Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

Түүхэн баримт: Судар бичгийн хүрээлэнгээс илгээсэн бичиг

МОНСУДАР
2016 оны 2 сарын 5
iKon.MN

Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж байгаа “Монголчууд” цувралын дараагийн боть болох “Монголчууд нийгэм журамд давшин орсон нь” буюу Бүгд найрамдах улсаа тунхагласан 1924 оноос хоршоолох хөдөлгөөн ялсан 1959 он хүртэлх үеийн түүхийг сонирхолтой гэрэл зургийн хамт дэлгэн харуулсан ном тун удахгүй уншигчдын хүртээл болох гэж байна.

Судар бичгийн хүрээлэнгээс Оросын Шинжлэх ухааны академийн байнгын нарийн бичгийн дарга, академич С.Ф.Ольденбургт шинжлэх ухааны талаар харилцаа тогтоох ба тусламж үзүүлэхийг хүсэж илгээсэн бичиг.

1922 оны есдүгээр сарын 2 

Орос Улсын ухаан бүгдийг бүртгэсэн Их хүрээлэнгийн нарийн бичгийн дарга эрдэмт түшмэл Ольденбург таны амгаланг эрж үүрдийн тусламж үзүүлэхийг гуйхын учир. 

Ноднин жил манай Монгол автономит засгийг халж, ардын эрхт хэмжээт засгийг үүсгэн явуулснаас хойш Монгол Улсын Судар бичгийн хүрээлэн байгуулсан уг зорилт болбоос олон боловсорсон улсын хэлээс манай Монгол дор анхан дэлгэрсэн элдэв соёл, эрдэм суртлын зэрэг бичгийг орчуулан дэлгэрүүлж, ард түмнийг жолоодон сурган таниулан боловсруул сугай хэмээсэн боловч хараахан шинэ тутам үүссэн дээр угаас эрдэм сурталгүй түүхий Монгол нэгэн хоёр хүмүүн санаа мэдэн хүрэлцэж дэлгэрүүлэн чадах нь үгүй, энэ хэр дан ганц бага сага сургууль дор хэрэглэх дэвтэр зэргийг тараахыг завдаж буйгаас ангид олон боловсорсон улсын эрдэмтнийг хүсэх нь ундаассан усыг хүсэх мэт бөгөөд эрхэм эрдэмтнийг их түшмэл, яруу алдрыг сонсож хүсэн баярлаж барахгүй.

Одоо үүнээс хойш харилцан санаагаа нэвтрэлцэж үүрд тусламж үзүүлэхийг гуйваас зохих тул учрыг гаргаж хоосон бусын төдий бэлэг болгон Монгол үсгийн Гэсэрийн тууж дэвтрийг болхи захиа дор хамтатган эрхэм их эрдэмтний амрыг эрэх ялдам дор бариулан сонсгон гуйхуй нь. 

Манай Монгол дор холбогдох чухал хэрэглэгдэх Орос, Монгол, Төвөд, Хятад, Энэтхэг хэлний эрдэм соёлын бичиг шаштир ба сонин гайхамшигтай бодис зэргийн дараа дараагаар хүргүүлэн хайрлаж үүрд тусламж үзүүлэн найрамдаж харилцах ажаамуу. 

Хэмээн үүний тул Монгол Улсын Судар бичгийн хүрээлэнгийн эрхэлсэн сайд хэмээх нэрийг барьсан мунхаг эр Жамъян, жич гишүүн буриад Жамсран, мунхаг Дашням нар түмэн газрын холоос ёслов.

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

Монголчууд цуврал

Уг цувралын хүрээнд монгол нутагт хүн амьдарч эхэлсэн цагаас өнөөг хүртэлх түүхийг гэрэл зургаар баяжуулан уншигчдын хүртээл болгох зорилготой бөгөөд  одоогийн байдлаар “Монголчууд XX зууны эхэнд” буюу 1911-1924 он хүртэлх үеийн түүхийг харуулсан нэгэн боть, “Монголчууд XVII-XX зууны эхэн үе” буюу монголчууд Манжийн эрхшээл орсноос эхлээд тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан 1911 оныг хүртэлх үеийн түүхийг өгүүлсэн нэгэн боть хэвлэгдэн гараад байна. Эдгээр номууд нь дан ганц түүхэн гэрэл зургаас гадна архивын баримт материал, эд өлгийн дурсгал зэрэг олон арван ховор нандин баримтуудыг агуулсан.  

“Монголчууд XX зууны эхэнд” 

“Монголчууд XVII-XX зууны эхэн үе”