Зураг
Зураг
Индэр    
2015 оны 4 сарын 24
Зураг
Эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж-нийтлэл

Монголын хийсвэр төсөв ба ОУВС

Зураг

Аливаа улсын төсөв бол төр засгийнх нь удирдах чадварын толь юм. Монгол Улсын төр засгийн чадавхи нь сульдаж, мэргэжил чадвар сул, мэддэг боловсрол нимгэн хүмүүс засгийн эрхэнд шургалах болж, тодотгох гэсэн гоё үгээр халхлан, баталсан төсвөө баримжаагүй өөрчилдөг болоод арван таван жилийн нүүр үзэв.

Хууль тогтоогчид өөрсдөө сайд болох шуналдаа хөтлөгдөн 2000 онд Үндсэн хуулиа ч бас “тодотгосноос” хойш Монгол Улс нэг биш, 76 Сангийн сайдтай болж, улсынхаа төсвийг жилд хоёр удаа өөрчилдөг гаж зуршил бат тогтжээ.

Энэ жилээс зуршил нь араншин болж, бараг бүх сайд нь “давхар дээлтэй” Ч.Сайханбилэгийн Засгийн газар улсын төсвөө хагас жилд гурав дахь удаагаа тодотгож дээд амжилт тогтоох бололтой. “Өөр арга ч байхгүй” гэж шинэхэн Сангийн сайд Монголын эдийн засгийн чуулганы үеэр мэдэгдсэн.

Аливаа улсын төсөв бол төр засгийнх нь удирдах чадварын толь юм. 

Яагаад төсөв хийсвэр болдог, ямар үр дагавар авчирдаг, төсвийг яаж бодитой болгох тухай, дахин сонгогдохын төлөө яахаас ч буцахаа байсан улстөрчдийн нүдээр биш, хөндлөнгөөс нь эрүүл саруул ухаанаар харж, иргэд нийтээрээ идэвхтэй хэлэлцэх цаг нэгэнт ирээд байна. 

ӨНӨӨГИЙН ӨНГӨ ТӨРХ, ОЙРЫН ТӨЛӨВ

Нүүрс, зэс зэрэг эрдэс баялгийн хэрэгцээ нь их, үнэ нь өндөр байсан 2013 онд Монголын эдийн засаг 11.5, 2014 онд онд 7.7 хувиар өсөж байсан бол эрэлт нь багасч, үнэ нь буурснаас 2015-2017 онд жилийн дөрвөн хувьтай байх таамаглалыг ОУВС (Олон улсын валютын сан) саяхан гаргажээ.

Арилжааны банкуудын эрэлт багасч, муу болон хугацаа хэтэрсэн зээл нэмэгдэхийн хэрээр зээл олгохоо хязгаарлах төлөвтэй байна.

Гадаад худалдааны алдагдал нэмэгдэж, нэг ам.доллар 2,000 төгрөг шүргэх болсноор төгрөгийн ханш сулран Монголбанкны валютын нөөц дундарч, улмаар инфляц өсөх хандлагатай байгаа. Төсвийн алдагдал нь их, төсвийн гадуурх орлого, зарлагыг тооцвол их хэвээрээ байна.

Хөгжлийн банкны зээл, түүний дотор “арилжааны” зээлийг нь оруулан ДНБ-ий найман хувьтай тэнцэхээр тооцсон төсвийн алдагдал төлөвлөснөөс ч их болж буйгаас Сангийн сайд улсын төсвийг дахиад тодотгох санал дэвшүүлж буй.

Хөгжлийн банкны зээлийн төлбөрт Засгийн газар баталгаа гаргасан учир эрсдэлийг олон улсын жаягаар төсвийн зардалд оруулж ангилах ёстой.

Засгийн газрын макро эдийн засгийн зөөлөн бодлого үргэлжилж, “Оюу толгой” болон “Таван Толгой” төслүүдийн цаашдын хувь заяа тодорхойгүй, нүүрс, зэсийн үнэ доогуур хэвээр байгаа, хувийн хэвшлийн зарим томоохон зээл хугацаандаа төлөгдөхөд гарч болзошгүй бэрхшээлүүдийг тооцвол Монгол Улсын гадаад төлбөрийн тэнцлийн алдагдал өсөж, улмаар Монголбанкны өнөөгийн нөөцтэй тэнцэх хандлагатай байна.

Монголын гадаад худалдааны алдагдал нь Төв банкны одоогийн нөөцтэй тэнцвэл Монголбанк Хятадын Төв банктай байгуулсан своп гэрээний түвшингээ дахин нэмэгдүүлэх, эсвэл Засгийн газар уул уурхайн том төслүүдээ хөдөлгөхөөс өөр гарцгүй. Уг нь аль нэг том төсөл эхлэхэд л манайх шиг жижиг эдийн засагт байдал эрс сайжрах юм.

