Индэр    
2014 оны 6 сарын 4
Зураг
Эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж-нийтлэл

“Рио Тинто” бидний найз мөн үү

Зураг
Рио Тинто

Монголын хамгийн том, зэс, алт олборлогч “Оюутолгой” компанид 7000 монгол, гадаадын 400 иргэн ажиллаж байснаас 300-г нь өнгөрсөн долоо хоногт халав.

Арван сарын өмнө халсан 1700 хүн дээр нэмэгдээд 2000, тэдний гэр бүлийг оруулаад тооцвол арваад мянган хүн орлогын эх үүсвэрээ нэг жилийн дотор алдлаа.

“Ажлын байрыг цөөлөх нь уул уурхайн бизнесийн амьдралын мөчлөгийн нэг хэсэг... Зардлаа яаралтай хасах шаардлага бидэнд тулгарч байна” гэж “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Крейг Киннел дотоод сүлжээгээр түгээсэн захиандаа өгүүлжээ.

Харин Монголын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Рио Тинто” дэлхий даяар үйл ажиллагааны зардлаа 1 тэрбум доллараар багасгаж буй тухай хэвлэл мэдээллийнхэнд учирлав.

Монгол Улс эдийн засгийн хямралд орж, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш нь жилийн дотор 30 хувь унаж, өргөн хэрэглээний барааны үнэ 50 хувиар өсөж, сандарсан Засгийн газар нь Эдийн засгаа эрчимжүүлэх 100 хоногийн хөтөлбөр гаргаад, уул уурхайг дэмжинэ, Оюутолгойн гүний уурхайг түргэн эхлүүлэхийг хичээнэ гэж зарласнаас хойш арав дахь хоног дээр нь энэ явдал тохиосон нь “Рио Тинто” бол бидний найз биш, харин түнш чинь гэдгийг өөрийн эрхгүй сануулав. Найз бол өөрийн эрх ашгаа золиослон чамд тусалдаг, харин түнш бол өөрийн эрх ашгаа тэргүүнд тавьж, бизнесийн ашгийн төлөө л хамтарч ажилладаг хуулийн этгээд юм.

Төгрөгийн ханш огцом унахаар Монголоос авч байгаа бүх бараа, үйлчилгээ, бүтээгдэхүүний үнэ өсөж, үйл ажиллагааны зардлынх нь талыг эзэлдэг цалингийн сангаа багасгахын тулд ажиллагсдаа цөөлдөг нь бизнесийн жирийн үзэгдэл.

“Рио Тинто” нь ашгийн төлөө ажиллаж, хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийг арвижуулах үүрэгтэй, олон улсын биржид бүртгэлтэй учир бусад ижил компанийн адилаар хэдэн хүн ажилд авах, халах асуудлыг зөвхөн гүйцэтгэх засаглал нь хариуцдаг, тэгж чадахгүй бол удирдлагаа сольдог зүй тогтолтой. Шаардлагатай бол “Рио Тинто” ажилчдаа дахиад л цомхтгоно.

Монгол Улсын Засгийн газар стратегийн буюу эдийн засагт томоохон үүрэг гүйцэтгэх уул уурхайн орд газруудынхаа 34 хувийг эзэмших хууль гаргаж, “Оюутолгой”-н ТУЗ-д гурван хүнээ томилох болсон. Харин компанийн 66 хувийг эзэмшигч нь төслийг хэрэгжүүлэгч буюу гүйцэтгэх удирдлагыг томилон ажиллуулж, үйл ажиллагааны зардлаас нь тодорхой хувийг суутгаж авдаг.

Манай төр засаг гуравны нэгийг нь эзэмшиж байгаа атлаа “Рио Тинто”- д бизнесийн түнш шиг биш, хувийн найз шигээ хандаж хөрөнгө мөнгө зээлж улс төрд ашиглан, заримдаа шахаж айлган, заримдаа гуйж аргадаж ирлээ. Бизнест нөхөрлөл биш, түншлэл л гэж бий. Эдийн засгийн өнөөгийн хямрал, найз, түнш хоёрыг ялгах ухаарал нь монголчуудад хэд хэдэн чухал сургамж өгч байна.

НЭГ. ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГ МӨЧЛӨГТЭЙ

Төвлөрсөн, төлөвлөгөөт эдийн засгаас ялгаатай тал нь зах зээлийн эдийн засагт өөрийн мөчлөг гэж бий. Эхлээд өсөж хурдалж явсаар тодорхой хугацаа, нөхцөлд хүрээд гэнэт унаж, эсвэл аажмаар буурч, ямар ч өөрчлөлтгүй байснаа цочмог өгсөж, эсвэл аажмаар жигд дээшилж явах ба энэ бүхэн нь урт, богино хугацаанд давтагдахыг мөчлөг гэдэг. Тухайн орны эдийн засгийн хөгжлийн гадаад, дотоод хүчин зүйлээс хамаарч үнэ цэнийн үйлдвэрлэл, нийл ү үлэлт, хэрэгцээний түвшинд зохицсон таатай харьцаа бүрдсэн нөхцөлд эдийн засгийн өсөлт тогтворждог.

