон дагалдах сэтгүүлийг эрхлэн гаргадаг. Үндсэн сэтгүүл маань гоо сайхан, хувцас загвар, сэтгэл зүй, харилцаа, эрүүл мэнд гэсэн үндсэн агуулга дор явдаг. Энэхүү сэдвүүдээ бүгдийг нь задлаад тус бүрт нь сэтгүүлүүд  гаргадаг.

Томоохон арга хэмжээнүүдэд зориулан жишээ нь зөвхөн гоо сайхны сэдвийг онцлон тусгай дугаар гарах ч тохиолдол бий. Сэтгэл судлал, бизнес, карьер, аялал гэх зэрэг агуулгаар онцлон тусгай дугааруудыг гаргадаг.

Дэлхийн хэмжээнд “Cosmopolitan” үндсэн сэтгүүлээсээ гадна салбар олон дагалдах сэтгүүлийг эрхлэн гаргадаг. 

Агуулга тус бүрийг онцлохоос гадна тодорхой насанд чиглэсэн сэтгүүлүүдийг мөн “Cosmopolitan” дэлхий нийтэд эрхлэн гаргадаг. Өсвөр насны хүүхдүүдэд зориулсан “Cosmo girl”, оюутан залууст чиглэсэн “Cosmo Campus” гэх зэргээр гаргадаг шугам байдаг. Үүнээс бид сүүлийн хоёр жил судалсны үндсэн дээр Монголын оюутан залууст зориулан “Cosmo student” сэтгүүлээ эрхлэн гаргаж байна. Бидний урт хугацааны зорилгод энэ төрлийн дагалдах сэтгүүлийг гаргах ажил багтсан байсан. Эхний ээлжинд бид уншигчдынхаа дунд судалгаа явуулсан.

Хэвлэмэл сэтгүүлийн хувьд 18-25 насны уншигчид цөөн 10 гаруй хувьтай байгаа мөртлөө, цахим хэлбэрээр уншигчид дунд 18-25 насныхан өндөр хувьтай байсан. “Cosmo”-гын агуулгууд энэ насныханд эрэлт хэрэгцээ их байгаа нь судалгаанаас ажиглагдсан. Их дээд сургуулийн удирдлагуудтай бид уулзаж ярилцсан.

Оюутан дөрвөн жилийн хугацаанд академик мэдлэг олж авахаас гадна, энэ хугацаанд өөрийн суурь, хувь хүний соёл, амьдралын зуршлуудаа олж авдаг юм байна.

Оюутнууд сайн, сайхан хүн болж төлөвших маш их зорилгыг өмнөө тавьдаг ч тэднийг хичээлээс гадна “хүн” болгон хөгжүүлэх тал дээр сургуулиуд тэр бүр ажиллаж чадахгүй байгаа гэдэгт, их дээд сургуулийн багш, удирдлагууд санал нэгдэж байна. Тиймээс “Cosmo student” сэтгүүлийн агуулга оюутнуудад цаг үеэ олж очиж байна.

Жишээлбэл, би ажил олгогчийн зүгээс төгсөөд ирж байгаа оюутнуудыг үндсэн мэргэжлээрээ сурсан мэдлэгээс нь илүүтэйгээр тухайн хувь хүний харилцаа, өөртөө итгэлтэй байдал, биеэ авч явах чадвар, эрүүл амьдралын хэв маяг, зуршлууд, өөрийгөө илэрхийлэх зориг зэрэг хувь хүний хөгжилтэй холбоотой үнэлэмжээр үнэлэх үнэлэмж рүү хүссэн хүсээгүй ордог.

Үүнийг бүх л бизнес эрхлэгч, ажил олгогч, хүний нөөцийн мэргэжилтнүүд дуу нэгтэйгээр хэлэх байх. Хөдөлмөрийн зах зээл дээр гараад ирэхэд төгсөгч оюутнуудад дээр дурдсан шаардлагууд зайлшгүй тавигддаг.

