Зураг
Зураг
Индэр    
2022 оны 10 сарын 3
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

2023 онд тойргоо бодож, алдагдалтай төсөв батлах эрх УИХ-ын гишүүдэд байхгүй

Зураг
Гэрэл зургийг mpa.mn /2020.06.30/

УИХ намрын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Тус танхимд сууж буй 76 гишүүний хийх хамгийн чухал ажил нь 2023 оны төсвийг батлах.

Сонгуулийн өмнөх жилийн энэ төсвийг урьд өмнө болоогүй сайн төсөв болсныг Сангийн болон Эдийн засгийн хөгжлийн сайд нар онцолж байгаа. Гэвч 2011 оноос хойш хэвшил шахуу болсон төсвийн алдагдал 2023 онд 1.5 их наядаар хэмжигдэж байна. Тодруулбал, Монгол Улс 2023 онд түүхэндээ анх удаа 19.6 их наяд төгрөгийн орлого олж, 20.5 их наяд төгрөг зарцуулахаар Засгийн газар төсвөө боловсруулаад байна.

Манай улсын эдийн засаг хамгийн өндөр хамааралтай БНХАУ-д цар тахал намжаагүй хэвээр, ОХУ-ын хийж буй дайнтай холбоотойгоор гадаад нөхцөл байдал таагүй байхад Засгийн газар ирэх оны төсвөө мөн л хэт өөдрөгөөр төсөөлж, өнгөрсөн оныхоос 2.5 их наяд төгрөг олно гэж тооцоод 1.5 их наяд төгрөгийн алдагдалтайгаар оруулж ирэв. Ингэхдээ эдийн засгийн өсөлтийг 5%, инфляцыг 8, байна хэмээн төсөөлжээ.

Хэдий реформ шинэчлэл хийсэн, урьд өмнө байгаагүй гайхамшигтай гэж магтсан ч алдагдалтай, бодит байдлаас хэт өөдрөг төсөөлж, орлогоо нэмэх замаар зардлаа өсгөсөн бол энэ төсөв чамбай болоогүй гэсэн үг.

Тухайлбал, ирэх онд нүүрсний экспорт 36.5 сая тонн байна гэж төсвийн төсөлд төсөөлжээ. Өнгөрсөн онд яг ийм өөдрөгөөр 36 сая тонн нүүрс экспортолно гэж төлөвлөөд тодотголоор 28 сая болгон бууруулаад энэ зорилтдоо хүрнэ гэж найдсаар яваа билээ. Азаар энэ удаа дэлхийн зах зээлд нүүрсний өндөр байсан ч цаашид буурах төлөвтэйг олон улсын шинжээчид хэлж буй. 

2019 оноос хойш УИХ-ын баталсан алдагдалтай төсвүүдийн үр дүнд 2022 он дуусахад Монгол Улсын өр нийт 10 их наяд төгрөгөөр нэмэгдэж байгаа ба ирэх оны төсвийг оруулбал 11.5 их наяд төгрөг болж байна. 

Хөгжиж байгаа орны хувьд өрөөр төслүүдээ санхүүжүүлж болох ч 2023 он Монгол Улс их хэмжээний өр төлбөр барагдуулах хариуцлагатай жил юм.

Засгийн газраас олон улсын зах зээлд арилжаалсан гадаад үнэт цаасны үлдэгдэл 2022 оны хагас жилийн байдлаар 9 их наяд төгрөг буюу 2,869.9 сая ам.доллартой тэнцэж байгаагаас 2023 онд эргэн төлөгдөх нөхцөлтэй 

  • “Гэрэгэ” бондын хэмжээ 533.1 сая ам.доллар
  • 2024 онд эргэн төлөгдөх нөхцөлтэй “Хуралдай” бондын хэмжээ 600 сая ам.доллартой тэнцэж буй. 
  • Мөн гадаад үнэт цаасны хүүгийн зардал 174.8 сая ам.доллар байгааг зөвхөн тооцоход 1.3 орчим тэрбум ам.доллар буюу өнөөдөр Монгол Улсад байгаа гадаад валютын нөөцийн 50%-тай тэнцэх дүн болж байна. 
Гэтэл Оюутолгойн уурхайг эс тооцвол хөрөнгө оруулалт бараг зогсох шахуу болсны дээр экспортын бодит валютын орлого орж ирэхгүй байх нөхцөлийг Засгийн газар өөрөө бүрдүүлсэн байгаа. Тодруулбал, нүүрсний экспортын орлогоор том төслүүдэд ажил гүйцэтгүүлэх нууц гэрээг Засгийн газар байгуулсан талаар ОУВС-ийн Ажлын хэсгийн ахлагч Ангана Банержи дуулгасан юм. 

Нөгөө талд халамж хэт хавтгайрсныг дотоод гадаадын эдийн засагч, судлаачид анхааруулсаар байгаа. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 2.5 сая иргэн ямар нэгэн байдлаар халамж авч байна. 500,000-900,000 төгрөгийн орлоготой айл өрхийн л гэхэд мөнгөн орлогын 59.1 хувийг тэтгэвэр, тэтгэмжийн орлого бүрдүүлж байгаа юм. Нийт иргэдийн 48 хувь нь ядуу, ажиллах хүчний оролцоо 60 орчим хувьтай. Үнийн өсөлт 14 хувьтай байгаа гээд эдийн засгийн аюулгүй байдлыг илтгэх тоон үзүүлэлтүүд маш муу байгаа юм. 

Ийм үед төсвийн үр ашгийг нэмэхийн оронд тойргоо бодож, алдагдалтай төсөв батлах эрх УИХ-ын гишүүдэд байхгүй. 

УИХ-ын 76 гишүүний үндсэн чиг үүрэг нь хууль тогтоох, биелэлтийг хянан шалгах. Гэвч тэд Монгол Улсын төсвийг батлахдаа хуулиа уншдаггүй, хэтэрхий хайнга сул ханддагийг Үндэсний Аудитын газраас хийсэн тайлан нотолсон. Үүнээс зарим жишээг эргэн сануулъя.

  • 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт батлагдаагүй, ТЭЗҮ хийгдээгүй, 30 тэрбум төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй 9 төсөл, арга хэмжээг УИХ-ын гишүүд үл тоон баталсан байдаг.  
  • Төсвийн ерөнхийлөгч захирагч буюу сайд, дарга нар тухайн жилийн хөрөнгө оруулалтын саналаа Сангийн яаманд хүргүүлдэг. Ингэхдээ Засгийн газраас тогтоосон хөрөнгийн зардлын хязгаарт багтаан саналаа боловсруулах ёстой. Тэгвэл Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төсөлд 21 төсвийн ерөнхий захирагчаас 3,477 төсөл, арга хэмжээг 7.5 их наяд төгрөгөөр санхүүжүүлэх саналыг Сангийн яаманд хүргүүлсэн нь дээр дурдсан хязгаараас 4.4 ДАХИН өндөр байгаа юм. Үүнийг нь УИХ хяналгүй, эсвэл үл тоон тэр чигт нь баталсан. 
  • Түүгээр зогсохгүй төсвийн саналд тусгаагүй 185 барилга, байгууламжийг Засгийн газар, УИХ-ын хэлэлцүүлгийн үе шатанд нэмж хэрэгжүүлэхээр баталсан бол төсөвлөлтийн шаардлага хангахгүй 334 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан нь Төсвийн тухай хуулийг зөрчсөн хэрэг. Өөрөөр хэлбэл, 2020 оны төсвийн хавсралтад 1,347 төсөл, арга хэмжээ байгаагаас ТЭЗҮ хийгдэж, зураг төсвийг батлуулсан байх шаардлагатай шинээр хэрэгжүүлэх 405 төсөл, арга хэмжээ багтаасан байдаг. 

Энэ мэтээр УИХ-ын гишүүд өөрсдөө хуулиа дагаж мөрддөггүй, төслийг гүйцэд уншдаггүй, зөвхөн сонгуульдаа зориулж тойргоо анхаарсан төсөл хөтөлбөрийг тусгуулах гэж л чармайж ирсэн. 

Монголбанкны хувьд инфляцыг бууруулж, төгрөгийн ханшийг тогтворжуулах зорилгоор бодлогын хүүгээ 2015 оноос хойших хамгийн өндөр түвшин болох 12%-д хүргэсэн. Үүнээс цааш нэмбэл үнийн өсөлт улам гаарч, иргэдийн амьдрал, бизнес эрхлэх орчин бүр дордоно. Тиймээс зардлаа багасгаж, халамжаа бууруулсан, алдагдалгүй бөгөөд оновчтой төсөв баталж байж өрхүүдийн ачаа хөнгөрч, эдийн засаг тогтворжих ганц боломж байгаа. 

Засгийн газар, УИХ ингэж шийдэмгий, эх оронч төсөв батлахгүй бол иргэд үндсэн хэрэгцээгээ улам илүү өндөр үнээр авах шаардлагатай болж, наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа 903.4 мянган иргэн хоёр дахин нэмэгдэх эрсдэл байна.

Хэмнэх боломж байсаар байхад УИХ дахиад алдагдалтай төсөв баталж, 2011 оноос хойших алдаагаа давтвал тэднийг 2024 оны сонгуулиар СОНГОХГҮЙ байх эрх нь сонгогчдод бий! 

Монгол Улсын 2023 оны төсвийн дэлгэрэнгүй мэдээллийг цувралаар хүргэх болно.