Зураг
Зураг
Индэр    
2014 оны 12 сарын 17
Зураг
Эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж-нийтлэл

Эрүүл мэнд, бас Спортын яам гэнэ үү

Зураг

Ч.Сайханбилэгийн Засгийн газар ийм нэртэй яам бий болгож МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг сайдаар нь томиллоо.

Аль нам нь ч бай, сайд нь өөрөө амин хувиа бага бодож, ажил төрлөө сайн хийж, айл бүр үр дүнг нь хүртэхийг ээлжит зөвшилцлийн эрээвэр засгаасаа Монголчууд хүлээж байна. Хэрэв спортыг аль нэг салбартай холбоно гэвэл хамгийн оновчтой нь эрүүл мэндийнх. Тийм ч учраас ийм яам дэлхийн олон оронд бий.

Эрүүл мэнд, спортыг анх удаа нийлүүлсэн энэхүү чиглэлийн яам нь Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу спортын салбарт өөрийн эрхэм зорилго, стратегийн зорилтоо яаралтай тодорхойлж, үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвөө батлуулаад ажлаа шуурхай эхлүүлэх байх.

Харин эрүүл мэндийн салбар нь үр дүн багатай ч өөрийн түүхтэй учир ядаж эрхэм зорилго, төлөвлөгөө нь байдаг гэж найдъя.

Хэрэв Монголчууд бүгдээрээ биеийн тамирын дасгал тогтмол хийдэг, спортын дуртай төрлөөрөө өвөл зунгүй хичээллэх боломжтой, эрчимтэй дасгал, хөдөлгөөн нь бидний амьдралын хэв жаяг, дадал болчихсон бол энэ яамны эрүүл мэндийн чиглэлийн ажил нь тун бага байхсан.

Харамсалтай нь Монголчууд бидэнд тэр дадал тогтох болоогүй, хөгжингүй орны жишигт хүрэхэд зай ч байна, лай ч байна.

ЭРҮҮЛ БАЙХ НЬ ХЭНИЙ ҮҮРЭГ ЮМ БЭ

Та бие эрүүл, ухаан саруул байх нь хамгийн түрүүнд өөрийн чинь үүрэг, хариуцлага. Хүн бүр эрүүл мэндийн эрсдэлээс өөрийг өө хамгаалах мэдлэг чадвартай, спортоор хичээллэдэг амьдралын хэв маягтай байх нь олон талын ашигтай.

Та бие эрүүл, ухаан саруул байх нь хамгийн түрүүнд өөрийн чинь үүрэг, хариуцлага. 

Судалгаагаар Монголын насанд хүрсэн 10 хүн тутмын ес нь халдварт бус өвчин, осол гэмтлийн улмаас нас барж байгааг “чимээгүй тахал” гэлтэй.

Энэ “тахлын” эх үүсвэр нь тамхи, архины хэт хэрэглээ, эрүүл бус, зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол гэж болно.

ДЭМБ-ын судалгаагаар тамхины хэрэглээний түвшингээр бид дэлхийд эхний 10-т багтаж, хорь хүртэлх насны дөрвөн хүний нэг нь тамхи татдаг, дөрвөн хүний гурав нь архи хэрэглэж үзсэн байх юм.

Манай хүн амын тал нь дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэдэггүй, жимс, хүнсний ногооны хэрэглээ ДЭМБ-ын зөвлөдөг хэмжээнээс хоёр дахин бага, хүнсэндээ давс, амьтны гаралтай өөх тос ихээр хэрэглэж буйгаас 15–64 насны хүн амын 40 хувь нь илүүдэл жинтэй буюу тарган, залуусын тал нь бялдрын хөгжлийн үзүүлэлтээр цэргийн албанд тэнцэхгүй байна.

Бүх төрлийн осол гэмтэлд өртөгсдийн дунд 25-29 насны залуучууд зонхилж, эрэгтэйчүүд осолд өртөх нь эмэгтэйчүүдээс 2.2 дахин их байна. Дэлхийг эзэлж явсан Чингисийн зоригт эрчүүдийн өнөөгийн дүр төрх нэг иймэрхүү.

ТӨР ЮУ ХИЙЖ БАЙНА

Уг нь төр засгаас биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар жилээс жилд хөрөнгө оруулалтаа тэлсээр байна.

Өнөөдөр манай улсад

  • Ерөнхий боловсролын сургуулийн 485 биеийн тамирын заал,
     
  • 11 спортын ордон,
     
  • Биеийн тамирын чийрэгжилтийн 539 талбай,
     
  • 25 цэнгэлдэх хүрээлэн,
     
  • 311 наадмын талбай, таван цанын бааз,
     
  • 85 чийрэгжилтийн төв, клубт 1534 биеийн тамирын багш,
     
  • Биеийн тамирын орон тооны 62, орон тооны бус 728 арга зүйч ажиллаж буй.

