Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

Б.ЦЭЦЭГ: ХҮН ЮУ ИДНЭ ТҮҮН ШИГЭЭ ХАРАГДДАГ ГЭСЭН ҮГ БИЙ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 11 сарын 2
iKon.MN
Гэрэл зургийг Б.Бямба-Очир mpa.mn

Эрүүл амьдралын хэв маягийг олон түмэндээ сурталчилж, цахим ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг олоод буй нэгэн бүсгүйтэй бид уулзлаа.

Тэрбээр өмнө нь “Хадаг” уран сайхны кино, “Үүлэн үст” дууны клипээр үзэгчидтэй уулзаж байсан бол энэ удаад уншигч та бүхэнд эрүүл хооллолтын тухай мэдээлэл өгч байна.

Жүжигчин Б.Цэцэгийн Ээж болох бэлтгэл фэйсбүүк хуудсанд зочлоогүй хүн цөөн байх. Тэрбээр энэхүү хуудсаараа дамжуулан эрүүл, зөв амьдралын хэв маягийг бий болгох хүсэлтэй хэн бүхэнтэй уулзаж, дотны зөвлөгч нь байж, үлгэр жишээ болдог билээ.


-Та ойрд их завгүй ажиллаж байх шиг байна. Телевиз, сайтын ярилцлага, олон нийтийн үйл ажиллагаа, сургалт гэх мэт. Таны нэг өдөр хэрхэн өнгөрч байна даа?

-Өглөө босоод л хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөхөөс эхлээд зөндөө их ажилтай байдаг. Мөн хувийн компаниудын PR дээр ажиллаж төсөл бичдэг. Илүү цаг заваараа эрүүл хоолны бичлэг, хүмүүсийн асуултад хариулах гэх мэтээр өдрийг өнгөрөөж байна. Сүүлийн үед хэвлэлийнхэнтэй их уулзаж байна. Оройдоо фитнесдээ явна.

-Фитнессээр хичээллэж байгаа юм уу. Хичээллээд хэр удсан бэ?

-Хичээллэж байгаа. Анх долоодугаар ангид байхдаа “Хар ирвэс” гээд фитнес төвд явж эхэлж байсан. Ер нь багаасаа фитнесээр хичээллэж эхэлсэн гэж хэлж болно. Гэхдээ тамирчин болтлоо хөгжөөгүй. Зүгээр л фитнесээр хичээллэх дуртай хүүхэд байсан. Одоо ч гэсэн явах их дуртай, түүнээсээ их кайф авч тайвширдаг.

-Долоодугаар ангиасаа хичээллэж эхэлсэн гэхээр их бага байсан санагдаж байна. Ер нь ийм бага наснаасаа фитнесээр хичээллэх нь зөв үү, буруу юу гэсэн эргэлзээ байдаг?

-Хүмүүс яг тэгэж асуудаг юм. Фитнесд явбал миний шилбэ бүдүүрэх үү гэж охидууд байнга асууна. Хэзээ ч тийм юм байхгүй гэж хэлмээр байна. Хүмүүс фитнесийг аймар хүнд төмөр өргөнө л гэж ойлгодог. Гэтэл тийм биш. Хүндийн өргөлт, cross fit гэх мэт өөр өөр төрөл бий.  Хөдөлгөөн хүнд хэзээ ч илүүддэггүй шүү дээ.

Хүн биеийнхээ онцлогийг маш сайн харж байх ёстой. Аль булчиндаа ямар дарааллаар, ямар дасгал хийвэл зүгээр вэ гээд хийвэл үр дүнтэй байх жишээтэй.

Мөн өсөлт зогсох уу гэж асуудаг. Тийм ойлголт байхгүй гэж бодож байна. Би 170 см өндөртэй. Тухайн үед би жаахан л охин байсан. Тэгэхээр фитнес, gym-д явлаа гээд буруудахгүй, харин ч өв тэгш биетэй болоход их тустай гэж боддог.  

-Фитнесээс гадна загварын агентлагт явж байсан гэсэн үү?

