Индэр    
2014 оны 7 сарын 8
Зураг
Эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж-нийтлэл

Рольф Лаутер: Би "Аrt Lab Mongolia"-г нээхээр ажиллаж байна

Зураг
Маннхеймийн Урлагийн галерейн захирал Рольф Лаутер

Д.Жаргалсайхан de Facto нэвтрүүлэгтээ Маннхеймийн Урлагийн галерейн захирал Рольф Лаутерыг урьж ярилцсан юм.

-Та ямар зорилгоор Монголд ирсэн талаараа ярихгүй юу?

-Хоёр жилийн өмнө би Берлинд гайхалтай уран бүтээлч Отгонбаяртай танилцсан юм. Түүний бүтээлүүд үнэхээр гайхалтай. Тэр надад Монголын түүх гэх мэтчилэн их олон зүйл ярьсны эцэст бид Монгол руу явахаар шийдсэн. Би зарим нэг зүйлийг хийж, сурах зорилгоор Монголд ирсэн.

-Та олон жилийн өмнө орчин үеийн урлагийн Маннхеймийн музейн эрхлэгч, уран бүтээлчээр ажиллаж байсан. Та бүх л замналынхаа турш орчин үеийн урлагийн бүтээлүүд дээр ажиллаж байсан. Орчин үеийн урлаг болон сонгодог урлагийн гол ялгаа нь юу вэ?

-Хамгийн гол ялгаа нь хэллэг. Сонгодог, уламжлалт, түүхэн урлагт бодит байдал давамгайлдаг. Бодит хэсгүүдээс бүрдсэн тодорхой агуулга бүхий бүтээлүүд байдаг. Тэднийг бид тодорхойлон ярьж чадна. Харин орчин үеийн урлагийн бүтээлүүдэд абстракт, символ зэрэг маш олон элемент орж ирсэн байдаг. Хүмүүс тэдгээрийг тодорхойлон хэлэхэд хэцүү гэж боддог. Гэвч тэдгээр нь хоорондоо бараг л адил, тэдгээрийг бид өөрсдийн төсөөллөөр тодорхойлж болно. Гурвалжин бол гурвалжин, дөрвөлжин бол дөрвөлжин гэх мэт. Орчин үеийн урлаг болон сонгодог урлагийн эсрэг тэсрэг байдал гэж одоо байхаа больсон.

Харин өнөөдрийн нэн орчин үеийн (контемпорари) уран бүтээлчид нь бүх л цаг үе, урсгалын бүх төрлийн элементийг ашиглаж, өөрийн гэсэн хэллэгийг бий болгож байна. Одоо дэлхий дахинд нэг хэв загвар, барууных, зүүнийх гэж байхаа больсон. Уран бүтээлчид өөрийн бие даасан стилийг бий болгож байна. Энэ бол жинхэнэ контемпорари урлаг.

-1990-ээд оноос хойш өнөөдрийг хүртэл хорин хэдэн жилийн хугацаанд контемпорари урлаг хөгжиж ирсэн байна. Энэ нь бидний амьдрал, залуусын ертөнцийн талаарх үзэлд ямар нөлөө үзүүлсэн бол?

-Урлагийн ертөнц шал өөр түвшин рүү орж ирсэн. Бид даяарчлал руу явж байна. Энэ нөхцөлд уран бүтээлчид хувь хүн болоод өөрийн улсын соёлын онцлох чанарын талаар эргэцүүлэн бодож эхэлж байна. Тэд өөрсдийн улс орондоо амьдрахаа больж бусад оронд аялж явахдаа ер нь Монгол, Герман гээд хаана ч амьдарч байсан монгол хүн хэвээрээ, эсвэл хагас монгол, хагас герман шиг болж өөрчлөгдсөн байдаг. Тэд илүү даяарчлагдаж, зарим талаараа ижил төстэй болж байгаа ч өөрийн онцлох шинжийг зарим талаасаа хадгалсаар байна.

-Орчин үеийн урлаг нь залууст өөрсдийгөө хүссэнээрээ чөлөөтэй илэрхийлэхэд нь тусалдаг уу?