Монголын эдийн засгийн өсөлт, жишээ нь 1992 онд -9.3, 1995-2010 онд жилд дунджаар 6.5, 2011 онд 17.6, 2012 онд 12.4, 2013 онд 11.7 хувь байжээ.

Үүнд материал, хөдөлм өр, санхүүгийн нөөцийн олдоц, тухайн орны Засгийн газрын бодлого гол орчин нөхцөлийг бүрдүүлдэг. Тодорхой хугацааны дараа тэнцвэртэй харьцаа нь алдагдаж, эдийн засгийн өсөлт бууран, зөв тохиргоо хийгдэхгүй бол хямарч, дараачийн тэнцвэртэй, тогтвортой харьцаа бүрдтэл үргэлжилдэг. Өсөлт, уналт гээд мөчлөгийн хэсэг тус бүр ямар хурд, нөлөөтэй байх нь улс орон болгонд ялгаатай. Монголын эдийн засгийн өсөлт, жишээ нь 1992 онд -9.3, 1995-2010 онд жилд дунджаар 6.5, 2011 онд 17.6, 2012 онд 12.4, 2013 онд 11.7 хувь байжээ.

ХОЁР. ГОЛЛАНД ӨВЧИН

Манай эдийн засаг өнөөдөр уул уурхайгаас бүрэн хамаардаг боллоо. Энэ салбарын хайгуулын явцад маш их мөнгө шаарддаг ч, юу ч олохгүй байх өндөр магадлалтай. Харин олсон тохиолдолд маш том, урт хугацааны хөрөнгө оруулалт хийж байж тоног төхөөрөмж худалдан авч, олборлож, боловсруулаад зах зээлд нийлүүлдэг бизнес юм. Нэг сая долларын хөрөнгө оруулалт тутамд хамгийн цөөхөн ажлын байр бий болгодог салбар.

Эцсийн хэрэглэгч нь хүнд үйлдвэрүүд тул эрдсийн барааны олон улсын зах зээлийн үнээс шууд хамааралтай. Тийм учраас улс орнууд уул уурхайн салбараас бүрэн хамаардаг биш, хөдөлмөр, мэдлэг илүү шингэсэн өөр салбарыг хөгжүүлэхийг зорьдог. Монголчууд энэ талаар ярих нь хийхээсээ түрүүлж, эдүгээ зөвхөн энэ салбараас бүрэн хамаарч, “Голланд өвчин” тусахад хүрээд байна.

ГУРАВ. ХАГАС АРДЧИЛАЛ ГЭЖ БАЙХГҮЙ

Зах зээлийн эдийн засгийн мөчлөгийг удирдах, эдийн засгаа олон салбартай болгоход хувийн хэвшил, төр засгийн зөв зохистой хамтын ажиллагаа онцгой чухал үүрэгтэй. Ардчилсан нийгэмд чөлөөт, шударга сонгуулиар төр засгаа сонгон томилж байгаа нь ардчилсан нийгэм байгуулах ажлын хагас нь гэж үзэж болно. Үлдсэн хагас нь томилсон төр засгаа нийгэм нь хянаж засаж чаддаг болох явдал юм. Хагас биш, бүрэн ардчилсан нийгэмд л зах зээлийн эдийн засаг жинхэнэ утгаараа хөгжих нөхцөл бүрддэг.

Эдүгээ монголчууд хоёр дахь хагасыг нь хийж чадахгүй, төр засаг ч хянуулахад дургүй, ярихаас хэтрэхгүй олон жил булзааруулж ирсэн тул эдийн засгийн хямралд өртөөд байгаа юм. (Дэлгэрэнгүйг “Хуурамч ардчилал”. www.jargaldefacto. com ooc уншина уу)

ДӨРӨВ. ЗАХ ЗЭЭЛЭЭ ТЭЛЭХ ШААРДЛАГА

Манайх шиг жижиг зах зээлтэй оронд хувийн хэвшлийн компаниуд дэлхийн зах зээлд өрсөлдөх, эцсийн бүтээгдэхүүн биш юм аа гэхэд амин чухал зарим эд ангийг нь үйлдвэрлэж чадвал том зах зээлд ажиллана гэсэн үг. Энэ чиглэлээр хурдан явах ганц арга бол өндөр бүтээмжтэй байх, харин үүнийг төр засаг биш өрсөлдөөн бий болгодгийг ухамсарлах явдал юм.

ТАВ. ЗАСГИЙН ГАЗРЫН ҮҮРЭГ

Засгийн газар өөрөө хөнгөлөлттэй зээл олгож, үнийг хязгаарлаж, бизнест оролцох тусам эдийн засгийн хямрал давтагдаж, удаан хугацаагаар үргэлжлэх боллоо. Уул уурхайн салбарт төр засаг оролцох тусам энэ салбарын мөчлөгийн уналт “урт настай” байдгийг бодит нөхцөл харуулж байна.

Төр засаг уул уурхайн төслүүдэд хувь эзэмшиж, татвар төлөгч бидний мөнгөөр хөрөнгө оруулахын оронд хүн, байгалийн аюулгүй байдалд хал болохгүй үйл ажиллагааны стандарт тогтоон, чанд мөрдүүлж, эцсийн бүтээгдэхүүнээс нь байгалийн баялаг ашигласны төлбөрөө (роялти) авах нь дээр бус уу.