-Зургаадугаар ангид манай ээж намайг хэтэрхий эршүүд болохоор загварын агентлагт явуулчихсан. Тэнд ороод үсээ ургуулаад, эмэгтэйлэг болж эхэлсэн. Загварын агентлагаас фитнесд явах зөвлөгөө аваад анх явж байсан юм.

-Эршүүд байсан гэхээр итгэмээргүй санагдаж байна?

-Миний ааш зан ерөнхийдөө хээгүй. Эмэгтэй хүмүүс ялдам, гоё байж чаддаг ч би тэгэж чаддаггүй, эршүүд. Ямар ч зүйлийн эвийг нь олоод хадаад, наагаад, зөөгөөд гүйчихдэг. Хумсаа хумихаад суух дургүй талдаа гэх үү дээ. Хар бор ажил сайн хийдэг. Хүнтэй чөлөөтэй харьцаж чаддаг. Гадаад үзэмжнээсээ эмэгтэйлэг харагдах л байх. Гэхдээ яриад үзэх юм бол илүү шударга, элдэв ааш маяг гаргаж суух дургүй, бодсон санаснаа чөлөөтэй илэрхийлчихдэг тал руугаа.

-Зурагнуудыг чинь харахаар харин ч ялдам харагддаг?

-Хүмүүс харьцаад үзэхээрээ “Өө чи ийм байсан юм уу” гэдэг ш дээ. /инээв/

-PR төслүүд дээр ажиллаж байгаа гэж түрүүн хэллээ. Таны үндсэн мэргэжил яг юу вэ?

-Олон улсын худалдаа, банк санхүүгийн чиглэлээр АНУ-д төгссөн. 2013 оноос хойш PR төслүүд дээр ажиллаж эхэлсэн. Энэ нь надад их зохицдог. Нэг үгээр хэлэхэд сонирхлыг маань татаж чаддаг ажил байгаа юм.

Учир нь би өөрөө олон нийттэй харилцах ажилдаа илүү дуртай. Юмыг яаж олон нийтэд хүргэх вэ, яавал гарцтай байх вэ гэх мэт.

ХҮН БҮРТ ХҮРЧ АЖИЛЛАХЫН ТУЛД СОШИАЛ ЕРТӨНЦИЙГ АШИГЛАДАГ

Гэрэл зургийг Б.Бямба-Очир mpa.mn

-Таныг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлах ажил дээрээ PR-ын чадвараа сайн харуулж байна гэж хараад байгаа. “Ээж болох бэлтгэл” фэйсбүүк хуудсаар дамжуулан өгч байгаа мэдээлэл чинь олон нийтэд маш сайн хүрч байна. Анх хэзээнээс эрүүл хооллож эхэлсэн бэ?

-АНУ-д байхад миний сурч байсан сургууль nutritionist буюу шим судлалаараа улсдаа эхний аравт багтдаг байсан. Мөн хамт амьдардаг байсан найз маань шим судлалын чиглэлээр сурч байсан юм.

Би АНУ-д очоод хэт жин нэмчихсэн. Фитнесд дуртай ч хоолоо зохицуулж чаддаггүй байсан байх нь. Тэгээд нөгөө хүнээсээ шим судлалын тухай анх сонсоод 2008 оноос хойш судалж эхэлсэн.

Хооллолт гэдэг юм хүний биед ямар хэрэгтэй байдаг, юуг идвэл таргалдаг, турдаг, булчин яавал хөгждөг гэх мэт олон зүлйсийн талаар мэддэг болж эхэллээ. Үүнээс хойш сонирхлоороо судалсаар 2011 онд тодорхой хэмжээний мэдлэгтэй болчихсон байлаа. Тэр үеэс эрүүл хооллолтыг сонгосон гэж хэлж болно.

PR хийх гэхээсээ илүү би бусдад багахан суралцсан зүйлээ яаж үнэгүй, хүртээмжтэй аргаар хүргэж болохыг л анзаарсан. Түүнээс нэр алдар хөөж энэ бүхнийг эхлүүлээгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүн бүрт хүрч ажиллахын тулд сошиал ертөнцийг ашиглан цаг хугацааны хязгааргүйгээр хүссэн хүндээ хүртээмжтэй хүрч чадаж байна. Мөн хэнийг ч гуйхгүйгээр гэдэг нь давуу тал юм даа.