Сүүлийн хоёр жилд нийслэлийн гурван дүүрэг, олон аймагт спортын ордон, Хэнтий, Ховдод усан спортын төв, Хятадын 160 сая юань буюу 30 сая долларын тусламжаар Спортын шинэ цогцолбор Буянт-Ухаад барилаа.

Гэвч хүн амын 60 хувь нь хот сууринд амьдардаг, 70 хувийг нь 35 хүртэлх насны хүүхэд, залуучууд эзэлж буй манай оронд хүн амын дөнгөж гуравны нэг нь биеийн тамираар, 6.7 хувь нь спортоор хичээллэж байна.

Улс орны усан бассейний нийт эзэлхүүнийг хүн амын тоонд харьцуулж тооцдог. Энэ харьцаагаар монгол хүн бүрт нэг шүдэнзний хайрцаг ус ногдож байна.

Улаанбаатар хотод 90 хувь нь төвлөрсөн цөөхөн хэдэн чийрэгжүүлэх төвийн (gym) сарын хураамж 200.000-аас дээш үнэтэй байгаа нь хүн амын дийлэнхийн сарын орлогын талаас илүү тул хүн бүр хүссэн ч хичээллэж чадахгүй байгаа. Спортын төвүүдийн хүртээмжээр Монгол Улс хөгжиж буй орнуудын дунджаас эрс бага байна.

Эрүүл мэнд нь зөвхөн өвчин эмгэггүй төдийгүй оюун санаа, нийгэм, сэтгэл зүйн хувьд сайн сайхан байхыг хэлнэ гэж ДЭМБаас тодорхойлсон байдаг.

Эрүүл мэндэд хамгийн их нөлөөлдөг хүчин зүйлсэд биеийн хөдөлгөөнгүй, хангалттай биш хөдөлгөөнтэй байхыг багтаадаг. Биеийн хөдөлгөөн буюу биеийн тамир нь зүрх судасны өвчин, илүүдэл жин ба хэт таргалалт, хоёрдугаар төрлийн чихрийн өвчин болон зарим хорт хавдар зэрэг үндсэн хэдэн архаг өвчин тусах эрсдэлийг бууруулдаг.

ЮУ ХИЙХ ЁСТОЙ ВЭ

Манай улсад нийтийн биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлого боловсруулан хуульчилж тодорхой хугацаатай зорилт тавин, биелэлтийг нь хэмжиж, холбогдох талууд үр дүнтэй хамтран ажиллах хэрэгтэй.

Аж ахуйн нэгж, байгууллагууд ажиллагсдынхаа биеийн тамир, спортоор хичээллэх хүсэл сонирхлыг дэмжих, холбогдох зардлыг татвараас хасаж тооцох шаардлагатай байна.

Нийтийн биеийн тамир, спортыг дэмжих сан байгуулах саналыг хүлээн авах нь зүйтэй. 

Биеийн тамир, спортоор иргэдийг тогтмол хичээллүүлж, нийгмийн эрүүл мэндийн зорилтыг хэрэгжүүлсэн нийтийн биеийн тамирын байгууллагуудад эрүүл мэндийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх цаг болжээ.

Архи, тамхины холбоотой болон эмийн импортын татварын 2-3 хувийг, биеийн тамир, спортын тухай хууль, тогтоомж зөрчсөний улмаас ногдуулах торгууль, спортын сугалаа борлуулах, бооцоот тоглоом тоглуулах зэрэг бизнесийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох хураамжийн тодорхой хувиар Нийтийн биеийн тамир, спортыг дэмжих сан байгуулах саналыг хүлээн авах нь зүйтэй.

Мөн дэлхийн болон олимпийн аваргуудад өгч буй шагнал, өндөр цалингийн тодорхой хэсэг нь энэ санд орж байхаар тооцох нь шударга хэрэг юм. Биеийн тамирын зааланд ирж хичээллэсэн хүүхэд, залуучуудаас мөнгө авах биш, өгдөг жишиг зарим оронд бий.

Монгол Улсад өвлийн спортыг хөгжүүлэх өргөн боломж байгаа бөгөөд түүний дотор уулын болон гүйлтийн цана, тэшүүрийн бааз, холбогдох зочид буудал, хоолны газар, саун байгуулан, зундаа гольфийн талбайтай хослуулан гадаад, дотоодын хэрэглэгчдийг өргөнөөр татах боломж байгааг “Скай резорт”- ын жишээнээс харж болно.

Хангайн аймаг бүрт энэ боломжоо хөгжүүлж орон нутагтаа спортын аялал жуулчлал хөгжүүлэхэд хэн ч хориогүй шүү дээ. Харин хүссэн хүмүүс Зүүн хойд Азийн бүс нутгаар дүүрэн, мөнгөө бариад хүлээж байна.

Монголчууд бид биеийн тамираар тогтмол хичээллэх хүсэл сонирхолтой, бүх боломж нөхцөл нь хангагдсан, эрүүл амьдрах хэв жаягийг бүрдүүлэхэд шинэ яам дорвитой хувь нэмэр оруулах болтугай.