Индэр    
2022 оны 12 сарын 13
Зураг
iKon.mn Сэтгүүлч

Н.Тэгшбаяр: Манай оронд урьд өмнө тэмдэглэгдэж байгаагүй ураны шинэ илэрц, биет байх таамаглалыг дэвшүүллээ

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын судалгаагаар ирэх 50 жилд хүн төрөлхтний өмнө тулгамдах томоохон 10 асуудлын жагсаалтыг гаргажээ. Үүний эхний байранд эрчим хүч болон ундны ус орсон нь хурцаар хөндөгдөх сэдэв болж байна. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөн ирээдүйд мөнгөөр дутагдахаас илүү усаар дутагдах эрсдэлтэйг Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр хэлж байлаа.

Тэрбээр "Монгол орны ундны усан дахь уран, түүний гидрогеохимийн асуудал" сэдэвт судалгааг МУИС-ийн физикч, химич эрдэмтэдтэй хамтран 10 гаруй жилийн хугацаанд хийжээ. Уг ажлын хүрээнд Монголд анх удаа ундны усан дахь ураны тархалтын зураглалыг гаргаснаар онцлогтой аж. Түүнчлэн дээрх судалгаанд тулгуурлан Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл, Эрүүл Мэндийн Яам, МХЕГ болон холбогдох байгууллагуудад зөвлөмж хүргүүлжээ. 

Энэ талаар түүнтэй ярилцсанаа хүргэж байна. 



-Улсын хэмжээнд ундны усны агууламж, чанар аюулгүй байдал ямар түвшинд байна вэ. Тэр дундаа уран болон бусад элементийн агууламж зохих стандартад нийцэж чадаж байгаа юу?

-Үндэсний стандарт болон олон улсын стандартад ураны хүлцэх дээд хэмжээ 30 мкг/л буюу 30 ppb байдаг. Үүнээс хэтэрсэн тохиолдолд тухайн бүс нутгийн ус ариун чанараа алдаж байна гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хүн амын унданд хэрэглэх боломжгүй, техникийн шинж чанартай ус болсон хэмээн ойлгох хэрэгтэй.

Бид улсын хэмжээнд судалгаа хийхдээ 300 гаруй сум суурин, тосгоны уснаас дээж авч, зөвхөн уран биш бусад элементийг ч тогтоохыг зорьсон. Ингэхдээ хөдөө орон нутаг төдийгүй нийслэл хот орчмын ундны усыг шинжилж, радоны хэмжилт хийсэн. Радон, уран, висмут, цацраг идэвхт хар тугалга, радий зэрэг нь усны цацраг идэвхт элемент юм. Эдгээрээс хүний эрүүл мэндэд цацрагийн болон химийн хоруу чанараар илүү хортой нь радон, уран хоёр. 

Хүний биед орж байгаа цацраг идэвхт ураны 16 хувь нь хоол хүнс, амьсгалаар дамждаг бол 85 хувь нь ундны усаар дамждаг талаарх судалгаа байдаг.

Уран болон хүнд элементүүдийн агууламж өндөртэй усыг унданд хэрэглэх нь хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх аюултай төдийгүй хамгийн түрүүнд бөөрийг гэмтээж, цусны даралтыг ихэсгэдэг. Хүний биед шингэхдээ ихэвчлэн ясанд хуримтлагддаг.

Нийслэлийн хэмжээнд жил бүрийн хавар ундны усан дахь радоны хэмжээ өссөн үзүүлэлттэй байдаг. Харин зуны улиралд багасаж байна. Энэ нь газрын хөлдөлт, гэсэлт зэрэг олон хүчин зүйлээс шалтгаална. Радон нь газрын гүнээс байнга дээш ууршиж гардаг. Өөрөөр хэлбэл, дэлхийн цөмөөс гардаг элемент. Энэ төрлийн элемент нь хавар газар гэсэхээр гүний устай холилдож, улмаар ундны усны ариун чанар алдагдахад хүргэдэг. Монголчууд эртнээс хавар ус түүхийрдэг, усны хор гараагүй гэж хэлж ирсэн нь үүнтэй холбоотой. 

-Манай улсын хүн амын дийлэнх нь нийслэл хотод төвлөрч амьдардаг. Тиймээс ч ундны усны ариун чанар, аюулгүй байдал алдагдвал үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээний эрсдэлтэй болов уу. Тэгвэл бид өдөр тутамдаа чухам ямар ус ууж, хэрэглэж байна вэ? 

-Тийм ээ. Бидний ууж байгаа ус ариун, стандартад нийцсэн байвал бидний бие махбод эрүүл байх боломжтой. Дээрх судалгааны хүрээнд нийслэл хотын эх үүсвэрийн худгууд болон ус дамжуулах нэгдсэн шугам сүлжээгээр хэрэглэгчдэд хүрч буй ундны усыг шинжилсэн. Үүнээс харахад хотын иргэд чанар стандартад нийцсэн ариун ус хэрэглэдэг болох нь судалгаагаар нэгэнт тогтоогдсон гэдгийг тэмдэглэж хэлэх нь зүйтэй.

Туул голын ай сав газраар дамжиж орж ирж байгаа, газрын гүний усаар Улаанбаатарчууд ундаалж байна. Шууд газрын гүнээс авч, нэгдсэн шугам сүлжээгээр бидэнд дамжуулж өгч байгаа. Ундны усны эх үүсвэрт шинжилгээ хийж үзэхэд нийслэлийн иргэд гайхамшигтай цэвэр, цэнгэг ус ууж байгаа нь тогтоогдсон. Үүнд эргэлзэхгүй байж болно.

Ус бол амь юм. Өөрөөр хэлбэл, усыг мал ууна, малын махыг хүн зооглоно

Амьдралыг тэжээж, тэтгэгч гол зүйл бол ус. Нөгөөтээгүүр үйлдвэрлэлийн чухал бүтээгдэхүүн. Тиймээс ч бид усаа үнэтэй болгох ёстой. Үнэтэй юмыг хүн гамтай хэрэглэнэ шүү дээ.

-НҮБ-аас ирэх 50 жилд хүн төрөлхтний өмнө тулгарах 10 асуудлыг жагсаалтыг гаргасан байна. Эдгээрээс хамгийн эхэнд эрчим хүч болон ундны усны асуудлыг эрэмбэлжээ.

-Нэн тэргүүнд цөмийн эрчим хүч, ус төрөгчийн эрчим хүчинд дэлхий нийт ихээхэн ач холбогдол өгч байна. Энэ бол экологид ээлтэй эрчим хүчний тухай яриа. Хоёрдугаарт, ундны ус нь хүн төрөлхтний өмнө тулгарах хамгийн том асуудал болно. Ундны ус гэдэг нь усны ариун чанар, усны стандарт, усыг хайрлах тухай асуудал. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөн ирээдүйд мөнгөөр дутагдахаас илүү усаар дутагдана. Үүний дараа

  • Хоол хүнс
  • Хүрээлэн буй орчин
  • Ядуурал
  • Терроризм болон дайн
  • Өвчин эмгэгүүд 
  • Боловсрол 
  • Ардчилал 
  • Хүн амын өсөлт зэрэг нь төрөлхтний өмнө тулгарах томоохон сорилт болоод буй.

Харин бидний яриа ундны усны асуудалд төвлөрч байна. Усаа ойлгоно гэдэг эрүүл мэндээ хамгаалах үндэс. Устай газрын аж үйлдвэр хөгжинө. Устай газрын эдийн засаг өсөлттэй байна. Цэвэр, цэнгэг устай газрын хүн ам саруул ухаантай, эрүүл биетэй байж чадна. Үүнээс гадна ус, рашаан хоёрын ялгааг ойлгож уух хэрэгтэй. 

Ундны ус бол стандартад нийцсэн байх ёстой. Харин рашаан бол зарим нэгэн эрдсээр баяжигдсан байна. Магадгүй тархи мэдрэлтэй холбоотой өвчний үед бром (Br) ихтэй рашаан хэрэглэх. 

Стресстэй байгаа хүн Магни (Mg)-аар баяжигдсан рашаан хэрэглэх нь зохимжтой.