-Хүмүүст энэ талын мэдлэг мэдээллийг өгөх зорилго, шалтгаан юу байсан бэ?

-Маш олон хүний номыг судалж, зөвлөгөө уншсаны дараа илүү сонирхолтой болж эхэлсэн. Миний хувьд энд бизнесийн ямар ч зорилго байхгүй. Буруу ойлгож байгаа хүмүүс байдаг байх. Зарим хүмүүс 30 мянган төгрөгөөр лекц уншдаг гэж шүүмжилдэг. Би тэр тасалбарын үнээр заалаа түрээслэх, проектороо бэлдэх гэх мэт зардалдаа зарцуулна.

Нэг дор 30-50 хүн л авдаг. Илүү хүн авахаар тулж ажиллаж чаддаггүй. Заавал олон хүн цуглуулж мөнгө олох гэсэндээ биш яавал энэ хүнд сайн хүрч, сэтгэл өөдрөг алхахад нь туслах вэ гэдгээ боддог.

Хэрэв би бизнес болгоё гэж бодсон бол арай өөр юм хийгээд явж байх байсан биз.

Гол нь хүмүүст тусламаар байна.

Хүний гар дээрээс элдэв бэлдмэл авч байхын оронд ингээд хоолло, энэ чинь ийм учиртай, танд тустай  гэдгийг л хэлмээр байгаа.

ЭМСЯ-наас нэг хүн идэх ёстой хоолны хэмжээ гэх мэт статистик судалгаанууд гарчихсан байдаг.

Монголд хүүхдүүд хэт таргалалттай, маш жаахан хүүхдүүд сахарын өвчтэй, хүмүүс давсны хэрэглээгээ хянаж чадахгүй гэх мэт олон асуудал байна. Эм тан гэхгүйгээр идэж байгаа хоол, аав ээжтэй нь тулж ажиллах ёстой юм шиг санагддаг. Ерөнхий боловсролын системд эрүүл хооллолтын талаар түлхүү оруулах хэрэгтэй гэж боддог.

Намайг жаахан байхад ерөнхий боловсролын системд бзхө, бэлгэвчийг яаж хэрэглэх тухай ордог байсан. Яг үүнтэй ижил эрүүл хооллолтын талаар яагаад орж болохгүй гэж.

-Гадны орнуудад эрүүл хооллолтын талаар хүүхдүүдэд хичээл заадаг юм уу?

АНУ болон бусад өндөр хөгжилтэй орнуудын хүүхдүүдээс чипс чамд муу юу гээд асуухад муу гэж нэг дуугаар хэлж байна. Гаазтай ундаа муу юу гэхэд мөн л адил муу гэж хэлж байна.

Аав ээж нь хүүхдүүдэд муу гээд хэлж байгаа ч хүүхдүүд багшийн хэлсэн үгийг арай өөрөөр хүлээж авна. Тайлбарлах арга зүй нь ч гэсэн өөр байдаг. Тэгэхээр энэ асуудлыг БСШУЯ Эрүүл мэндийн хичээл дээр заавал тусгаж өгөөсэй гэж би хүсдэг. Яагаад гэвэл энд хүүхдүүдийн эрх ашиг, ирээдүйн асуудал хөндөгдөж байна.

-Та эрүүл хооллолтын талаар хүмүүст их мэдлэг өгдөг. Мэдээлэл өгөхөөс гадна өөрийн биеэр үр дүнг нь харуулж чадсан?

-Маш олон хүн фэйсбүүк хуудсанд маань нэгдсэн байдаг. Анх хуудсаа эхлэхдээ би нэг ч лайкгүй, жирэмсний хоёр сартай байсан. Хүмүүсийн нүдэн дээр 11 мянган лайктай байхдаа төрсөн. Тэр үед намайг ямар байж байгаад ямар болтлоо бүдүүрч, таргалсныг мэдэж байгаа. Эргээд жилийн хугацаанд яаж турсныг ч мэдэж байгаа.

Тэгэхээр энд хэн нэгнийг хуураад байх юм байхгүй, хоёрдугаарт ямар нэг юм зарах гээд байгаа юм биш. Зөвхөн эрүүл хооллолтоор хүн яаж эрүүлжиж болдог, яаж жингээ хаяж болдгийг хуваалцаж байгаа. Энэ нь бүсгүйчүүдэд маш их тус хүргэдэг. Тэд маань байнга л баяртайгаар хүлээн авч байна.

Гуравдугаарт эрүүл хооллолтын талаарх ойлголт, зөв хоол зүй монголд хараахан хөгжөөгүй байна. Зөв хооллоно гэхээр үнэтэй гэж боддог. Тэгээд юунаас эхлэх, юу нь хүний эрүүл мэндэд сайн бэ гэдгийг хуваалцах үнэхээр сонирхолтой байдаг. Үүндээ ч дуртай. Яагаад гэвэл бусдад тусална гэдэг муу зүйл биш шүү дээ.

ВИДЕО:

 

-Та 128 кг-аас 58 кг хүртэл хассан байна лээ. Бодоод үзэхэд биеийн жингийнхээ талаас илүүг хаячихсан байгаа юм. Хэр хэцүү байсан бэ?

-Би өөр эмнэлэгт байж байгаад төрөхийн хүндрэлээс болоод эх нялхаст очсон. Эх нялхсын үүдээр ороход 128 кг жинтэй, тэргэнцэр дээр суух гэтэл багтахгүй байсан. Хөдөлж болохгүй болохоор намайг өргөхөд хоёр эмэгтэй сувилагч даахгүй байсан л даа.

Эх нялхсынхан маань намайг маш сайн амаржуулж, хаванг маань хөөж гаргасан юм. Төрснийхөө дараа 19 хоног эмнэлэгт хэвтсэн. 113 кг жинтэй эмнэлгээс гарч ирээд эхний дөрвөн сар хөхөндөө сүү оруулна гэж хүссэнээрээ идэж байлаа. Хүмүүс таргалчихаж гэж хэлж байхад тухайн үедээ эмзэглээд л өнгөрдөг байсан болохоос ойлгодоггүй байсан.

Тэгээд өөрийгөө толинд хараад турах алхмаа хийж эхэлсэн. Хамгийн түрүүнд сэтгэл санааны бэлтгэлтэй байж, юу идэх ёстойгоо мэддэг байх ёстой. Тэр мэдлэг маань надад байсан учраас эхлээд хооллолтоо сольж эхэлсэн. Ингэхэд тэвчээр маш их хэрэгтэй.

Жин эрүүлээр хасна гэдэг бол их хөдөлмөр, тэвчээр

Жин эрүүлээр хасна гэдэг бол их хөдөлмөр, тэвчээр. Хүмүүс хурдан хугацаанд 10, 20 кг-аар хасах гээд байдаг. Хэзээ ч тийм юм байдаггүй. Хэрэв тэгж байгаа бол эрүүл бусаар жингээ хасаж байна, дараа нь хор хохиролтой гэдгийг ойлгох ёстой.

Хүмүүст би хоолоо заавал ид, турах гэж байгаа тохиолдолд өлсөхгүй байх ёстой, тэгвэл эрүүл байна гэж их зөвлөдөг. Их мундаг хүлээн авч, урамтай явж байгаа хүмүүс бий. Энэ хүмүүс цаашдаа гэр бүлдээ нөлөөлж чадна. Миний хэлж байгаа зүйлс хүмүүст амьдралын хэв маяг, мэдлэг болж очоосой гэж боддог.

-Жингээ хасахдаа хөдөлгөөнийг хослуулсан уу?

-Эрүүлжинэ гэдэг бол 99 хувийн хооллолт, нэг хувийн хөдөлмөр байдаг. Хүмүүс дандаа буруу хийдэг. Фитнесд яваад үр дүнд хүрэхгүй байгаа хүмүүстэй их таарч байсан. Хооллолтоо орхиод зүгээр л “үсрээд” байвал үр дүн гарахгүй. Гэртээ очоод хассан хэмжээгээ хоолноосоо нөхөж аваад байна гэсэн үг шүү дээ. Хоолоо зохицуулчихаад фитнесдээ явбал асар үр дүнтэй байдаг.