Тэдэнд тулгарч буй эдгээр хэрэгцээнд үндэслэж “Cosmo” оюутан төслийг эхлүүлж байна. Уг төслийн эхлэл болж хамгийн анхны дэмжлэг авсан сургууль дээрээ бид анхны “Cosmo student” сэтгүүлээ гаргалаа. 

 

Өнөөдөр оюутан залуус руу зорьсон, тэдэнд зориулж хаягласан медиа одоохондоо Монголд байхгүй байна. Жижиг сайт, оюутны сэтгүүл зэрэг нь өмнө нь гарах гэж оролдож байсан боловч тодорхой шалтгааны улмаас эхлээд орхигдсон байдаг юм билээ. 

 

-“Cosmo student” сэтгүүл Монголд анх удаагаа оюутан залууст зориулж хаягласан анхны хэвлэл болж байгаа хэрэг үү? 

-Өмнө нь оюутны сэтгүүл хийж байсан оролдлогууд бүгд анхдагчид байсан байх. Юутай ч олон улсын албан ёсны эрхтэй. Мөн олон улсын чанартай мэдлэг мэдээлэлтэй цаашдаа оюутан залуус руу чиглээд тогтмол гарч чадахаар медиа гэдгээрээ “Cosmo student” сэтгүүл онцлогтой.

Контент нь Монгол хэл дээр, Монгол орчин соёлтойгоо уялдуулаад сэтгүүлийг эрхлэн хийх арга технологи мөн олон жилийн арвин их архив бидэнд бий. Бидний зүгээс оюутан залуусдаа зориулан гаргаж байгаа бас нэг онцлог хэсэг бол гадаад хэл дээрх агуулга юм.

Эхний ээлжинд бид англи хэл дээр зарим контентиудыг оруулж үзэж байна. Оюутан залуус бүгд англи хэлийг сурч байгаа шүү дээ. Тиймээс энэ хэл дээр мэдээллээ уншиж хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломжийг олгох зорилго тавьж байгаа юм. 

 

Ер нь “Cosmopolitan” сэтгүүлийг манайхан ойлгохдоо эмэгтэйчүүдийн сэтгүүл гэж ойлгодог. Гэтэл энэ сэтгүүлд “Cosmopolitan Мan” гэх агуулга явдаг. Дэлхий хэмжээнд 10-20 хувь нь эрэгтэй уншигчид байдаг. Монголын оюутнуудын судалгаанаас харахад хүйсийн хувьд нийт оюутнуудын 68 орчим хувь нь эмэгтэй оюутнууд байдаг юм байна.

Тиймээс бид “Cosmo student” сэтгүүлдээ энэхүү харьцааг хадгалж сэтгүүлийн ар, өвөр талаасаа эрэгтэй, эмэгтэй нүүр хуудастайгаар хийсэн байгаа юм. Мэдээллийн агуулгынхаа хувьд ч 70 орчим хувь нь эмэгтэйчүүдэд, 30 орчим хувь нь эрэгтэй уншигчдад зориулсан агуулгыг гаргахыг  зорин ажиллаж байна. 

“Орчин үеийн амжилттай явж байгаа залуусын, амжилтын нууц харилцаан дээр тогтож байна”

 

-“Cosmo student” сэтгүүлээс оюутан залуус чухам юун тухай олж унших бол? 

-128 жилийн түүхтэй энэ сэтгүүл хөгжлийнхөө явцад олон янзаар хувьсан өөрчлөгдөж ирсэн байдаг. Одоо бол “Cosmopolitan” цэвэр харилцааны сэтгэл зүйн агуулгыг гаргадаг сэтгүүл гэдгээрээ алдартай.

Хувцас загвар гэх агуулга байдаг ч, харилцаандаа хувцас загварыг чи хэрхэн ашиглах вэ гэдгийг Cosmo зөвлөдөг.

“Cosmopolitan” цэвэр харилцааны сэтгэл зүйн агуулгыг гаргадаг сэтгүүл гэдгээрээ алдартай. 

Орчин үед хүмүүсийн амжилтын нууц харилцаан дээр тогтож байна. Америк зэрэг барууны ертөнцөд харилцааг ихэд чухалчилдаг. 1990 онд Монголд нийгэм солигдоход Дейл Карнегийн цувралууд орж ирж байсан нь бидний үеийн залуусын хувьд ихэд шинэ зүйлс болж байсан.