Дотор нь байгаа элементүүдээс шалтгаалаад олон төрлийн рашааныг хэлж болно. Жишээлбэл, нян бактери устгах тохиолдолд мөнгөн аяганд ус уу гэдэг. Өөрөөр хэлбэл, мөнгө бол нян бактери устгадаг. Хамгийн чухал нь рашааныхаа мөн чанарыг ойлгож уух хэрэгтэй. Гэхдээ ус, рашаан ялгаатай гэдгийг сануулъя. 

"Усан дахь уран болон эрдсүүд нь тухайн бүсийн зарим ашигт малтмалын орд газруудтай холбоотой"
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-Монгол орны хэмжээнд чухам аль бүс нутгийн ус чанарын шаардлага хангасан, харин аль газрын ус стандартад нийцээгүй байна вэ. Судалгааны үр дүнгийн талаарх яриандаа эргээд оръё?

-Сүхбаатар, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Дундговь аймгийн ундны усан дахь ураны агууламж зарим газарт илүү тогтоогдсон. Бидний хэлж заншсанаар аж үйлдвэрийн парк байгаа тухайн газрын ус стандарт хэмжээнээс илүү урантай байх жишээтэй. Харин баруун талд Баян-Өлгий аймгийн ундны ус ураны агууламж бага, цэвэр байдаг юм билээ. Уранаас гадна ундны усны сорьцод тори, цези, хар тугалга, хүнцэл, иод, фосфорын агууламжийг мөн тодорхойлж үзсэн.

Хар тугалгын агууламж Сэлэнгэ, Дундговь, Баян-Өлгий, Говьсүмбэр аймгийн зарим сумын усанд их илэрч байсан. 
Хүнцлийн агууламж Дорноговь, Сүхбаатар, Өвөрхангай, Төв аймгийн зарим сумын усанд харьцангуй их илэрсэн.
Сүхбаатар, Дундговь аймгийн зарим сумын нутагт фторын агууламж харьцангуй их байх жишээтэй.
Харин Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Эрдэнэбулган, Ханх, Хатгал, Увс аймгийн тариалан, Тэс, Бөхмөрөн, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд иод, фтор хоёулаа дутагдалтай байна.

Тэгэхээр дээрх бүс нутагт амьдардаг иргэд иоджуулсан давсаа сайн хэрэглэхийг зөвлөе. Усанд нь фторын агууламж бага байгаа учраас фтортой бүтээгдэхүүн хүнсэндээ сайн хэрэглээрэй гэсэн утгатай. Харин эрдэс бодисын шинжилгээ өгөхдөө үс, цус гэсэн дарааллаар явбал зүгээр. Үүний дараа хэрэглээндээ анхаарах хэрэгтэй. Түүнээс биш аливааг таамгаар дур мэдэн хэрэглэж болохгүй гэдгийг сануулъя. 

-Ундны усны агууламжаас нь харж эрдэс баялгийн нөөцтэй байж болохуйц бүс нутгийг тодорхойлох бололцоо бий юу. Өөрөөр хэлбэл, усны элементүүдийн найрлагаас хамаарч эрдэс баялгийг олж тогтоох боломжтой юу?

-Ундны усыг нь шинжлээд тухайн бүс нутагт ямар эрдсийн хуримтлал байна вэ гэдгийг тогтоох бүрэн боломжтой. Бид ундны усыг судлах явцад ураны орд байх боломжтой зарим газруудыг таамаглаж өгсөн. Тухайлбал, манай орны нутаг дэвсгэр дээр урьд өмнө тэмдэглэгдэж байгаагүй ураны шинэ илэрц, биет байх таамаглалыг дэвшүүллээ. Үүнд:

  • Ховд аймгийн Ховд, Дуут, Мөнххайрхан, Үенч сумдын төвийг дайрсан, ойролцоогоор 250 км урт, 30 км өргөнтэйгөөр сунаж тогтсон ураны биет,
  • Төв аймгийн Угтаалцайдам, Жаргалант, Борнуур, Цээл, Баянцогт, Баянчандмань сумдын нутгийн ихэнх хэсгийг дайрсан 150 км х 75 км талбай бүхий ураны тогтоц,
  • Дорноговь аймгийн Замын-Үүдээс Эрдэнэ сум хүртэлх зурвас газрыг нэрлэж болно.

Энэ мэдээллийг нарийвчилж судлаад орд байгаа эсэхийг нь геологичид тогтоох байх. Гэхдээ дан ганц уран биш. Ундны усных нь агуулгад байгаа эрдсүүдээр тухайн бүсэд эдийн засгийн ач холбогдол бүхий, уурхай болохуйц ямар эрдсүүд байгааг тодорхойлж болно. Өөрөөр хэлбэл, энэ бүс нутагт хайгуул хийх хэтийн төлөв байна гэдгийг тодорхойлох бололцоотой. Үелэх системд байдаг бүх элементийг ундны уснаас нь тодорхойлох боломжтой. Усаар нь дамжуулаад тухайн бүс нутаг, тэрхүү газар орны эрдэс баялгийн хуримтлал байгаа эсэх талаар таамаглах боломжтой. Усан дахь уран болон эрдсүүд нь тухайн бүсийн зарим ашигт малтмалын орд газруудтай холбоотой.

Монгол орны ундны усан дахь ураны агууламж нь газар бүхэнд харилцан адилгүй байна. Дорноговь, Сүхбаатар аймгийн зарим сумын нутагт стандартаас илүү урантай худгууд байгаа бол Говьсүмбэр, Дорноговь, Төв аймгийн бүс нутгийн зарим газрын худгийн усны уран нь стандартын түвшинд байгаа ч улсын дунджаас илүү байгааг тогтоосон.

ДЭМБ 2014 оноос эхлэн ундны усан дахь ураны агууламжийг 30 мкг/л буюу 30 ppb болгосон. Мөн АНУ-ын ундны усны ураны зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь 30 микрограмм/литр байдаг. Эдгээр стандартыг манай улс баримталж байгаа. Монгол Улсын хувьд ундны усан дахь ураны дундаж нь 14 мкг/л байна гэж бид тогтоосон. Монгол орны хэмжээнд хамгийн ихдээ Дорноговь аймгийн зарим сумын усанд 347 мкг/л байна.

"Усны дотоод мөн чанарыг ойлгоно гэдэг бол хүн эрүүл байх тухай асуудал" 

Тайлбар: Монгол Улсын 21 аймгийн төв, 300 орчим сум, тосгоны ундны усанд ураны агууламжийг анх удаа тодорхойлов. Ураны агууламжийн дундаж утга 14 мкг/л бөгөөд нийт дээжийн 15% нь манай улсын стандартаас хэтэрсэн ураны агууламжтай болохыг тогтоолоо. Усан дахь ураны агууламжийн Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд тоймлосон зураглал гаргав.

-"Монгол орны ундны усан дахь уран, түүний гидрогеохимийн асуудал" сэдэвт судалгааны үр дүн гарсны дараа Эрүүл мэндийн яам болон холбогдох байгууллагуудад зөвлөмж хүргүүлсэн гэж Та ярьсан. Тухайлбал ямар зөвлөмж өгсөн бэ? 

-Эрүүл Мэндийн Яаманд дараах зөвлөмжийг хүргүүлсэн.

  • Хүн ам олноор суурьшсан Дорноговь аймгийн Сайншанд, Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотуудын ус хангамжийн судалгааны үр дүнгээс гаргах зөвлөмжөөр нийтийн сүлжээний усан дахь ураны агууламж стандартаар тогтоосон дээд хэмжээнээс 3-4 дахин их байгаа тул нарийвчилсан судалгаа хийх, эх үүсвэрийг нь олж тодорхойлох шаардлагатай.
  • Мөн усны цацрагаас шалтгаалах хордлого байгаа эсэхэд анхаарал хандуулж эрүүл мэндийн байгууллага хяналт тавих, ялангуяа элэг бөөр, ясны хорт хавдраар 1970-аад оноос хойш өвчлөгчид, нас барсан хүмүүсийн бүртгэлийг хөтөлж дүн шинжилгээ хийх шаардлагатай гэж үзэж байна. Түүнчлэн ийм судалгааг Говьсүмбэр аймгийн Чойр, Хөвсгөл аймгийн Мөрөн, Дорнод аймгийн Чойбалсан хотууд болон бусад аймгийн зарим сумдын оршин суугчдын хувьд ч хийж гүйцэтгэх нь зүйтэй байна.
  • Өвөр Жанчивлангийн рашаан сувиллын цэвэр усанд ураны агуулга стандартаар тогтоосон хүлцэх хэмжээнээс 2-3 дахин их байгаа тул энд байнга оршин амьдардаг нярай болон бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, ахмад настныг эмнэлэг эрүүл мэндийн үйлчилгээний ажилтан нар анхааралдаа авч, өвчлөл зүйн судалгаанд хамруулан хяналт тавьж ажиллах нь зүйтэй байна. Мөн Багахангай дүүргийн хувьд энэ асуудал бас хамаарна.
  • Хүн амын дунд цацрагийн эрсдэлийн эрүүл мэндийн боловсрол мэдлэгийг дээшлүүлэх, ууж байгаа усныхаа цацрагийн мэдээлэл олж авахад нь тус дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх
  • Манай улсад газрын гүний усыг ундаандаа хэрэглэх явдал 1970-1980-аад оноос эхэлсэн гэдгийг анхааралдаа авч “Монгол хүний бие организм ураны дархлаатай” гэсэн эндүү ташаа ойлголтыг засаж залруулах гэх мэт.

-Ундны усны элементүүд нь тухайн бүс нутагт байх боломжтой эрдэс баялгийн нөөцийг тодорхойлж өгдөг юм байна. Нөгөөтээгүүр усны агууламж дахь элементүүдээс нь хамаарч усыг ойлгож уух тухай Та хэллээ. Үүнийг илүү тайлбарлахгүй юу?

-Усаа ойлгоно гэдэг эрүүл мэндээ хамгаалах үндэс гэдгийг дээр дурдсан. Гэхдээ дахин хэлье. Жишээлбэл, зарим газрын усан дахь иод нь стандарт хэмжээнээс харьцангуй илүү байвал тухайн газрын оршин суугчид иоджуулсан давс хэрэглэхгүй байх ёстой. Харин эсрэгээрээ иод багатай байвал илүү их иоджуулах давс хэрэглэх шаардлагатай гэсэн үг. Ийм энгийн. 

Үс бол эрүүл мэндийн толь юм. Үсний шинжилгээ өгөөд л өөртөө ямар төрлийн элементүүд дутагдалтай байгааг үзэх боломжтой байдаг. Тиймээс үсээ шинжлүүлж үзээрэй гэж зөвлөж байна. Дараа нь шүлс, цус, шээс гэсэн дарааллаар явбал зөв. Хэдийгээр эрүүл мэндийн салбарын хүн биш ч судлаачийнхаа хувьд энэхүү зөвлөгөөг хэлж байгаа юм. 

Та ямар ус ууна, танаас тийм л зүйл ялгарна. Өөрөөр хэлбэл, ямар устай газарт байгаагаас нь шалтгаалж үсэн доторх элементүүд нь ижил хамааралтай байх жишээтэй. 

-Ууж буй усныхаа эрдсийг үсээрээ дамжуулан тодорхойлно гэсэн үг үү?

-Бидний ууж, идэж байгаа болгон үсээр дамжиж илэрдэг. Хүний үсийг шинжлээд тэр хүн ямар ус ууж, ямар хоол идэж байна, сэтгэл зүй нь ямар байгааг хүртэл мэдэх боломжтой. Энэ шинжилгээг МУИС-ийн доктор О.Болормаа багш дэлхийн түвшинд хийж байна. 

Усны дотоод мөн чанарыг ойлгоно гэдэг бол хүн эрүүл байх тухай асуудал. Ус ариун бол бие ариун.

-Ярилцлагын төгсгөлд асуухад та Цөмийн Энергийн Газар (ЦЭГ)-ын даргаар ажиллаж байсан. Монгол Улсад Атомын цахилгаан станц хэрэгтэй юу?

-Үүнд товчхон хариулахад атом-цөмийн цахилгаан станц монголчуудыг аймшигт утааны эрсдэлээс хамгаална. Улаанбаатарчууд утаанд хордоод байна шүү дээ.

 

-Ярилцлага өгсөнд баярлалаа.