Тухайн үед би өдөр бүр гэртээ 30 минут эрчимжүүлсэн дасгал хийдэг байсан. Уйлаад, гутраад, өөрийнхөө биеийг даахгүй үсэрч цовхроод дасгалаа хийдэг байсан. Бүдүүн хүн гүйхэд их хэцүү байдаг. Тэгээд эрчимтэй турж байгаад 74 кг дээр гурван сар гацсан. Гацахдаа яах ёстойгоо ойлгохын тулд ахиад л уншиж эхэлж байгаа юм. Тэгээд аргыг нь олсон. Үүнийгээ би хүмүүстэй хуваалцдаг юм.

Би эм тан болон тураах бэлдмэл огт хэрэглэхгүйгээр жингээ хаяж байхад бусад маань яагаад болохгүй гэж. Хуваалцах хэрэгтэй шүү дээ. Чимээгүй сууна гэдэг амиа бодсон хэрэг болно. Маш олон охид, бүсгүйчүүд таргалах гэдэг айдастай өдөр бүр нүүрр тулдаг. Тэгэхээр үүнээс насаараа айж явах уу эсвэл айдасгүй, амьдралынхаа хэв маягийг өөрчлөөд үзэх үү гэдэг асуудал гарч ирдэг юм.

-Урьд нь дэлгэцийн бүтээлд оролцдог байсан бүсгүй огцом таргалахад сэтгэл санааны байдал ямар байсан бэ. Сэтгэл санааны хүндрэлээ яаж даван туулав?

-Би ажлаа хийгээд таргалаад л яваад байсан. Аягүй өлсгөлөн болчихсон, их хэмжээний хоол иддэг. Өөрийгөө буруу эрхлүүлсэн гэж хэлж болно. Жирэмсэн болчихсон юм чинь хүссэнээрээ идье гээд л идсэн. Хамгийн эрсдэлтэй үедээ хор идсэн болохоор шанг нь хүртэж үхлийн ирмэг дээр ирчихээд буцсан юм. Би одоо жирэмсэн хүмүүст хоёр хүн тээж байгаа гээд хоёр дахин идэж болохгүй гэж анхааруулдаг. Идэх ёстой хэмжээгээрээ ид. Урьд нь ердийн хооллодог байсан бол жирэмсний үедээ урагтаа анхаарч, эрүүл, зөв хоол сонгож идвэл маш сайн.

Таргалаад явж байхад сэтгэл санаа их хүнд байсан. Нэг ч хувцас, оймс хүртэл таарахгүй ээжийнхээ хувцасыг өмсөөд л. Аягүй их гутарч, хүмүүстэй уулзахгүй зугтдаг байлаа. Олон нийтийн үйл ажиллагаанд бүр оролцохгүй.

Тэгээд тэмцэх ёстой гэдгийг сайн ойлгосон. Хамгийн гол нь зөв шартай байх ёстой. Амьдралын алхам бүр тэмцэл. Та өөрийнхөө төлөө тэмцэж чадахгүй, өдөртөө 30 минутыг гаргаж чадахгүй байна гэдэг бол та өөрөөсөө урвасантай адил. Маш сайн тэмцэж, өөрийнхөө хуучин зургууд, гоё байсан үеэ хар. Өөрийгөө урамшуулж бай. Өөрийгөө хөөрхөн байна гэж байнга хэлж байх ёстой. Тэгэхээр зөв шар хүрч үр дүнд хүрнэ. Мөн өөртөө үнэнч байх хэрэгтэй.

ӨДРИЙН ХООЛНЫ ХАМГИЙН ИХ ХЭМЖЭЭТЭЙГ 11:00 ЦАГТ ИДЭХ ЁСТОЙ

Гэрэл зургийг Б.Бямба-Очир mpa.mn

-Эрүүл хоолны талаар илүү дэлгэрэнгүй ярилцъя. Монголд эрүүл хооллох бололцоо бий юу. Бид эрүүл хооллохын тулд хамгийн түрүүнд юуг хоолондоо нэмж, юуг хасах хэрэгтэй юм бэ?