Харилцааны талаарх ойлголт үнэлэмжүүдийг огт өөр талаас нь тайлбарласан байсан нь харилцаан дээрээ чи амжилттай байвал олон үүд хаалга өмнө тань нээгдэх болно гэсэн үзэлтэй танилцах эхлэл болж байсан. Уншигчдадаа харилцааны мэдлэг боловсролыг олоход нь Cosmo тусалдаг.  

Өнөөдөр Монголын нөхцөлд олон төрөлжсөн сэтгүүлтэй зах зээл дээр ажиллахгүй байгаа учраас бид эрүүл мэнд, хувцас загвар, карьер гэх зэрэг агуулгуудаа адил тэнцүү авч явахыг чармайдаг. Монголын оюутнууд хувь хүний хөгжлийн талаар нэлээд цогц мэдлэг, мэдээллийг Cosmo-гоос авч чадна гэж бодож байна.  

 

“Сэтгүүл унших соёлыг өөртөө бий болгосон хэсэг нь цөөн боловч ирээдүйтэй гэж харж байна”

-“Cosmo student” сэтгүүлийг сонгосон Их, дээд сургуульд ямар үр дүн гарна гэж та бодож байна вэ? 

- Сэтгүүл эрхлэн гаргаж байх өнгөрсөн хугацаанд ажигласнаар сар бүр сэтгүүл авч уншаад тэндээс олж авсан мэдлэгээ өөртөө хэрэгжүүлэх нь нэлээн өвөрмөц онцлогтой нийгмийн хэсэг бүлэг хүмүүсийн соёл юм байна гэдгийг ойлгосон.

Бид Оросын соёлын нөлөөн дор 70-80 жил хөгжсөн улс. Энэ нөлөөн дор сонин, телевиз, радиогийн салбарыг хэвлэл мэдээллийн салбартаа хөгжүүлж чадсан. Харин сэтгүүл бол өнгөрсөн нийгэмд манай улсад дорвитой хөгжиж чадаагүй онцгой хэв маягтай хэвлэл мэдээллийн шинэ төрөл юм.

Тиймээс сэтгүүл унших соёлыг өөртөө бий болгож байгаа хэсэг нь цөөн боловч ирээдүйтэй гэж харж байна. Энэ утгаараа бид оюутнуудад зориулсан сэтгүүл хийгээд телевизээр рекламыг нь цацаад дэлгүүрүүд, оюутнууд ордог газруудаар сэтгүүлээ тавьж зарах аргаар биш, аль болох сургууль дээр түшиглэсэн оюутнуудад ойрхон байдлаар сэтгүүлээ гаргах, сэтгүүл унших соёлыг сургуультай нь хамтарч бий болгох нь оновчтой гэж үзсэн.

Энэ утгаараа сургуулийн захирлуудтай уулзаж тухайн сургууль дээр “Cosmo student” гишүүнчлэлийн системийг бий болгох санал тавьсан. Үүнд сэтгүүл, цахим мэдээлэл, гишүүнчлэлийн систем бүхэлдээ багтаж байгаа юм. Гишүүнчлэлийн систем гэдэг хувь хүнийг хөгжүүлэх зорилгоор сайн дурын үндсэн дээр оюутнууд Cosmo-гийн агуулгын дагуу клуб байгуулах олон талт ажиллагаа юм. Суралцах бүхий л хугацаандаа оюутнууд маань Cosmo-той нөхөрлөөд гараасай гэж хүсч байна.

“Өнөөдрийн Монголын нийгмийн эрс тэс ялгаатай амьдралын төвшин залуу хүний хувьд өндөр босго болж байна”

-“Cosmo student” сэтгүүлийг уншсан оюутан хэрхэн өөрчлөгдөх бол, тэрхүү өөрчлөлтийг та бүгд хэрхэн, яаж харж байна вэ? 

