Индэр    
2014 оны 3 сарын 18
Зураг
Эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж-нийтлэл

Б.Болдгив: Оюутнуудад тэтгэлэг өгснөөс сурах орчныг нь сайжруулбал өрсөлдөх чадвар нэмэгдэнэ

Зураг
МУИС-ийн бүтцийн шинэ нэгж болох Шинжлэх ухааны их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Б.Болдгив

Д.Жаргалсайхан de Facto нэвтрүүлэгтээ МУИС-ийн бүтцийн шинэ нэгж болох Шинжлэх ухааны их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Б.Болдгивыг урьж ярилцлаа.

-МУИС бүтцийн өөрчлөлт хийж таван сургууль байгуулжээ. Яагаад ийм өөрчлөлт хийх болов. Энэ нь юугаараа давуу юм бэ?

-Зөвхөн МУИС төдийгүй дээд боловсролын систем маань өөрийн жамаар хөгжиж ирлээ. МУИС 1942 онд байгуулагдсан. Тэр цагаас хойш ЗХУ-ын дээд боловсролын системээр үйл ажиллагаа явуулж ирснийг та бид бүгд мэднэ. 1990 он болж систем задарсан. Тэгэхээр сургууль ямар байдлаар явах вэ гэдэг тухайд яриа хэлцэл явагдсаар өнөөг хүрсэн.

Олон орны туршлагыг хуулж хэрэглэх гэж оролдож ирсэн. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд сургууль хэтэрхий жижгэрсэн бүтэцтэй, санхүүгийн хувьд өөр өөрийн эрхтэй, хоорондын уялдаа холбоо муутай хэсгүүд болоод хувирчихсан байсан байна. МУИС дэлхийн бусад том сургуулиудтай харьцуулахад жижиг сургууль шүү дээ.

Хүүхдүүдийг эхлээд бүгдийг ижил түвшинд аваачна. Дараа нь хүүхдүүд мэргэжлийн сонголтоо ухамсартайгаар өөрсдөө хийх нөхцөл бололцоог бүрдүүлнэ.

Тэгэхэд 86 тэнхимтэй, тэнхим дэх багш нарын тоо цөөн, тэр ч бүү хэл нэг хүнтэй тэнхим хоёр ч бий болоод байсан. Үүнийг өөрчлөх, хоорондын уялдаа холбоог сайжруулахыг зорьсон нь энэ өөрчлөлтийн учир утга. Харьцуулсан судалгаа хийсний дүнд энэ өөрчлөлтийг хийсэн.

-Барууны их сургуулиуд шиг, нэр хүртэл өөр болсон байна уу?

-Тийм.

-Таны хариуцаж байгаа нь Шинжлэх ухааны сургууль. Англиар юу гэх вэ?

-Барууны боловсролын системд байгаачлан School of Arts & Science гэж, үгчилж орчуулбал Урлаг, шинжлэх ухааны гэх болоод байгаа юм.

-Яг тэгж орчуулахгүй яасан юм?

-Ингээд нэрлэчих гэхээр манайхан урлаг гэдгийг перформинг арт гэдэг ч юм уу тийм байдлаар шууд ойлгоод дүрслэх урлаг, театр, жүжиг гэдэг шиг ойлгох гээд байдаг. Энэ нь манай Удирдах зөвлөлд яригдсан асуудал. Урлаг гэдэг үгийг хэрэглэсээр байгаад хэвшүүлэх нэг асуудал байсан, нөгөө талаас ерөөсөө хэвшиж өгөхгүй, одоохондоо нийгэмд сууж өгөхгүй байгаа бол тогтсон нэр томъёо хэрэглээд явъя гэж шийдсэн.

-Гэхдээ дандаа либерал артс гэж нэрлээд байна шүү дээ. Энэ ямар учиртай вэ?

-Энэ нь эртний Грек, Ромын үеэс үүдэлтэй. Энгийн өдөр тутмын амьдралаас хүнийг чөлөөлөх, чөлөөт сэтгэлгээтэй чөлөөт иргэн бий болгох чиглэлээр ийм ойлголт бий болгосон байна. АНУ-ын сургуулиуд үүнд бүрэн үндэслэсэн. Чөлөөт иргэнийг бий болгох либерал артс-ын үндсэн долоон салбар байдаг. Хэл бичгийн дүрэм, илтгэх урлаг, логик буюу ярианы чадвар, арифметик, хөгжмийн урлаг, геометр, одон орон судлал гэсэн долоон чөлөөт урлаг гэж нэрлээд иржээ.

