Индэр    
2015 оны 8 сарын 19
Зураг
Эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж-нийтлэл

"ПОТЕМКИНЫ ТОСГОД"

Зураг
Гэрэл зургийг Б.Баяр

Оросын хатан хаан II Екатерина 1787 онд Османы гүрнээс булаан авсан Крымын хойг, Новороссийск хотыг өөрийн биеэр үзэхээр Санкт Петербургаас алс холын замд сүйх тэргээ хөлөглөн гарчээ. Хатан хаанд бараа болон гадаадын дипломат төлөөлөгчид дагаж Орос орны хөдөөтэй танилцах болжээ. 

Оросын хөдөөгийн бодит байдал, ядуу тарчиг амьдрал, хоцрогдлыг нуун халхалж сайхан амьдрал, хөгжил цэцэглэлтийн дүр эсгэх үүднээс тайж Потемкин өвөрмөц санаа сэдэж зам зуурт үзэсгэлэнт сайхан байшингууд, салхин тээрмийн дүрс алсад тавьж, замд ойрхон ганц хоёр сайхан байшин барьжээ.

Ийнхүү бодит байдлыг нуун далдалж, сайн сайхны дүр эсгэсэн үйлдлийг оросууд одоо болтол “Потемкины тосгод” барих гэдэг.

Наана нь хавь ойрын царайлаг тариачдыг авчран өвс хадлан бэлдэж, худалдаа наймаа эрхэлж, дуу хуур, найр наадам болж буйг харуулснаар хатан хаанд их л сайхан сэтгэгдэл төрүүлж, баярлуулж чаджээ. Дараа дараагийн өртөөнд өмнөх зургуудаа зөөж, солбин байрлуулж байжээ. Ийнхүү бодит байдлыг нуун далдалж, сайн сайхны дүр эсгэсэн үйлдлийг оросууд одоо болтол “Потемкины тосгод” барих гэдэг.

Монголд болж буй олон үйл явдлыг бас ингэж нэрлэж болох бөгөөд бид эдүгээ гадна талын хэлбэртээ онц анхаарч, агуулгаа ойшоохгүй, зарим нь бүр ойлгохгүй, түүнийг нь улстөрийн ашиг хонжоо хайсан этгээдүүд овжин ашиглаж, улам бүр хөөсрүүлэн хөөрөгдөж, “хошгируулж” байгааг анзаарахгүй байх аргагүй боллоо.

Энэ зун гэхэд л Чингис хаанаа “тодруулж” олон арван мянган хүн Төв цэнгэлдэхэд өнжив. Чингис хаанаар УИХ нэгэн гишүүн “тодорсон” бөгөөд цаг нь болохоор “хүлээн зөвшөөрөх” бололтой дуугүй сууна. Наадмын дараа бас даншиг гэгчийг хоёр ч дахин зохиов. Өвөрхангай аймагт болсныг нь улсын төсвөөс 500 сая, аймгийн төсвөөс 100 сая төгрөг гаргаж санхүүжүүлэв. Хотын даншгийг хотын төсвөөс 600 сая төгрөгөөр дэмжив.

Түүхэн ой тэмдэглэж, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн гаргахад буруу ч юу байхав, гэхдээ энэ бүгдийн зардлыг аялал жуулчлалын холбоо, компаниуд, холбогдох сурталчилгаа түгээгчид гаргах нь зүйд нийцнэ.

Нийтийн хөрөнгө буюу төсвөөс мөнгө гаргахдаа жишээлбэл тухайн орон нутгийн нэн тэргүүнд шаардлагатай зүйл мөн үү, биш үү гэдгийг тооцох цаг нэгэнт болжээ. Жишээ нь, Монгол Улс даяар нэн тэргүүнд шаардлагатай, зайлшгүй шийдэх ёстой асуудал бол ус болон ариун цэврийн байгууламжийн хүртээмж ажээ. Улаанбаатар хотод гүүрэн дээр усан хөшиг хийх үү, эсвэл гэр хорооллын айлуудын жорлонг сайжруулах уу гэдэг бол шал өөр эрэмбэтэй, зарчмын ялгаатай асуудал.

Монгол Улс хөрш зэргэлдээ болон Азийн зарим улстай харьцуулахад хүн амын усны хангамж болон ариун цэврийн байгууламжийн хүртээмжээр хаана яваагаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан тайлангаас харж болно.
Монгол Улсын хүн амын 60 хувь нь хэвийн ба сайжруулсан ариун цэврийн байгууламжтай, зөвхөн 65 хувь нь ариутгасан ус ууж байна.