- Төсөл санаачилсан цагаас эхлэн бид энэ өөрчлөлтийг  өөдрөгөөр харж байгаа. 18-25 нас гэдэг бол залуу нас. Энэ насныханд ямар ч мэдээллийг хүргэсэн яг л тэр чигээр нь ойлгохоор тийм л эмзэг нас шүү дээ.

Тиймээс бид Монголын нийгмийн мэдээллийн урсгалд зонхилж буй хов жив, үнэн худал нь мэдэгдэхгүй маш их улс төржиж байгаа мэдээллээс энэ насны залуусыг ангид байгаасай гэж хүсч байна. Намайг оюутан байхад 10-р анги төгсч байхад нийгмийн ялгаа өнөөдрийнх шиг эрс тэс байсангүй. Би үүнийг онцлохыг ихэд хүсдэг юм.

Өнөөдрийн Монголын нийгмийн эрс тэс ялгаатай амьдралын төвшин залуу хүний хувьд өндөр босго болж байна. Мундаг аав ээжгүй л бол тухайн залуу хүн хэн ч биш юм шиг. Манай зарим сэтгүүлүүд ийм агуулгыг нийгэмд, залууст өгч байгаад харамсаж явдаг. Түүнийг залуус уншаад ийм л болбол мундаг, манай нийгмийн элит энэ юм байна, томчууд нь энэ юм байна. Үүний нэг хэсэг нь биш бол би хэн ч биш юм байна гэсэн ойлголт төрж байна.

Cosmo-гийн зорилго давуу тал бол “чи чадна”, “илүү сайхан амьдрах боломжоо чи өөрөө бүтээж чадна” гэж уншигчид руугаа ханддаг. Тиймдээ ч Cosmo-гийн уншигчид өөртөө итгэх итгэл, өөрийгөө хөгжүүлэх контентуудыг уншаад түүнийгээ өөрийнхөө амьдралын хэв маягаа болгодог.

Тиймээс оюутан залуусыг бие хүн болон төлөвшихөд Cosmo ихээхэн хувь нэмрээ оруулах боломжтой гэж харж байна. Гаднаа ч, дотроо ч сайн сайхан байхын тухайд зөвлөдөг тул “Cosmopolitan” хэлбэр хөөсөн сэтгүүл огт биш 

 

“Гаднаа ч, дотроо ч сайн сайхан байхын тухайд зөвлөдөг тул “Cosmopolitan” хэлбэр хөөсөн сэтгүүл огт биш”

-“Cosmo student” сэтгүүлийн хувьд бид эрүүл амьдралын агуулгад нэлээд анхаарал хандуулна гэсэн бодолтой байна. Оюутан байхдаа зөв хооллож сурах, биеэ эрүүл авч явах, спортоор хичээллэхэд нь зөвлөх, юу унших, ямар кино үзэхэд нь бид чиглүүлж өгнө. Мөн хамгийн чухал нь харилцаа. Оюутан цагтаа залуус хайр дурлалтайгаа учирч, найз нөхдөө олдог. Тэр харилцааны асуудалд туслагч сайн анд нь байх боломжтой.

Хувцас загвар, гоо сайхны тал дээр оюутны боломж төсөвт тааруулан хэрхэн зөв зохистой хувцаслах вэ, арьсаа хэрхэн зөв арчлах вэ гэх зэрэг хүний өдөр тутмын амьдралд эзэмшсэн байх ёстой боловсролыг оюутан залуустаа өгнө. Хэн нэгэн “од”-ыг шүтэн бишрээд, үнэтэй брэнд өмсдөг хүнийг даган дурайж, дураймалыг нь авч өмсдөг сэтгэлгээнээс нь уншигчаа салгаж өгч өөрийгөө олоход нь туслах юмсан гэж хүсч байна. 

 

-Та өөрөө хэдэн оны оюутан бэ? 

-Би 2001 онд МУИС-ын Эдийн засгийн ангийг төгссөн. Тэгэхээр 1990-ээд оны сүүлийн үеийн оюутан гэсэн үг. 

-Таны оюутан ахуйд яг өнөөдрийн бидний ярилцаж буй соёлын боловсрол, хувь хүний харилцааны талаарх мэдээллийг хаанаас авч байв? 

