Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Ямар гэр бүлүүд санхүүгийн дарамттай учирдаг вэ?

ikon.mn
2014 оны 9 сарын 9
iKon.MN

“National Life” амьдралын даатгалын компани Улаанбаатар хотын 1,500 гэр бүлийг хамарсан “Гэр бүлийн санхүүгийн байдал, өрхийн төсвийн орлого, зарцуулалтын судалгаа”-г явуулж үр дүнг танилцууллаа. 

Судалгааны дүнгээс харахад гэр бүлийн дундаж орлого 1,5 сая төгрөг байгаа ба тэдний 46 хувь нь одоогийн орлого амьдралд хүрэлцдэггүй гэсэн хариултыг өгчээ.

Түүнчлэн өнөөгийн эдийн засгийн  байдал нийт өрхийн 73 хувьд нь шууд нөлөө үзүүлдэг бөгөөд цаашид орлогоо өсгөхийн тулд цалин урамшууллаа нэмэгдүүлэх, давхар хөдөлмөр эрхлэх, мөнгөн хуримтлал үүсгэх нь зүйтэй гэж үзсэн байна. 

Нийт судалгаанд хамрагдсан гэр бүлийн 37 хувь нь эд хөрөнгө худалдаж авах, 34 хувь нь орон байр хөлслөх болон худалдаж авахад, 12 хувь нь хүүхдийн сургалтын төлбөр зэрэгт үндсэн орлогоос гадуурх санхүүгийн нэмэлт эх үүсвэр шаардагддаг хэмээн хариулжээ.

Санал асуулгын дүнгийн дагуу гэр бүлд гэнэтийн зардал үүссэн тохиолдолд зээл авах, эд хөрөнгөө барьцаалах замаар шийдвэрлэдэг байна. 

Тухайлбал, судалгаанд оролцогчдын:

  • дийлэнх буюу 42 хувь нь цалингийн болон бусад зээлэнд хамрагддаг 
  • 33 хувь нь ойр дотны хүмүүсээс зээлэх, 
  • 12 хувь нь ломбардад эд  хөрөнгөө барьцаалах замаар гэнэтийн зардлаа шийдвэрлэдэг гэжээ. 

Мөн өрхийн хуримтлалдаа сард дунджаар 80,000 төгрөгийг нэмдэг гэсэн үр дүн гарсан нь сүүлийн жилүүдэд мөнгөн хуримтлалын ач холбогдол нэмэгдэж байгааг харуулж байна.    

Түүнчлэн судалгаанд оролцсон таван гэр бүл тутмын нэг нь л санхүүгээ тогтмол төлөвлөдөг гэснээс харахад өрхийн төсвөө тооцоолдог байх шаардлага буйг илтгэж байна. Ийнхүү өрхийн санхүүгээ урьдчилан төлөвлөөгүйгээс шалтгаалж гарах гэнэтийн зардал (72%) нь гэр бүлийн маргаан үүсэх гол шалтгаан болдог ажээ. 

Даатгалын тухайд нийт өрхийн 77 хувь нь жолоочийн хариуцлагын, 48 хувь нь тээврийн хэрэгслийн, 30 хувь нь орон сууц эд хөрөнгийн даатгалд хамрагдсан байгаа боловч эдгээр баялгийг бүтээдэг өөрийнхөө амь насыг ердөө 13 хувь нь даатгуулсан гэсэн харамсалтай дүн гарсан байна. 

Дээрхээс дүгнэвэл иргэд өрхийн санхүүгээ төлөвлөж чадаагүйгээс үүдэн хүүхдийн сургалтын төлбөр, эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээний зардал зэрэг гэнэтийн зүйлд бэлтгэлгүй байдаг аж. Улмаар эдгээр асуудал хүндэрч гэр бүлд мөнгө санхүүгээс үүдэлтэй маргаан үүсэх үндэс болдог байна. 

Тиймээс аливаа тооцоологдоогүй санхүүгийн эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд өрхийн хуримтлал бий болгох, даатгалын хамгаалалт авах зэрэг санхүү төлөвлөлтийн хэрэгслүүдийг тогтмол ашигладаг байх шаардлага гэр бүл бүрийн өмнө тулгарч байна.  

ИНФОГРАФИК: