Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Дийн Уиллиамс: Манлайлна гэдэг нь хүмүүсийн төлөө үйлдэл хийх биш ХҮМҮҮСТЭЙ ХАМТ хийх юм

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 3 сарын 14
iKon.MN
 

JCI Монгол байгууллагын Үндэсний ерөнхийлөгчийн нэрэмжит XIV академийн сургалтууд гуравдугаар сарын 12-13-нд Бэст Вестэрн зочид буудалд болж өнгөрлөө.

JCI байгууллага нь Дэлхийн хэмжээнд 120 гаруй орны 5,000 орчим салбар байгууллагын 18-40 насны 200,000 гаруй идэвхтэй, 1,000,000 илүү дэмжигч гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн залуу удирдагчид, ажил хэрэгч хүмүүс сайн дурын үндсэн дээр нэгдэн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. JCI Монгол байгууллага нь 13 салбартай, 700 гаруй гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Уламжлал болон зохиогддог энэхүү арга хэмжээнд энэ жил нэгэн хүндтэй зочин иржээ. Харвардын их сургуулийн Кеннедигийн сургуулийн профессор Дийн Виллиамс бол дэлхийд манлайллын чиглэлээр шинэ онол боловсруулсан нэр хүндтэй эрхэм юм.

Тэрбээр хоёр өдрийн турш JCI-ийн гишүүдэд манлайллын тухай сонирхолтой хичээл зааж, оюуны хөрөнгө оруулалт хийлээ. Арга хэмжээний үеэр бид түүнтэй уулзаж манлайлал, Монгол орны хөгжлийн гарцын талаар яриа өрнүүлснээ танд хүргэж байна.


-Харвардын тэргүүлэх зэргийн профессор учраас таныг урьж хичээл заалгах сонирхолтой газрууд олон байх. Яагаад Монголыг сонгож, зорьж ирэх болсон бэ?

-Юуны түрүүнд энэ академид багшлахаар уригдсан. Гэхдээ 2002 онд миний нэг шавь Монгол хүн байсан. Тэгээд би Монголд ирж үзье гэж боддог байлаа. Энэ удаад завшаан гарсан учраас ирсэн байгаа.

-Та хоёр өдрийн сургалт хийж байгаа юм байна. Эхний өдрийн хичээл нь жинхэнэ манлайллын талаар байсан. Жинхэнэ манлайлал, хуурамч манлайлал гэж юу вэ?

-Жинхэнэ манлайлал гэдэг нь аливаа асуудал үүсэх юм бол түүнийг гаргаж ирж, шийдэх тал дээр бүтээлчээр хандаж ажиллахыг хэлж байгаа юм.  Эсрэг буюу хуурамч манлайлал нь асуудлыг нуун дарагдуулах хандлагатай байдаг. Гол ялгаа нь энэ.

-Таны өнөөдрийн сургалт ямар сэдэвтэй байв?

-Өнөөдрийн нийгэм манлайлагчдыг өөрчлөлтийн төлөөлөгчид байх шаардлага тавьдаг. Учир нь өнөөгийн нийгэмд манлайлагч хүн аливаа засаг захиргааны нэгж, компанид ямар ч албан тушаал харгалзалгүй манлайллыг үзүүлэх бололцоотой.

Жишээ нь JCI Монгол манлайлагч залуусаас бүрдсэн байгууллага юм. Эд нийгмийн аль ч давхаргад манлайлал үзүүлдэг залуус байдаг юм байна. Ардчилсан нийгэмд үүнийг аль болох дэмжиж байх ёстой.

Ерөнхийдөө хоорондоо уялдаа холбоотой нийгэмд ашиг сонирхлын бүлгүүдийн дундах зааг ялгааг эвдэж, бие биенээ ойлголцож, харилцаа холбооны гүүрийг барьж байх хэрэгтэй. Манлайлагч хүнээс ийм чадвар шаарддаг болсон. Өнөөдрийн сэдэв бол үүнийг хэрхэн, яаж хийх ёстой вэ гэдгийг ойлгуулах зорилготой.