-Өнөөдрийн оюутнуудтай адил мэдээлэл ийм өргөн дэлгэр байгаагүй шүү дээ. Ямар сайндаа манай 15-тай охин “ээжээ, google-гүй арван жилийн сургууль төгссөнд чинь баяр хүргэе” гэж хэлж байсан. /Инээв/ Тэдний санаанд багтахгүй байгаа байх.

2000 оны хавьцаа “Cosmopolitan” сэтгүүлийн орос хэл дээрх хувилбарыг анх үзэж байлаа. Ямар гоё юм бэ яг ийм сэтгүүл Монголдоо хийх юмсан гэж мөрөөдөж байсан. Cosmo-гийн агуулгатай мэдээллийг Монгол хэл дээрээ олж авах боломж тухайн үед хомс байлаа.  

1990-ээд онд нийгэмд яруу найрагчдын хүчтэй давалгаа гарч ирж байсан. Тэдний дийлэнх нь сонинд ажиллаж байсан. Тиймээс ч сонин дахь урлаг соёлын контент нь их мундаг байсан санагддаг. Г.Аюурзана, Л.Өлзийтөгс зэрэг зохиолчдын хөтөлдөг амралтын дугаарын булангуудыг ихэд шимтэн уншина.

“Өчигдөр” гэж сонин гардаг байсныг санаж байна. Миний хувьд оюутан байхад тэр дундаас онцгой сайхан санагдаж байсан сэдвүүд урлагийн түүх, урлаг соёлын алдартнуудын ярилцлагууд зэргийг шимтэн уншдаг байв. Тэд төрөлжөөд цаашаа явж чадаагүй л болохоос биш тухайн үеийн өдөр тутмын сонинуудын энэ хэсэг нь маш чанартай байсан гэж боддог.

 

“Хоёр улстөрчийн хэрүүл үнэндээ бидний өнөөдрийн амьдралаас дэндүү хол зүйл”

-Та оюутан байхдаа ямар төрлийн мэдээллийг олж авч амжаагүй, алдсан ч юм шиг санагддаг вэ, бас оюутан залуусыг хувь хүний хөгжил рүү чиглэсэн ямар төрлийн мэдээллийг оюутан байх цаг хугацаандаа бүрэн олж аваарай гэж захихыг хүсч байна вэ? 

-Өнөөдөр харахад сошиал медиа бол трэндийн чанартай мэдээллүүд дээр суурилж байна. Юуг ч хөдөлгөж болдог, түүний араас нийгэм тэр аяараа хуйларч байна. Бид өөрсдийн сонголтоор авах мэдээллээ чиглүүлж болно. Тэр пи арын зорилготой мэдээллүүд явдгаараа явна л биз. Оюутанд зориулсан мэдээлэл дээр төвлөрөхийг зорьж байна.

Мэдээллийг юу гэж ойлгож авдаг вэ гэдэг нь монголчуудын хувьд төлөвшөөгүй нэг ойлголт байна.

Өнөөдөр харахад сошиал медиа бол трэндийн чанартай мэдээллүүд дээр суурилж байна.

Зөвхөн өдөр тутмын мэдээгээр амьдрах гээд байдаг. Гэвч тэрхүү мэдээлэл нь өөрийнх нь амьдралаас асар хол байдаг. Хоёр улстөрчийн хэрүүл үнэндээ бидний өнөөдрийн амьдралаас дэндүү хол зүйл. Түүний оронд ходоодоо эрүүл байлгаж, зөв хооллох мэдээллийг ойлгоод сурчих нь уг нь илүү тустай.

Гэвч энэ мэдээллийг тавьж өгөөд байхад тэр дундаас ялгаж чадахгүй байх шиг байна. Тиймээс залуу уншигчдыг өөрийнх нь амьдралд мэдлэг болох мэдээлэл рүү чиглүүлж өгөхгүй л бол нэг мэдэхэд өөрийн амьдралдаа хамаагүй хэрэггүй олон мэдээлэл дунд оволзчихсон л явж байх төлөвтэй байна. Энэ байдал бидний оюутан үед ч байсан одоо ч хэвээрээ байна. 