-Миний бодлоор тийм. Дэлхийн аль ч оронд бид залууст орон зай өгөх хэрэгтэй. Энэ нь бодит орон зай ч байж болно, эсвэл өөртөө юу хэрэгтэйг сэтгэн бодох, ахмад хүмүүсийн нөлөөгүйгээр хүссэнээрээ хоорондоо ярилцах орон зай ч байж болно. Бид зөвхөн өөрсдөөсөө бус хойч үеийнхнээсээ суралцаж болно. Энэ бол миний бүх л улс орон, бүх л соёлд хэрэгтэй гэж итгэдэг зүйл. Мөн миний хотжилтын талаарх бодолтой ч хамаатай.

Би Франкфурт хотын соёлын хөгжлийн асуудлыг гурван жилийн турш хариуцан ажиллаж байсан. Хотуудын хөгжлийг хараад хот гэдэг бол зөвхөн байшин барилга, орон сууц биш гэдгийг ойлгосон. Хот гэдэг бол хүмүүсийн харилцаа явагдаж байдаг газар юм, Энэ бол хүмүүст өөрийнхөөрөө байх боломжийг олгож буй нэг ёсны баялаг.

Ингэснээрээ тэд өөрсдийнхөө төлөө бүгдийг хийж, ардчиллыг хүчирхэгжүүлж байдаг. Иймээс ч би хотуудад зориулж соёлын онцлох элементүүдийг нь ашиглан тодорхой концепцуудыг боловсруулах хэрэгтэй гэж үздэг. Энэ нь урлагийн төв, лоунж, хэлэлцүүлгийн газар, тоглоомын талбай гээд юу ч байж болно. Хамгийн гол нь хүмүүст, ялангуяа залууст зай, талбай, орон зай хэрэгтэй. Берлинд л гэхэд залуус кафе гээд олон нийтийн газруудыг ашиглаж хоорондоо харилцаж байна. Яагаад гэвэл тэдэнд энэ бүхэн хэрэгтэй.

-Монголд хүүхдийн тоглоомын талбайг компаниуд барилга барихын тулд авсаар байгаа, энэ талаар бид одоо ч ярьсаар л байна. Чухамдаа бид ямар ч цэцэрлэггүй, дан байшин барилгуудын ширэнгэн ойн дунд хүүхдийн тоглоомын талбай ч байхгүй газар амьдрах болж байна. Энэ нөхцөл байдалд бид хэрхэн таны орон зайн концепцийг нэвтрүүлэх ёстой вэ. Харилцааны орон зай, урлагийн орон зай гэх мэт. Та өөрийн бодлоо хэлэхгүй юу?

-Миний бодлоор дэлхийн бүх архитекторч хот дотор орон зайн зохицолдлогоог бий болгох үүрэг хүлээсэн байдаг. Орон зай нь зүгээр барилга байшин, хүнээр дүүрсэн биш харин жинхэнэ амьд харилцааг бий болгож байх ёстой.

-Та их олон урлагийн орон зайг хүмүүст, хотуудад зориулан бүтээсэн. Та өөрийн ажиллаж байсан хамгийн сэтгэл хөдөлгөм төслийнхөө талаар дурдахгүй юу?

-1989-1990 онд би Франкфуртад маш олон алдартай баримал бүхий төсөл дээр ажилласан. Би маш их эсэргүүцэлтэй тулгарсан. Улстөрчид болон зарим хүн үүнийг ямар ч хэрэггүй зүйл гэж байсан. Би хоёр жилийн турш үүн дээр ажилласан. Хийсэн ажилд маань тэд их онцгүй хандаж байсан. Энэ бол миний анхны алхам байсан. Тэр үед би их залуухан байсан. Хоёрдахь төсөл маань Маннхеймийн төсөл байсан.

Бүр их эсэргүүцэлтэй тулгарсан. Би урлагийн бүтээлүүдийн үзэсгэлэн гаргаж эхэлсэн. Тэндхийн залуу уран бүтээлчдийн бүтээлүүдийг үзэсгэлэндээ оролцуулсан юм. Үйлдвэрийн танхим, хотын соёлын төв зэрэг нийтдээ 17 газрыг ашиглан үзэсгэлэнгээ гаргасан. Үзэсгэлэнг маань хотын бүх л өнцөг булан бүрээс хүмүүс ирж үзэж байлаа. Тэд өмнө нь хэзээ ч ийм урлагийн бүтээлүүдийг харж байгаагүй. Бусдаас шинэлэг, өвөрмөц содон бүтээлүүд үзэсгэлэнд маань дэлгэгдсэн байсан.

