Зураг
Зураг
Индэр    
2017 оны 1 сарын 11
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

СУДАЛГААГҮЙ улсын ШИЙДЭЛГҮЙ ерөнхийлөгч

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Нэг. ӨНГӨРСӨН ХУГАЦААНД УТААНЫ ЭСРЭГ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ӨӨР АЖИЛ ХИЙСЭН ХҮН БАЙСАНГҮЙ ЮУ?

Ерөнхийлөгч өнөөдөр агаарын бохирдлын эсрэг хийсэн ажлаа хэллээ, ярилаа. Тэгвэл хийсэн ажлынх нь үр дүн хаана байна гэсэн сэтгүүлчдийн асуулт болгоныг "Одоо бид улстөржихгүй ээ. Хэн нэгнийг шүүмжлэхгүй ээ. Бүгдээрээ нэг асуудал дээрээ тогтоё" гэх үгсээр хэвлэлийнхний "амыг" хаахаар өнөөдрийн уулзалтаа бэлджээ. 

Өмнөх ажлаа дүгнэхгүйгээр бид урагшаа алхах гэж үү. 

Өнгөрсөн таван жилийн хугацаанд буюу 2011-2015 онд нийт 132.5 тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан байна. Үүний үр дүнг олон нийт, хэвлэл мэдээллийнхэн байнга л эрж хайж, сурвалжилж ирсэн. 

Энэ хөрөнгөөр сайжруулсан зуух тарааж, утаагүй түлшний үйлдвэрлэлийг дэмжсэн. Нийт гэр хорооллын иргэдийн 90 орчим хувь буюу 176 мянган өрхөд сайжруулсан зуух тараасан хэдий ч судалгаагаар зарим хороодод сайжруулсан зуухны хэрэглээ дөнгөж 20 хувьд ч хүрэхгүй байгааг iKon.mn төдийгүй бүхий л хэвлэл мэдээллийнхэн сурвалжилсан мэдээлсэн. 

Тэгэхээр энэ мөнгө үр дүнгээ өгсөн үү, эс өгсөн үү гэдгээр асуудлыг эхлүүлсэн, санаачилсан хүн Ерөнхийлөгч та өөрөө юм бол түүнийгээ бидэнд тайлагнаач, улмаар дараагийн арга замаа МЭДЭГДЭЭЧ. 

Ард түмэндээ Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл нь  байна уу,  Ерөнхийлөгч нь байна уу, Ерөнхий сайд нь байна уу өмнөх ажлынхаа үр дүнг албан ёсоор  тайлагнаж, хийсэн ажлын тань үр дүн гараагүй бол УУЧЛАЛТ ГУЙЖ ОГЦРООЧ.

Өмнөх ажлаа бид яагаад ярих ёстой вэ гэвэл дахиад л ирэх жилүүдэд буюу богино хугацаанд хэрэгжүүлэх гэр хорооллын эрчим хүч, дэд бүтцийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээнд ойролцоогоор 100,0 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардагдах талаар Ерөнхий сайд өчигдрийн ҮАБЗ-ийн хуралд мэдэгджээ. 

Тэгвэл бид дахиад  100 тэрбум төгрөг зарцуулаад ч утаанаас салаагүй байх тэр цагт бид яах ёстой вэ. Ирээдүйд дахин эрсдэл хийхгүйн тулд өмнөх асуудлыг улсаараа шүүж, хариуцлага хүлээх хүмүүс нь хүлээх ёстой билээ. 

Хоёр. Дахиад л өмнөх зам руугаа орох вий?!

Шинэ Засгийн газрын Шөнийн тарифийг тэглэх нь утааг нэг жил, хоёр жил, таван жилийн дараа хэдэн хувиар бууруулах вэ, нийт яндангийн хэдэн хувийг устгах вэ, агаар дахь хорт нэгдлүүдийг хэдэн хувиар бууруулах вэ гэсэн нэг ширхэг судалгааг хэвлэлийнхэн хайгаад хайгаад олсонгүй. Шөнийн тарифт тоолууртай 110 мянган өрхийн хэдийнх нь янданг 100% устгах вэ?

Нэгэнт бидэнд ямар ч судалгаа, нотолгоо байсангүй учир бидний шийдэл өөрөө байгаа онож чадахгүй байгааг өнгөрсөн 15 жилийн хугацаанд харлаа. 

Дээрээс нь өчигдөр болсон Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Зөвлөмжийг та бүхэн хараарай. 

Орчны бохирдол гамшгийн түвшинд хүрснийг өчигдөр л анх удаа төр албан ёсоор хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Ерөнхийлөгч асуудал шийдэгдэхгүй байгаа нь иргэдийн, хэвлэл мэдээллийнхэн, улстөрчдийн сэтгэлгүй байдлаас болсон гэв. Яг үнэндээ Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийг ингэж хурд авхуулахад хүргэсэн нь иргэд шүү дээ. Иргэд жагсаж, амтай, хэлтэй болгон нь олон нийтийн сүлжээгээр идэвхжсэний л үр дүн шүү дээ. 

ҮАБЗ-ийн Зөвлөмжөөс авах  ердөө хоёр л гол зүйл байх.  Нэгт. ТӨР ЗАСАГ ЭНЭ АГААР, УС, ХӨРСНИЙ БОХИРДОЛ гамшигт хүрснийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн явдал байв. Хоёрт. Энэ асуудлаар зөвлөл ядаж улирал бүр хуралдах. Түүнээс тэр зөвлөмж дээр байгаа бүх л зүйлсийг хэвлэл мэдээллийнхэн, энэ төр засгийнхан үеийн үед ярьсаар, хэлсээр ирсэн хэдэн шийдэл л байна. 

Бодлогын хүрээндээ ч ярьсан, олон нийтийн зүгээс ч хэлсэн. 

Харин нэгэнт гарсан энэ улиг болсон агуулгатай зөвлөмжөө яг ажил болгох дээр өмнөх ба ирээдүйн судалгаа, шинжилгээгээ дүгнэлт, санал, МЭДЭГДЭЛ байсангүй нь харамсалтай. 

Одоо бидэнд ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛ ТООЦОО, СУДАЛГААТАЙ ЯГ ҮҮНИЙГ ХИЙЕ ГЭСЭН ТОДОРХОЙ ХЭДЭН ШИЙДЭЛ, МЭДЭГДЭЛ, ХАРИУЦЛАГА, АМЛАЛТ хэрэгтэй байна. БАС НОТОЛГООТОЙГОО,  Хамгийн гол нь ХЭМЖИХ ҮЗҮҮЛЭЛТТЭЙ?!

Мянган асуудлыг уран цэцнээр хэн ч ярьж чадна. Хорвоогоор нэг шийдэл бий. Харин бодитой үр дүн гарахуйц ШИЙДЛИЙГ ажил болгох хүн байна уу?!

Түүнээс Ерөнхийлөгчийн уран цэцэн лекцийг бид өнгөрсөн жилүүдэд сонссоор л ирлээ. Улстөр хийхгүй гэсэн атлаа хамгийн муу "улстөрийг" Ерөнхийлөгч өнөөдөр өөрөө хийлээ дээ.  

Түүний өнөөдрийн мэдэгдлээс итгэл алдарсан иргэдийн ердөө хэдэн жишээг дор орууллаа.