 

-Хичээл дээр амжилт гаргах, оюутан цаг үеийн амьдрал дээрээ амжилт гаргах хоёр нь харилцан адилгүй ойлголт байх. Оюутан насны цаг хугацаандаа бие хүнийхээ хувьд амжилттайгаар өөрийгөө олж, төлөвшихөд нь “Cosmo student” туслах гэж байгаа юм байна гэж ойлгож болох уу? 

-Эцэг эхчүүд, багш, оюутнууд ч тэр оюутан гэх цаг үеийг өөрөө өөрийгөө олж авч буй цаг хугацаа гэдэг өргөн хүрээнд нь олж харах хэрэгтэй цаг үе ирсэн байна. Миний сурагч байхын ойлголтоор бол “номын хүүхэд” гэхээр сонин хувцасласан дуу муутай, өөрөөсөө ч хүмүүсээс ч ичдэггүй тийм хүүхдүүд байсан.

Учир нь “энэ мундаг” юм чинь гээд ойлгочихсон. Аль эсвэл гоё ганган хувцасласан нэг нь тэгээд сургуулиасаа хөөгдөөд гараад явчихдаг гэсэн ойлголт байсан. Гэтэл орчин үед сайн сайхан хоёр нэг хүнд байх боломжтой болсон цаг үе гэж би боддог. Үүнд Академик боловсрол, багш нарын лекцлээд гаргасан мэдлэгээс гадна оюутан хүний аливаа зүйлд хандах хандлага тавьсан зорилгодоо тууштай байх хандлагыг төлөвшүүлэх нь чухал.

Өөрөө өөртөө итгэлтэй болоход нь өөрийгөө хайрлаж сурах эерэг хандлагуудыг оюутанд бий болгох нь бидний зорилго. Залуу үеэсээ сэтгүүл унших соёлд суралцаад өөрт хэрэгтэй мэдээллээ авч чаддаг, өөрийн үзэл бодолтой, баттай байр суурьтай хувь хүн болох нь 17-18 настайгаасаа тавигдах ёстой юм байна.

“Cosmopolitan” сэтгүүл өөрөө маш том институцийн хэмжээнд ажилладаг маш их судалгаа хийдэг медиа юм. Эрүүл мэнд, сэтгэл зүй чиглэл рүү хийгдсэн том судалгаан дээрээс зөвлөгөөнүүд нь бүтдэг.

Одоо дэлхий дахинд Millennial generation /нэн шинэ үеийнхэн/  буюу 1980-2000 оныхон cosmo-гийн зорилтот бүлэг болоод байгаа. Энэ үед манай оюутнууд хамрагдаж байгаа юм. 2014 онд “Cosmopolitan” манай улсад “та бүгд энэ үе рүүгээ чиглэж, танай нийт хүн амын ихэнх хувь нь ирэх жилүүдэд шинэ үеийнхэн болох юм байна.

Энэ үеийнхний онцлог бол өмнөх үеэсээ нэлээд ялгаатай. Энэ үеийн өөрчлөлт өөрөө уламжлалт медиаг өөрчилж байгаа юм. Тиймээс маш онцлогтой бие хүмүүс гарч ирж байгаа юм” гэсэн зөвлөгөөг бидэнд өгсөн.

 

-“Cosmo student” төслийн өргөжих цар хүрээг та хэрхэн харж байна вэ? 

-Юутай ч ойрын 3-5 жилдээ гишүүнчлэл хэлбэрээр өргөжиж сургуулиудтайгаа хамтран ажиллахыг зорьж байна. Нэн түрүүнд оюутнууд маань сэтгүүлээ аваад уншчихдаг, цахим хэлбэрээр мэдээллээ авчихдаг, оюутан залуусын дунд “Cosmo” –гийн агуулгаар зохион байгуулагддаг 2-3 арга хэмжээтэй, гишүүнчлэл хэлбэрээр жижиг лекц сургалтуудыг зохион байгуулдаг.

Энэ бүх үйл ажиллагаанаас оюутнууд маань нэгдэн суралцаж, хөгжиж чаддаг болох нь төслийн гол үр дүн байх болно. Ялангуяа эмэгтэй оюутнууд олонтой сургуулиудыг бид илүүтэй онцолж байгаа. Бүх тооцооллыг нь хийгээд үзэхэд “Cosmo student” бол ашгийн бус төсөл. 

-“Cosmo student” гэж ямар оюутан, ямар дүрх байх вэ? 

- Мэдээж төгс зүйл гэж байхгүй. Гаднаа ч, дотроо ч гэрэлтсэн гэж сүүлийн үед их ярьдаг болж. Хамгийн гол нь эрүүл амьдралын хэв маягийг өөрийнхөө амьдралын зуршил болгосон оюутнууд байгаасай гэж хүсч байна. Тиймээс хамгийн эхэнд сosmo оюутан эрүүл байх ёстой. Хоёрдугаарт, эрүүл хандлага чухал.

Аливаа зүйлд эергээр зөв хандах тал дээр харилцааны контентуудаараа бид нөлөөлж чадах болов уу. Гуравдугаарт, гадаад гоо үзэмж. Өөрийн гоо сайхан, бие авч явах соёлд суралцахдаа дэлхийд олон жил хөгжсөн тэрхүү соёлоос системтэй зөв суралцаасай гэж хүсч байна.

Учир нь “Cosmopolitan” сэтгүүлийн агуулга бол 80 гаруй орны шилдэг стилистүүдийн боловсруулсан агуулга байдаг. Хувцаслах соёлыг зааж сургана. Трэнд хөөхөөс илүү хувь хүнийг стил хэв маягаа олоход нь тусалдаг. Энэ бүгдийг нэгтгээд харахад дөрвөн жилийн дараах “Cosmo student”-ийг өөртөө бүрэн итгэлтэй хувь хүн гэж тодорхойлмоор байна.

Өөртөө итгэлтэй байдал л хүнийг амжилтанд хүргэдэг. Өөртөө итгэлгүй байдал хүнийг эмзэг болгож, хувийн амьдрал болоод ажил хэрэгт ч аз жаргалгүй байдалд хүргэдэг. 

 

-Сургууль бүр амжилтаараа, шилдэг төгсөгчдөөрөө бахархдаг. Магадгүй тэдгээр амжилт, шилдэг оюутнуудыг “Cosmo student” сэтгүүл онцлох болов уу? 

-“Cosmo student” сэтгүүл сургууль бүрт булан гарган космогийн редакц ажиллах юм. Тэрхүү сургуулийн агуулгад бид тухайн сургуулийн шилдэг оюутнуудыг онцлоод бусаддаа үлгэр дууриал өгөхүйц мэдээлэл оруулна. Мөн сургуулийн дотоод мэдээлэл тэр бүр оюутнуудад очдоггүй юм байна.  

Cosmo-гийн энэ булангаар дамжуулан тухайн сургууль дотоод мэдээллээ оюутнууддаа өгөх юм. 

Cosmo-гийн энэ булангаар дамжуулан тухайн сургууль дотоод мэдээллээ оюутнууддаа өгөх юм. Сургуулийн нээлт, хаалт мөн сургууль дээр болдог томоохон арга хэмжээнүүд дээр “Cosmo” оролцож хувь нэмрээ оруулж байна гэсэн бодолтой байгаа. Бид сургуулиудад хүсэлтээ тавьж эхэлж байна. Зорилгын хувьд биднийг дэмжиж эхэлж байна.

Ямар хэлбэрээр явуулах вэ гэдэг тал дээр сургууль бүр өөр өөрийн байр суурьтай байна. Бидний санаачилгыг хамгийн анхлан хүлээн авч хамтран ажилласан “Отгонтэнгэр” Их сургуульд бид талархлаа илэрхийлье.

Оюутнуудынхаа хөгжлийн асуудал дээр урт хугацааны алсын хараатай сургууль юм байна гэдэг нь хамтарч ажиллах явцад илүү их мэдрэгдэж байлаа. Ойрын хугацаанд “Cosmo student” сэтгүүл дараагийн сургууль дээр нээлтээ хийнэ гэдэгт итгэлтэй байна.