Тэд сайн уран бүтээлчид, гайхалтай бүтээлүүд байгааг харж байгаадаа баяртай байсан. Хамгийн гол ялгаа нь тэд музей, институтүүд рүү биш харин хотын нээлттэй хэсэг рүү ирж үзэх хэрэгтэй байв. Бид ихэнх хүмүүсийг музейд авчирч чадахгүй. Дэлхий даяар үүнийг соёлын аялал жуулчлал гэдгийг мэднэ. Олон хүн музей үзэхээр явдаг. Гэвч масс бүгд тийшээ явдаггүй. Би гудамжинд очиж хүмүүстэй ярилцахыг хүссэн. Ингэснээр мөн тэдэнд шинэ урлагийн бүтээлийг харах боломжийг олгосон юм. Энэ нь миний хувьд хамгийн их сэтгэл хөдөлгөсөн явдал байсан.

-Яг одоо миний толгойд Испанийн Билбаогийн төслийн талаар бодол орж ирж байна. Та энэ төслийг юу гэж хардаг вэ?

-Эерэг ч тал байна, сөрөг ч тал байна. Эерэг тал нь гэвэл энэ бол гайхалтай архитектурын бүтээл. Маш олон хүн Фрингаригийн барилгыг, цуглуулгуудыг үзэхээр Билбао руу аяллаар явдаг. Гэвч энэ бол хот биш. Энэ нь жуулчид ихээр очдог хоттой төстэй. Гэвч тэнд амьдарч байгаа хүмүүс аз жаргалтай байдаг гэж би бодохгүй байна. Энэ бол яг л газарт унасан нэг гоё тоглоом шиг. Үүнд хүмүүс дуртай ч байж болно, дургүй ч байж болно. Янз бүр л байдаг. Би илүү тогтвортой зүйлст дуртай.

-Тантай ярилцаж байхдаа хойч үеийнхэн ялангуяа залуу уран бүтээлчид илүү ухаалаг юм, тэдэнд мөн өөрсдийгөө илэрхийлэх эрх чөлөө, орон зай олгох юм бол тэд шинэлэг санааг авчирч, өөрчлөлтүүд хийж, юмс илүү сайхан болж өөрчлөгдөх юм байна гэж ойлголоо.

-Таны хэлдэг зөв. Тэдэнд зөвхөн орон зай хэрэгтэй. Тэдэнд тийм ч их мөнгө хэрэггүй, тэдэнд бодох, бодож байгаагаа илэрхийлэх, бусадтай тэр талаараа ярилцах, харилцах орон зай л хэрэгтэй. Би үүнийг сайн мэднэ. Сургалтын олон байгууллага, урлан ажиллаж байна.

Монголд ч ялгаагүй олон урлан байна. Энэ нь хүмүүст үнэнийг хэлэх боломж олгох хамгийн тохиромжтой арга юм. Уран бүтээлчид бол энэ дэлхий дээр жинхэнэ үнэнийг хэлдэг хамгийн сүүлчийн хүмүүс. Яагаад гэвэл тэд өөрсдийн хүссэнээ хийдэг. Тэд бусдад таалагдахын төлөө юм хийдэггүй.

-Хамгийн загварлаг дүүргийг бүтээж байгаа архитектурын, барилгын компаниуд тэднийг урьж тэдэнтэй хамтран ажиллаж болох юм байна.

-Сайхан санаа байна. Хагас жил, бүтэн жил, хоёр жил гээд тийм ч урт биш хугацаатайгаар тэд нүүдэлчид шиг байх дуртай. Нэг газраас нөгөө рүү шилжих дуртай. Энэ нь илүү сонирхолтой.

-Таны бодлоор Монголын уран бүтээлчид бусад контемпорари уран бүтээлчидтэй ямар талаараа адил байна вэ. Тэд юугаа сайжруулах ёстой вэ?