-Тэгэхээр нэрийг нь аваагүй ч гэсэн эдгээрээс алийг нь, түүнээс гадна МУИС гэж өнөөг хүртэл явж ирсэн сургуулийн бүтцээс аль аль тэнхмүүдийг нь авсан бэ?

-Энэ долоо бол бий. Шинжлэх ухааны сургууль гэж нэрлээд Arts & sciences гэдгээр явж байгаа учир энэ долоон чиглэлийг барьж энэ талын мэдлэг, чадварыг дээд боловсрол эзэмшиж буй хүүхэд бүрт олгоё гэж байгаа юм. Энэ бол Америкийн системийн давуу тал. Эдгээр долоон чиглэл орчин үед арай өөр болж хөгжсөн. Хүүхдүүдийг эхлээд бүгдийг ижил түвшинд аваачна.

Харин дараа нь хүүхдүүд мэргэжлийн сонголтоо ухамсартайгаар өөрсдөө хийх нөхцөл бололцоог бүрдүүлнэ. Их сургууль хөгжиж ирсэн түүхэндээ энэ нөхцөл боломжийг бий болгож ирэх нь ирсэн байдаг. Гэхдээ өөр өөрийн тусгай замтай байжээ.

-Одоо сургууль дотроо ямар ямар ангитай байх вэ, тухайлбал танай сургууль?

-Манайх бүтцийн таван сургуулийн нэг гэдгийг түрүүн хэлсэн. Дотроо хүмүүнлэгийн, нийгмийн ухааны, байгалийн ухааны гэсэн гурван салбартай. Салбар бүр зургаагаас долоон тэнхимтэй.

Нийтдээ 19 тэнхимтэй нэгж болж байгаа. Оюутнууд элсэхдээ их сургуульд элсэнэ. Хуучин ямар байсан гэхээр нэг хөтөлбөрт хамт элсчихээд түүндээ 20, 30-уулаа хамт явсаар байгаа төгсдөг. Түүнээсээ хальж гардаггүй, юм үздэггүй, өөр салбарын хүмүүстэй найзалдаггүй, нийгэмшдэггүй байлаа. Ерөнхий суурь хичээл гэдгийг Харвард зэрэг сургуулиуд анх үүсгэсэн юм билээ. Чадвар, мэдлэг олгодог, суурийг тавьж өгдөг хичээлүүдийг мэргэжлийн тэнхмүүд нь ижилхэн хуваарилж авч явъя гэж байгаа юм.

-Өөр сургуулийн хүүхдүүд танай Шинжлэх ухааны сургуульд ирж хичээллэнэ гэсэн үг үү?

-Ирнэ.

-Би Америкт MBA хийсэн л дээ. Тэнд сурч байхад суралцагсдыг нэг анги гэхэд их хэцүү, нэг хүн энд ч, тэнд ч харьяалагдаж хичээллээд байдаг байлаа.

-Яг тийм болж байгаа юм.

-Тэгвэл зарчмын хувьд их өөр болж байгаа юм байна...

-Тийм ээ. Яагаад ийм өөрчлөлтийг хийх болов гэхээр хувьсгалын тохироо гэдэг шиг юм болж байгаа юм. Янз бүрийн системүүдийг туршиж үзлээ, нутагшуулах гэж оролдлоо, нэг л сайн болж өгсөнгүй. Их сургууль байгуулагдсан цагаас нь ажилласан хүнээс эхлүүлээд энд олон жил ажилласан ахмад туршлагатай багш нар байна.

Дээрээс нь 1990 оноос хойш янз бүрийн оронд суралцаж төгссөн, тэндээ олон жил ажиллаж мэддэг туршлага хуримтлуулсан хүмүүс эргэж ирж ажиллаж таарч байгаа сонирхолтой үе тохиож байна.

-Та Корнеллийн их сургууль, дараа нь Пенсильванид нийт долоон жил суралцаж өндөр боловсрол эзэмшжээ. Эх орондоо ирээд бас нэлээд хэдэн жил ажилласан байна. Эдгээр сургуульд та юу хийж бүтээснээ товчхон танилцуулахгүй юу?

