Индэр    
2015 оны 8 сарын 11
Зураг
Эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж-нийтлэл

Гурван сармагчингийн үлгэр буюу намууд хуйвалдаж авлигын гэмт хэрэгтнүүдээ өршөөх гэж байна

Зураг

УИХ их өршөөл үзүүлж эхлэв. Өнгөрсөн долоо хоногт эдийн засгийн ил тод байдлын хууль баталж орлого, татвараа нуун дарагдуулсан аж ахуйн нэгж, хуулийн этгээдүүдийг өршөөлөө.

Хамгийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр зарим гишүүн санал оруулснаар ард иргэдийг хамгийн ихээр эгдүүцүүлж байсан авлига, албан тушаалтай холбоотой орлогоо нуусан явдлыг ашгүй нэг хамруулсангүй. Харин авлига, албан тушаалын гэмт хэргээс өршөөх тэр заалт энэ долоо хоногт нэлээд бүрхэг, нууцлаг хэлбэрээр Өршөөлийн тухай хуульд багтан батлагдах гэж байна.

Энэхүү Өршөөлийн тухай хуулийг ардчилсан орны Парламент хаалттай буюу иргэдээсээ нууж, хэлэлцэж байгаа нь хачирхалтай. Яагаад өршөөдөг вэ Өршөөл бол хуулийн дагуу олгосон бүх ял шийтгэлийг бүрэн цуцлах арга хэмжээ бөгөөд олон улсын түүхэнд хаад, төрийн тэргүүн зарлиг гаргаж хуулийн шударга бус шийтгэлийг залруулж иржээ.

Манай улсад өршөөлийг 1991, 1996, 2000, 2006, 2009 онд Өршөөл үзүүлэх хуулиар, 2008 онд Татварын өршөөл үзүүлэх хуулиар, харин 2015 онд хоёулангаар нь өршөөж байв. Өнөөдөр Монголд 6,600 хоригдол хорих ял эдэлж буйгаас 330 нь эмэгтэй, гучаад нь хүүхэд бөгөөд бүх хоригдлын тал нь анх удаа хорих ялаар шийтгүүлжээ.

Өнөөдөр хэлэлцэж буй Өршөөлийн хууль батлагдвал шоронд буй хоригдлуудын хагас нь, ялангуяа ихэнх эмэгтэйчүүд, хүүхдүүд өршөөгдөнө. Энэ бол хүмүүнлэг алхам буюу нийгэм эдгээр хүмүүст хууль журам дахин зөрчихгүй байж чадна гэж итгэж буй хэрэг. Гэхдээ нөгөө талаас өршөөх юм бол яах гэж эхнээсээ ялласан юм бэ, Эрүүгийн хууль болон шүүхийн шийдвэр аль хэр шударга байна вэ гэсэн асуудлыг Монголын нийгмийн өмнө тавьж байна.

Ялангуяа албан тушаал, эрх мэдлээ ашиглан, авлигын хэрэг үйлдсэн хэрэгтнүүд, шүүхээр ороход бэлэн болсон хэргүүдийг энэ өршөөлд хамруулж буй нь Монголын хууль зүйн тогтолцоо, төр засгийн эрх баригчдад итгэх нийгмийн итгэлийг бүрмөсөн алдагдуулж байна. Төр засгийн эрх мэдлийг улс төрийн намын гишүүд л авдаг бөгөөд тэдний төлөөлөл болох авлигын холбогдолтой 50 ч хүрэхгүй гэмт хэрэгтнүүдийн нийгэмд учруулсан хор нөлөө нь өршөөлд хамрагдах 3000 хүнийхээс илүү их гэдгийг монголчууд одоо сайн мэдэх болжээ.

Өршөөлийн тухай хуулийн зорилго УИХ-аар энэ өдрүүдэд хэлэлцэж буй Өршөөлийн тухай хуулийн төсөл батлагдвал Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа авлига, албан тушаалын олон гэмт хэргийн илрүүлэлт, мөрдөн байцаалт болон шийдвэрлэлтэд нөлөө үзүүлж, сүүлийн жилүүдэд сүр дуулиантай эхлүүлсэн авлигын эсрэг тэмцлийг үндсэнд нь царцааж байгаа тухай мэдээлэл олон нийтэд цацагджээ.

Энэ Даваа гарагт medee.mn (http://www.medee.mn/main.php?eid=66726) сайтад Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст одоо эрүүгийн 55 хэрэг шалгагдаж, байцаан шийтгэх ажиллагаа хийгдэж буйгаас 45 хэрэг нь УИХ-аар хэлэлцэж байгаа Өршөөлийн тухай хуулийн үйлчлэлд хамрагдахаар байна гэсэн АТГ-ын мэдээллийг нийтэлсэн байна.

Энэ хуулийн төслийн есдүгээр зүйлд зөвхөн хээл хахууль авах (Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл), Хээл хахууль зуучлах (Эрүүгийн хуулийн 270.2 дахь хэсэг), гэмт хэрэг үйлдсэн этгээдийг өршөөлд хамааруулахгүй байхаар заажээ. Харин төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн албан тушаалтны албан тушаалын эрх мэдлээ урвуулах, хэтрүүлэх гэмт хэргүүд өршөөлд хамрагдахаар төсөлд тусгагдсан.