Гэхдээ олон жил гацаж буй “Оюу толгой”, “Таван Толгой” төслүүдийг урагшлуулах гэрээ хэлэлцээр одоогоор эцэслэн баталгаажаагүй, Хятадын эдийн засгийн өсөлт буурч, дэлхийн санхүүгийн зах зээл савлагаатай байгаа тул Монголын эдийн засагт бодитой, эерэг өөрчлөлт гарах магадлал бага байна.

НӨӨЦ ШҮХРЭЭ ЗАДЛАХ УУ

Засгийн газар гадаад, дотоод нөхцөлийг тооцон төсвийн алдагдлыг цаашид бууруулах, Монголбанкны үнэ тогтворжуулах хөтөлбөрүүдийг хязгаарлах, экспортыг дэмжих, импортыг багасгах бодлого явуулж, нийгмийн эмзэг хэсгийн дарамтыг багасгах гэж оролдож байна.

Засгийн газрын гадаад, дотоод өр зээл улам нэмэгдэх боллоо.

 Засгийн газрын гадаад, дотоод өр зээл улам нэмэгдэх боллоо. 

Монголбанк арилжааны банкуудын эздийн хөрөнгийг 2017 оны эцэс гэхэд наад зах нь 50 тэрбум төгрөг болгосон байх шаардлага тавив. Гэтэл хэдий ч эдийн засгийн уналтыг сааруулж, зөөлөн газардуулахын тулд макро эдийн засгийн боддогоо улам чангалах шаардлага гараад байна.

Засгийн газар нь төлбөрийн тэнцлээ алдан, эргэлтийн хөрөнгөгүй болж эмч, багш, цагдаа нарынхаа цалинг төлж чадахгүйд хүрсэн улс хамгийн сүүлд ОУВС-д хандан “түргэн тусламжийн зээл” авдаг.

Нэгэнт л бусад орны татварын мөнгөний хуримтлалаас авч буй, төсвийн хатуу сахилга бат шаардсан нөхцөлтэй тул энэ алхмыг “нөөц шүхрээ задлах” буюу эцсийн арга хэмжээ гэж үздэг байна.

ОУВС-гаас Хамтын ажиллагааны ерөнхий гэрээний IV заалтын дагуу гишүүн орнуудынхаа мөнгөний ханшийн бодлогод тогтмол ажиглалт явуулж, шаардлагатай бол техникийн тусламж, яаралтай зээл олгох замаар төсвийн тогтвортой бодлогоо хэрэгжүүлэхэд нь тусалдаг. Гишүүн орон бүр зээл авах тодорхой эрхтэй бөгөөд тэр “зээлжих тусгай эрх” нь тодорхой эрхтэй бөгөөд тэр "зээлжих тусгай эрх" нь тодорхой төлбөртэй.

ОУВС-д Монгол Улс 1991 онд элсэн орсон бөгөөд өнгөрсөн долоо хоногт УИХ-аас Засгийн газрын 51.1 сая ам.долларын квотоо 72.3 сая ам.доллар болгон өсгөх шийдвэрийг зөвшөөрөв. Үүний тулд Монгол Улс ОУВС-д найман сая доллар төлөх юм.

Гэхдээ Монгол Улс энэ эрхээ хэрэгжүүлж ОУВС-гаас 2008 оных шигээ тусгай нөхцөлтэй зээл дахин авах яриа хэлэлцээр эдүгээ эхлээгүй байна. Өнгөрсөн долоо хоногт Вашингтон хотноо болж өндөрлөсөн ОУВС ба Дэлхийн банкны хамтарсан Хаврын чуулганы үеэр ОУВС-гийн гүйцэтгэх захирал, хатагтай К.Лагардаас энэ тухай асуух боломж надад тохиож, лавласан болно.

ОУВС нь өдгөө Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, өрсөлдөх чадварыг дэмжих, эдийн засгаа төрөлжүүлэх замаар иргэддээ хүртээлтэй, өндөр өсөлтийн бодлого явуулахыг нь дэмжиж байгаа аж. Гэхдээ Монголын эдийн засгийг тогтвортой өсөхөд юуны өмнө байгалийн баялгийг ухаалаг удирдах онцгой чухал гэдгийг саяхан гаргасан “Монголын өнөөгийн байдлын тухай тайлан”-даа онцлон тэмдэглэжээ.

Монгол шиг хийсвэр төсөв зохиож, “тодотгож” суудаг улс оронд ОУВС-гийн сахилга бат шаардсан, хатуу нөхцөлтэй зээл л эдийн засгаа зөөлөн газардуулах, цааш нь зөв залахад нь хамгийн өгөөжтэй алхам болох юм.