-Таныг олон улсын засгийн газар, томоохон корпорациуд, боловсролын системд судалгаа хийж манлайллын тухай өөрийнхөө шинэ онолыг хөгжүүлсэн гэж сонссон. Та энэхүү онолынхоо тухай мэдээлэл өгөөч. Гол санаа нь юу вэ?

-Аливаа компани, засаг захиргааны байгууллагад удирдагч хүн, манлайлагч хүн хоёрыг нэг ойлголт гэж үздэг. Манлайлагч хүн байна гэдэг манлайллын үйлдэлтэй байхыг хэлнэ. Үүнээс биш захиран захиргаадах эрх мэдэлтэй хүн манлайлагч биш. Эхний суурь ойлголт нь энэ.

Хоёр дахь ойлголт нь хуучны манлайллын арга барил нь өөрийгөө бусдаар дагуулах, хүсэж байгаа зүйлээ хийлгэх байсан бол орчин үед үүний эсрэгээр буюу хүмүүсийг сэдэлжүүлэх, хүсэл эрмэлзлэлийг нь төрүүлэхэд орчин цагийн манлайлал оршино.

Хүүхдээр жишээ авахад та тэднийг бие даасан, чадварлаг болоосой гэж боддогтой адил багийнхнаа тийм байдлаар манлайлах хэрэгтэй.

Одоогийн нийгэмд тулгараад байгаа асуудлууд нэг хүний бүтээлч сэтгэлгээн дээр тулгуурлах боломжгүй. Харин байгууллагаас, нийгмээс, системээс гарсан бүтээлч сэтгэлгээ асуудлуудыг шийдэж чадна. Манлайлна гэдэг нь хүмүүсийн төлөө үйлдэл хийх биш хүмүүстэй хамт хийх юм.

Гурав дахь санаа нь хуучны манлайллын арга нь тухайн хүн өөрийнхөө бүлэг, багийг удирдаад аваад явах байсан бол өнөөдрийн нийгэмд тулгамдаж буй асуудлууд хоорондоо уялдаа холбоотой, нэг бүлэг хүмүүсээс даваад гарчихсан. Тийм учраас зөвхөн өөрийн бүлэгтээ биш бүлэг хооронд манлайлах шаардлага гарч байна.

Зарим асуудлууд нэг улс орныг бус олон улс орныг, магадгүй хүн төрөлхтний шийдэж чадахгүй асуудал байдаг. Тэгвэл хүмүүс шийдлийг нь олоход, бүтээлч байхад манлайлагч хүн туслах хэрэгтэй болсон.

Мөн орчин үед ихэнх тохиолдолд манлайлагч хүн дэлхий нийтийн өөрчлөлтийн зохицуулагч байх шаардлагатай болж байна. Дэлхий маш хурдацтай өөрчлөгдөж байгаа. Тиймээс манлайлагч хүн зөвхөн өөрийнхөө, багийнхаа асуудалд анхаарал хандуулахаас гадна дэлхий нийтийн өөрчлөлтөнд мэдрэмжтэй хандах хэрэгтэй.

Хуучны манлайлал нь илүүтэй овог аймгийн шинэ чанартай, тухайн бүлгийнхнээ хооллох ундлах, аюулгүй, ашиг орлоготой байлгах гэдэгт анхаарлаа хандуулдаг байсан бол одоо зөвхөн өөрийн бүлгийн асуудалд анхаарлаа хандуулаад яваад байх юм бол тэднийг хамгаалж, тэжээж чадахгүй.