-Эрүүл хооллоно гэдэг нь дан ганц нэг төрлийн хоол идээд байна гэсэн үг биш. Маш олон төрлийн хоол байдаг. Монголд ч ялгаагүй олдоц ихтэй. Зоогийн газар, гуанзанд ороод өөрийнхөө идэх ёстой хоолыг зөв сонговол зөндөө хоолнууд байдаг.

Эрүүл хооллолтыг хүмүүс их үнэтэй гэж боддог. Томоохон супермаркетууд үнэтэй байдаг болохоор би Барс зах юм уу Хархорин ороод хүнсээ цуглуулчихдаг. Мөн зуны цагт үзэсгэлэн худалдаанаас хямдхан монгол ногоонууд авдаг.

Килограмын үнийг нь асуухаар нөгөө нарийн ногоонууд чинь арав, хорин мянга гээд үнэтэй болоод явчихна. Нарийн ногоонууд хөнгөн чанарын байдаг болохоор бага мөнгөөр их хэмжээтэй авч болно. Граммаар нь авбал илүү хямд тусдаг.

Эрүүл хооллоход юун түрүүнд илүү хэрэглээ буюу гаазтай ундаа, жүүснүүдийг хасах хэрэгтэй. Мөн гурил, гурилан бүтээгдэхүүн, будаа, төмсөө хасах ёстой.

-Бор будаа хэрэглэж болохгүй гэж үү?

-Бор удаа, гурвалжин будааг бага хэмжээгээр идэж болно. Хас гэдэг нь хэрэглээгээ багасга гэсэн үг. Тэгэхээр таны нүүрс усны хэмжээ багасна гэж санаа зовж байгаа бол гарын алгаараа хэмжиж болно. Сайн чанарын нүүрс ус авъя гэвэл өдөртөө атгасан гар шигээ хэмжээтэй гурвалжин будаагаа иднэ гэсэн үг.

Сайн чанарын уураг идье гэвэл тахианы цээж мах, үхрийн гол мах, загаснаас зэрэг бүтээгдэхүүнийг дэлгэсэн гар буюу алганыхаа хэмжээтэйг иднэ гээд бодчих. Иймэрхүү хэмжигдэхүүнүүд маш их байдаг.

Өдрийн хоолны хамгийн их хэмжээтэйг 11:00 цагт идэх ёстой. Энэ хоолны 30 хувь нь мах, 70 хувь нь хүнсний ногоо байх хэрэгтэй.

Хүмүүс жимс жимсгэнийг таргалуулахгүй гэж боддог ч үгүй юм. Жимч мөн адил их хэмжээний сахар агуулдаг шүү дээ. Нэг дор нэг юмыг их хэмжээгээр идвэл таргалуулахгүй гэж бодож байсан юм чинь харвин болж очно гэдгийг мартаж болохгүй. Тэгэхээр сахарын хэмжээг ихэсгэнэ л гэсэн үг.

Бүх юмыг баланстай идэх ёстой. Ингэж чадвал эрүүл хооллох алхамыг хийж эхэлж байна гэж ойлгож болно.

Америкчуудын хэлдэг “Хүн юу идэж байна, яг түүн шигээ харагддаг” гэсэн үг бий.

-Эрүүл хооллохоор шийдсэн хүмүүс юун дээр хамгийн их “гацдаг” вэ?

-Хамгийн амархан буюу хоол хийх хэсэг дээрээ гацдаг. Би дөрвөн төрлийн хоолыг 30 минутад хийчихдэг. Яагаад гэвэл эрүүл хооллож байгаа хүмүүсийн идэж буй нарийн ногоонууд маш хурдан болдог. Зүгээр хутгахаасаа илүүтэй зохицлыг нь тааруулах хэрэгтэй. Алийг алинтай нь хольвол гоё вэ, яаж амтлах вэ гэх мэт. Хүн давс перец хэрэглээд сурчихсан байдаг шигээ нарийн ногоог гаргууд сайн хэрэглэж сурах хэрэгтэй.

Хоол хийх дээрээ гацаж ерөөсөө болохгүй. Хамгийн энгийн зүйл чинь хоол хийх байдаг. Үүнийгээ маш сайхан хөгжүүлж, интернэтээр мэдээлэл авах нь чухал.