-Корнеллийн их сургуульд Соросын сангийн шугамаар явсан. Магистрын тэтгэлгээр суралцуулдаг байсан шүү дээ. Тэр хүрээнд явсан. Тэгэхэд бид өөрсдөө ямар сургуульд явахаа шийдэж болдоггүй байлаа. Сангаас нэр зааж өгсөн сургуульд нь явдаг. Надад азаар Корнеллийн их сургууль таарсан л даа. Энэ сургууль бол биологи, экологи, эволюцийн чиглэлээр сайн сургалттай.

-Та явахаасаа өмнө энд сургуульдаа ажиллаж байсан уу?

-Тийм ээ, хоёр жил багшилсан байсан. Очоод зэрлэг амьтны экологийн, эволюцийн биологийн чиглэлээр судалгаа хийж төгссөн. Төгсмөгцөө Пенсильванийн их сургуульд хүсэлт гаргаж докторантурт сурах болсон. Тэнд экологи, эволюцийн биологийн чиглэлээр таван жил сурч, судалгаа хийж, докторын зэрэг аваад шууд Монголдоо ирж ажилласан.

-МУИС-ийн одоо болтол бүрдүүлж ирсэн цөмийн тал нь, талаас илүү хувь нь ямар нэг хэмжээгээр тантай холбоотой, таниар удирдуулаад ажиллах гэж байна. Монгол Улсын хөгжлийн энэ чухал, бид уул уурхайгаас хэтэрхий хамааралтай, хоол ундны гол эх үүсвэр түүнтэй холбоотой үе тохиож байна. Үүнийг өөрчлөх, өөр салбар руу экспортлох, энэ чиглэлээр ажиллаж байна бизнестэй, тодорхой ажил үйлдвэрийн салбартай та нарын хийгээд байгаа судалгаа шинжилгээ яаж уялдах юм, ямар практикал өгөөж байх юм бэ?

-Та их сайхан асуулт асуулаа. Ер нь судлаачдыг, эрдэмтдийг шүүмжилдэг. Нэг л их ажил хийгээд яваад байгаа хэрнээ тэр нь яагаад амьдралд мөнгө төгрөг болж ирэхгүй байгаа юм бэ гэж. Суурь судалгаа хийдэг нэг хэсэг байдаг. Суурь судалгаа нь технологийн хөгжлийн асуудалтай холбоотойгоор хурдан эсвэл удаан байж болно. Нөгөө талаар их сургууль бол бүтцийн өөрчлөлттэй холбоотой асуудлыг олж харж суурь судалгаа хийгээд байдаг.

Тэр нь технологи болдоггүй, ямар нэгэн патент болдоггүй, эргүүлээд эдийн засагт үр өгөөжөө өгдөггүй, ийм байж болохгүй гээд л. Тийм учраас Хэрэглээний шинжлэх ухааны инженерчлэлийн сургууль гэж байгуулсан. Энэ сургуулийн хүмүүс ямар даалгавартай хүмүүс байх ёстой вэ гэхээр хийж байгаа судалгааг технологи, патент, бүтээгдэхүүн болгож хувиргах.

-Өнөөх таван сургуулийн нэг, Applied Science and Engineering гэх үү?

-Engineering and Applied Science. Бодитой мэдлэгийг мөнгө болгоход чиглэсэн.

-Бодитой мэдлэгийг бүтээгдэхүүн болгох. Үүнийг компаниуд захиалах юм уу, яг ямар маягаар санхүүжилт нь ажиллах вэ?

-Захиалж болно, Судалгааг дэмждэг хувийн хэвшлийнхэн гэж байдаг. Ер нь бол хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалт маш чухал.

-Хувийн хэвшлийнхэн, компаниуд энэ чиглэлээр эднийд мөнгө шилжүүлье гэж бодоход манайд татвараас хөнгөлдөг, дэмждэг тийм систем байдаг уу?

-Түүнийг би одоохондоо сайн мэдэхгүй байна.

-Тийм ээ, одоохондоо байхгүй.

-Гадаадад бол байдаг.

-“Эндаумент ин Харвард”, Харвардын сан гэж яриад байна шүү дээ. Төгсөгчдийнх нь өгсөн мөнгө. Хамгийн авьяаслаг хүмүүст тэтгэлэг өгдөг гэх мэтийн үзүүлэлт байдаг. Ер нь манай их сургуулийн тэтгэлэгтэй холбоотой асуудал ямар байна. Ихэнхийг нь хэн гаргах вэ, улс уу. Оюутан болгонд цалин гэж мөнгө өгч байна шүү дээ. Энэ тухай таны бодол ямар байдаг вэ?