"Хөгжил дэвшил бол аль нэг хүний шийдэх ёстой асуудал биш олон манлайлагчдын шийдэх асуудал"

-Монголчууд энэ цаг үед хөгжлийн гарцаа хайж байна. Биднийг хөгжлийн гол саад бэрхшээл нь юу гэж та харж байгаа вэ. Мөн бидэнд ямар манлайлагчид хэрэгтэй вэ?

-Бэрхшээлийг эхлээд томъёолох хэрэгтэй. Ер нь бол дараах зургаан бэрхшээл аль ч улс орон, байгууллага, албан газарт тохиолддог. Үүнийг шийдсэнээр хөгжлийн үүд нээгддэг.

Нэг дэх нь Хөгжил, дэвшлийн бэрхшээл:  Энэ үед үүссэн асуудлыг тухайн бүлэг хүн шийдэх чадвартай болтол нь хөгжүүлэх ёстой. Энэ хөгжүүлэлтийг хийх хүн, баг, хамт олонд энэ төрлийн бэрхшээл байнга тохиолдож байдаг.

Хоёр дахь нь Шилжилтийн бэрхшээл: Хүмүүс хөгжиж дэвшихийн тулд аливаа хуучин арга барил, дадал зуршлаа хаях, магадгүй үнэт зүйлсээ өөрчлөх, сэтгэлгээний арга барилаа солих шаардлага гарна. Энэ нь маш хэцүү үе юм. Монгол Улс он удаан жил нүүдэлчин амьдарсан ард түмэн. Одоо орчин үед хот суурин газарт шилжин амьдрах болсон тул зарим нэг үнэт зүйлс, соёл, дадал зуршлаа хаях шаардлагатай.

Гурав дахь нь Хадгалах хамгаалах бэрхшээл: Зарим чухал зүйлсийг хадгалж, авч үлдэх шаардлагатай байдаг. Монгол Улс эртний түүх соёлтой ард түмэн. Нэг өдөр сэрэхэд л хамаг зүйлээ хаяад, өөрсдийгөө хэн болохыг мартчихсан байх вий. Тийм болохоор хадгалан хамгаалах бэрхшээлийг даван туулахын тулд юуг авч үлдэх ёстойгоо сайн мэдэх хэрэгтэй.

Дөрөв дэх нь Идэвхтний бэрхшээл: Аливаа асуудлыг гаргаж ирж, шийдэх талаар ярилцах, зоригтой дуугардаг байх хэрэгцээ бий. Хөгжихийн тулд энэ заавал хийгдэх ёстой.

Тав дахь нь Хямралын бэрхшээл: Дэлхийн өөр нэг буланд ямар нэг хямрал болоход бидний өдөр тутмын амьдралд нөлөөлдөг болчихсон. Үүнээс болж хүмүүс сэтгэл санаагаар унадаг, гутардаг. Энэ гутралыг даван туулах, хүмүүсийн сэтгэл санааг засах, завь гэж үзвэл завин дээр нь авч үлдэхэд нэг төрлийн манлайлал шаардлагатай.

Зургаа дахь бэрхшээл нь Бүтээлч сэтгэлгээний бэрхшээл: Монгол Улс хөгжихөд маш их бүтээлч сэтгэлгээ шаардлагатай. Үүнд сэтгэн бодох, төсөөлөх, турших чадварууд хэрэгтэй. Мөн аливаа алдаагаа даван туулах чадвар ч чухал юм.

Энэ зургаан төрлийн бэрхшээлийг бүгдийг нь шийддэг хүн байна гэдэг боломжгүй зүйл. Дээрх асуудлыг шийдэхэд зургаан өөр төрлийн манлайлал хэрэгтэй.

Эдгээр манлайлагчдыг Монгол Улс бий болгож чадаж байна уу гэдэг асуудал. Хөгжил дэвшил бол аль нэг хүний шийдэх ёстой асуудал биш олон манлайлагчдын шийдэх асуудал. Ингэж байж улс орны хөгжлийн гарц гарч ирнэ. 

-Ярилцсанд баярлалаа.