-Хоёр жилийн өмнө гэхэд Монголын урлаг ихэвчлэн уламжлалт шинж чанартай байдаг гэж би бодож байсан. Сайн бүтээлүүдтэй боловч хоцрогдмол гэж үзэж байсан. Би их олон каталог харсан. Тэндээс би зарим нэг сонирхолтой бүтээлийг олж харсан. Дараа нь би Монголд ирээд галерей орлоо, зарим нэг маш сонирхолтой залуу уран бүтээлчидтэй уулзаж ярилцлаа. Үүний дараа үүнийг цааш нь гүнзгийрүүлэх улам их хүсэл төрсөн.

Бүх уран бүтээлчид үүнийг Монголоос хийх боломжгүй. Хэрэв тэдэнд боломж олгох юм бол бусад орны уран бүтээлчидтэй харилцан хамтран ажиллаж өөрсдийгөө хөгжүүлэх боломжтой. “Резиденс” хөтөлбөрөөр гадаад руу явдаг ч юм уу, гадаадын уран бүтээлчид Монголд ирэх ч юм уу. Маш их авьяас, боломж байна. Би энд их олон сонирхолтой хүмүүстэй уулзсан.

-Та тэдний бусад орноор аялах, бусад ертөнцийг ойлгох процесст нь оролцох уу?

-Хэд хэдэн төсөл дээр би ажиллаж байна. Би гайхалтай уран бүтээлч Отгонбаяртай их ярилцдаг. Бид урлагийн лаборатори байгуулахаар ажиллаж байна. “Art lab Mongolia”-r нээх гэж байна. Энэ нь залуу уран бүтээлчид хоорондоо уулзахад зориулагдсан газар байна. Зарим үзэсгэлэнг энд зохион байгуулна. Гэвч тийм ч олон биш. Энэ нь музей шиг биш, уран бүтээлчид хоорондоо ярилцдаг, туршлага судалдаг газар байх болно.

Би тэдэнтэй ярилцаж, зааж сурган олон зүйл хийх болно. Хүмүүс цуглараад хоорондоо ярилцах болно. Герман, Щвейцарь, Ныо-Йоркоос гээд олон орны уран бүтээлчид Монголын уран бүтээлчидтэй хоорондоо ярилцана. Тэд ийнхүү шинэлэг санаагаа солилцож өөр ирээдүй рүү алхах болно. Манай “Art lab” нь ийм газар байна.

-Орчин үеийн залуу уран бүтээлчдийн тосгон гэж болох юм байна. Монголын уран бүтээлчдийг Венецийн Биеннальд оролцуулахаар төлөвлөж байна гэсэн. Энэ Венецийн Биенналь гэж юу юм, яагаад манай уран бүтээлчид тийшээ явах хэрэгтэйг тайлбарлаж өгөхгүй юу?

-Сайхан санаа байна. Яагаад гэвэл Венецийн Биенналь нь 150 гаруй жилийн түүхтэй. Хоёр жил тутамд дэлхийн олон орны уран бүтээлчид Венецид ирж өөрсдийн бүтээлийг толилуулан урлагийн талаар ярилцан хоорондоо уулздаг. Түрүүн хэлсэнчлэн харилцаа гэдэг их чухал. Урлагийн ертөнцийнхөн хоорондоо харилцах хэрэгтэй. Өнөөгийн хандлага, бид хаашаа явж байна, юу сонирхолтой байна гэх зэргээр ярилцаж, нэг дор уулзан хоорондоо танилцах боломж олддог. Биенналь нь дэлхийн урлагийг үзэх боломжтой хамгийн сонирхолтой үзэсгэлэн юм.

-Венецийн аль хэсэгт болдог вэ?

-Ихэнх хэсэг нь Венецийн Жардинид болдог. Энэ нь цэцэрлэгт хүрээлэнд улс орон бүр өөр өөрийн павиолионыг байгуулдаг. Мөн Арсенале гэж бий. Энэ нь том үйлдвэрийн танхим юм. Энд бусад бүтээлийг танилцуулдаг. Төв танхимд нь куратор нь өөрийн цаг үеийн бүтээлүүдийн талаар ярилцлагагууд явуулдаг. Орчин үеийн урлагийн талаар маш өндөр түвшний ярилцага хийгддэг. Ирэх жил монголчууд энэ үзэсгэлэнд оролцох байх гэж бодож байна.

Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо энэ төслийн бэлтгэл дээр Герман дахь хамтрагч, Элчин сайдын яамд гээд бусад газартай хамтран ажиллаж байна. Хэрэв энэ үзэсгэлэнд оролцох юм бол монголчууд анх удаа өөрсдийгөө дэлхий нийтэд өндөр түвшинд таниулах, байр суурь олж авах боломжтой. Нөгөө талаас дэлхийн тавцанд гарах маш олон хаалгыг өөртөө нээж өгөх болно. Олон ч түнш Монголын араас ирж, олон талт харилцаа эхлэх болно.

-Таны хэлснээр түншүүд энэ үзэсгэлэнгээс болж Монголд ирэх юм байна. Магадгүй энэ бүтээлүүдийг хараад энд ирэх юм байна. Сэтгэлээ сэргээх гэж ирэх нь. Та өндөр тувшний хүмүүс гэж хэлсэн. Та урлагт хөрөнгө оруулагчдын талаар ярьж байна уу?

-Мэдээж тийм. Би заримыг нь танина. Монголын уран бүтээлчдэд дэмжлэг хэрэгтэй. Хэзээ нэгэн өдөр тэд алдартай болно. Тэднийг дэлхий нийт мэддэг болно. Урлагийн бүтээл цуглуулагчид тэднийг анхааралдаа авна.

-Энэ нь Монголын орчин үеийн уран бүтээлчдэд дэлхийд гарах сайн мэргэжлийн цонх болох юм байна...

-Мэдээж тийм. Монгол бол авьяаслаг залуу уран бүтээлчдээ дэлхийд таниулахад төгс тохирсон орон. Танай авьяаслаг шинэ залуу уран бүтээлчид шинэ санаа, өдөөлтөө дэлхий нийтэд харуулж чадна.

-Бид Монголын павильонд энэ өндөр түвшний хэлэлцүүлгийг яаж өрнүүлэх вэ?

-Энэ их амархан. Яагаад гэвэл Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо нь их сайхан хүмүүсээс бүрддэг. Тэд аль хэдийнэ маш сайн түнш, дэмжигчидтэй болсон. Би өөрөө найзуудынхаа хамт өөрийн мэддэг боловсролыг ашиглан үүнийг дэмжих болно, харилцаанд оруулна. Миний бодлоор энэ нь сайн маркетинг, танилцуулга болно. Монголын павильон нь Венецийн Биенналийн хувьд онцгой үйл явдал болох юм.

-Юу таныг урлагт ийм хайртай болгосон бэ. Та хэзээнээс эхлэн урлаг сонирхох болсон бэ?

-Намайг 10, 11 настай байхад ээж маань уран зургийн галерей ажиллуулж эхэлсэн. 1960-аад онд юм. Тухайн үедээ ойлгоогүй ч тэр урлагийн бүтээлүүдийг харах гайхалтай байдаг байлаа. Би өдөр бүр тэнд байж олон бүтээл харж, олон уран бүтээлчтэй ярилцдаг байсан. Тэдний перформанс, хийж буй зүйлсийг нь хардаг байсан. Тэдний бүтээлүүд тухайн үед хүмүүст хачирхалтай байсан. Би хожим урлагийн философиор суралцсан.

-Та Швейцарьт амьдардаг байх аа?

-Тийм ээ. Ажил хэргийн шалтгаанаар Швейцарьт амьдарч байна. Би Берлинд их олон удаа бүтээлч байдлыг эрэхээр очиж байсан. Би олон хүний аялаад байдаггүй улс орнууд руу аялдаг. Би Монгол, Куба, Азербайжан зэрэг улсыг хүчирхэг болохыг нь мэдэж байна. Би ирээдүйд Хятад, Америк, Европ гэж ноёрхохгүй, өөр байна гэдэгт итгэж байна. Илүү бие даасан байдал бий болно. Би Монголыг хүчирхэг болно гэдэгт итгэж байна.

-Та цуглуулгаа хаана хадгалдаг вэ?

-Швейцарьт.

Зураг