Хот, хөдөөгийн амьдралын ялгаа улам их болж буй бөгөөд хот суурин газрын хүн амын 67 хувь нь, хөдөөгийн зөвхөн 43 хувь нь хэвийн ба сайжруулсан жорлонтой ажээ. Өөрөөр хэлбэл, хот суурин газрын хүн амын гуравны нэг нь задгай жорлонд бие засдаг гэсэн үг. Харамсалтай нь энэ тоо шинэ зуун гарснаас хойших 15 жилд дөнгөж гурван хувиар буурсан нь анхаарал татаж байна. Өнөөдөр энэ үзүүлэлтээр монголчууд бид Хойд Солонгосоос хол хоцорчээ.

Монголд өндөр орлоготой бүх хүн, харин хүн амын 20 хувь болох ядуучуудын 42 хувь нь сайжруулсан эх үүсвэрээс (зөөврийн ус түгээх газар) усаа авч байна. Ундны усны хүртээмж ийм муу байгаа нь ариун цэвэр сахих, халдварт өвчний эх үүсвэрийг бүрмөсөн арилгахад учирч буй хамгийн их саад бэрхшээл болоод байна.

Өнөөдөр Монгол Улсад эх нялхсын эндэгдэл буурч байгаа ч амьд төрсөн 1,000 хүүхдийн 21 нь нэг ойндоо хүрэхгүй , тэдний 80 хувь нь нэг cap ч болохгүй нас барж байна. Эндэгдлийн тал нь амьсгалын замын халдвар, 20 хувь нь цусан суулгаас болж буй нь усны болон ариун цэврийн байгууламжийн хүртээмжтэй холбоотой болох нь энэ онд ЭХЭМҮТ дээр явуулсан судалгаагаар тогтоогджээ.

 

Хотын хүн амын хагас нь усанд орох боломжгүй, гадаа модон жорлонтой байхад гэр хорооллын иргэн бүрээс өндөр соёл шаардах нь учир дутагдалтай.

Ер нь хот дүүрэг, хорооны дарга нарын ажлыг иргэдийнх нь хэдэн хувь нь сайжруулсан жорлонтой ДЭМБ-ын тодорхойлолтоор төвлөрсөн, муу ус зайлуулах сүлжээгүй газар бол жорлонгийн нүхийг нь доторлосон, хлорминжуулсан, салхивчтай байхыг сайжруулсан гэж үздэг ажээ, нийтийн халуун усны газар хэд байгааг 100 хүнд ногдох шүршүүрийн тоогоор нь дүгнэх цаг болоогүй гэж үү?

Хот дүүргийн зарим байгууллагууд нэгдэн 2013 онд хийсэн шалгалтаар нийслэлийн зургаан дүүрэгт нийтийн халуун усны 124 газар буйгаас 34 нь ажиллаагүй болон засвартай, үнэлгээнд хамрагдсан 93 газрын 38 нь стандартын шаардлагыг 85-аас дээш хувиар хангаж, 55 газар хангаагүй гэж дүгнэгджээ. Нийслэлийн гэр хорооллын 700 мянган хүний дунд халуун усны 100 орчим газар байгаа нь 7,000 хүнд нэг ногдож буй хэрэг. Энэ чинь өөрөө ахуйн ариун цэврийн түгшүүрийн харанга биш гэж үү? Энэ бол хот дүүргийн удирдлагуудын эн тэргүүний, хойшлуулж үл болох ажил биш бол өөр юу билээ.

Зун Туул голын эргээр хонон өнжин амрагсдыг дагаад, үргэлжилсэн ил жорлон бий болж байгааг шийдэх цаг болоогүй юу? Ариун цэврийн наад захын эдгээр асуудлыг шийдэхгүйгээр гадаадын жуулчдыг олон мянгаар нь авах боломж бүрдэнэ гэж үү? Соёлтой, цэвэрхэн, ариун цэвэрч улс оронд л гадаад, дотоодын аялал жуулчлал хөгждөг. Нийтийн ариун цэврийн газар заавал тансаг байх албагүй. Цэвэрхэн, үүргээ гүйцэтгэдэг, хүртээмжтэй байхад л хотын төвийн байшин бүрийн булан жорлон байхаа болино шүү дээ, нийслэл, аймгийн дарга нар аа.

Потемкины тосгон барихаа зогсооё.