-Би хоёрдугаар асуултаас эхлээд хариулъя. Оюутан болгонд мөнгө өгөх нь миний бодлоор буруу гэж боддог. Харин ч оюутныхаа сурах орчинг бүрдүүлэхэд хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй болов уу. Харвард гэх мэт дэлхийн шилдэг сургуулиуд хэдийгээр хувийн сургуулиуд ч гэсэн улсаас авч байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ асар өндөр байдаг. Тэгэхээр түүнтэй адил оюутанд өгч байгаа тэтгэлгээ сурах боловсрох орчинд нь зарцуулах юм бол өрсөлдөх чадвартай хүмүүс бий болоход илүү хувь нэмэр оруулж, тэр нь илүү удаан хугацааны үр өгөөж болно.

-Тиймээ, тэр нь  зөв. Тэгээд ч сайн багшийг сонгож авах санхүүжүүлтийн эх үүсвэр болно. Тийм үү?

-Тийм.

-Одоо нэг ийм хандлага байна аа даа. Боловсрол хямдхан, тэгээд сайн байх гэсэн. Хямдхан юм сайн байх их хэцүү шүү дээ...

-Тийм, хямдхан юм сайн байх их хэцүү. Үүнийг би оюутнууддаа жишээ болгож хэлдэг. Жишээлбэл, Харвардын их сургуулийн төлбөр нь тавин мянга орчим доллар болно. Дотуур байрны төлбөр, суурь хураамж зэргээ оруулаад хэлэх юм бол. Ийм сургуульд хүүхдүүдээ сургаж чадаж байгаа.

Зүгээр нэг үйлдвэрийн ажил хийдэг, уурхайд ажилладаг жирийн ажилчин америк хүн жилд хорь, хорин хоёр мянган долларын ажил хийдэг бол хүүхдээ тэнд сургаж болж байгаа юм.

Тэгээд дээр нь зээл авдаг янз бүрийн системүүд бий. Харин манайх бол дундаж цалин статистикийн мэдээгээр зургаан зуун хэдэн мянга болчихоод байгаа. Жилд энэ нь долоо, найман сая төгрөг болж байхад нэг, хоёр сая төгрөгийн сургуульд хүүхдээ сургахад бөөн улс төрийн асуудал болоод явчихдаг.

Түрүүн та эндаумент гэж ярилаа. Харвардын эндаумент бол гучин хоёр тэрбумаар хэмжигдэж байгаа юм билээ, өнгөрсөн оны байдлаар. Эндаумент гэдгийг манайхан зүгээр л хүмүүсийн өгдөг хандив гэж ойлгоод байдаг.

Энэ маань зөвхөн хандив төдийгүй хүмүүсийн оруулсан хөрөнгө оруулалт, тодорхой нөхцөлтэйгөөр өгсөн бэлэг гэх мэтээр явдаг. Жишээлбэл МУИС-д миний мэдэж байгаагаар хоёр эндаумент байна л даа. Нэг нь бол Солонгосын, шинжлэх ухааны мэдлэгийг гифас гэж ярьдаг сангийн хөрөнгө оруулалт юм. Нөхцөл нь бол оруулсан хөрөнгөөр нь хөрөнгө оруулалт хийгээд хүүг нь авч хэрэглэж байх, тодорхой нөхцөлд. Хүү нь МУИС-д жилд зуун сая төгрөг орж ирээд байгаа юм.

Тэгэхээр энэ овоо их хэмжээний мөнгө байж таарна. Харин нөгөөдөх нь бол яг одоо миний нэр дээр байгуулж өгсөн хандивын сан бий. Үүнтэй харьцуулбал их бага мөнгө. Хуучин Азийн сангийн суурин төлөөлөгч байсан Биллин Фанте гэдэг хүн энэ санг хөөцөлдөж байж байгуулж өгсөн.

Энэ бол Теллерийн гэр бүл хэмээх нэрээр нэрлэгдсэн эндаумент сан. Бас л ялгаа байхгүй үндсэн хөрөнгө оруулалт хийгээд хүүг нь авч хэрэглэдэг. Хүү нь бол арваас арван тав сая орчим төгрөг болдог.

Хүмүүс үүнийг сонсоод инээд нь хүрч магадгүй. Гэхдээ энэ бол Шинжлэх ухаан технологийн сангийн дундаж, шинжлэх ухааны төсвийн жилд өгдөг мөнгөнөөс зарим тохиолдолд нэлээд илүү гарч байгаа мөнгө.

Зураг