Гэтэл дээрх 45 хэргийн улмаас улсад 12 тэрбум 243 сая төгрөгийн хохирол учирсан байтал Өршөөлийн тухай хууль батлагдсанаар хуульд заасан хугацаанаас өмнө үйлдэгдсэн авлига, албан тушаалын гэмт хэрэг илэрсэн ч эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй болох ажээ. Хуулийн төслийн 4.3-т “...хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж, анх удаа хорих ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж тусгажээ. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн харьяалан шалгаж буй албан тушаалын гэмт хэргүүд үүнд бүрэн хамрагдаж байна. Иймд албан тушаалын гэмт хэргийг Өршөөлийн тухай хуульд оруулахгүй байх нь наад зах нь хууль тогтоогчдын ёс зүйн үүрэг юм.

Төслийн 5.1.1 дэх хэсэгт хүнд гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас гурван жилийг өршөөн хасахаар тусгасан нь нийтийн өмчийг албан тушаалаа ашиглан завшсан хэд хэдэн дуулиант улстөрчийг суллаж, авлигын хэргийг өршөөж буй хэрэг. Мөн төслийн 6.1.1 дэх хэсэгт уг хуулийг хүчин төгөлдөр болохоос өмнө ял эдэлж дууссан этгээдийн Эрүүгийн хуулийн 78.2 дахь хэсэгт заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгохоор тусгасан байна.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж, шүүхээс ял шийтгэгдэн уучлал хүссэн, ял хойшлогдсон, хугацааны өмнө тэнсэн суллагдсан болон хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн 200 гаруй хүнийг Өршөөлийн тухай хуульд зааснаар ялгүйд тооцохоор байна.

Түүнчлэн хуулийн төслийн 7.1-д “...хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн хүмүүсийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгоно” гэж тусгажээ. Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн зорилтод “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх”-өөр тусгасан нь анхаарал татаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн хүний зөвхөн ялын хариуцлагыг л төрийн хуулиар өршөөдөг. 

Гэмт хэрэг үйлдсэн хүний зөвхөн ялын хариуцлагыг л төрийн хуулиар өршөөдөг. Харин хэрэг бүртгэлт мөрдөн байцаах шатанд хүний гэм бурууг шууд тогтоох нь эрх зүйн үндэслэлгүй бөгөөд ийм шатанд байгаа хэргийг Өршөөлийн тухай хуулиар хэрэгсэхгүй болгох, ингэхдээ хохирол төлөгдсөн эсэхийг заавал харгалзан үзэхгүй байгаа нь ноцтой ажээ.

Төслийн 9.1.7-д хээл хахууль авах, хээл хахууль зуучлах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг өршөөлд хамааруулахгүй байхаар тусгасан байна. Өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдалд дээрх хоёр гэмт хэргээс гадна албан тушаалын гэмт хэргүүдийг нэмж оруулах нь зүйтэй аж. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 263, 264, 265, 266 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг өршөөлд хамааруулахгүй байх учиртай.

Монгол Улс Авлигатай тэмцэх олон улсын конвенцид гарын үсэг зурсан бөгөөд авлигын эсрэг үйл ажиллагаагаа эрчимжүүлж буйгаа төр, засгийн түвшинд дэлхий даяар ярьж ирсэн шүү дээ. Эцэст нь ялаас өршөөн хэлтрүүлэх, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь тухайн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөхгүй байх ёстой.

Тиймээс Өршөөлийн тухай хуулийн есдүгээр зүйлд тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн барагдуулаагүй этгээдийг өршөөлд хамааруулахгүй байх үндэслэл, шаардлагыг нэмж тусгах хэрэгтэй байна. Эцэст нь хэлэхэд, энэ хуулиар шударга бус шийтгэл авсан олон хэрэгтнийг өршөөж байгаа. Энэ бол уг нь хомроголон биш хэсэгчлэн хийх ёстой үйлдэл.

Ямар ч байсан өршөөлд хамруулахын тулд хохирлыг нөхөн төлсөн, бусдад учруулсан гэм хорыг арилгуулсан байхыг Монголын нийгэм шаардаж байгаа нь шударга явдал. Харин нийтийн далбаан доор төр засгийн эрх баригч улс төрийн намууд “тагнуул солилцох” зарчмаар өөр өөрсдийн авлигын гэмт хэрэгтнүүдээ тэнцүүлэн ялаас хэлтрүүлж, ирэх сонгуулийн өмнө ямар ч гэмгүй, юу ч болоогүй, юу ч сонсоогүй өндөг шиг өөгүй болохыг оролдож байгаа нь шударга биш явдал гэдгийг Монголын нийгэм харж байна. Монголын улстөрчид нэг нь чихээ, нөгөө нь нүдээ, гурав дахь нь амаа барьсан гурван сармагчингийн дүрийг тод санагдуулах боллоо.