Өөрөөр хэлбэл бид анхдагч биш учраас дэлхий дээр эрүүл хооллолтыг судалдаг хэдэн сая хүнээс суралцах нь чухал. Яг над шиг. Би энэ хүмүүсээс сурч, “монголчлоод” хүмүүст үзүүлж байна.

Хүмүүс өөрөө сайн судлаач байх хэрэгтэй. Ингэж чадвал амьдралын хэв маяг болгох гээд байгаа зүйл чинь сонирхолтой болж эхэлнэ.

Монголд шинэ зүйл яриад байгаа юм шиг санагддаг боловч гадны орнуудад энэ бол амьдралын хэв маяг болчихсон зүйл. Эрүүл хооллолтын ресторан, органик бүтээгдэхүүн зардаг дэлгүүрүүд байдаг.

Монголд одоо л хүмүүс идэвхжиж эхэлж байгаа. Миний хуудсыг дагадаг хүмүүсийн тавь орчим хувийг 25-39 насныхан эзэлдэг. Бид нар социалист нийгэмд амьдарч байсан, төмс, гурил, будаа идэж өссөн, картын барааны хүүхдүүд. Гэхдээ бид шинэ үе ирж байгаа учраас үр хүүхдүүдээ яаж хооллох вэ гэдэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тэр хүүхдийн ирээдүй, эрүүл амьдрах нь ээжийн гал тогоогоо хэр удирдсанаас хамаарна гэдгийг ойлгох нь чухал.

Хүн гоё юм идье гэж боддог шигээ яагаад эрүүл юм идье гэж болохгүй гэж. Энэ бол хүн болгоны сонирхлыг татахаас өөр аргагаүй сэдэв л дээ.

Өөрөө сонирхоод, судлаад байвал илүү үр дүнд хүрнэ гэж хэлмээр байна.

-Та эрүүл хооллолтынхоо мэдээллийг өгч, энэ ажлаа цаашид үргэлжүүлэх байх. Үүнээс гадна ахиж кинонд тоглох уу. Ямар төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Надад энэ тал дээр их хүсэлт ирдэг. Гэхдээ би одоохондоо хүлээн авч чадахгүй. Яагаад гэвэл би найруулагч, зохиол, хамтран ажиллах багийг нь маш сайн хардаг.

Яг одоо миний чин хүсэл зориг жүжигчин байх биш. Зүгээр л сайхан элэг бүтэн амьдрах, урдах юмаа цэгцтэй хийе, бусдад тустай амьдаръя гэдэг л одоо миний чин хүсэл зориг болоод байна.

Гэхдээ байж болохыг үгүйсгэхгүй.

Одоогийн хийж байгаа ажлаараа би хүмүүсийг хүндэтгэлийг маш их хүлээж байгаа. Энэ хүмүүстээ би маш их баярладаг.

Надаас илүү их зүйл мэдэхийг хүсэж, зөвлөгөө авах хүсэлтэй хүмүүст туслахыг үргэлж хичээнэ. Энэ хүмүүс миний мэдэхгүй асуултуудыг ч тавьдаг. Асуултад нь хариулахын тулд би өөрөө ахиад судалж, мэдлэгээ тэлж байна. Тэгэхээр суралцсанаа илүү хуваалцаж байгаа болохоор ахиад надаас хүмүүс юм асуугаасай гэж хүсдэг.

Амьдралын туршлага хүнд асар том өв хөрөнгө болж ирдэг. Өдөрт 200-300 хүн надаас юм асуудаг. Арван хоногийн өмнө юм асуусан хүнд арав хоногийн дараа хариулж байх жишээтэй.

Мөн үүнээс гадна эмэгтэй хүний хамгийн их эмзэглэж явдаг зүйл бол гоо сайхан. Үүнд нь би туслахыг хүсдэг. Хүн болгон сайхан төрөх албагүй ч өөрөө хичээсний үр дүнд хүн болгон сайхан харагдаж болно шүү дээ. 

Хамгийн гол нь би энэ мэдээллээ хэнээс ч гуйхгүйгээр түгээж, хүмүүст хүрч чадаж байгаадаа их баярладаг. Сошиал гэдэг гайхамшигтай ертөнцөөр.

-Цаг зав гаргаж, сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа.